Миний охин ангийнхаа нэг хүүд сайн болчихож... Ямар өрөвдмөөр юм бэ. Урьд нь бага насны хүүхдүүдийн шохоорхол, дурлалын талаар унших, сонсох үедээ ямар хөөрхөн юм бэ гэж өхөөрдөн боддог байлаа. Гэтэл охиноо хараад өхөөрдөхтэй манатай, өрөвдөөд байх юм.
Өнгөрсөн хавраас л ангийнхаа нэг хүүтэй тоголсон тухайгаа надаа ярьдаг болсон юм. Тэгээд нөгөө хүүг цэцэрлэгтээ ирээгүй өдөр нь өнөөдөр Төгөлдөр ирсэнгүй гээд л ярина. Би ч аан гээд л өнгөрнө.
Сая зуныхаа амралтаар хэд хэдэн удаа "ээжээ би цэцлэгтээ яваад Төгөлдөртэй тогложын ингэж зүүдэллээ" гээд л ярьсан. Би ч яахав, бас л "аан тэгсэн үү" гээд л өнгөрнө.
Цэцэрлэг орох боллоо. Охин цэцэрлэгтээ явж, найзуудтайгаа тоглоно гэж догдлоод л...
Эхний өдөр охиноо авахад:
- Ээжээ Төгөлдөр ирсэнгүй...
- Аан, яагаад ирээгүй юм бол?
- Харин мээдкү...
Хоёр дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр бас л ирсэнгүй.
- Яасан юм болоо? Өөр цэцэрлэгт орчихсон юм болуу?
- Харин?
Гурав дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр ирсэн.
- Аан. Миний охин тэгээд найзтайгаа тоголсон уу?
- Надтай тоголку байсан.
- Хэнтэй тоголсон тэгээд?
- Хөвгүүдтэй л тоглоодайсан.
- Аан тэгвэл охидуудтай тоглохоосоо ичээд байгаа юм байна.
- Би бол ичэдгүү тээ ээжээ?
Бид 2-ын дунд нэг ийм яриа болоод өнгөрсөн юм.
Өнөөдөр охиноо авсан чинь охин нэг л биш...
- Миний охин яасан?
- Яагаачгү...
- Яагаад гунигтай царайлчихсан? Ээждээ нуулгүй үнэнээ хэлчих!
- ...
- Багш нь загнасан юмуу?
- Гүү...
- Найзуудтайгаа муудалцсан уу?
- Гүүээ, гүү...
- Хэн нэг найз нь миний охиныг гомдоосон уу?
гэж асуунгуут охин өмөлзөөд л явчихлаа.
- Төгөлдөрөөс би надтай тоглохоосоо ичээдаагааму ингээд асууцан чинь хэнээс ичихийн ингээд уурласан...
гэж хэлээд гомдоод уйлаад... Хичнээн өрөвдмөөр харагдсан гээч.
Өнөөдөр л би охиноо тэр хүүд сайн болчихсон юм байна гэж ойлголоо. Охин өөрөө ч тэрнийгээ мэдэхгүй, ойлгохгүй л байгаа. Гэхдээ бяцхан ч гэсэн зүрхтэй, сэтгэлтэй юм болохоор тэнд дурлах, хайрлах мэдрэмж бас төрдөг л байх.
Гэртээ орж ирээд юу ч идэж, уусангүй. Ээжээ би ядраад байна гээд хэвтээд өгсөн. Нэг л өрөвдөлтэй харагдаад байхаар нь охиноо өрөвдөөд тэвэрсэн чинь бие нь хав халуун... Халууныг нь үзсэн чинь 38.3... Ямар өрөвдмөөр эмзэгхэн юм бэ. Хоолойны махтай болохоор байн байн хоолой нь өвдөөд халуурдаг юм, угаасаа. Гэхдээ энэ удаад ингэж давхцав уу, эсвэл сэтгэл нь хямрахаар өвчин нь сэдрэв үү? Би ойлгосонгүй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment