RSS

Миний охины анхны дурлал

Миний охин ангийнхаа нэг хүүд сайн болчихож... Ямар өрөвдмөөр юм бэ. Урьд нь бага насны хүүхдүүдийн шохоорхол, дурлалын талаар унших, сонсох үедээ ямар хөөрхөн юм бэ гэж өхөөрдөн боддог байлаа. Гэтэл охиноо хараад өхөөрдөхтэй манатай, өрөвдөөд байх юм.
Өнгөрсөн хавраас л ангийнхаа нэг хүүтэй тоголсон тухайгаа надаа ярьдаг болсон юм.  Тэгээд нөгөө хүүг цэцэрлэгтээ ирээгүй өдөр нь өнөөдөр Төгөлдөр ирсэнгүй гээд л ярина. Би ч аан гээд л өнгөрнө. 
Сая зуныхаа амралтаар хэд хэдэн удаа "ээжээ би цэцлэгтээ яваад Төгөлдөртэй тогложын ингэж зүүдэллээ" гээд л ярьсан. Би ч яахав, бас л "аан тэгсэн үү" гээд л өнгөрнө.
Цэцэрлэг орох боллоо. Охин цэцэрлэгтээ явж, найзуудтайгаа тоглоно гэж догдлоод л... 
Эхний өдөр охиноо авахад:
- Ээжээ Төгөлдөр ирсэнгүй...
- Аан, яагаад ирээгүй юм бол?
- Харин мээдкү...
Хоёр дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр бас л ирсэнгүй.
- Яасан юм болоо? Өөр цэцэрлэгт орчихсон юм болуу?
- Харин?
Гурав дахь өдөр нь:
- Ээжээ Төгөлдөр ирсэн.
- Аан. Миний охин тэгээд найзтайгаа тоголсон уу?
- Надтай тоголку байсан.
- Хэнтэй тоголсон тэгээд?
- Хөвгүүдтэй л тоглоодайсан.
- Аан тэгвэл охидуудтай тоглохоосоо ичээд байгаа юм байна.
- Би бол ичэдгүү тээ ээжээ?
Бид 2-ын дунд нэг ийм яриа болоод өнгөрсөн юм.
Өнөөдөр охиноо авсан чинь охин нэг л биш...
- Миний охин яасан?
- Яагаачгү...
- Яагаад гунигтай царайлчихсан? Ээждээ нуулгүй үнэнээ хэлчих!
- ...
- Багш нь загнасан юмуу?
- Гүү...
- Найзуудтайгаа муудалцсан уу?
- Гүүээ, гүү...
- Хэн нэг найз нь миний охиныг гомдоосон уу?
гэж асуунгуут охин өмөлзөөд л явчихлаа. 
- Төгөлдөрөөс би надтай тоглохоосоо ичээдаагааму ингээд асууцан чинь хэнээс ичихийн ингээд уурласан...
гэж хэлээд гомдоод уйлаад... Хичнээн өрөвдмөөр харагдсан гээч.
Өнөөдөр л би охиноо тэр хүүд сайн болчихсон юм байна гэж ойлголоо. Охин өөрөө ч тэрнийгээ мэдэхгүй, ойлгохгүй л байгаа. Гэхдээ бяцхан ч гэсэн зүрхтэй, сэтгэлтэй юм болохоор тэнд дурлах, хайрлах мэдрэмж бас төрдөг л байх.
Гэртээ орж ирээд юу ч идэж, уусангүй. Ээжээ би ядраад байна гээд хэвтээд өгсөн. Нэг л өрөвдөлтэй харагдаад байхаар нь охиноо өрөвдөөд тэвэрсэн чинь бие нь хав халуун... Халууныг нь үзсэн чинь 38.3... Ямар өрөвдмөөр эмзэгхэн юм бэ. Хоолойны махтай болохоор байн байн хоолой нь өвдөөд халуурдаг юм, угаасаа. Гэхдээ энэ удаад ингэж давхцав уу, эсвэл сэтгэл нь хямрахаар өвчин нь сэдрэв үү? Би ойлгосонгүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цайрсан нь

Аль дивангарт мөнгөний ханш чангаас чанга үед "өр 1000 хүрэхээрээ цайрна" гэж ярьдаг байж. Одоо энэ ханш нь хэд ч болчихсон юм, бүү мэд. Тэрбум хавьцаа болоо байлгүй дээ. 
Түрүү сарын цалин буухад би нэг сайхан цайрлаашд ккк. Өрнөөс биш орлогоноос болоод шүү. Ингэсийн...
Цалин буулаа. Интернет банк руугаа орж байгаад л баахан гүйлгээ хийлээ. Байр, цахилгаан, кабель, утасны төлбөр, зээлээ төлөөд үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг юм уг нь. Гэтэл эдгээрээс гадна ажлаас гарсан нэг хүнийг гаргаж өгч шоудсан зардал, зүүн аймагт түймэрт өртсөн нэг айлд туслах сайн үйлсийн аянд өргөх хандив, бас нэг хүний төрсөн өдөрт бэлэг авч өгөх мөнгө гэх мэт нэмэлт зардлууд гараад надаа 3 кг үхрийн цул мах авах боломжтой л мөнгө үлдчихлээ.
Ийм мөнгө үлдчихээр шууд бодож санах юмгүй амар болчихдог юм байналээшд кк. Охиноо цэцэрлэгээс нь авах гээд очингуут өөдөөс шууд "ээжээ цалин буусан уу?" гэж байгаам чинь. 
- Буусаан буусан.
- Yes, yes... Гоё доо, гоё доо...
гээд дороо дэвхцээд, баярлаад байгаа хүүхдийг би яахын. 
Охинтойгоо цэцэрлэгээс нь гараад л шууд Жүр үр рүү оров. Хамгийн гоё харагдаад байгаа 3 кэйк аваад, нэг нэг жүүс аваад тухлаад суув даа. Идээгүй байхад идээд барчихмаар гоё харагдаад байсан чинь бардаггүй ээ. Жүүсээ ч ууж бардаггүй. 2 кэйк 1 жүүс авдаг байж гэж бодлоо. 
Охин цаашаа идэж чадахгүй, хурдан гаръя гээд түлхчихээр нь нэг кэйк, нэг жүүсээ ширээн дээр нь үлдээгээд охиныхоо амсаад орхисон жүүсийг аваад гарлаа. Тэгтэл хажуугийн байрных нь гадаах тоглоомын талбай дээр ангийнх нь 2 хүүхэд тоглож байхыг харангуутаа охин гүйгээд оччихсон. Тоглоод салдаггүй. Тэгэхээр нь барьж явсан жүүсээ нэг хүүхдэд нь өгөөд... Нөгөө үлдээсэн жүүсээ бас авч гараад нөгөө хүүхдэд нь өгчихдөг байж гэж бас харамсаад байнаа кк.
Тэнд охин хэсэг тоглож сайхан шороотой хутгалдаж аваад л цааш явлаа. Чингисийн талбай дээр очоод машин уналаа, дугуй уналаа. Би нэг дуусашгүй их мөнгөтэй хүн шиг л хүссэн болгоныг нь биелүүлээд л яваад байсан хаха.
Талбайгаас цаашаа гэр хүртлээ алхангаа Макс супермаркет орлоо. Үлдсэн хэдхэн төгрөгөндөө чихэр, шоколад, ундаа аваад... Тэгээд л всё.
Ёстой нэг гудиггүй монгол занг жинхэнэ гаргасаншд хаха. Хааяа нэг ингэж бодож санах ч юмгүй, мөнгө ихтэй хүн шиг аашлах чинь гоё юм билээ ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цэцэрлэгийн нэр хүнд хүүхдийн эрүүл мэндээс илүү эрхэм үү?

Сүүлийн үед нэг ноцтой асуудалтай учирсаан. Ёооох бодохоос л... Охины ангийн хүүхдүүд бүгд бөөстөөд... Жинхэнэ ноцтой, бүр онц ноцтой асуудалтай тулгарчихаад сууж байна. 
Сарын өмнө охины шампунь дуусчихаад шинэ шампунь авч амжаагүй байхдаа өөрийнхөө шампуниар угаагаад байлаа. Тэр үеэс л охин толгой загатналаа гээд эхэлсэн. Шампунь таарахгүй тэгж байна гээд нээх анзаараагүй юм. Дараа нь шампунийг нь сольсон ч толгой нь загатнасан хэвээрээ.
Сая нэлээн хэд хоногийн өмнө охины багш надад сэмхэн:
- Танай охины толгойд хуурс явж байна гэж шивнэж байна. 
- Ааййн? Танай ангид тийм асуудал гараа юу?
- Үгүй ээ үгүй, ганцхан танай охин...
- Юууу? Аан тэгвэл үгүй байлгүй дээ. Шампунь таарахгүй толгой нь загатнаад байгаан гээд би тоосонгүй.
Нэг ийм яриа болоод өнгөрсөн юм. Гэхдээ л миний толгойд бөөсний талаар бодол огт орж ирсэнгүй. Намар цэцэрлэгүүдээр бөөс гараад байгаа гэж нэг хальт сонсож байсан. Гэхдээ ач холбогдол өгөөгүй, сонсоод л өнгөрч байсан. Өөрөө ийм асуудалтай тулгарна гэж ёстой санаанд орсонгүй.
Маргааш нь охиноо цэцэрлэгээс нь авч байхдаа охиноосоо "Өнөөдөр толгой нь загатнасан уу?" гээд асуучихсан чинь тэнд хүүхдээ авч байсан 3-4 ээж бүгд над руу харсанаа "Танай хүүхэд бас уу?" гэж асуув. Гайхаад "Юу тэр вэ?" гэтэл... Бүх хүүхдүүд нь бөөстөөд багш нь бүх ээж нарт нь "ганцхан танай хүүхэд" гэж хэлсэн байгаа юм чинь ккк. Арай ч дээ, нээрээ... Бүр өнгөрсөн оны 12 сард эхний тохиолдол нь илэрсэн байгаа юм чинь. Би гэтэл дөнгөж саяхан 3 сард энэ талаар мэдэж байдаг.
Би сонсонгуутаа хангинаад л явчихсан. Гай л байнашд, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг номлолоор хүмүүжсэн хүүхэд шүү би чинь, тэгж яривал ккк. Яаж чимээгүй өнгөрч болох вэ дээ.
Багшийг нь дуудаад, эхний тохиолдол илрэнгүүт бүх эцэг эхчүүдэд анхааруулахгүй яасан юм бэ, энэ чинь нуух асуудал бишшдээ, анхнаасаа нуулгүй яриад асуудлаа шийдсэн бол бүх хүүхдүүд ингэж хэлмэгдэхгүй байсаншдээ гээд л үглэж өгсөөн. Багш бол харин тиймээ гэсгээд л өнгөрлөө. 
Маргаашнаас нь би гэдэг хүн чинь ажлаа цалгардуулаад нетээр хэсэж, бөөс судлаачийн ажил хийвшд кк. Бөөс гээд гүүглдсэн чинь монголоор ер олигтой мэдээлэл олдсонгүй. Хаа нэг тэр цэцэрлэгт бөөс илэрчээ гэх мэдээлэл... Огноог нь харсан чинь аль 2013 онд Дорноговьд бөөс илэрсэн гэсэн мэдээлэл байнаа. Тэгэхэд л шуурхай арга хэмжээ аваагүй юм чинь 2 жилийн дотор улс даяар газар авах нь аргагүй юм бишүү.
Надаа бөөсийг хэрхэн устгах талаар мэдээлэл хэрэгтэй байсан болохоор цаашаа явлаа. Англиар бөөс гэхийг lice гэдэг гэж яагаад ч юм мэддэг байсан юм байна. Тэр үгээ бичиж аваад л эрэлд гарлаа. Цаашлаад хуурс гэхийг англиар nit гэдгийг мэдэж авлаа. Англиар харин хэрэгтэй мэдээллүүдээ олж авлаа шүү. 
Юу вэ, тэгсэн чинь нөгөө сайхан АНУ, Герман, Австрали нтр гээд лаг лаг улсууд чинь бүгд хүүхдийн толгойны бөөсний асуудалтай байдаг юм байнашдээ. Бөөс устгах гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд хэдэн төрлөөрөө байна. Бөөс сорогч машин хүртэл хэдэн янзаар зохион бүтээгдсэн байна. Тэр битгий хэл үсний салонд нь бөөс устгах үйлчилгээ байна хөөе. Цагийн 95 долларын үнэтэй... Бүр гайхсаншдээ.
Энэ далимд бас оросоор мэдээлэл хайж үзмээр санагдаад... Оросоор бөөс гэхийг вошь, хуурс гэхийг гнида гэдгийг мэдэж авсаан кк. Ямартай ч англи, орос үгийн сангаа бөөс, хуурс гэдэг үгээр баяжуулсан шүү би хахаха. 
Аан, тэгтэл орост бас бөөсний асуудал түгээмэл юм байнаа. Тэгээд  аль СССР-ийн үеэс хэрэглэж ирсэн нэг тосны талаар мэдэж авлаа. Ашгүй тэр тос нь манай аптекуудаар зөндөө байдаг юм билээ. 
Тэр тосыг аваад охины үсэнд түрхээд, шүүрэн самаар самнаад ашгүй сайхан толгой нь загатнахаа болилоо. Санаа амраад байж байсан чинь өчигдрөөс дахиад л толгой загатналаа гээд... Цэцэрлэгт явж байгаа тохиолдолд эргээд л бөөстөөд байх шинжтэйдэгээ. Яадаг ч юм билээ...
Дээр намайг тэгж бөөн хэл ам болсны дараа цэцэрлэгийн дарга нь эмч, багш нараа нэг өдөр толгой түрүүгүй загнасан сурагтай. Бөөс илэрсэн сургууль цэцэрлэгийг 500,000-аар торгоно гэсэн юм байдаг юм шиг байна. Багш, эмч нараа 500,000-аа өөрсдөө төлөөрэй гэж загнасан байсан. Ийм гаж тогтолцоотой юм бол багш нар нь нуугаад өнгөрөх нь аргагүй юм байнашдээ. Юу гэсэн үг вэ? Бидний бяцхан үрсийн эрүүл мэнд ганц цэцэрлэгийн нэр хүндээс үнэ цэнэгүй юм уу? Сонсоод үнэхээр дургүй хүрсээн. 
Google-ээр, Youtube-ээр Head lice эсвэл Головная вошь гээд хайгаад үзэхээр түмэн янзын заавар гарч ирж байна. Бөөсийг хэрхэн устгах, яаж цэвэрлэх гээд л... Сургууль, цэцэрлэгүүд нь бөөс илрэнгүүт эцэг, эхчүүдэд нь сануулга бичиг хүргүүлж байна. Лавлах утсаар хүүхдийнхээ бөөсийг хэрхэн цэвэрлэх талаар дэлгэрэнгүй заавар, зааварчилгаа өгч байна. Сургууль, цэцэрлэгүүд нь 'No nit policy" гэдэг бодлого боловсруулаад ажилладаг юм байна. Гадныхан ийм л байнашд. Ер нь юунаасаа ичдэг юм бэ? Ичлээ гээд яаж байна? Манайхан бол ичиж тэнэгтсээр байгаад хүүхдүүдээ бөөстүүлээд тамлаад таарч байнашд.
Эцэг эхчүүдийн яриагаар бол энэ бөөс урдаас үсний боолтоор дамжиж орж ирж байгаа юм байх. Гэтэл миний уншсан мэдээллээр бөөс нь хүний цус сорж амьдардаг, хүний биенд л амьдрах чадвартай шимэгч гэнэ. Хүний цус сорохгүй 24 цаг болоход үхдэг гэнэ. Хэрвээ үсний боолтоор дамжиж орж ирж байгаа нь үнэн бол бүр генийн өөрчлөлтөнд орчихсон супер бөөс юм бишүү. Жирийн бөөс ч биш бүр бактериологийн зэвсэг болж таарах гээд байна.
Дэлхийн 2-р дайны үед гэдэсний хижиг өвчин тараадаг бөөсийг тарааж хүн амыг олноор нь үхүүлж байсан түүх бас байдаг юм билээ. Тэр бол санаатайгаар тараасан бактериологийн зэвсэг байсан л даа. Сүүлд хэдэн онд билээ бөөсийг устгах аргыг олсон эрдэмтэн Нобелийн шагнал хүртэж байсан түүх бас олж уншлаа. Хлораминд л устсан юм байна гэж ойлгосон. 
Бөөс нь бас хэдэн төрлийнх байнаа. Энэ гадуур тархаад, идэвхижээд байгаа толгойны бөөс бол ариун цэвэр муу сахиснаас биш юм байна. Элдэв төрлийн химийн бодисын буруу хэрэглээнээс үүдэлтэй гэнэ. 80-аад онд элбэг байгаад одоо үзэгдэхээ байсан хувцасны завсраар шигдээд хүний биеийг шимэгчилж амьдардаг бөөс чинь харин ариун цэвэртэй холбоотой юм гэнэ. Гэхдээ ер нь бол бөөс гэдэг чинь халдварт өвчин л юм билээ.
Миний л таамаглал шүү. Сүүлийн үед манайхан өвлийн улиралд утаанаас болгоомжилж байгаамуу яаж байгаан хүүхдүүдээ хэт их боож багладаг болчихоод байгаа. Сүүлийн 2 жил их дулаахан өвөл болсон. Тэгэхэд л хүүхдүүдээ хятадын синтефонон өмд, куртка өмсгөчихөөд л зөвхөн нүдийг нь гаргаад боогоод, баглаад, бараг хүлчихсэн л явж байдаг. Тэгээд машиндаа суулгаад... Ингэж их хөлөргөснөөс болоод хүүхдийн хөлсөнд бөөс үржээд байгаа байж магадгүй гэж би хардаад байгаа. 
Бөөснөөс ичихээсээ өмнө үр хүүхдээ бодоцгооё. Ичих бол асуудал биш. Үр хүүхдийн минь эрүүл мэнд л чухал байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Засгийн эрх

Блогтоо сууж бичмээр юм зөндөө л гарах юм. Гэвч боломж олдохоо байж... Зав гарахаар засгийн эрх гарт байхгүй, засгийн эрх гарт орсон үед зав байхгүй ккк. Засгийн эрх гэж утсаа хэлээд байгаа юмаа. Охин утас булаацалдаад надад олдох нь ховор болсон кк.
Охиноосоо утсаа харамлаж бас чадахгүй юмаа. Гэхдээ хэрэглээг нь хэтрүүлэхгүй байх санаатай л үзээд байна. Дуртай тоглоомоо татаж суулгаад, шууд л учрыг нь олоод тоглочих юм. Тэгээд уйдахаараа буцаагаад устгачихна. Одооны хүүхдүүдийн энэ техник, технологитой харьцаж байгаа ур чадвар үнэхээр өөр юмаа. Татсан тоглоомных нь учрыг би олоогүй сууж байтал шууд л бараг өөрөө зохиочихсон юм шиг ингэж тоглодын байна гээл тоглоно. Хэд хоноод л би дахиж энүүгээр тоглохгүй гээд л шууд анинстол хийчихнэ.
Ажлын цагаар ч уг нь засгийн эрх баталгаатай миний гарт л даа кк. Урьд нь ажлын завсар зайгаар амсхийх зуураа хааяа нэг амжуулдаг байсан. Одоо бүр тийм зав ч гарахаа байлаа. Уг нь энд бичээд суух ч бас нэг амралт болдог юм шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

103-ыг чөтгөр аваг!!!

Урд шөнө охин унтаж өгдөггүй. Амьсгаадаад нэг л тухгүй байгаа нь мэдрэгдээд... Духан дээр нь гараа тавиад үзэхээр гайгүй юм шиг байхаар нь тайвшраад хэсэг унтчихаж. Хажууд унтахгүй байгаа нь мэдэгдээд нэг сэрээд цаг харсан 3 цаг 33 мин... "Яагаад унтахгүй байгаан бэ?" гэхээр дуугарч өгдөггүй. Бие нь халуун ч юм шиг, биш ч юм шиг. Гайхаад халууны шилээр үзсэн чинь температур нь 36.2 гэнэ. Бас л тайвширлаа. Хэсэг хамт унтахгүй тэврээд хэвтсэн чинь ашгүй унтаад өгөхөөр нь нэг юм санаа амраад унтавшд.
Өглөө босож хоол хийчихээд охиноо сэрээсэн чинь хүзүүн дээр нь нээх сонин батга шиг юм гарчихаж. Хувцсыг нь сөхөөд үзсэн чинь гэдэс, нуруугаар нь бас баахан тууралт... Салхин цэцэг... 
Сая шинэ жилээр ангийнх нь хүүхдүүдийн бараг тал нь салхин цэцэгтсэн юм. Манай охин дархлаа сайтай, гайгүй байна гээд онгироод байсан чинь бас л ялгаагүй тусчихдаг байнашд. Вакцин хийлгэсэн юм чинь гайгүй байх гэж бодоод байсан чинь үгүй юм байнаа. 
Одоо яах ёстой юм бол гээд сандраад 103 руу утасдсан чинь хүүхэд гэдгийг сонсонгуутаа л өөр нэг утас руу дайверт хийчих юм. Нөгөө утас нь авахгүй. Дахиад л 103 руу залгана. Дахиад л "хэдэн настай хүн бэ?" гэж асуугаад л өөр утас руу дайверт... 5-6 залгаад сүүлдээ уур хүрээд хашгираад, загнаад... Наад холбож өгөөд байгаа утас чинь авахгүй байна, дугаарыг нь хэлж өг гэж баахан загнаж байж дугаарыг нь аваад нөгөө утас руу нь залгасан чинь нэг залуу авсанаа "заавал 103-аар дамжиж наашаа холбогд" гэж уур хүргэдэг юм даа. Манай 103 ер нь ямар үүрэг, зорилготой газар юм бүү мэд. Мэдээж сайхан ааштай, баярласан цэнгэсэн хүмүүс залгахгүй нь ойлгомжтой. Өвдөж зовсон, сандарч тэвдсэн хүмүүс л залгах нь ойлгомжтойшд. Тэр болгонд ийм уцаартай хариулт өгч, төвөгшөөж харьцдаг бол арай л дэндүү юм байна. Өглөө 7 цагт болохоор нойрмоглоод сууж байдаг юмуу хаашаа юм. Өнөө өглөө нээрээ аймаар уур хүргэлээ туучийнууд чинь...
Охиноо гэрт үлдээгээд ажил дээрээ ирж гүүглдэж, мэдээлэл аваад кк. Бас ангийнх нь саяхан салхин цэцэгтээд зүгээр болсон охины ээжээс зааварчилгаа аваад, халдвартын эмнэлэг рүү ярьж бас зөвөлгөө аваад, буцаж хариад охиндоо эм өгч, метилен түрхэж өгчихөөд ирлээ. 24-48 цагийн дотор загатнана гэж уншчихаад бас санаа зовоод... Загатнахаар нь маажиж болохгүй шүү гэж захиж байгаад ирлээ. Одоо гайгүй байхаа. 
Агаар дуслын замаар халдварладаг өвчин гэнэ. Салхинд хийсч ирээд наалддаг л өвчин юм байна л даа. Яалтчгүй бултах аргагүй өвчин аж. Салхиар халдварладаг болохоор салхинд гаргаж болохгүй гэдэг, тэрнээс биш салхинд гарахаар хүндэрдэг өвчин биш гэж халдвартын эмнэлгийн хүн хэлж байналээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хайр шаардах хорт зуршил

Унтах гээд л хэвтэж байна. Нойр хүрээд байгаа ч гэсэн ном уншмаар санагдаад... Бас сошл сайтуудаар тэнэж элдэв долоон юм уншмаар санагдаад... За ер нь л юу ч хамаагүй уншмаар санагдсан юм байна кк.
Хэд хоногийн өмнө нэг найз хэдэн ном өгсөн юм. Хүүхдийн голдуу ном харагдсан болохоор сонирхоогүй, номын тавиур дээр аваачаад өрчихсөн. Охин уншиж суртал тэндээ байж байг гэж бодоод...
Түрүүн ямар номнууд байгааг дахиж үзмээр санагдаад дахиад үзлээ. "Буддизм бидний амьдралын хэмнэлд..." гэсэн ном байхаар нь сонирхож жоохон харлаа. Нэг уншчихмаар ном байна шүү. Буддизм гэдгийг хайр энэрэлийн философи гэмээр ч юм шиг...
Тэндээс нэг зүйл олж уншсан. Хайр шаардах хорт зуршил... За би бээр ийм хорт зуршилд хэт автсан нэгэн байлаа, саяхныг болтол... За даа, бараг охинтой болтлоо хайрлахын тулд биш хайрлуулахын тулд л амьдарч ирсэн гэхэд хилсдэхгүйээ. Одоо ч гэсэн хэвээрээ л дээ. Хэн ч хайрлуулахыг хүснэ л дээ, мэдээж. Гэхдээ хүмүүс бусдыг эхлээд хайрлахаасаа илүү, бусдаар эхэлж хайрлуулахыг хүсдэг. Чи намайг хайрлавал би чамайг хайрлана гэдэг зарчим баримталдаг. Үнэхээр хорт зуршил гэж нэрлэхээс аргагүй юм байна.
Гээд л би ийм номыг 20-тойдоо олж уншихгүй яав даа гэж бас бодогдов кк. 
Одоо ч миний эргэн тойронд хайр шаардах хорт зуршилд нэрвэгдсэн этгээдүүд зөндөө байна. Хайрлуулахаасаа өмнө хайрлаж сурна гэдэг ч бас их тэвчээр шаардах байх шүү. Зарим нэгний хувьд бусдыг эхэлж хайрлана гэдэг нь бараг "доошоо орсон" хэрэг болох байх. 
За энэ ер нь их том сэдэв байна. Жоохон бурах гэснээ гэнэт айчихлаа кк. Унтах минь, яршиг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Аавын хайр

Уржигдар энэ видеог үзээд... Хэд дахин үзэвшд. Сэтгэл хөдөлгөсөн, хөөрхөн үйл явдал...

Олон жилийн өмнө оюутан байхад нэг найзын нөхөр нь 2 настай охиноо "Би охиноо том болоод дисконд явахаар нь араас нь сэмхээн дагаж яваад нэг буланд нь хар шил зүүгээд суучихна. Танигдахгүй... Охиноо хараад л, хамгаалаад л ганц пиво шимээд л суугаад байна. Залуучууд өдөөд байвал очиж зохицуулчихаад л..." гээд ярьдаг байж билээ. Одоо даанч байхгүй, бурхан болчихсон л доо. Байсан бол  бас тийм шаардлага гарахгүй байсан байхөө. Охин нь одоо оюутан, гэвч аавынхаа бодож байсан шиг диско хөөсөн охин болоогүй. Гэрээсээ гардаггүй, зурагтныхаа өмнөөс салдаггүй нэг сайхан гар байгаа кк.
Гэж бодохоор аавууд охиноо их харамладаг юм шиг байгаа юмаа. Бараг эхнэрээсээ илүү охиндоо хайртай байдаг юм шигээ. Ямар тэр мэдрэмжийг би өөрөө мэдэрч үзэх биш дээ кк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ишиг хөөрхөн

Охинтойгоо өнгөрсөн амралтын өдрөөр "Ишиг хөөрхөн нэр" дуулалт, бүжгэн жүжиг үзээд... Энэ удаад зээ дүү эрх цэнхэр ишигний дүрд тоголсон юм.

 
Манай охин ёстой амьсгаа түгжин үзсэн. Аль дээр үед БНМАУ-н үед намайг бага байх үеийн л уран бүтээл. Одоо ч хүүхдүүдийн сонирхлыг татсан мундаг уран бүтээл юмаа. Хажууд үзэж суугаа хүүхдүүд чин сэтгэлээсээ итгэж үзэж байгаа нь хичнээн хөөрхөн санагдаваа.
Би энэ дуулалт бүжгэн жүжгийг зөндөө л үзсэн. Охинтойгоо лав 2-3 удаа үзсээн. Тэгсэн мөртлөө л уйдамгүй. Дуулж байгаа дуу, аялгуу, бүжгийн хөдөлгөөн нь сэтгэл татам хөөрхөн. Ишиг, хурга, тугал, унага, ботго, барын бамбар шиг хувцасласан бүжигчидээр төсөөлөөд хүүхдүүд ямар ч байсан төл малын тухай мэдлэгтэй болж байна. 
90-д оны дундуур төрсөн нэг зээ дүү маань таван хошуу малын төлийг нэрлэж чаддаггүй гээд бод доо. Хөдөө өсөөгүй, дээр нь тэднийг өсөх үед манай нийгэм зах зээлд шилжих гээд хөдөөгөө мартсан, хүүхдүүддээ энэ талын ойлголтыг өгөх ухаангүй самарч байсан болохоор тэр биз гэж боддог юм. 
Одоо охиноо тийм дүфф болгочихгүй юмсан гэж бодоод байна. Монгол хүн байна даа энэ чинь, таван хошуу малаа ядаж нэрлэж мэдэх хэрэгтэй шүү дээ. "Эрх цагаан унага", "Ишиг хөөрхөн нэр" дуулалт бүжгэн жүжгүүдийг үзсэний ачаар манай охин ямар ч байсан ишиг, хурга, тугал, унага, ботготойгоо болчихоод байгаа. Гэхдээ амьдаар нь харахаар бас онож нэрлэж мэдэхгүй байгаа юмаа. Ямар ч байсан хүүхэлдэйгээр ч гэсэн төсөөлөөд ойлголттой болж байг эхний ээлжинд. Нэрийг нь мэдэж байна гэдэг чинь учиртай.
Охин үзэж гарч ирчихээд "ээжээ миний нулимс гоожих гээд байсан" гэж авсан, нээх хөөрхөн. Ишиг ойд төөрчихөөд, айгаад ээжийгээ дуудаад уйлахад нь өрөвдсөн юм шиг байгаа юм. Утгыг нь ойлгоод, сэтгэл нь хөдлөөд уярч байна гэдэг чинь ямар ч байсан урлаг, гоо зүйн бага ч гэсэн мэдрэмжтэй л болох юм шиг байна кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Концерт, музей

Өнгөрсөн пүрэв, баасан гаригт Улсын филармонийн концерт үзээд... Үнэн тасархай гоё концерт үзлээ. Манайд шинээр ажилд орсон залуу намайг Үндэсний их найрлын концерт үзэх юмсан гэж ярьсныг сонсчихоод, тийм гоё юм байдаг юмуу гээд л сонирхоод байсын. Гадуур явж байхдаа филармонийн зарыг олоод харчихаж. Тэгээд тийм концерт тоглох юм байна гэж ярихаар нь манай өрөөнийхөн бүгдээрээ үзье гээд бид хамтдаа үзэв. 
Өвөл цагийн тоглолтынх нь нээлтийн ажиллагаа юм байна. Гэхдээ бас ард түмнийхээ хөгжмийн боловсролд зориулсан, иргэдийг хөгжимд дурлуулах сонирхолтой ч гэлүү зорилготой юм байна. Тэгээд 2 өдрийн тоглолт нийлээд 20000 төгрөг. Аягүй гоё хямдхан. Концерт үнэхээр таалагдсан. Манай хэд бас гоё концерт үзлээ гээд их сэтгэл хангалуун байлаа. Шинэков залуу бас ийм гоё юм үзэж сэтгэлээ сэргээж баймаар юм байна гээд их дуртай байналээ кк. 
Өнгөрсөн 7 хоногт бас өрөөний хэдээ уруу татаж, цайны цагаараа Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей узсэн. Гоё юм байналээшдээ бас. Цайны цагаар амжих байх гэж бодсон чинь арай амжаагүй. Ажлынхаа хэдэн минутнаас хумсалцөөн кк. Сонирхолтой юм байналээ. 
Занабазарын бүтээлүүд бол биширмээр... Тэр бурхан зурах гэдэг чинь тэр чигтээ шугам зураг юм билээ. Хажууд нэг өвөө бишрээд л, үглээд л үзээд яваад байсан кк. Бас нэг охин бүтээл болгоных нь өмнө мөргөөд л, залбираад яваад байсан. Тийм сүсэг бишрэлтэй юмуу, эсвэл тэр хүний авьяас чадварыг бишрээд байгаа юмуу бүү мэд кк.
Хаа байсан 16-р зуунд монгол хүн тийм бүтээлүүд хийж байсан гэхээр... Бас л агуу.. Мундаг технологи байсан юм бишүү? Монгол хүнийг форматлаад, үхэр монгол болгоцон ч юм шиг ккк. Сонин санагдсаншдээ.
Шаравын "Монголын нэг өдөр" зурган дээр бид хэд жоохон саатсан. Аль хэзээний л монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ арай дорой юм бишүү ккк. Тэр зургийг урьд нь харж л байсан, гэхдээ энэ удаа нэлээн нухацтай сонирхож үзлээ. Эмэгтэйчүүд нь л хүүхдээ үүрчихсэн, дүүрчихсэн, тэвэрчихсэн ар гэрийн ажлаа хийж байгаа дүр зураг байдаг юм байнашд. Эрчүүд бол уусан, цэнгэсэн, зугаацсан. Ажил хийж байгаа эр хүн бол хажуудаа хүүхэдгүй. Эсгий хийж байхдаа ч эмэгтэй нь хүүхдээ чирээстэй кк. Эрэгтэй нь эмэгтэйгээ зодож байгаа дүр зураг бас харагдсаан. Бид хэд тэр зургийг үзээд монгол эрчүүд хэзээний ийм үл бүтэх юм байна гэж дүгнэсэншдээ хаха. Тэр үед тиймэрхүү дүр зураг нийтлэг байсан болоод л зураачийн уран бүтээлд үлдсэн байлгүй дээ.
Нэг иймэрхүү. Концерттой, музейтэй долоо хоногийг өнгөрөөлөө. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Инээмсэглэл

Инээмсэглэл бол мөнгөөр хэмжигдэх аргагүй бусдад өгөх бэлэг гэдэг. Авч байгаа хүнийг баярлуулж, өгч байгаа хүнийг үгүйрүүлж хоосруулдаггүй зүйл гэдэг. Иймэрхүү зүйл зөндөө л уншиж явлаа. 
Уржигдар орой ажил тараад охиноо хөтлөөд явж байтал өөдөөс орон гэргүй хүн бололтой навсайсан нооройсон хувцастай, бидний ярьж заншсанаар "өвгөнтийн хөндийн", 50 орчим насны эрэгтэй хүн ирж явав. Хажуугаар зөрөх ойртоход нь би сэжиглээд, холхон тойроод өнгөрөх санаатай охиноо татасхийгээд, тойроод явах гэтэл тэр хүн дөхөж ирэнгүүтээ, охиныг хараад "эээ өөлгий" гэж дуу алдсанаа, огцом хойшоо ухраад охинд өөрөө зам тавиад өгөв. Би гайхаад тэр хүн рүү хартал охин руу хараад инээмсэглэж байгаа харц нь... Согтуу хүн биш байсан. Гэхдээ хүүхдэд их хайртай хүн бололтой. Миний охины үеийн ач, зээтэй хүн байх эсвэл өөрийнх нь үр хүүхдийн жаргалтай бага нас тэр үед санаанд нь буусан байх. Харж байгаа харц нь, инээмсэглэл нь хуурамч биш байсан. 
Зөрөөд өнгөрсөн хойно тэр харц, тэр инээмсэглэл бодогдоод би өөрөөсөө ичлээшд. Миний бодож байгаа, тэр хүний байгаа байдал хол зөрүүтэй байсанд... Би тэр агшинд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гээч нь болж хувирсаан кк. Хүнийг гаднах байдлаар нь дүгнэж болдоггүй гэдэг л дээ. Гэхдээ би бол гаднах байдлаар хүнийг дүгнэдэг өөдгүй нэгэн гэдгээ 100% хүлээн зөвшөөрнө. 
Магадгүй тэр хүн нийгмийн өөрчлөлт, давалгаанд тэсэж үлдэж чадаагүй БНМАУ-н үеийн сэхээтэн хүн байсан байж магад. Уржигдраас хойш үе үе бодогдоод... Бодогдох бүр нь би өөрөөсөө ичих гэж... Сая бас өрөөнийхөндөө яриад л сууж байна.
Яг ийм тохиолдол ноднин бас охин бид 2-т тохиолдсон ч юм шиг санагдаад байна. Инээмсэглэл... Сайхан сэтгэл шингэсэн, хайр шингэсэн бүхэн цаанаа л нэг өөр, физикийн хэлээр бол дулаан энерги дамжуулдаг гэх юмуу...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Кино

Ойрд UBS-ээр гараад байгаа Сараана цэцэгтэй байшин (Дом с лилиями) кино үзээд байгаа. Гоё сонирхолтой кино. Орос кинонууд үнэндээ л гоё байдгиймаа. Үйл явдал нь сонирхолтой, өрнөл нь хурдан. 
Кино гэснээс... Тухайн улс үндэстний хүмүүсийн нийтлэг зан киноноос нь ер нь харагддаг шүү. Орос киноноос бол орос хүний шулуухан, за гэвэл ёогүй түс тас зан, сайхан сэтгэл, зэрлэг авир бүгд л харагддаг. Кино найруулга нь хүртэл амттай. Үзэгчдийг залхаахгүй, сонирхлыг улам төрүүлэх, хурдан өрнөлтэй. Үзээд л баймаар, уйдаахгүй гоё шүү.
Солонгос кино бол бүтэхгүйээ, бүтэхгүй. Жинхэнэ залхаагч. Киноны үйл явдал мангар удаан. Би чамд хайртай гэж хэлэхийн тулд 50 анги гаргачихаасаа сийхгүй кк. Үнэн бүтэхгүй. Киноноос нь харахад бол солонгос хүний нийтлэг зан бол аймаар атаач, хорчин, өс хонзон санагч... Ер нь л аймаар хүмүүс юм шиг санагддаг юмаа. Гэхдээ бүх хүмүүс нь тийм аймшгийн биш байх л даа. Уулын мод урттай, богинотой гэгчээр янз бүр л байгаа. Ерөнхийдөө хүмүүсийнх нь нийтлэг зан тийм учраас тийм өндөр хөгжилд хүрсэн байхөө. Бусдын доор орохгүй гэсэн атаач, шуналтай зангийн эерэг тал нь энэ байх магадлалтай л юм.
За, за цайны цаг дуусав. Мартчихгүй бол дараа үргэлжлүүлье кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүлээлт

Өнөөдөр нэг найзын маань төрсөн өдөр. Уг нь ажил тараад тэднийд очих ёстой байсан юмаа. Гэхдээ охин орой "нойр хүрээд байна, хэвтмээр байна" гээд байхаар нь ядраад байгаа юм байх гэж бодоод гэртээ хүрээд ирсэн чинь найзушка залгаад хүрээд ир гээд байдаг. Би очиж чадахгүй нь гэхээр яагаад гэж гайхаад... Яагаад гэдгийг би өөрөө ч хариулж чадахгүй мөртлөө ямар ч байсан гэрээсээ буцаж гарах хэрэггүй л гэж бодогдоод болохгүй байсан. Нэг тийм мэдрэмж төрөөд байсан болохоор найздаа яагаад очиж чадахгүй болсноо хэлж чадахгүй дүлэгнээд гомдоочихлоо. Яагаад гэдгээ би өөрөө ч мэдэхгүй, ойлгохгүй байсан юм чинь...
Орой охиноо дагуулаад айл хэсээгүй нь ч болж. Гэртээ орж ирээд удаагүй ядраад унтаад өгсөн. Би зурагт үзэж сууж байгаад унтлагын өрөө рүү орсон чинь охин нэг л зовиуртай унтаад байх шиг... Аягүй өндөр халуурчихсан хэвтэж байна. Түргэн дуудчихаад, халууны эм өгөөд... Түргэн хэзээ ирэхийг хүлээгээд л хэвтэж байна, одоо. Дуудсанаас хойш нэлээн удлаа. Их дуудлагатай байгаа гээд байсан. Гадуур утааны улирал эхлээд ханиад их байгаа бололтой. Охин бодвол цэцэрлэгээсээ л ханиадны халдвар авсан байх. Халуурч байхыг бодоход хоолой нь өвдсөн ч юм болуу? Надаа хоолойгоо үзүүлэхгүй юмаа, эмчээр л үзүүлэхгүй бол би одоо юу ч мэдэх юм алга. 
Маргааш эдгэх байгаа. Хурдан л эдгээхийг бодно доо. Охин эрүүл бол тэгээд л би жаргалтай. Хөөрхөн хөөрхөн юм яриад, намайг баясгаад, хөгжөөгөөд амьдралыг минь хөглөөд, хөгжимдөөд, уянгалуулаад, эгшиглүүлээд хөөрхөн шүү дээ, миний охин чинь кк.
Халуун нь овоо буучихаж... Одоо овоо тайван унтаж байна. Гэхдээ түргэн хурдан ирээсэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ажлынхаа завсраар орж ирлээ

Блогспотыг таг мартаж орхиж... Ээлжийн амралтаа аваад л мартсан. Амралтнаас орж ирээд ажилдаа дарагдаад юун блог, юун твиттер... Харин боломж гарвал фэйсбүүк рүү үсэрч орчихоод л ккк. 
Сая ажлынхаа завсраар гэнэт санаад шагайж байгаа нь энэ. Утсаа охиндоо дээрэмдүүлэх нь улам бүр ихсээд байгаа болохоор миний ийшээ шагайх, хааяа энд саатах ч өнгөрөх гээд л байх шиг байна. Охин юүтүүб үзэх гэж утас булаацалдаад лай болдог болсон. Би утсаа харамлаад бөөн хэрүүл... Утсандаа дуртайдаа биш охиндоо илүү хайртайдаа л харамлаж байгаа гэдгийг ойлгохгүй юм даа даанч. Утас удаан харж болохгүй, нүд чинь муудна, утас үзэж дуусаад алсын бараа ширт нтр гэж хэрэлдэнэшдээ бид 2 ккк. 
Хааяа утас миний гарт орж ирвэл охиндоо зориулж багадаа дуртай байсан дуу клип утсандаа татаж өгнө. Нөгөөх нь нөгөө дуунуудыг нь сонирхоод, дурлаад байхаар улам хөөрөөд нэмж клип татаж авах гээд л... Гээд л би өөрөө л охиноо уруу татаад байгаа байхгүй юу, ёстой тэнэгээ хаха. 
Охиныхоо дуртай дуунуудын нэгийг оруулчихъя энд.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сошл ертөнцөд

Блогспот, твиттер, фэйсбүүк байхгүй байсан бол юугаа хийж, хуйхаа маажих байсан бол... гэж заримдаа бодогдох юмаа кк. Одоо бодвол ном унших юмуу зурагт үзэх л байсан байх даа. 
Миний хамгийн байх дуртай газар твиттер. Таних танихгүй хамаагүй янз бүрийн хүмүүстэй чалчиж байхад зугаатай байдаг юм. Хүмүүс шуурхай мэдээлэл авах боломжтой л газар гээд байдаг. Надад бол мэдээлэл гэхээсээ илүү хүмүүстэй ярилцаж, санал бодлоо солилцож, маазарч байх нь илүү сонирхолтой байдагаа. Гэртээ ганцаараа байсан ч ганцаараа байгаа мэдрэхгүй, цаг хугацаа, орон зайны ялгааг огт мэдрүүлдэггүй олон нийтийн газар.
Фэйсбүүкт анх америкт байгаа найз орж ирж зураг үз гэж хэлээд оруулж байсан юм. Нэг мэдсэн баахан найз нөхөд, хамт суралцаж, ажиллаж байсан танилууд гэх мэтчилэн нөхдүүд найзаар нэмэгдэж орж ирээд... Бас дээр нь янз бүрийн хаанахын мэдэгдэхгүй баагийнууд мессеж бичээд, уур хүргээд ккк. Шал сонирхолгүй санагдаад... Харин саяхнаас жоохон дуртай болоод байгаа. Гоё гоё пэйж хуудсуудыг олж лайк дарах хэрэгтэй юм байналээ. Тэгвэл сонирхолтой, шинэ мэдээллүүдийг ёстой жинхэнээсээ шуурхай хүлээж авах газар байналэ.
Блогспотод би жоохон идэвхигүй байдаг. Хааяа, зөвхөн өөртэйгөө яримаар санагдсан үедээ энд орж ирэхээр таатай байдаг юм. Ганцаараа яримаар, өөрт төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж үлдээмээр санагдсан үедээ би ийшээ орж ирдэг. Миний энэ блогийг цөөхөн найзууд мэднэ. Би бүгдэд нь хэлээгүй. Нээх олон хүнд хэлэхийг ч хүсдэггүй юмөө. Би нууцалдаг болохоор миний энэ "нууцхан ертөнцөөр" танихгүй хүмүүс л гүүгэлдэж орж ирж уншаад байх шиг байдаг юм. Мэддэг цөөхөн хэдэн найзууд хааяа яагаад бичихээ больчихов гэж асууж л байдаг юм. Би энд бичсэн зүйлээ эргээд бараг уншдаггүй. Ганц хоёр удаа ганц хоёр бичлэгээ дахиж уншсаан, уншсан. Гэхдээ ойрын хэдэн жилдээ уншихгүйгээр шийдсэн. 5-10 жилийн дараа таг мартсан үедээ дахиж уншвал гоё юм байна гэж ганц хоёр бичлэгээ дахиж уншиж байхдаа ойлгосон кк. 
Сая статистикаа харж байгаад, энэ блог оршин тогтносон бүхий л хугацааны туршид (нээх удаан оршин тогтносон ч юм шиг ккк) "Хайтан цэцэг" гэдэг бичлэгийг хамгийн их уншсан байх юм. Дараа нь "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг бичлэг... Хайтан цэцэг гэж юуны тухай бичсэнээ санадаггүйээ ккк. Гэхдээ дахиж уншихгүй гэсэндээ бантаад уншихгүй л байна. Дараагийн бичлэгт бол юуны тухай бичсэнээ нэг юм гадарлаад байнаа. Их эрт бичсэн зүйлээ дахин копидож оруулсан болохоороо санаад байх шиг байгаа юм кк.
Нээрээ юуны тухай бичсэн болоод тэгж олон уншсан юм бол? За за уншихгүй ээ, уншихгүй гарлаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөөрхөн бүсгүй гоё дуу дуулахаар гоё байгаа биз...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS