RSS

Мэдээ дамжуулагч охин

Балга кофе ч уух завгүй бачим их ажилтай өдрүүд үргэлжилсээр... Өнөөдөржин ажилд дарагдаж, дарагдаж түрүүхэн гялс гарч гүйж охиноо цэцэрлэгт нь бүртгүүлээд амжчихлаа. Одоо жоохон толгойгоо амрааж энд хэсэг сатааръя даа, энэ чинь. Ядаж 5 минут кофе уунгаа, энд дэмийрч, тархи толгойгоо амраая. Тэгэхээр цаашаа ажлаа хийхэд илүү үр бүтээлтэй байгаа юм шиг санагдаад байдаг юм. 
Гадаа бүүдийгээд, тэнгэр дуугараад л байна. Гэснээс өчигдөр орой ямар аймаар тэнгэр дуугарваа. Яг сайхан зүүрмэглэж байтал тас няс буугаад явчихсан. Сая мэдээ хальт гарчиглангаа Зайсангийн тийшээ аянга буусан гэж мэдлээшд. Байшин майшин дэлбэрээд, нураад уначихвуу л гэж бодсоншд би ккк. 
Өчигдөр охиноо бүртгүүлэх гэсэн чинь зураг байхгүй гээд бүртгүүлж амжаагүй. Бас заавал хавтас авчир гээд... Орой ажил тарангуут очиж нойрмог шахуу байхад нь авч гараад зургийг нь авахуулсан чинь гилжийгээд, шамбийгаад, гэдийгээд ер томоотой зогсож өгдөггүй. Үгэнд орохгүй, номхон зогсохгүй байхаар нь тэр чигт нь гилжийсэн, гэдийсэн, шамбийсан зургийг нь авчихсан кк. Өнөөдөр бүртгэж байсан багш нь тэр зургийг харсанаа "хүүеээ, ямар хөөрхөн охин бэ" гэнээ. Уруулаа шамбийлгаад муруй уруултай гарчихсан, нээх инээдтэй зураг кк.
Одоо яг худлаа ярьдаг үе дээрээ ирээд байх шиг байнаа. Байнга худлаа утсаар ярьж тоголдог болчихоод байгаа. Яг жинхэнээсээ утсаар ярьж байгаа юм шиг яринаа. Аавтайгаа байнга шахуу ярьж тоглох юм. Тэгээд миний тухай бол бүгдийг яринашдээ. Ер нь яваандаа аавтайгаа жинхэнээсээ утсаар ярихдаа миний тухай мэдээллийг тэр чигт нь дамжуулах шинжтэй. 
- Байна уу, ааваа
- ... (пауз)
- Тийн
- ... (пауз)
- Болоо айяаг авчяаад, ээж уугаад бөөжөөд...(Болороо айраг авчраад, ээж уугаад бөөлжөөд)
- ... (пауз)
- Тийн. Ээж шүд нь ёоёо болоод, эмлэг яваад, шүдээ авкуулаад... (би шүдээ авахуулаагүй, эмчлүүлсэн байхгүй юу уг нь)
- ... (пауз) 
- Аанха, тийн. 
- ... (пауз)
-Ааваа чамд буу байгаа биз дээ? Чи надаа буу аваж өгөөеэй за ву...
гээл ярьж өгч байгаа юм чинь. Яриаг нь сонсоод л байсан чинь миний талаар бол огт худлаа ярихгүй байнаа. Аль дээр үеийн юмыг хүртэл мартаагүй яриад байгаа юм чинь ккк. Энэ байдлаараа бол яваандаа "мэргэн буудагч Яник, мэдээ хүргэгч Шарик" гээд ах нар дээр үед дуулдаг байсан шиг мэдээ хүргэгч болох юмуу хаашаа юм.
Өнгөрсөн бүтэн сайнд бас үүдэнд сандлаа тавьж зогсож байгаад л домофоны аппаратаар аавтайгаа ярьж өгсөн. Яг жинхэнээсээ ярьж байгаа юм шиг л яриад байнаа нээх сонин. Яриад дуусахаар нь би:
- Чи сая хэнтэй ярив?
- Аавтай...
- Юу ярив та 2?
- Өвөөг асуугаад...
- Яах гэж?
- Өвөө дөхүүл гаяцан инээ... (Өвөө дэлгүүр гарчихсан гэнээ)
гэж авдаг юм даа хахаха.
Гэснээс аавтайгаа ярьж, ярьж байснаа "Ааваа сайн яваарай" гэж үү... Аав нь удахгүй хол томилогдчих юм биш биз дээ.
Энэ зун би ажил ихтэй, охиноо бас л агаарт гаргаж амжаагүй, худлаа мөрөөдсөөр байгаад таарсан. Нэг найзтайгаа хамт 2 хүүхдээ аваад сувилалд явах байсан юм уг нь. Би амжихгүй болоод, найз маань ганцаархнаа охиноо аваад яваад өгсөн. Би нээрээ жилийн жилд зун амарч амжихгүй ёстой сонион. 
Зунжин охин гэртээ, өөрийгөө саатуулж тоглож л их сайн сурах шиг боллоо. Бас хэл яриа нь хамаагүй зүгширсэн. Хүүхэд яг ийм үе дээрээ л хамгийн эгдүүтэй байдаг юм байна.
Гар утсыг минь эдэлж өгнө. Аймаар юутүүбчин болчихсон. Hello Kitty, Kinder surprise... гээд зөндөө олон юм үзэх юмаа. Тэр Hello Kitty-г тийм олон кинотой, тийм олон хөөрхөн дуунуудтай гэдгийг би одоо л мэддэг болж байнашд ккк. Өнөө өглөө гэрээсээ гарах гэсэн чинь "ээжээ чи том утсаа үлдээгээрэй, том утсаа үлдээ чи..." гээд л тушаагаад байсан. Сонсоогүй царайлаад л гараад явчихсан кк. Бас том дэлгэцтэй утсыг авч үлдэж, өдөржингөө юутүүбдэх санаатай айн... Таалагдсан тоглоомоо гар утсанд шууд татаад суулгачихнаа. Энэ орчин үеийн хүүхдүүд нээрээ хөгжлийн хурдтай зэрэгцээд л тархи толгой нь хөгжчих шинжтэй юмаа. Тэр тоглоом татаж байгаа, юутүүбээр бичлэг хайж олж байгаа энэтэр нь бүр хэзээний юм шиг... Угаасаа л тэр бүхнийг мэддэг чаддаг төрчихсөн ч юмуу ёстой сонин.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment