Би фэйсбүүк рүү бараг ордоггүй. Яагаад ч юм тийшээ орох нэг л дуртай биш. Хааяа нэг орж хол байгаа найзуудынхаа хуудсаар шагайчихаад л гараад явчихдаг юм. Сая өнгөрсөн амралтын өдрөөр нэг шагайгаад Австралид байгаа найз бүсгүйнхээ хэдэн зургийг үзчихсэн чинь...
Хармын сэтгэл төрөөд байнаа. Тэр найзыгаа харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байна. Уг нь би найздаа аз жаргал хүсэх ёстой. Угаасаа манай хүн их өөдрөг үзэлтэй, дайчин бүсгүй. Найзууддаа үргэлж эрч хүч өгдөг, нэг тийм бусдыг дандаа өөдрөг зүйл рүү өдөөж чирж байдаг тийм л зантай бүсгүй. Юунд ч бууж өгөх дургүй.
Монгол бүсгүйчүүдийн цусанд нэг тийм дайчин, өршөөлгүй зан байгаад байх шиг байдаг юм. Тэгээд хараад байхад тиймэрхүү характертай бүсгүйчүүд дандаа ганц бие, өрх толгойлсон байх нь их ч юм шиг ажиглагддаг. Лавтайяа миний ойр хавьд дандаа тийм жишээнүүд байна.
Найз маань Австрали яваад 6-7 жил болчихлоо. Гэхдээ орчин үеийн технологийн дэвшлийн буянаар дэргэд байгаа юм шиг л байх юм даа.
Оюутан цагаасаа л эхлээд найзууд болсон. Тухайн үед найзууд дундаа ганцаараа нөхөртэй нь байсан юм. Дунд сургуулийнхаа ангийн залуутай үерхэж байгаад дээд сургуульд ороод гэр бүл болчихсон байсан л даа. Нөхөр нь бас өөртэй нь адилхан царайлаг залуу байсан. Бодибилдингээр хичээллэнэ, Монголын мистер тэмцээнд орно. Тэр хэрээрээ охидын анхааралд их өртөнө. Олон охидууд араас нь гүйгээд байхаар эрэгтэй хүн зүгээр байдаггүй юм шиг байгаа юм. Манай хүн тэр занг нь тэвчээгүй, тэр үеийг давж гарч тэсээгүй. Нөхрөө хаясан. Хар нялхаасаа үерхсэн 2 бас тийм амархан ч салаагүй юмаа. Нөхөр нь ч салахгүй гэж их араас нь гүйсэн. Нөхөртөө гомдоод л тэмдэглэлийн дэвтэр дээр хамаг гомдлоо асгаж бичээд л уйлаад суудаг байлаа. Одоо эргээд бодохоор бид нар ч гэсэн тэнэг байжээ. Тэр салалтыг тухайн үед өөгшүүлэн дэмжиж, нөхрийг нь буруутгаж байсан юм. Тэгж байтал нөхөр нь өөр бүсгүйтэй нэг гэрт орсон. Салсан. Дахиад гэрлэсэн сураг байсан. Дахиад л салсан сураг гарсан. Гэхдээ манай хүнд хайртай хэвээр, тэр битгий хэл ээж аав нь хүртэл хүүтэйгээ эргүүлж нийлүүлэх гэж нилээн гүйж билээ.
Дараа нь аав, ээж нь өнгөрөөд хэдэн өнчин дүү нараа бүгдийг нь сургууль соёлыг нь төгсгөж амьдралын захад хүргэсэн. Тэр үедээ ч гуниж гутардаггүй, болноо болгоноо гээд л зүтгэдэг байлаа. Тэгж явахдаа манай хүн өөрөөсөө нилээн хэд ах залуутай нийлээд нэг хөөрхөн охинтой болсон юм. Харамсалтай нь тэр хүн хань болж чадаагүй. Бас л хөөрхөн зовоосон доо. Тэр хүнтэйгээ асуудалтай байхад нь хүртэл өмнөх нөхрийнх нь аав ээж нь манай хүнийг өөрийнхөө охин шиг хайрладаг, хааяа бид хэдийг гадуур гарах үед охиныг нь харж өгдөг байж билээ. Бид хэд тэгэхэд нь тэнэг юм шиг шоолоод л сууж байдаг байж... Тэнэг байжээ тэнэг байж.
Охиныхоо аавыг бас тэвчиж чадаагүй, орхисон. Нэг л өдөр 3-хан настай охиноо дүүдээ үлдээгээд Австрали явчихсан юм. Тэгж байгаад бас их огцом шийдвэр гаргачихнаа. Үнэндээ бид хэд явуулмааргүй л байсан. Бидний хүслээр болдог байсан бол... Нэг тийм хажуунаасаа салгамааргүй хүн байдагшд.
Охин нь ээжийгээ санаад хэцүүдсэн л дээ. Манайд нэг хэсэг амьдарсан юм. Охин бид 2-той хамт байхдаа ээжийгээ санах нь хэсэг арай гайгүй болсон байхаа. Би бүр охиныг нь өрөвдөөд найзыгаа загнаад... Тэгэхэд надад "Би зорилгоо биелүүлэхийн тулд хэсэг хугацааг золиослохоос өөр арга алга. Тодорхой хэмжээний золиос байж л дараа нь жарганашд. Зовсны эцэст жаргадаг гэдэг биз дээ" гэж хэлж байсан юм. Бурхан зорилгодоо тууштай хүнийг ивээдэг болохоор азаар охиных нь виза бүтэж сургуульд орохоосоо өмнө ээж дээрээ очиж амжсан л даа.
Одоо би хааяа фэйсбүүк орж тэр 2-н жаргалтай зурагнуудыг хардаг юм. Харин уржигдар... Манай хүн нэг шар толгойтой юмтай баахан зугаалж яваа зурагнууд оруулчихаж... Ёооох, тэгээд л найзыгаа шар толгойтод алдаж байгаа юм байна гээд бодчихсон чинь харамлаад байнашд. Тэр хүн тэгээд Монголдоо бүр эргэж ирэхээ больчихвол... Тийм дайчин монгол бүсгүйчүүд нь л гадагшаа гарч сая, живаа, дүнчүүр хүмүүсийн дунд орж уусаж алга болоод, энд мань мэтийн юмнууд нь үлдээд байхаар... Гэж бодохоос л би харамсаад байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment