RSS

Амьдрах сайхан

It's a beautiful life oh oh oh oh, it's a beautiful life oh oh oh oh.... гэдэг дуу аманд орж ирээд, гоё жаргалтай өдөр байна. Мангар том, ёстой толгойны өвчин болоод байсан асуудал шийдвэрлэгдчихсэн. Ийм өдөр жаргахгүй юм бол өөр хэзээ жаргах юм бэ гээд байхгүй юу ккк. Амьдрал ингээд л гоё, амьдрах ийм сайхан. Зовох өдөр байхад, жаргах өдөр заавал байх юм даа.
Амжвал маргааш, амжихгүй бол нөгөөдөр шинэ байрандаа нүүж орно. Байрны зээл харин ч сайхан бүтлээ. Цаг нь болсон бололтой. Манай ажлынхан өөрсдөө шинэ байранд орох гэж байгаа юм шиг миний өмнөөс гүйцгээж, зээлийг минь бүтээж өгөв.  Сайхан хамт олонтой байх ч бас сайхан шүү. Одоо надад тусалсан ажлынхныгаа яаж баярлуулахаа мэдэхгүй л байна.  Сүүлийн үед охин надад газраас хий юм аваад л өгч байгаа дүр үзүүлээд тоглоод байсан юм. Охин надад юм өгч байна гэж тоглоод эхлэхээр л заавал том орлого орж ирэх юмаа. Үнэхээр сонин хүүхэд шүү. 
Өнгөрсөн бүтэн сайнд Үндэсний Их найрлын хүндэтгэлийн тоглолтыг охинтойгоо үзээд... Бельтажан дээр эхний эгнээний суудалд суучихсан чинь нээх эвгүй, охин доошоо тонгойгоод уначих юм шиг санагдаад тайван сууж чаддаггүй ээ. Тэгээд тэр гоё концертыг тухтай үзэж,  мэдэрч, хөгжмийн ертөнцөөр аялж чадсангүй. Гэхдээ яахав ээ, одоо ингээд бага багаар охиноо дагуулж үзвэр үзэж байгаад яваандаа томоотой сууж үздэг болгож сургана даа. 
Өнөө өглөө эмнэлэгээр явж байгаад түрүүхэн ажил дээрээ ирлээ. Эмч эсийн шинжилгээ өгөөрэй гэсэн болохоор явж тэр шинжилгээг нь өгөөд... 
Гэснээс хүүхэд яг ярьж эхлэх үедээ хамгийн хөөрхөн байдаг юм байнаа. Охин одоо яг хөөрхөн дээр байнаа нээх хөөрхөн. Шулганаад л олон долоон юм яриад, хөөрхөн хөөрхөн дуу дуулаад... Орой цэцэрлэгээсээ гарч ирэхээрээ заавал тэнгэр лүү харж сар байгаа эсэхийг шалгадаг болчихоод байгаа кк. Сар харагдвал "Шая тэеэйн" гээд заагаад баярлана. Сар харагдахгүй бол:
- Шая аачуу? (Сар яачихав?)
- Мэдэхгүй, харагдахгүй байна уу?
- Байжиний чаагууя оёчон болуу? (Байшингийн цаагуур орчихсон юм болов уу?)
- Харин, тэгсэн юм болов уу? Миний охин сайн хараарай. 
Тэгж яриад явж байтал аль нэг байшингийн дээгүүр сар гараад ирнээ. Тэгэхээр л сарыг олж харангуутаа бөөн баяр хөөр болох юмаа. 
- Өөөө шая тэеэйн, ёоооооо шая тэеэйшдэээ (өө сар тэр байна, ёоох сар тэр байнашдээ) гээд л сүйд болноо нээх хөөрхөн. Сарыг харж хандаж, хянаж захирах ёстой эзэн нь юм шиг л байдаг юм.
Охины минь заяа түшээд амьдралд минь тохиолдсон хүнд асуудлууд ард хоцроод байгаа болохоор амьдрал улам л сайхан санагдаад гоё байнаа, гоё байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хунт нуур үзэв

Өчигдөр өглөө сайхан унтана гэж бодсон чинь охин хар үүрээр сэрсэнээ цэцэрлэгтээ явна гэж бодсон юм уу хаашаа юм "сэеээч сэеээч" гээд намайг үсдээд... Хичнээн уур хүрэвээ кк. Охинтой зэрэгцээд "сонгуулиа өгөөрэй" гэсэн мессэж утсанд ирээд, бүр уур хүргээд хаячихсан. "Чи чинь одоо сонгуулийн ерөнхий хорооны идэвхитэн гишүүн юм уу? Хаашаа юм бэ? Ядаргаатай юм бэ яасан..." гэж охиндоо уурлаж үглээд босохоос өөр аргагүй болсон. Энэ хүүхэд өглөө унтахад яадаг байнаа нээрээ. 
Өдөр тэгсэн чинь бас 9913-тай дугаараас залгаснаа "Сонгуулийн ерөнхий хорооноос ярьж байна. Та саналаа өгөөрэй" гэж байна. Хүч хөдөлмөр, цаг мөнгө зарцуулж над руу ярьсаных нь төлөө гарч саналаа өгөхөөс өөр аргагүй болдог байнашд кк. Тэгээд охиноо салхилуулангаа гарч саналаа өгөөд... 
Тэндээсээ Скай их дэлгүүр ороод харья гээд явж байсан чинь охин зүүрмэглээд эхэлсэн. Унтуулахгүй гээд явган хөтлөөд явсан чинь нээх инээдтэй нүд нь анилдаад яг унтчих гээд нэг салгалсан юм яваад байнаа. Тэгэхээр нь дэлгүүрээс бохь чихэр авч өгөөд ууттай нь гарт нь бариулаад "Унтвал чихрээ хаяна шүү. Чихрийг нь айлын маамаа аваад идчихнэ" гээд хэлчихсэн чинь "айлын маамаа булаагаад авчина тэмээ /тиймээ/" гэснээ унтахгүй гүрийгээд байнаа, нээх хөөрхөн кк. Тэгснээ бас "Мичид аваад идчинэ тэмээ" гэнээ хахаха. Мичид гэдэг нь манай дүүгийн хүүхэд. Тэгээд гүрийсээр байгаад гэрийнхээ гадаа ирээд, бас болоогүй арын дэлгүүр орно гэж зүтгээд... Тэндээс нэг зайрмаг авахуулаад гэртээ орсоноо нойр нь сэргэчихсэн кк. Манай байрны арын дэлгүүр охин бид 2-ын татварын тооцоо хийдэг газар болчихоод байгаа. Охин татвараа авна, би татвараа төлнө. Тэр дэлгүүрээр ороод гарахгүй бол бүр санаа нь амрахгүй ээ, үнэн ядаргаатай.
Орой нэг найз балет үзье гээд. Хунт нуур үзэв. Нэг үзэхэд гоё юм байнаа. Гэхдээ манай ардын урлаг шиг сэтгэл хөдөлгөж, огшуулж, омогшуулдаггүй юм байна. Зохиол бол ойлгомжтой.  Бүх үлгэрүүд нэгэн хэвийн байх юм даа. Хорон санаат чөтгөр ойд зугаалж явсан гүнжийг хун болгож хувиргаад, ханхүү тэр хунд дурлаад, дараа нь авраад эргээд бүсгүй хүн болгоод тэгээд  өөрийн болгож аваад, амар сайхандаа жаргадаг. Ямартай ч нэгэн үдшийг нүд чихээ баясгаж, сэтгэлийн таашаал эдлэж өнгөрөөлөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сэтгэлийн дуудлага

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Стивен Сигал оролцсоноос болж өчигдөр твиттерт хөөрхөн маргаан дэгдлээ. Монголын төлөө юу хийсэн юм л гэнэ, яахаараа гадаад хүн тэр нэвтрүүлэгт ордог юм л гэнэ... Надад харин шал өөр зүйл бодогдсоон. 
Нэгэн зүйл.
Дунд сургуулийн 5-р ангийн мангар бацаан байхдаа Харуул Алтай гээд ном уншсан юм. Хувьсгалын үед Франц руу дүрвэсэн монголын язгууртан гэр бүлийн тухай, тэдний охин Бадам буюу Мадам Бордье хэмээх бүсгүй франц эртэй ханилаад олон жилийн дараа нөхрөөсөө гуйсаар байгаад нутагтаа ирээд Алтайн уулнаас нисэж үхэж эх нутагтаа ясаа тавих чин хүслээ биелүүлж байсан тухай их сонирхолтой ном. Тухайн үедээ энэ номыг уншаад л өнгөрсөн. Юмыг эргэцүүлж бодох ухаан суугаагүй балчир байсан болохоор тэгтлээ их догдолж ч уншаагүй.
Харин уржигдар Сигалын яриаг сонсоод яагаад ч юм энэ номыг дахиж уншмаар, иймэрхүү бодит хүмүүсийн түүх намтар олдвол олж уншмаар санагдаад...
Нэгэн зүйл.
Хэдэн жилийн өмнө тохиолдсон явдал. Фэйсбүүк сураггүй, Hi5 ашигладаг байсан үе. Нэг герман залуу танилцая гэж орж ирсэн юм. Монголын тухай маш их сонирхож байгаагаа, Монгол руу амралтаараа жуулчлах төлөвлөгөөтэй байгаа талаар бичээд байдаг байсан. Миний мэйл хаягийг аваад над руу нэг зураг аттач хийгээд явуулсан байв. Тухайн үед манай нетийн хурд яст мэлхийний хурдтай байсан болохоор тэр зургийг нь би нээж үзэж чадаагүй, залхуураад орхичихсон юм. Нөгөө залуу удахгүй Монголд очно гээд над руу уйгагүй юм асууж шалгаагаад бичсээр л байсан. Монгол намайг дуудаад байгаа шалтгаан нь миний эмээ монгол хүн байсантай холбоотой гээд л бичээд байхад нь би огт тоогоогүй, худлаа гаруудын нэг биз гээд л хаячихсан кк. Тээр хойно хэдэн жилийн дараа мэйлээ ухаж байгаад нөгөө залуугийн мэйлийг үзээд... Зургийг нь нээгээд үзсэн чинь үнэхээр хэдэн герман хүмүүстэй хамт авахуулсан нэг монгол эмэгтэйн нэлээн дээр үеийн хар цагаан үнгэгдсэн зургийг сканердсан байлаа. Зургийг хараад надад дахиад л Харуул Алтай роман санагдсан. Яг тэр жамаар л нутгаасаа дүрвэсэн язгууртнуудын нэг байх даа гэж бодогдоод...
Нэгэн зүйл. 
Өнгөрсөн жил аль телевизээр ч билээ, бөөгийн тухай нэвтрүүлэг гарч байхыг суваг эргүүлж суугаад олж үзэв. Тэнд нэг удган эмэгтэй нэн сонирхолтой түүх ярьсан нь одоо болтол мартагддаггүй юм.
Францаас нэг зураач бүсгүй ирж уулзсан гэнэ. Монголд ирэх болсон шалтгаан нь зүүдэндээ дандаа морьтон баатруудыг зүүдэлдэг, тэгээд тэр морьтон баатрууд "өвөг дээдсийнхээ нутагт оч" гэж загнаад байдаг гэнэ шүү. Байнга тэгж зүүдэлдэг учраас сүүлдээ зүүдэндээ харсан морьтон баатруудынхаа зургийг зураад,  судлаж гэнэ. Зөвхөн морьтон баатрууд зурдаг гэсэн байхаа. Нэлээн олон зурагтай юм шиг байгаа юм. Зургаа дэлгээд учир мэдэх хүмүүсээс лавлатал "өө энэ чинь Монголын Чингисийн баатруудын зураг байна" гэсэн юм байх. Тэгээд л Монголыг зорьж ирсэн гэнэ. 
Энд ирээд жуулчны компанийханд учир явдлаа ярьж. Нөгөөдүүл нь Хөвсгөлд очиж бөөтэй уулзуулъя гээд аваад явж л дээ. Гэтэл нөгөө бүсгүй ямар ч бөөгийнд очсон босгыг нь давдаггүй, ордоггүй, уулздаггүй байсан юм байх. Аргаа бараад УБ-т буцаж ирээд зурагтаар ярьж байсан тэр удган эмэгтэйгийнд дагуулж очиж гэнэ. Эцсийн удаа үзээд алдъя гэж бодсон юм байх. Гэтэл зүв зүгээр тэр бөөтэй уулзсанаар барахгүй, онгодтой нь ярилцаад өвөг дээдсийнхээ талаар нэлээд яриа өрнүүлсэн юм байхаа. Учир нь тэр бүсгүйн өвөг дээдэс манай баруун аймгаас дүрвэж Европ руу гарсан дөрвөд хүмүүс байсан юм гэнэ. Тэгээд бэлтгэлээ хангаж байгаад ирэх жилээс ирж өвөг дээдсийнхээ угийг авахаар болсон гээд ярьж байлаа.
Энэ түүх бас л их сонирхолтой санагдсан. Надад дахиад л Харуул Алтай роман санагдсан. Учир нь энэ номонд бас л баруун аймгаас Европ руу дүрвэгсдийн тухай гардаг болохоор тэр байх. 
Нэгэн зүйл. 
"Харуул Алтай", "Ногоон нүдэн лам" романаас уншсанаар бол манай жинхэнэ язгууртнуудын үр удам одоо Монголд байгаа болов уу? Эргэлзээтэй... 
Хувьсгалын үеэр амжиж чадсан нь гадагшаа дүрвэсэн, амжаагүй нь буудуулсан, бүүр азгүй нь голомтоороо сүйрсэн, угийн бичиг, үүх түүхээ юу ч үгүй болтол устгуулж, галдан шатаалгасан, аз таарсан цөөн хэдэн хүүхэд үлдсэн ч эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж, зовж шаналж амьдарсаар, янз бүрийн хувь тавилангаар хорвоог орхисон.  Азтай нь хөдөө цөлөгдөж, ядуу малчны амьдралаар амьдарч, амьдралын хүнд бэрхийг даван туулж байж сайн цагтай золгосон байх. Хэлмэгдүүлэлтийн үед алтан ургийн хүнээс нэг ч хүн үлдээлгүй устга, бүх ургийн бичгийг устгаж, шинээр түүх бич гэсэн Оросын даалгавар байсан гэж уншсан. Аймшигтай. Эмгэнэлтэй. Харамсалтай. 
Монголоос дүрвэж гарсан язгууртнуудын үр удам өнөөдөр гадаад төрх нь харь хүн болчихсон ч гэсэн судсаар нь монгол цус гүйж байгаа болохоор сэтгэлийнхээ дуудлагаар Монгол руу тэмүүлээд байдаг юм шиг байгаа юм. Хүмүүний хувь тавилан гэдэг ээдрээтэй болохоор бид ийм хүмүүсийг гадуурхах хэрэггүй л байх даа. 
Би яг ийм бодит хүмүүсийн түүхийг олж уншмаар санагдаад, бүр хорхой хүрээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Галын бурханаа хилэгнүүлэв

Галын бурхан гэж байдаг бол манай галын бурхан хилэгнэв бололтой. Аль дээр үеийн аавын хэрэглэж байсан плиткаг хэрэглэж байгаад ажиллахаа больчихоор нь хаяж арай чадахгүй тээр доор шүүгээнд хийгээд орхичихсон юм өнгөрсөн жил. Тэгээд шинэ байранд ортлоо түр зуур хэрэглэе гээд индукцийн плитка авсан чинь саяхан таг болчихоор нь шууд гаргаад хог дээр чулуудчихсан. Нэг мөр том керамик плитка авна даа гээд будаа агшаагчинд л бүх төрлийн хоол хийгээд болоод байсан чинь өнгөрсөн 5 дахид будаа агшаагч маань таг... Жинхэнээсээ гал алдав. Тэгээд би манай галын бурхан хилэгнээд байна гэж онош тавилаа кк. 
Өчигдөр газын плитка аваад тавьчихлаа. Хаашдаа хэрэгтэй юм чинь. Тог тасарсан үед, бас зун хөдөө гадаа агаар салхинд гарах бол хэрэглэнэшд. Хэсэг гүрийж байгаад удахгүй болох шинэ жилийн хямдралаар л нэг галын бурханаа баярласандаа дуу алдаад, цовхчоод бүжиглэтэл нь баярлуулж шинэ плиткатай болноо ккк. За дэмийрэх ч яахав. Нээрээ юу болсон юм бүү мэд, хамаг цахилгаан бараа эвдрээд хямрал нүүрлээд байх юмаа сүүлийн үед. Угаалгын машин, тоос сорогч 2 зэрэг ажиллахаа больж энэтэр. 
Хагас сайнд нетээс зар харж байгаад дуудлагын засварчин дуудсан чинь ямар муухай үнэртэй, муухай царайтай засварчин ирэвээ? Айсаншд. Айл хэсэж, засвар хийж 5-10 цаас олдог юм бол ядаж хувцсаа угаагаад, усанд орчихоод элдвийн үнэр танаргүй явахад яадаг байнаа. Охин айх байх гэж бодсон чинь овоо гайгүй байсан. Ямар ч байсан тоос сорогчоо ажилтай болгож хогоо цэвэрлээд, угаалгын машинаа тааруухан мотортой болгосон ч гэсэн нэг юм хувцас хунараа угааж авлаа.
Хамаг цахилгаан бараа эвдрэх чинь ёстой мухар гартай болгодог юм байна. Тэгээд намайг чадаж байгаа юм шиг дуу дуугаа авалцаад зэрэг зэрэг эвдрээд байхдаа ч яахав дээ. Дүүгээ л гол буруутан нь гэж баахан харааж загнав. Чи л хүр хар сүр сар гээд ширүүн харьцдаг, чи л буруутай гэж загнаж баахан уурлуулсан кк. Ер нь бол нэг талдаа тийм л дээ. Тоос сор, гэр цэвэрлэ гэхээр бөөн уур уцаар болоод, тоос сорогчийг угз угз татаад, бараг авч чулуудаад уур хүргээд байдаг юм. Юм болгонтой их ширүүн харьцана. Эрэгтэй хүүхэд ёстой хэцүү хэцүү. Миний охин том болоод тусад орчихвол ч би нэг жаргана даа. 
За тэр ч яахав. Өчигдөр гадаа ямар гоё байваа. Өнөөдөр ч бас тийм байна. Цас орчихсон, дулаахан. Охиндоо ханиадны эм авах гээд өчигдөр гарсан чинь гадаа байгаад л баймаар гоё өдөр байсан. Плитка авах гээд Скай их дэлгүүр орсон чинь бид нарын багадаа тоголдог байсан орос чарга байна. Төрөл бүрийн чарга, коньки байсан л даа. Гэхдээ хамгийн үнэтэй нь бидний багад 13 төгрөгний үнэтэй байсан эрээн модон суудалтай чарга 130000 гэж байна. Бага байхдаа ааваар авахуулах гэж гуйгаад дийлээгүй 42 төгрөгний цагаан коньки 45000 төгрөг гээд байнаа. Бариад үзсэн чинь бас яг тэр коньки биш байсан. Арьсан биш, арай хулхи байхаар нь үйлдвэрлэгчийг нь харсан чинь хятадынх байсан. Чарганууд бол бүгдээрээ Оросод үйлдвэрлэв гэсэн байналээ. Цастай дулаахан өдөр чарга, коньки харчихсан чинь шууд өвлийн настроение ороод гоё болсоон кк.
Гэртээ ирээд охиноо гадаа гаргаж цасан дээр тоглуулъя гэж бодож байснаа гэртээ орж ирээд л залхуу хүрчихсэн. Би нээрээ үнэхээр залхуу муу ээж шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Монгол бахархлын өдөр

Монгол бахархлын өдөртэй болсон нь маш зөв санагдлаа. Эхлээд сайхан нэг өдөр амрах нь гэж баярласан. Дараа нь зурагт харж сууж байгаад энэ ер нь их зөв баяр юм байна гэж бодоод жоохон салат, бууз хийгээд кк. Тэгсэн чинь байн байн хаалга нүдээд л сонгуулийн сурталчилгааны материал оруулж ирэх юмаа. Сүүлдээ уур хүрээд "би амарч болох уу, аан" гээд загнаад хаясан. "Битгий байн байн хаалга балбаад бай" гээд тас загнаад хаясан чинь дахиж хаалга нүдээгүй ккк.
Гэснээс уржигдар зээ дүү хичээлдээ явахгүй, бие өвдөөд байна гэхээр нь охиноо хамт гэрт үлдээгээд цэцэрлэгт нь явуулсангүй. Тэгсэн багш нь утасдаж байнаа. "Яагаад ирсэнгүй вэ? юу болсон бэ?" гэнээ. "Өө зүгээрээ хүйтэн болохоор нь ганц өдөр... " гэсэн чинь "Миний охиныг битгий таслуулаад бай л даа. Нэг ч тасалдаггүй болохоор бүр гайхлаа" гэнээ кк. 
Орой ажил тараад ганцаараа гараад явсан чинь үүдний харуул ах бас "Манай туслах ажилтан өнөөдөр яачихваа?" гэнээ. Тэгсэн ресепшн охин бас "Манай гүнж өнөөдөр яасан бэ?" гэх юм. Ганц өдөр цэцэрлэгийг нь таслуулчихсан чинь баахан хүмүүс надаас охиныг нэхээд унадаг байнашд ккк. Надаас илүү нэр хүндтэй юм байна л даа аан кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Намрын хаалтын ажиллагаа

Хөлдөж үхэхнээ. Энэ янзаараа онд мэнд орох болов уу? Охиндоо л санаа зовоод байна. Өглөө нээх сэрүүхэн анги угтсан. Амралтын өдрүүдээр зардлаа хэмнэж байна гээд дулаанаа хаачихдаг гэнэ. Даарахаар байвал зузаан цамцыг нь өмсгөөрэй гээд багшид нь захичихсан. Охины ханиад намдахгүй л байна. Намраас хойш ханиаднаас салсангүй. 
Саяын амралтын өдрүүдээр гүйлгээд, унжийгаад намайг жоохон сандаргалаа. Би өвдөөд, охин өвдөөд... Зэрэг зэрэг юу боловоо? Охин л эрүүл байвал миний өвдөх бол гай л байна. Гэдэсний эм өгсөн чинь огиж гаргаад уудаггүй. Аргаа бараад гэдсэн дээр нь шар тос түрхэж иллэг хийж байгаад өлгийний даавуугаар нь сайн баадагнаад боочихсон. Хаанаас ч юм ингэж уншсан санагдаад...  Тэгээд сармистай гурилтай шөл хийж өгөв. Гурилыг нь хатуу зуурч байгаад, ямар ч ногоогүй, хонины махаар жинхэнэ монгол хоол гараа гаргаж хийж өгсөн. Огт хоол идэхгүй байсан хүүхэд чинь овоо хэд халбагадаад идчихсэн шүү. Тэгээд өдөржин нам унтаж унтаж сэрээд овоо сэргээд босоод ирсэн. Дуу шуу ороод инээгээд, хашгичаад, дуулаад, өрөөн дундуур гүйгээд... Тэр байдлыг нь харсан миний санаа амраад, бас бие гайгүй хөнгөрөөд ирдэг байгаа. 
Тэгээд дахиад л гурилтай шөл хийгээд кк. Хааяа сайхан гурилтай шөл хийж идэж байх хэрэгтэй юм байналээ. Хамаг хөлс гараад л... Ядаргаа тайлаад, эмчилгээ болдог юм байналээ шүү. Монгол хүн монгол хоолоо идэж байж л эрүүл байх юм шиг байна. Хааяа ханиад хүрэхээрээ халуун ногоотой бэлэн гоймон авч идээд тэнэгтээд байдгаа болих хэрэгтэй юм байна гэж бодсон. Өчигдөр 2 удаа гурилтай шөл хийгээд идчихсэн чинь хичнээн сайхан амарваа кк. Санаа дагаад ч тэр юм уу мэдэхгүй, их гоё болсон. 
Өнгөрсөн 5 дахид охины цэцэрлэг Алтан намар гээд намрын хаалтын ажиллагаа хийнэ гээд... Намрын сэдвээр наамал хий гэсэн даалгавар өгчихвөө кк. Бусад аав ээжүүд завгүй гээд, би ганцаараа завтай юм шиг өдөржин хамаг ажлаа хойш нь тавьж байгаад ажил дээрээ зураг хайчилж наалаа. Нээх ямбий байшин, байшингийн хажууд нэг шаралсан мод хахаха... Тэгээд Алтан намар гэдэг сэдэвтэй наамал болчихож байгаа нь тэр кк. Тэгээд бас болоогүй баахан ямбий хүнсний ногоонууд зурж хайчлаад наагаад... Ургацын баяр гэдэг сэдэвтэй наамал ккк. Үнэн алиа юм хийгээд очлоо. Тэгсэн чинь охины багш "Өө энэ яг хүүхэд хийсэн юм шиг ёстой хөөрхөн болж. Ёстой сэтгэл гаргаж хийсэн байна" гэж авсан хахахаха. Тэгээд түрүүлээд баярын бичиг, барааны савангаар шагнуулчихдаг байгаа. За барааны саван бишээ биш,  нэг шүлгийн ном кк. Үнэн инээдтэй. 
Гэснээс манай охин цэцэрлэгт явсанаар 3 дахь шагналаа авчихаж байгаа нь тэр. Ноднин явж байсан цэцэрлэг нь бас 2 баярын бичиг өгчихсөн юмаа. Нэг нь манай охиныг сайн хүүхэд гээд, нөгөө нь намайг сайн ээж гээд хахаха. Сайн ээж гэдэг нь их учиртай. Би цэцэрлэгийг нь шүүмжлээд, багшийг нь загнаад хэл ам хийгээд байсан юм. Охины тархи хөдлөөд байсан болохоор паркетан шалаа битүү дрож болго гэж загнаад, багшийг нь хүүхэд унагаахгүй сайн хар гэж загнаад алаад хаясан юмаа. Тэгээд аймаар том дрож аваад заалныхаа паркетан шалыг битүү дрожилж байсан юм. Тэгээд дараа нь намайг цэцэрлэгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, гүн туслалцаа үзүүлдэг гээд шагнаж билээ ккк. Ёстой инээдтэй. 
Одоо бол харьяаллын бус улсын цэцэрлэгт явж байгаа болохоор тэгж онгирч чадахгүй байгаа. Багштай нь гайгүй байгаад байхаар охинд сүрхий байх юм. Одоо тэгж хамаагүй хэрүүл хийхгүй ээ. Охиноо бодоод амаа жимийнэ. Улсын цэцэрлэг хувийн цэцэрлэгийг бодвол сургалт их сайн байдаг юм байна.  Багш нь дуу хөгжмийн багш болоод тэр үү, тэдний ангийнхан их хөөрхөн дуулах юм. Багш нь хөгжимдөөд, хүүхдүүд нээх хөөрхөн бодилангвиж үзүүлж байгаад дуулаад байсан. Эгдүүтэй... Намрын 2 сард сурсан дуунууд гэсэн чинь овоо хэдэн дуутай байнаа. "Хөөх эд нар ингэж дуулж чаддаг юмуу?" гэсэн чинь багш нь "Юу яриад байгаан, чадалгүй яахын" гэнээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Идэвхигүй...

Ойрд жоохон лагшин муу, онцгүй байнаа. Шөнө болохоор хамаг бие арзайгаад даараад, хамар битүүрээд тух алдаад олигтой унтаж чадахгүй. Өдөр нь нойр хүрээд, дотор муухай оргиод, ядраад... Үнэн идэвхигүй болчихлоо.
Бие гайгүй үед нь ажлаа гялалзуулаад, гайтай болонгуут нь ажил хийж байгаа дүр үзүүлж гөлийж суух гэж зүдэрчих юмаа. Өдөр болгон шөлтэй хоол авч идэж хөлсөө урсгадаг болсон кк. Ядраад байнаа, амралтын өдрөөр ч нам унтаж чадахгүй болохоор амарч чадахгүй юм.
За за юм бичих ч тэнхээ алга. Жоохон сэргэх боловуу гэж горьдсон чинь үгүй юм шиг байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэлдэйн театрт зочлов

Өнгөрсөн бүтэн сайны өдөр охиноо хүүхэлдэйн театраар зочлуулав. Амьдралдаа анх удаа үзвэр үзэж байгаа нь тэр. Бүр гайхаад шоконд орчихсон... Энэ юу болоод байнаа гэсэн шинжтэй гайхаад л байсан, нээх хөөрхөн. Дуу нь ч гарахгүй тайз руу таг гөлийчихсөн кк. Одоо хүүхдэд зориулсан үзвэр үзүүлж байхад болох юм байна. Би тогтвортой сууж үзэхгүй байх гэж бодоод тоодоггүй байсан юм урьд нь.
Чуулгынхан "Ишиг хөөрхөн" дуулалт бүжгэн жүжгээ сурагчдын амралтаар тоглоно гэж зээ дүү хэлсэн. Тэрийг үзүүлье гэж бодоод байгаа. 
Гадаа цас ороод, би энд Fancy-гийн дуунуудыг сонсонгоо ажлаа хийгээд... "Flames of love", "Lady of Ice", "DISCO" гэх мэтчилэн тасархай гоё дуунууд...  Гоё өдөр байна. Саяын хэд хоног чинь амьсгалах ч завгүй ажил ихтэй байлаа. Ажлуудаа машиндаж хаячихаад өнөөдөр нээх чухал царайлаад ажил ихтэй дүр үзүүлээд сууж байна кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бөөрөнхий

Эрэгтэй хүн бөөрөнхий байх ямар тэнэг юм бэ? Нэг асуудал тулгараад охины ааваас асуусан чинь "өөрөө мэдээ" гээд байх юм. "Аман хуур" киноны Соном өвгөн шиг кк... Шал мангар. Эрэгтэй хүн шийдэмгий, түс тас байвал мундагшдээ. Би өөрөө буруу шийдвэр гаргачихвий гээд эргэлзээд байхад... 
Ааваараа заалгасаар байгаад сурчихсан болохоор эрэгтэй хүний үгийг сонсох дуртай талдаа... Ааваасаа хойш толгой мэдэн буруу зөрүү шийдвэр гаргаад будилж төөрсөөр өдийг хүрлээ. Энэ удаад ганцаараа шийдэж арай л боломгүй асуудал гарсан болохоор дэмжлэг хүссэн юм уг нь. Тэгсэн тэрний байж байгаа царай энэ. 
Хэдэн найз нартайгаа ярилцаж үзлээ. Заримтай нь утсаар, заримтай нь мессенжэрээр... Хэн нь ч намайг дэмжихгүй байна. Би яах юм бэ одоо?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS