Би жоохон байхдаа Ёолк гэдэг баярт учиргүй дуртай байж билээ. Шинэ жил гэж ярьдаггүй, мэддэггүй байлаа. Тэр үед одооных шиг төрөл бүрийн амттан элбэг биш байсан. Өвөл болохоор л яавлаг, мандарин худалдаанд гардаг. Одоо цаг шиг жилийн 4 улиралд яавлаг, мандарин нь гардаг байсан бол тэгж эрхэм санагдахгүй байх байсан байлгүй дээ. Өвөл болохоор, тэр тусмаа шинэ жил дөхөөд ирэхээр энэ 2 жимс Монголд ирдэг байсан болохоор яахын аргагүй Ёолк болох дөхөж байгаа талаар сануулж, баярын уур амьсгал оруулдаг байсан юм.
Мэдээж анхны бүхэн илүү гоё санагдаж, илүү амттай дурсамж үлдээдэг болохоор би цэцэрлэгт байх үеийнхээ Ёолкын талаар бичмээр санагдаж байна.
Би цэцэрлэгт, эгч бас цэцэрлэгийн ахлах ангид, 2 ах маань сургуульд явдаг байлаа. Нэг орой аав маань ажлаасаа ирэхдээ мандарин авчирлаа. Мандарин хараад л би удахгүй Ёолк болох нь гэдгийг мэдсэн. Тэгэхэд би ямар календарь мэддэг байсан биш. Тэр битгий хэл 10 хуруун дотроо л тоолж чаддаг байсан юм чинь.
- Ааваа, ёолк одоо хэд хоноод болох вэ? (10 хуруугаа сарвайлгаад ааваасаа асууна)
- Ийм хоноод болно. (аав 3 удаа 10 хуруугаа сарвайлгаад, би тогтоохын тулд тэрнийг нь хэд дахин давтаж үзлээ)
Тэгээд л тэр өдрөөс хойш өглөө босоод л нэг хуруугаа хасаад л тоолдог байлаа. Аавын авчирсан мандаринийг бид хэд идээд, дараа нь хальсаар нь байлдаж байсан тэр мөч одоо ч мартагддаггүй. Дэггүй ах маань л болох бүтэхгүй болгоныг санаачилж байдаг болохоороо мандаринаа идэж дуусаад л хальсийг нь шахаад л шүүсийг нь шууд нүд рүү цацчихлаа. Тэгээд л би орилоод л, ах инээгээд л... Нэг мэдсэн бид хэд бие биенийхээ нүд рүү мандарины шүүс цацаад л тоглочихсон. Гэртээ пижигнэлдээд л, дайсны тал, манай тал болоод хуваагдчихсан үзэж тарж байсан юм. Тэгж тэгж би хамгийн бага нь байсан болохоороо баахан “гэмт халдлагад” өртөж, хүч тэнцвэргүй тулаанд ялагдаад ирэхээрээ шаралхаад хамаг тэнхээгээрээ орилоод л уйлсан юм. Тэгтэл 2 ах маань “75-аар бууж өглөө” гээд л гараа өргөөд, өвдөглөөд суугаад өгсөн. Тэгж байж нэг юм мандарины хальсны дайн дуусч байж билээ. Нөгөө хэд “75-аар бууж өгсөн” болохоор одоо ялагч нь би юм байлгүй. Яагаад ч 75-аар бууж өгнө гэж ярьдаг байсан юм бүү мэд. Бодвол тэр 2-ын үеийнхний үздэг байсан байлдаантай кинон дээр нь л тэгж гардаг байсан юм байлгүй.
12 сар гарангуут ах нар сургуулийн багт наадамд бэлдээд, эгч цэцэрлэгийн цасан охин болох гээд бөөн бэлтгэл ажил ундарна. Манай эгч цэцэрлэгт байхаасаа эхлээд л дунд сургуулиа төгсөн төгсөтлөө бүхий л урлаг спортын арга хэмжээнд орж явдаг элдэвтэй хүүхэд байсан юм. 3-р ангид ортлоо жил бүр цасан охин болдог байсан юм. Тэгээд л эгчийн цасан охины платьег бэлдээд, цагаан платье дээр нь баахан пласчок билүү нэг жижигхэн гялгар зүйлийг нэг бүрчлэн оёдог байлаа. Аав ээж 2-лаа ээлжлээд л оёдог. Их л ярвигтай ажил байсан байхаа тэр лав. Бас платье нь заавал карматай, тэнд нь цаас жижиглэж хайчлаад цасан ширхэг хийдэг байлаа. Цасан охин нь бүжиглэхдээ тэр цасан ширхэгээ цацаж цас оруулах зориулалттай. Би тэр цасан ширхэг хайчлахад нь их дуртай байлаа. Хамгийн амархан ажил нь юм чинь. Би хайчлая, би хайчлая гээд л гэрийнхэнтэйгээ булаацалдчихдаг байсан.
Ах нар багт наадамд бэлдэж байна гээд нээх сонин марлиар нэг нөмрөг хийнээ. Тэгээд тэрнийгээ ёолкны чимэглэлийн будагтай цаасыг усанд норгож байгаад өнгө оруулаад, хөвөнгөөр хүрээ хийгээд баахан саагаар чимэглэж өгнө дөө. Бас картонон цаасаар малгай хийгээд хөвөн эсвэл саагаар хүрээлээд дээр нь баахан зураг зураад саагаар чимэглэдэг байлаа. Ёолкны бэлтгэл гээд л хэдэн өдөр бужигнаж бужигнаж хүсэн хүлээсэн баяр маань болно.
Цэцэрлэгийн ёолкон дээр манаач өвөө өвлийн өвгөн болно. Тэрнийг нь би танихгүй жинхэнэ өвөө гэж бодоод л өвлийн өвгөнөөс бэлэг авсан гээд л бөөн баяр хөөр болно. Аав, ээж 2 ч гэсэн надад жинхэнэ өвлийн өвгөн гэж итгүүлнэ. Тэгсэн мөртлөө яагаад жинхэнэ цасан охин нь ирэхгүй, манай эгч бүжиглээд байгаа юм бэ гээд гайхдаг байлаа. Тэгэхээр цасан охин ханиад хүрээд, халуураад гэртээ үлдсэн, тэгээд эгчийг нь бүжиглээд өг гээд гуйсан юм гээд аав намайг хуураад итгүүлчихнэ. Би цасан охиныг гэртээ халуураад хэвтэж байгаа гэхээр нь өрөвдөөд, аавыгаа тэдний гэр лүү хамт очиж цасан охинтой уулзъя гээд л гуйдаг байлаа. Аав тэгэхээр болохгүй ээ, чамд ханиад халдаачихна гээд өвлийн өвөө нь уурладаг юм гээд л бас намайг хөөрхөөн хуурчихна. Би итгээд л нөгөөтөхөд нь...
Нэг иймэрхүү үйл явдлууд хэд хоног өрнөсний эцэст жинхэнэ баярын өдөр нь боллоо. Ёолкоо засчихсан. Тэр үеийн оросын ёолкны тоглоом бас их гоё оо. Аймаар том тэгээд дээрээ фосфортой. Тэр нь харанхуйд гэрэлтээд их гоё харагдана. Бас баахан саа, өнгийн цаас унжуулаад л гэрээ чимэглэнэ. Цонхон дээрээ зураг зурна. Шаар үлээж байгаад л үсэндээ үрээд цахилгаанжуулж байгаад дээшээ шидчихээр таазанд наалдаад тогтчихно. Ах нар маань шаараа үлээсээр байгаад хагалаад эгч бид 2-ыг цочоож сахилгагүйтнэ.
31-ний үдээс хойш байсан санагдана. Аав, ээж 2 хамт гал тогоонд хоол ундаа бэлдээд л... Би том өрөөндөө хар цагаан “Рекорд” зурагтаараа “12 сар” гэдэг оросын үлгэрийн киног үзээд сууж байснаа санаж байна. Бэлгээ өвөр дээрээ тавьчихсан, идээд л... Одоо болтол би тэр киног үзэх дуртай. Үзэх тоолондоо яг тэр мөчийг эргэж дурсдаг, яг л тэр үеийг мэдрэх шиг болдог. Ёстой гоё кино. Тэгээд л үргэлжлүүлээд л оройжин зурагтаар баярын нэвтрүүлгүүд үзээд л... Бүүр орой нь өвлийн өвөө цасан охинтойгоо ирж байхыг зурагтаар хараад бөөн хөөр болж байж билээ. Ёстой жинхэнэ өвлийн өвөө, цасан охин хоёр...
- Ааваа, өвлийн өвөөгийн нэрийг хэн гэдгийн?
- Гомбосүрэн гуай...
- Гомбосүрэн гуай өвөө манай гэрт цасан охиноо дагуулаад ирэхгүй юм байх даа...
- Гомбосүрэн гуай, эсвэл Гомбосүрэн өвөө гэж хэлээч дээ чи одоо. Эсвэл зүгээр л өвлийн өвөө гээч... гээд ах хажуунаас шоолно.
- Гомбосүрэн гуай өвөө нь үгэнд сайн ордог сайн хүүхдүүдийн гэрт нь ирж бэлэг өгдгийн... гэж аавыг хэлэхэд нь би:
- Би таны үгэнд сайн ороод, сайн хүүхэд байя. Та өвлийн өвөөд хэлчихээрэй за юу гээд л их л хичээнгүйлэн гуйж байж билээ.
Тэр үед би тэр өвлийн өвгөн, цасан охин 2-ыг жинхэнээсээ цас мөсний орноос ирдэг гээд итгэчихсэн байсан юм шүү. Манай гэрийнхэн ч гэсэн надад жинхэнэ гэж итгүүлдэг байлаа. Дараа нь том ах маань оросын шинэ жил болохыг хүлээнэ гээд зурагтаа үзээд суухад нь би бас унтахгүй хамт үзээд суучихлаа. Москвагийн 00 цаг нь манай үүрийн 5 цагт таардаг болохоор би тэр болтол оросын өвлийн өвөөг хүлээгээд суусан юм. Тэгтэл 3 цагаан морь хөлөглөсөн Дед мороз, Снегурочка 2-ыг гарч ирэхийг хараад би ямар их баярласан гээч... Декабрь, Январь, Февраль 3-ыг бэлгэдсэн 3 цагаан морь нь сүрлэг, бас их дэгжин. Дунд талынх нь морь нь чигээрээ хараад, нөгөө 2 нь баруун, зүүн тийшээгээ хараад давхидаг, их сонин. Өвлийн өвөө, цасан охин 2-ын сууж яваа чарга нь бас их гоё. Жинхэнэ мартахын аргагүй дурсамж.
Өглөө босоод ирэхэд аав ёолкон доор ууттай бэлэг тавьчихсан байлаа. Өвлийн өвөө нь авчирч өгсөн гэнээ.
- Аааан... тэгээд надтай уулзуулахгүй яасан юм бэ?
- Чамайг хүлээж хүлээж байгаад сэрэхгүй унтаад байхаар чинь яваад өгсөөн..
- Аааан... намайг дуудахгүй яасын... Цасан охин ирсэн үү?
- Ирсээн. Тэгээд чиний сэрэхийг хүлээвэл тэр 2 хайлчих гээд байсан юмаа. Тэгээд л яараад яваад өгсөн......
гээд л аав маань намайгаа хөөрхөөн молигодочихож билээ. Би тэрэнд нь итгээд бөөн юм болж байсан юм.
Тэр цагаас хойш одоо болтол би Улаанбаатарын цагаар эхлээд, дараа нь Москвагийн цагаар 2 шинэ жилийг гаргаж, 2 өвлийн өвөө, цасан охиныг угтдаг болсон юм. Энэ зуршлаа одоо болтол орхиогүй. Орхиж чадахчгүй байхаа.
2008.12.08-нд хувийн архивтаа ингэж бичээд, блогтоо оруулсан байна.