RSS

Миний охины анхны дурлал

Миний охин ангийнхаа нэг хүүд сайн болчихож... Ямар өрөвдмөөр юм бэ. Урьд нь бага насны хүүхдүүдийн шохоорхол, дурлалын талаар унших, сонсох үедээ ямар хөөрхөн юм бэ гэж өхөөрдөн боддог байлаа. Гэтэл охиноо хараад өхөөрдөхтэй манатай, өрөвдөөд байх юм.
Өнгөрсөн хавраас л ангийнхаа нэг хүүтэй тоголсон тухайгаа надаа ярьдаг болсон юм.  Тэгээд нөгөө хүүг цэцэрлэгтээ ирээгүй өдөр нь өнөөдөр Төгөлдөр ирсэнгүй гээд л ярина. Би ч аан гээд л өнгөрнө. 
Сая зуныхаа амралтаар хэд хэдэн удаа "ээжээ би цэцлэгтээ яваад Төгөлдөртэй тогложын ингэж зүүдэллээ" гээд л ярьсан. Би ч яахав, бас л "аан тэгсэн үү" гээд л өнгөрнө.
Цэцэрлэг орох боллоо. Охин цэцэрлэгтээ явж, найзуудтайгаа тоглоно гэж догдлоод л... 
Эхний өдөр охиноо авахад:
- Ээжээ Төгөлдөр ирсэнгүй...
- Аан, яагаад ирээгүй юм бол?
- Харин мээдкү...
Хоёр дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр бас л ирсэнгүй.
- Яасан юм болоо? Өөр цэцэрлэгт орчихсон юм болуу?
- Харин?
Гурав дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр ирсэн.
- Аан. Миний охин тэгээд найзтайгаа тоголсон уу?
- Надтай тоголку байсан.
- Хэнтэй тоголсон тэгээд?
- Хөвгүүдтэй л тоглоодайсан.
- Аан тэгвэл охидуудтай тоглохоосоо ичээд байгаа юм байна.
- Би бол ичэдгүү тээ ээжээ?
Бид 2-ын дунд нэг ийм яриа болоод өнгөрсөн юм.
Өнөөдөр охиноо авсан чинь охин нэг л биш...
- Миний охин яасан?
- Яагаачгү...
- Яагаад гунигтай царайлчихсан? Ээждээ нуулгүй үнэнээ хэлчих!
- ...
- Багш нь загнасан юмуу?
- Гүү...
- Найзуудтайгаа муудалцсан уу?
- Гүүээ, гүү...
- Хэн нэг найз нь миний охиныг гомдоосон уу?
гэж асуунгуут охин өмөлзөөд л явчихлаа. 
- Төгөлдөрөөс би надтай тоглохоосоо ичээдаагааму ингээд асууцан чинь хэнээс ичихийн ингээд уурласан...
гэж хэлээд гомдоод уйлаад... Хичнээн өрөвдмөөр харагдсан гээч.
Өнөөдөр л би охиноо тэр хүүд сайн болчихсон юм байна гэж ойлголоо. Охин өөрөө ч тэрнийгээ мэдэхгүй, ойлгохгүй л байгаа. Гэхдээ бяцхан ч гэсэн зүрхтэй, сэтгэлтэй юм болохоор тэнд дурлах, хайрлах мэдрэмж бас төрдөг л байх.
Гэртээ орж ирээд юу ч идэж, уусангүй. Ээжээ би ядраад байна гээд хэвтээд өгсөн. Нэг л өрөвдөлтэй харагдаад байхаар нь охиноо өрөвдөөд тэвэрсэн чинь бие нь хав халуун... Халууныг нь үзсэн чинь 38.3... Ямар өрөвдмөөр эмзэгхэн юм бэ. Хоолойны махтай болохоор байн байн хоолой нь өвдөөд халуурдаг юм, угаасаа. Гэхдээ энэ удаад ингэж давхцав уу, эсвэл сэтгэл нь хямрахаар өвчин нь сэдрэв үү? Би ойлгосонгүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цайрсан нь

Аль дивангарт мөнгөний ханш чангаас чанга үед "өр 1000 хүрэхээрээ цайрна" гэж ярьдаг байж. Одоо энэ ханш нь хэд ч болчихсон юм, бүү мэд. Тэрбум хавьцаа болоо байлгүй дээ. 
Түрүү сарын цалин буухад би нэг сайхан цайрлаашд ккк. Өрнөөс биш орлогоноос болоод шүү. Ингэсийн...
Цалин буулаа. Интернет банк руугаа орж байгаад л баахан гүйлгээ хийлээ. Байр, цахилгаан, кабель, утасны төлбөр, зээлээ төлөөд үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг юм уг нь. Гэтэл эдгээрээс гадна ажлаас гарсан нэг хүнийг гаргаж өгч шоудсан зардал, зүүн аймагт түймэрт өртсөн нэг айлд туслах сайн үйлсийн аянд өргөх хандив, бас нэг хүний төрсөн өдөрт бэлэг авч өгөх мөнгө гэх мэт нэмэлт зардлууд гараад надаа 3 кг үхрийн цул мах авах боломжтой л мөнгө үлдчихлээ.
Ийм мөнгө үлдчихээр шууд бодож санах юмгүй амар болчихдог юм байналээшд кк. Охиноо цэцэрлэгээс нь авах гээд очингуут өөдөөс шууд "ээжээ цалин буусан уу?" гэж байгаам чинь. 
- Буусаан буусан.
- Yes, yes... Гоё доо, гоё доо...
гээд дороо дэвхцээд, баярлаад байгаа хүүхдийг би яахын. 
Охинтойгоо цэцэрлэгээс нь гараад л шууд Жүр үр рүү оров. Хамгийн гоё харагдаад байгаа 3 кэйк аваад, нэг нэг жүүс аваад тухлаад суув даа. Идээгүй байхад идээд барчихмаар гоё харагдаад байсан чинь бардаггүй ээ. Жүүсээ ч ууж бардаггүй. 2 кэйк 1 жүүс авдаг байж гэж бодлоо. 
Охин цаашаа идэж чадахгүй, хурдан гаръя гээд түлхчихээр нь нэг кэйк, нэг жүүсээ ширээн дээр нь үлдээгээд охиныхоо амсаад орхисон жүүсийг аваад гарлаа. Тэгтэл хажуугийн байрных нь гадаах тоглоомын талбай дээр ангийнх нь 2 хүүхэд тоглож байхыг харангуутаа охин гүйгээд оччихсон. Тоглоод салдаггүй. Тэгэхээр нь барьж явсан жүүсээ нэг хүүхдэд нь өгөөд... Нөгөө үлдээсэн жүүсээ бас авч гараад нөгөө хүүхдэд нь өгчихдөг байж гэж бас харамсаад байнаа кк.
Тэнд охин хэсэг тоглож сайхан шороотой хутгалдаж аваад л цааш явлаа. Чингисийн талбай дээр очоод машин уналаа, дугуй уналаа. Би нэг дуусашгүй их мөнгөтэй хүн шиг л хүссэн болгоныг нь биелүүлээд л яваад байсан хаха.
Талбайгаас цаашаа гэр хүртлээ алхангаа Макс супермаркет орлоо. Үлдсэн хэдхэн төгрөгөндөө чихэр, шоколад, ундаа аваад... Тэгээд л всё.
Ёстой нэг гудиггүй монгол занг жинхэнэ гаргасаншд хаха. Хааяа нэг ингэж бодож санах ч юмгүй, мөнгө ихтэй хүн шиг аашлах чинь гоё юм билээ ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цэцэрлэгийн нэр хүнд хүүхдийн эрүүл мэндээс илүү эрхэм үү?

Сүүлийн үед нэг ноцтой асуудалтай учирсаан. Ёооох бодохоос л... Охины ангийн хүүхдүүд бүгд бөөстөөд... Жинхэнэ ноцтой, бүр онц ноцтой асуудалтай тулгарчихаад сууж байна. 
Сарын өмнө охины шампунь дуусчихаад шинэ шампунь авч амжаагүй байхдаа өөрийнхөө шампуниар угаагаад байлаа. Тэр үеэс л охин толгой загатналаа гээд эхэлсэн. Шампунь таарахгүй тэгж байна гээд нээх анзаараагүй юм. Дараа нь шампунийг нь сольсон ч толгой нь загатнасан хэвээрээ.
Сая нэлээн хэд хоногийн өмнө охины багш надад сэмхэн:
- Танай охины толгойд хуурс явж байна гэж шивнэж байна. 
- Ааййн? Танай ангид тийм асуудал гараа юу?
- Үгүй ээ үгүй, ганцхан танай охин...
- Юууу? Аан тэгвэл үгүй байлгүй дээ. Шампунь таарахгүй толгой нь загатнаад байгаан гээд би тоосонгүй.
Нэг ийм яриа болоод өнгөрсөн юм. Гэхдээ л миний толгойд бөөсний талаар бодол огт орж ирсэнгүй. Намар цэцэрлэгүүдээр бөөс гараад байгаа гэж нэг хальт сонсож байсан. Гэхдээ ач холбогдол өгөөгүй, сонсоод л өнгөрч байсан. Өөрөө ийм асуудалтай тулгарна гэж ёстой санаанд орсонгүй.
Маргааш нь охиноо цэцэрлэгээс нь авч байхдаа охиноосоо "Өнөөдөр толгой нь загатнасан уу?" гээд асуучихсан чинь тэнд хүүхдээ авч байсан 3-4 ээж бүгд над руу харсанаа "Танай хүүхэд бас уу?" гэж асуув. Гайхаад "Юу тэр вэ?" гэтэл... Бүх хүүхдүүд нь бөөстөөд багш нь бүх ээж нарт нь "ганцхан танай хүүхэд" гэж хэлсэн байгаа юм чинь ккк. Арай ч дээ, нээрээ... Бүр өнгөрсөн оны 12 сард эхний тохиолдол нь илэрсэн байгаа юм чинь. Би гэтэл дөнгөж саяхан 3 сард энэ талаар мэдэж байдаг.
Би сонсонгуутаа хангинаад л явчихсан. Гай л байнашд, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг номлолоор хүмүүжсэн хүүхэд шүү би чинь, тэгж яривал ккк. Яаж чимээгүй өнгөрч болох вэ дээ.
Багшийг нь дуудаад, эхний тохиолдол илрэнгүүт бүх эцэг эхчүүдэд анхааруулахгүй яасан юм бэ, энэ чинь нуух асуудал бишшдээ, анхнаасаа нуулгүй яриад асуудлаа шийдсэн бол бүх хүүхдүүд ингэж хэлмэгдэхгүй байсаншдээ гээд л үглэж өгсөөн. Багш бол харин тиймээ гэсгээд л өнгөрлөө. 
Маргаашнаас нь би гэдэг хүн чинь ажлаа цалгардуулаад нетээр хэсэж, бөөс судлаачийн ажил хийвшд кк. Бөөс гээд гүүглдсэн чинь монголоор ер олигтой мэдээлэл олдсонгүй. Хаа нэг тэр цэцэрлэгт бөөс илэрчээ гэх мэдээлэл... Огноог нь харсан чинь аль 2013 онд Дорноговьд бөөс илэрсэн гэсэн мэдээлэл байнаа. Тэгэхэд л шуурхай арга хэмжээ аваагүй юм чинь 2 жилийн дотор улс даяар газар авах нь аргагүй юм бишүү.
Надаа бөөсийг хэрхэн устгах талаар мэдээлэл хэрэгтэй байсан болохоор цаашаа явлаа. Англиар бөөс гэхийг lice гэдэг гэж яагаад ч юм мэддэг байсан юм байна. Тэр үгээ бичиж аваад л эрэлд гарлаа. Цаашлаад хуурс гэхийг англиар nit гэдгийг мэдэж авлаа. Англиар харин хэрэгтэй мэдээллүүдээ олж авлаа шүү. 
Юу вэ, тэгсэн чинь нөгөө сайхан АНУ, Герман, Австрали нтр гээд лаг лаг улсууд чинь бүгд хүүхдийн толгойны бөөсний асуудалтай байдаг юм байнашдээ. Бөөс устгах гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд хэдэн төрлөөрөө байна. Бөөс сорогч машин хүртэл хэдэн янзаар зохион бүтээгдсэн байна. Тэр битгий хэл үсний салонд нь бөөс устгах үйлчилгээ байна хөөе. Цагийн 95 долларын үнэтэй... Бүр гайхсаншдээ.
Энэ далимд бас оросоор мэдээлэл хайж үзмээр санагдаад... Оросоор бөөс гэхийг вошь, хуурс гэхийг гнида гэдгийг мэдэж авсаан кк. Ямартай ч англи, орос үгийн сангаа бөөс, хуурс гэдэг үгээр баяжуулсан шүү би хахаха. 
Аан, тэгтэл орост бас бөөсний асуудал түгээмэл юм байнаа. Тэгээд  аль СССР-ийн үеэс хэрэглэж ирсэн нэг тосны талаар мэдэж авлаа. Ашгүй тэр тос нь манай аптекуудаар зөндөө байдаг юм билээ. 
Тэр тосыг аваад охины үсэнд түрхээд, шүүрэн самаар самнаад ашгүй сайхан толгой нь загатнахаа болилоо. Санаа амраад байж байсан чинь өчигдрөөс дахиад л толгой загатналаа гээд... Цэцэрлэгт явж байгаа тохиолдолд эргээд л бөөстөөд байх шинжтэйдэгээ. Яадаг ч юм билээ...
Дээр намайг тэгж бөөн хэл ам болсны дараа цэцэрлэгийн дарга нь эмч, багш нараа нэг өдөр толгой түрүүгүй загнасан сурагтай. Бөөс илэрсэн сургууль цэцэрлэгийг 500,000-аар торгоно гэсэн юм байдаг юм шиг байна. Багш, эмч нараа 500,000-аа өөрсдөө төлөөрэй гэж загнасан байсан. Ийм гаж тогтолцоотой юм бол багш нар нь нуугаад өнгөрөх нь аргагүй юм байнашдээ. Юу гэсэн үг вэ? Бидний бяцхан үрсийн эрүүл мэнд ганц цэцэрлэгийн нэр хүндээс үнэ цэнэгүй юм уу? Сонсоод үнэхээр дургүй хүрсээн. 
Google-ээр, Youtube-ээр Head lice эсвэл Головная вошь гээд хайгаад үзэхээр түмэн янзын заавар гарч ирж байна. Бөөсийг хэрхэн устгах, яаж цэвэрлэх гээд л... Сургууль, цэцэрлэгүүд нь бөөс илрэнгүүт эцэг, эхчүүдэд нь сануулга бичиг хүргүүлж байна. Лавлах утсаар хүүхдийнхээ бөөсийг хэрхэн цэвэрлэх талаар дэлгэрэнгүй заавар, зааварчилгаа өгч байна. Сургууль, цэцэрлэгүүд нь 'No nit policy" гэдэг бодлого боловсруулаад ажилладаг юм байна. Гадныхан ийм л байнашд. Ер нь юунаасаа ичдэг юм бэ? Ичлээ гээд яаж байна? Манайхан бол ичиж тэнэгтсээр байгаад хүүхдүүдээ бөөстүүлээд тамлаад таарч байнашд.
Эцэг эхчүүдийн яриагаар бол энэ бөөс урдаас үсний боолтоор дамжиж орж ирж байгаа юм байх. Гэтэл миний уншсан мэдээллээр бөөс нь хүний цус сорж амьдардаг, хүний биенд л амьдрах чадвартай шимэгч гэнэ. Хүний цус сорохгүй 24 цаг болоход үхдэг гэнэ. Хэрвээ үсний боолтоор дамжиж орж ирж байгаа нь үнэн бол бүр генийн өөрчлөлтөнд орчихсон супер бөөс юм бишүү. Жирийн бөөс ч биш бүр бактериологийн зэвсэг болж таарах гээд байна.
Дэлхийн 2-р дайны үед гэдэсний хижиг өвчин тараадаг бөөсийг тарааж хүн амыг олноор нь үхүүлж байсан түүх бас байдаг юм билээ. Тэр бол санаатайгаар тараасан бактериологийн зэвсэг байсан л даа. Сүүлд хэдэн онд билээ бөөсийг устгах аргыг олсон эрдэмтэн Нобелийн шагнал хүртэж байсан түүх бас олж уншлаа. Хлораминд л устсан юм байна гэж ойлгосон. 
Бөөс нь бас хэдэн төрлийнх байнаа. Энэ гадуур тархаад, идэвхижээд байгаа толгойны бөөс бол ариун цэвэр муу сахиснаас биш юм байна. Элдэв төрлийн химийн бодисын буруу хэрэглээнээс үүдэлтэй гэнэ. 80-аад онд элбэг байгаад одоо үзэгдэхээ байсан хувцасны завсраар шигдээд хүний биеийг шимэгчилж амьдардаг бөөс чинь харин ариун цэвэртэй холбоотой юм гэнэ. Гэхдээ ер нь бол бөөс гэдэг чинь халдварт өвчин л юм билээ.
Миний л таамаглал шүү. Сүүлийн үед манайхан өвлийн улиралд утаанаас болгоомжилж байгаамуу яаж байгаан хүүхдүүдээ хэт их боож багладаг болчихоод байгаа. Сүүлийн 2 жил их дулаахан өвөл болсон. Тэгэхэд л хүүхдүүдээ хятадын синтефонон өмд, куртка өмсгөчихөөд л зөвхөн нүдийг нь гаргаад боогоод, баглаад, бараг хүлчихсэн л явж байдаг. Тэгээд машиндаа суулгаад... Ингэж их хөлөргөснөөс болоод хүүхдийн хөлсөнд бөөс үржээд байгаа байж магадгүй гэж би хардаад байгаа. 
Бөөснөөс ичихээсээ өмнө үр хүүхдээ бодоцгооё. Ичих бол асуудал биш. Үр хүүхдийн минь эрүүл мэнд л чухал байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Засгийн эрх

Блогтоо сууж бичмээр юм зөндөө л гарах юм. Гэвч боломж олдохоо байж... Зав гарахаар засгийн эрх гарт байхгүй, засгийн эрх гарт орсон үед зав байхгүй ккк. Засгийн эрх гэж утсаа хэлээд байгаа юмаа. Охин утас булаацалдаад надад олдох нь ховор болсон кк.
Охиноосоо утсаа харамлаж бас чадахгүй юмаа. Гэхдээ хэрэглээг нь хэтрүүлэхгүй байх санаатай л үзээд байна. Дуртай тоглоомоо татаж суулгаад, шууд л учрыг нь олоод тоглочих юм. Тэгээд уйдахаараа буцаагаад устгачихна. Одооны хүүхдүүдийн энэ техник, технологитой харьцаж байгаа ур чадвар үнэхээр өөр юмаа. Татсан тоглоомных нь учрыг би олоогүй сууж байтал шууд л бараг өөрөө зохиочихсон юм шиг ингэж тоглодын байна гээл тоглоно. Хэд хоноод л би дахиж энүүгээр тоглохгүй гээд л шууд анинстол хийчихнэ.
Ажлын цагаар ч уг нь засгийн эрх баталгаатай миний гарт л даа кк. Урьд нь ажлын завсар зайгаар амсхийх зуураа хааяа нэг амжуулдаг байсан. Одоо бүр тийм зав ч гарахаа байлаа. Уг нь энд бичээд суух ч бас нэг амралт болдог юм шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

103-ыг чөтгөр аваг!!!

Урд шөнө охин унтаж өгдөггүй. Амьсгаадаад нэг л тухгүй байгаа нь мэдрэгдээд... Духан дээр нь гараа тавиад үзэхээр гайгүй юм шиг байхаар нь тайвшраад хэсэг унтчихаж. Хажууд унтахгүй байгаа нь мэдэгдээд нэг сэрээд цаг харсан 3 цаг 33 мин... "Яагаад унтахгүй байгаан бэ?" гэхээр дуугарч өгдөггүй. Бие нь халуун ч юм шиг, биш ч юм шиг. Гайхаад халууны шилээр үзсэн чинь температур нь 36.2 гэнэ. Бас л тайвширлаа. Хэсэг хамт унтахгүй тэврээд хэвтсэн чинь ашгүй унтаад өгөхөөр нь нэг юм санаа амраад унтавшд.
Өглөө босож хоол хийчихээд охиноо сэрээсэн чинь хүзүүн дээр нь нээх сонин батга шиг юм гарчихаж. Хувцсыг нь сөхөөд үзсэн чинь гэдэс, нуруугаар нь бас баахан тууралт... Салхин цэцэг... 
Сая шинэ жилээр ангийнх нь хүүхдүүдийн бараг тал нь салхин цэцэгтсэн юм. Манай охин дархлаа сайтай, гайгүй байна гээд онгироод байсан чинь бас л ялгаагүй тусчихдаг байнашд. Вакцин хийлгэсэн юм чинь гайгүй байх гэж бодоод байсан чинь үгүй юм байнаа. 
Одоо яах ёстой юм бол гээд сандраад 103 руу утасдсан чинь хүүхэд гэдгийг сонсонгуутаа л өөр нэг утас руу дайверт хийчих юм. Нөгөө утас нь авахгүй. Дахиад л 103 руу залгана. Дахиад л "хэдэн настай хүн бэ?" гэж асуугаад л өөр утас руу дайверт... 5-6 залгаад сүүлдээ уур хүрээд хашгираад, загнаад... Наад холбож өгөөд байгаа утас чинь авахгүй байна, дугаарыг нь хэлж өг гэж баахан загнаж байж дугаарыг нь аваад нөгөө утас руу нь залгасан чинь нэг залуу авсанаа "заавал 103-аар дамжиж наашаа холбогд" гэж уур хүргэдэг юм даа. Манай 103 ер нь ямар үүрэг, зорилготой газар юм бүү мэд. Мэдээж сайхан ааштай, баярласан цэнгэсэн хүмүүс залгахгүй нь ойлгомжтой. Өвдөж зовсон, сандарч тэвдсэн хүмүүс л залгах нь ойлгомжтойшд. Тэр болгонд ийм уцаартай хариулт өгч, төвөгшөөж харьцдаг бол арай л дэндүү юм байна. Өглөө 7 цагт болохоор нойрмоглоод сууж байдаг юмуу хаашаа юм. Өнөө өглөө нээрээ аймаар уур хүргэлээ туучийнууд чинь...
Охиноо гэрт үлдээгээд ажил дээрээ ирж гүүглдэж, мэдээлэл аваад кк. Бас ангийнх нь саяхан салхин цэцэгтээд зүгээр болсон охины ээжээс зааварчилгаа аваад, халдвартын эмнэлэг рүү ярьж бас зөвөлгөө аваад, буцаж хариад охиндоо эм өгч, метилен түрхэж өгчихөөд ирлээ. 24-48 цагийн дотор загатнана гэж уншчихаад бас санаа зовоод... Загатнахаар нь маажиж болохгүй шүү гэж захиж байгаад ирлээ. Одоо гайгүй байхаа. 
Агаар дуслын замаар халдварладаг өвчин гэнэ. Салхинд хийсч ирээд наалддаг л өвчин юм байна л даа. Яалтчгүй бултах аргагүй өвчин аж. Салхиар халдварладаг болохоор салхинд гаргаж болохгүй гэдэг, тэрнээс биш салхинд гарахаар хүндэрдэг өвчин биш гэж халдвартын эмнэлгийн хүн хэлж байналээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS