Охинтойгоо өнгөрсөн амралтын өдрөөр "Ишиг хөөрхөн нэр" дуулалт, бүжгэн жүжиг үзээд... Энэ удаад зээ дүү эрх цэнхэр ишигний дүрд тоголсон юм.
Манай охин ёстой амьсгаа түгжин үзсэн. Аль дээр үед БНМАУ-н үед намайг бага байх үеийн л уран бүтээл. Одоо ч хүүхдүүдийн сонирхлыг татсан мундаг уран бүтээл юмаа. Хажууд үзэж суугаа хүүхдүүд чин сэтгэлээсээ итгэж үзэж байгаа нь хичнээн хөөрхөн санагдаваа.
Би энэ дуулалт бүжгэн жүжгийг зөндөө л үзсэн. Охинтойгоо лав 2-3 удаа үзсээн. Тэгсэн мөртлөө л уйдамгүй. Дуулж байгаа дуу, аялгуу, бүжгийн хөдөлгөөн нь сэтгэл татам хөөрхөн. Ишиг, хурга, тугал, унага, ботго, барын бамбар шиг хувцасласан бүжигчидээр төсөөлөөд хүүхдүүд ямар ч байсан төл малын тухай мэдлэгтэй болж байна.
90-д оны дундуур төрсөн нэг зээ дүү маань таван хошуу малын төлийг нэрлэж чаддаггүй гээд бод доо. Хөдөө өсөөгүй, дээр нь тэднийг өсөх үед манай нийгэм зах зээлд шилжих гээд хөдөөгөө мартсан, хүүхдүүддээ энэ талын ойлголтыг өгөх ухаангүй самарч байсан болохоор тэр биз гэж боддог юм.
Одоо охиноо тийм дүфф болгочихгүй юмсан гэж бодоод байна. Монгол хүн байна даа энэ чинь, таван хошуу малаа ядаж нэрлэж мэдэх хэрэгтэй шүү дээ. "Эрх цагаан унага", "Ишиг хөөрхөн нэр" дуулалт бүжгэн жүжгүүдийг үзсэний ачаар манай охин ямар ч байсан ишиг, хурга, тугал, унага, ботготойгоо болчихоод байгаа. Гэхдээ амьдаар нь харахаар бас онож нэрлэж мэдэхгүй байгаа юмаа. Ямар ч байсан хүүхэлдэйгээр ч гэсэн төсөөлөөд ойлголттой болж байг эхний ээлжинд. Нэрийг нь мэдэж байна гэдэг чинь учиртай.
Охин үзэж гарч ирчихээд "ээжээ миний нулимс гоожих гээд байсан" гэж авсан, нээх хөөрхөн. Ишиг ойд төөрчихөөд, айгаад ээжийгээ дуудаад уйлахад нь өрөвдсөн юм шиг байгаа юм. Утгыг нь ойлгоод, сэтгэл нь хөдлөөд уярч байна гэдэг чинь ямар ч байсан урлаг, гоо зүйн бага ч гэсэн мэдрэмжтэй л болох юм шиг байна кк.