Хэд хоногийн өмнө нэг сонирхолтой түүх твиттерт уншив. Ингэсэн гэнэ:
Нэг толгой бий, Манжийн хаантай тэрсэлдээд ар монголчууд Түшээт ханыг түшиж нүүж ирсэн гэнэ. Сөнөдийн Тэнгис вангийн нэгэн ноён зам салж нүүж зугатахдаа буруу замчинд итгэж зам хазайж хугацаа алдахад нь манжийн цэргийн түрүү анги гүйцэж ирээд, эцэг эх, эхнэр хүүхдийг нь нүдэн дээр нь хороогоод ноёны голомтыг нь тасалсан гэнэ. Тэр ноён ид хавтай их сайн баатар эр байсан гэнэ. Гэр бүлээ хүйс тэмтрүүлсэндээ уурлаж өсөрхсөн эр манжийн том ноёныг эмээлтэй нь хадаж харвасан тул түүнийг манжийн цэргүүд хэрцгийлэн тамлаж алсан гэнэ. Зоригт ноёны голомт тасарсанд гомдсон гомдол, өш хонзонгоо авч чадаагүй гансрал тэр толгойд хоргодсон учир их хатуу үүдтэй газар байдаг гэнэ. Хур тунадас бараг унадаггүй, улайдсан гантай учир хүмүүс тэнд бараг нутагладаггүй юм гэнэ.
Гэхдээ тэнд их хэмжээний алтны орд бий. Ямар газрын тухай бичээд байгааг ойлгож байгаа биз дээ? Тэр орд газрын лиценз нь монголын 3 том банкийг дампууруулсан. За ер нь хэдэн компанийг дампууруулсан ч юм мэдэхгүй, ямартай ч энэ орд газарт шунасан монголын толгой баячууд дараалаад дампуурсандаг. Ямар үйлийн үрээрээ ч холбогдсон юм мэдэхгүй, би хүртэл банк дампуурахад ажилгүй болж хэсэг дампуурсан. Олон хүн дампуурсан дөө.
Дээрх түүхийг уншчихаад бодсон чинь... Нэхэл хатуу орчлон гэдэг үг санаанд ороод болдоггүй. Зүгээр ч нэг ийм үг хэлэгддэггүй л байх. Учиртай л болоод ийм үг гарсан байж таарна. Угаас бидний өвөг дээдсийн хэлсэн өгүүлбэр бүр ямар нэг гүн утга агуулдагшд. Гадныхан бүхэл бүтэн ном бичиж сургаал айлдаж байхад тэр номны гол агуулга нь манай нэг зүйр үгэнд байж байх жишээтэй. За би хэтрүүлээд байгаа бол сорри шүү.
Дээрх түүхээс улбаалаад, дээрх үгийг санаад... Дээрх үгнээс улбаалаад амьдралын бас нэг хууль гэх юмуу сэтгэл хоргодох гэж ярьдаг даа, нэг тийм юм үнэхээр байдаг гэдгийг л бичих гээд үгээ эвлүүлж чадахгүй байна би. Үйлийн үр гэдэгтэй холбогдмоор ч юм шиг, үгүй ч юм шиг... Би нэг л сайн ойлгож өгөхгүй, бас тайлбарлаж чадахгүй байнаа. Сэтгэл шингэсэн гэж ярьдаг даа. Ямар сэтгэл шингэсэн гэдгээсээ шалтгаалаад янз бүрийн үр дүнтэй. Жишээ нь, хүнд харамлаж өгсөн хармын сэтгэл шингэсэн эд зүйл юм болдоггүй бол чин сэтгэлээсээ, баярлаж талархсан сайхан сэтгэл шингээсэн зүйл авсан хүндээ юм болж чаддаг.
Түүнтэй адилхан хүмүүний амьдралд ч гэсэн бас нэг тийм хууль үйлчлээд байх шиг байдаг юм. Хэн нэгнийг гомдоочихоор, цаад гомдсон хүн нь мартаж чадахгүй сэтгэлдээ хадгалаад байхаар гомдоосон хүн өөдөлдөггүй байх жишээтэй. Ер нь гомдсон, тунисан, өширхсөн, хорссон сэтгэл их хар мөртэй байдаг юм шигээ. Явж явж сэтгэлийн хүч, энерги гэдэг нь болоод явчихав уу кк. Би ч бүр өөрийнхөө бодлыг бичих гэж энд дампуурч байна хаха.
За би ерөөсөө нэг бодит жишээ бичье.
Бага байхад манай хажуу орцонд нэг залуу гэр бүл байсан юм. Нөхөр нь нэг хөөрхөн ах байсан юмаа. Эхнэр нь бас дажгүй. Тэднийх 2 хөөрхөн хүүтэй байсан юм. Нөхөр нь нэг хүүхэдтэй эхнэрээсээ салаад тэр эгчтэй гэрлэсэн, тэгээд өмнөх эхнэр нь тэр ахад дэндүү хайртай байсан болохоор гомдоод бүр царай алдчихсан явж байна гэж ээж, хажуу айлын эгч 2 гадаа суугаад хов ярьж байхдаа ярьсаныг би сонсож байсан юм. Хажуу айлын эгч тэр эгчтэй их сайн найзууд байсан болохоор нарийн ширийн мэдээлэл сайтай байсан л даа. Тэр ярианаас хойш жил гаруй хугацаа өнгөрөөд тэдний том хүү 3 нас хүрээд өнгөрчихсөн. Өвчний учир л байсан байх. Тухайн үед тэр хөөрхөн хүүг нас барсан гэхэд итгэж өгөхгүй, халаглаад өнгөрч байлаа. Харамсалтай юм болсон л доо. Хүүгээ өнгөрсний дараа дахиад жирэмсэн болж байсныг нь санаж байна. Тэрнээс хойш дахиад жилийн дараа 2 дахь хүүхэд нь бас 3 нас хүрээд өнгөрчихсөн. Тэр мэдээг сонсоод би лав аягүй цочирдож, гайхаж байсан юм. Манай байрны бүх хүмүүс халаглаж байсан, бас хачирхан гайхаж байсан хэрэг болохоор одоо болтол мартагддаггүй юм. Тэднийх бодвол тэр үед нууцаар үзэж хардаг хүмүүст үзүүлсэн байх, тийм аймаар сэтгэл зүйн шоконд орж байгаа юм чинь. Удаагүй нүүгээд явсан. Одоо хаана байдаг юм бүү мэд...
Надад хачирхалтай санагддаг болохоор одоо хүртэл би хааяа дурсдаг. Амьдрал нь ямаршуухан байгаа бол гэж бодогдоод байдаг юм. Тэднийх нүүсний дараа хүүхэдгүй гэр бүл тэдний байранд нүүж орсон. Бүр өнөр өтгөн 3 хүүхэдтэй айл болоод одоо болтол амьдарч байгаа.
Эндээс миний юу хэлэх гээд байгаа нь ойлгогдож байна уу, үгүй юу? Хэн нэгний сэтгэлд гомдол үлдээж л болохгүй юм шүү гэмээр... Гэхдээ үнэндээ тийм боломж байхгүйшдээ. Би лав зөндөө л хүн гомдоож байсан. Ингээд бодохоор л сэтгэлээ зөв удирдаж бясалгаж сурмаар санагдаад байх юм. Ямар ч асуудлыг шууд мартдаг, эсвэл үл ойшоодог тэнэг байх нь хамаагүй дээр юм шигээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment