RSS

Сэтгэлийн дуудлага

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Стивен Сигал оролцсоноос болж өчигдөр твиттерт хөөрхөн маргаан дэгдлээ. Монголын төлөө юу хийсэн юм л гэнэ, яахаараа гадаад хүн тэр нэвтрүүлэгт ордог юм л гэнэ... Надад харин шал өөр зүйл бодогдсоон. 
Нэгэн зүйл.
Дунд сургуулийн 5-р ангийн мангар бацаан байхдаа Харуул Алтай гээд ном уншсан юм. Хувьсгалын үед Франц руу дүрвэсэн монголын язгууртан гэр бүлийн тухай, тэдний охин Бадам буюу Мадам Бордье хэмээх бүсгүй франц эртэй ханилаад олон жилийн дараа нөхрөөсөө гуйсаар байгаад нутагтаа ирээд Алтайн уулнаас нисэж үхэж эх нутагтаа ясаа тавих чин хүслээ биелүүлж байсан тухай их сонирхолтой ном. Тухайн үедээ энэ номыг уншаад л өнгөрсөн. Юмыг эргэцүүлж бодох ухаан суугаагүй балчир байсан болохоор тэгтлээ их догдолж ч уншаагүй.
Харин уржигдар Сигалын яриаг сонсоод яагаад ч юм энэ номыг дахиж уншмаар, иймэрхүү бодит хүмүүсийн түүх намтар олдвол олж уншмаар санагдаад...
Нэгэн зүйл.
Хэдэн жилийн өмнө тохиолдсон явдал. Фэйсбүүк сураггүй, Hi5 ашигладаг байсан үе. Нэг герман залуу танилцая гэж орж ирсэн юм. Монголын тухай маш их сонирхож байгаагаа, Монгол руу амралтаараа жуулчлах төлөвлөгөөтэй байгаа талаар бичээд байдаг байсан. Миний мэйл хаягийг аваад над руу нэг зураг аттач хийгээд явуулсан байв. Тухайн үед манай нетийн хурд яст мэлхийний хурдтай байсан болохоор тэр зургийг нь би нээж үзэж чадаагүй, залхуураад орхичихсон юм. Нөгөө залуу удахгүй Монголд очно гээд над руу уйгагүй юм асууж шалгаагаад бичсээр л байсан. Монгол намайг дуудаад байгаа шалтгаан нь миний эмээ монгол хүн байсантай холбоотой гээд л бичээд байхад нь би огт тоогоогүй, худлаа гаруудын нэг биз гээд л хаячихсан кк. Тээр хойно хэдэн жилийн дараа мэйлээ ухаж байгаад нөгөө залуугийн мэйлийг үзээд... Зургийг нь нээгээд үзсэн чинь үнэхээр хэдэн герман хүмүүстэй хамт авахуулсан нэг монгол эмэгтэйн нэлээн дээр үеийн хар цагаан үнгэгдсэн зургийг сканердсан байлаа. Зургийг хараад надад дахиад л Харуул Алтай роман санагдсан. Яг тэр жамаар л нутгаасаа дүрвэсэн язгууртнуудын нэг байх даа гэж бодогдоод...
Нэгэн зүйл. 
Өнгөрсөн жил аль телевизээр ч билээ, бөөгийн тухай нэвтрүүлэг гарч байхыг суваг эргүүлж суугаад олж үзэв. Тэнд нэг удган эмэгтэй нэн сонирхолтой түүх ярьсан нь одоо болтол мартагддаггүй юм.
Францаас нэг зураач бүсгүй ирж уулзсан гэнэ. Монголд ирэх болсон шалтгаан нь зүүдэндээ дандаа морьтон баатруудыг зүүдэлдэг, тэгээд тэр морьтон баатрууд "өвөг дээдсийнхээ нутагт оч" гэж загнаад байдаг гэнэ шүү. Байнга тэгж зүүдэлдэг учраас сүүлдээ зүүдэндээ харсан морьтон баатруудынхаа зургийг зураад,  судлаж гэнэ. Зөвхөн морьтон баатрууд зурдаг гэсэн байхаа. Нэлээн олон зурагтай юм шиг байгаа юм. Зургаа дэлгээд учир мэдэх хүмүүсээс лавлатал "өө энэ чинь Монголын Чингисийн баатруудын зураг байна" гэсэн юм байх. Тэгээд л Монголыг зорьж ирсэн гэнэ. 
Энд ирээд жуулчны компанийханд учир явдлаа ярьж. Нөгөөдүүл нь Хөвсгөлд очиж бөөтэй уулзуулъя гээд аваад явж л дээ. Гэтэл нөгөө бүсгүй ямар ч бөөгийнд очсон босгыг нь давдаггүй, ордоггүй, уулздаггүй байсан юм байх. Аргаа бараад УБ-т буцаж ирээд зурагтаар ярьж байсан тэр удган эмэгтэйгийнд дагуулж очиж гэнэ. Эцсийн удаа үзээд алдъя гэж бодсон юм байх. Гэтэл зүв зүгээр тэр бөөтэй уулзсанаар барахгүй, онгодтой нь ярилцаад өвөг дээдсийнхээ талаар нэлээд яриа өрнүүлсэн юм байхаа. Учир нь тэр бүсгүйн өвөг дээдэс манай баруун аймгаас дүрвэж Европ руу гарсан дөрвөд хүмүүс байсан юм гэнэ. Тэгээд бэлтгэлээ хангаж байгаад ирэх жилээс ирж өвөг дээдсийнхээ угийг авахаар болсон гээд ярьж байлаа.
Энэ түүх бас л их сонирхолтой санагдсан. Надад дахиад л Харуул Алтай роман санагдсан. Учир нь энэ номонд бас л баруун аймгаас Европ руу дүрвэгсдийн тухай гардаг болохоор тэр байх. 
Нэгэн зүйл. 
"Харуул Алтай", "Ногоон нүдэн лам" романаас уншсанаар бол манай жинхэнэ язгууртнуудын үр удам одоо Монголд байгаа болов уу? Эргэлзээтэй... 
Хувьсгалын үеэр амжиж чадсан нь гадагшаа дүрвэсэн, амжаагүй нь буудуулсан, бүүр азгүй нь голомтоороо сүйрсэн, угийн бичиг, үүх түүхээ юу ч үгүй болтол устгуулж, галдан шатаалгасан, аз таарсан цөөн хэдэн хүүхэд үлдсэн ч эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж, зовж шаналж амьдарсаар, янз бүрийн хувь тавилангаар хорвоог орхисон.  Азтай нь хөдөө цөлөгдөж, ядуу малчны амьдралаар амьдарч, амьдралын хүнд бэрхийг даван туулж байж сайн цагтай золгосон байх. Хэлмэгдүүлэлтийн үед алтан ургийн хүнээс нэг ч хүн үлдээлгүй устга, бүх ургийн бичгийг устгаж, шинээр түүх бич гэсэн Оросын даалгавар байсан гэж уншсан. Аймшигтай. Эмгэнэлтэй. Харамсалтай. 
Монголоос дүрвэж гарсан язгууртнуудын үр удам өнөөдөр гадаад төрх нь харь хүн болчихсон ч гэсэн судсаар нь монгол цус гүйж байгаа болохоор сэтгэлийнхээ дуудлагаар Монгол руу тэмүүлээд байдаг юм шиг байгаа юм. Хүмүүний хувь тавилан гэдэг ээдрээтэй болохоор бид ийм хүмүүсийг гадуурхах хэрэггүй л байх даа. 
Би яг ийм бодит хүмүүсийн түүхийг олж уншмаар санагдаад, бүр хорхой хүрээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment