RSS

Үлгэр ярихад бас учир байнаа

Унтахын өмнө үлгэр ярьж, яриулж хэвшчихжээ нэг мэдсэн. Охин орондоо оронгуутаа "за үлэг яль" гэдэг болсон. Миний нойр яаж ч хүрч байсан би ярих үүрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй байж огт болохгүй. Гэхдээ манай хүн нэг сонссон үлгэрээ нэлээн хэд хоног сонсох дуртай юмаа. Уйддаггүй юмуу хаашаа юм. Сонссоор байгаад цээжилчихсэн мөртлөө л дахин дахин яриулаад байна. 
Сүүлийн хэдэн хоног "Улаан малгайт"-ыг ярив. Ярьж дуусангуут гайхаад л эхэлнэ.
- Ээжээ ээжээ, нэг жоно байсыму?
- Уг нь хоёл жоно байдагиз дээ? Нэг жоно нь хаан байсын?
- Тэл түлээчид жоныг яасан ингэнээ?
- Гэдсий нь хагалахаал жоно үхчдиймү?
- Жоно үхчхээл жонын хүүхэд нь яахуу?
- Хүүхэд нь хаан үлдсийн бол?
- Аан нөгөө жоно нь хүүхдээ аваад зугатсын болуут?
гэх мэтчилэн нүдээ томруулаад л, түмэн асуултаар намайг булчихна. Маша баавгай 2 хүүхэлдэйн кинон дээр гардаг 2 чоно л Улаан малгайтыг хулхидаад эмээтэй нь хамт идчихлээ гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Тэгээд 2 чононы нэг хаана байна, тэр 2 заавал хүүхэдтэй байх учиртай гэж ургуулан бодоод л ккк.
Би гайхаад байна л даа. Багадаа би Улаан малгайт үлгэрийг яриулахаараа эмээ, ач охин 2-г идчихсэн муу хар чоныг алуулахад баярладаг байсан. Гэтэл манай охин өрөвдөөд байх юм. Бүр ургуулан бодоод эхнэр, хүүхдэд нь хүртэл санаа нь зовоод айн ккк.
Гээд бодохоор 20-р зууны хүүхэд, 21-р зууны хүүхэд 2-н хооронд сэтгэлгээний ялгаа байх шигээ... Охиноо тэгээд гайхаад, өрөвдөх сэтгэл нь хөдлөөд эхлэхээр би хүртэл гайхаад бас бодож эхэлж байна. Би муу чоныг алуулсан талаар бахдалтай нь аргагүй охиндоо ярьж өгтөл нөгөөх маань бүр эсрэгээр нь хүлээж аваад... 
Тэгээд сүүлдээ яриаг нь дүйвүүлээд өөр тийш нь анхаарлыг нь төвлөрүүлэх гэж хичээв. 
- Миний охион, Улаан малгайт шиг хамаагүй таних танихгүй хүнд хувийн нууцаа ярьвал ийм аюултай байдаг юм байна шүү.
- Ааан... гэж хэлэхдээ охин лав миний хэлсэн үгийг ойлгоогүй байх. Чоныг бодоод л гайхаад, өрөвдөөд байх шиг байсан. Чоныг алахгүйгээр эмээ, охин 2-г аварч яагаад болоогүй юм бол гэж бодоод л байгаа юм шиг байгаа юм, асууж байгаа асуултуудаас нь харахад...
Ер нь ямар ч үлгэр ярьж өгмөөр юм дээ? Арван таван толгойтой атгаалжин хар мангастай үлгэрийг бол манай охин сонсох ч дургүй. Шууд л "би айж байна, боль" гэдэг. Үлгэр хэдийгээр амар сайхандаа жаргадаг ч гэсэн их л зовлон үзэж, алж талж байж амар сайхандаа жаргах юм. Охины хүсэл бол оршил нь ч, өрнөл нь ч, төгсгөл нь ч жаргалтай үлгэр сонсох...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment