Өчнөөн сар намайг хүлээлгэсэн нэг асуудал өчигдөр арай гэж нэг юм болов. Аль 9 сард гэж намайг хулхидсаар байгаад өдий хүрсэн байрны улсын комиссын акт... Гуйж байж скандуулаад авч санаа амарлаа. Бас компани дээр нь очиж гэрээ хэлцэл хийх ёстой юм байхаа, тэр асуудлыг нь дараа л болохоос.
Жил хагасын өмнө хуучин амьдарч байсан байраа зарчихаад сүүлд нь хичнээн харамссан гээч. Дараагийн байрныхаа асуудлыг шийдээгүй байж, гал голомтоо зарна гэдэг хамгийн буруу асуудал байсан шүү. Сүүлд нь хичнээн ч хүнд загнуулав. Сэтгэлийн хөөрлөөрөө асуудлыг шийддэг гэж намайг буруутгаад байна лээ. Тийм тал ч бий бий.
Гэхдээ тэр үед би цөхрөнгөө барчихсан байсан үе юм чинь. Ажилгүй, зээлээ төлж чадахгүй тэгээд өөр арга олдохгүй байсан. Зарах шалтагт хүчтэй нөлөөлсөн бас нэг асуудал бол манайх хамгийн дээд давхарт байсан болохоор сүүлийн жилүүдэд маш хүйтэн, бас дээврээсээ 00-н өрөөний агааржуулагч хавиас ус дусаад эхэлсэн юмаа. Тэгээд л асуудал хүндрэхээс өмнө зарчихъя гэж шийдсэн л дээ.
Одоогийн авч байгаа байрандаа маш сэтгэл хангалуун байгаа. Энэ байрыг яасан ч дахиад алдахгүй. Охиноо оруулна гэж бодож байгаа сургуулийн хажууд шинэ байр захиалсан. Цонхоор нь сургууль тэр чигтээ харагддаг. Бас хотын төв тэр чигтээ харагдана. Үзэгдэх орчин бол үнэхээр гоё. Бас орчин тойрон нь тохитой. Байр нь өөрөө гоё, байршил нь давуу талтай. Өглөөний нар үзэх болохоор өглөө бүр охиноо даатгаад наранд сүү өргөнө.
8 давхарт, видео домофонтой, нэг давхартаа үйлчилгээтэй. Супермаркет нээгдэж байналэ. Бас фитнесс нээгдэх сураг байгаа. Байшингаасаа гарахгүйгээр дэлгүүр орох боломжтой. Үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Өө хэлсэн хүнд байр маань жоохон жижигхэн. Гэхдээ дараа баяжихаараа томруулнаа. Үгүй ээ том байр нэмээд авна. Энэ байраа бол байлгаж л байна. Охиноо том болоод тусдаа гарахаар том байраа өгөөд, би өөрөө эндээ амьдарна шдээ.
Одоо дахиад амьдралд бууж өгөхгүй. Байраа зарах шийдвэр гаргаж байх үедээ бол үнэхээр хүнд байсан л даа гээд өөрийгөө өмөөрөөд байхгүй юу. Арай тайван, уужуу ухаанаар бодсон бол гарц байсан л байх. Гэхдээ ажилгүй хэн ч биш болсон үед бол хүмүүсийн хандлага илт өөр болдог л юм байналээ.
Нөгөө талаас өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх том сорилгын үе байсан юм шиг надад санагдсан. Надаас нүүр буруулсан хүмүүс хаа очиж бараг байгаагүй, би хичнээн сайн найз нөхдийн хүрээлэлтэй хүн бэ гэдгээ мэдэж авсан. Гол асуудал нь би хэн бэ гэдгээс шалтгаалаад миний найз нөхөд надаас нүүр буруулаагүй л байхгүй юу гээд онгироод байхгүй юу. Харин найз нөхөд биш, жирийн танил байсан мэр сэр хүмүүсээс сонин зан гарсаан гарсан. Тийм асуудал байдаг л юм байналээ.
Эдийн засгийн онол дээр үздэгшдээ. Улс орны ч тэр, хувь хүний ч тэр эдийн засаг заавал өсөх буурах циклээр явдаг гэж. Би нэг унаж үзсэн. Бүүр навс унаж үзсэн. 00 заатлаа. Одоо бол өсөлтийн цикл рүүгээ орчихсон, дээшлээд өгсөөд явж байна даа.
Дараа дахиж унахгүйгээр ухаантай байнаа. Эрсдэлийн сан байгуулна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг биз дээ. Хал үзэж, халуун чулуу долоосон хүн болсон одоо бол.
0 Сэтгэгдэл:
Post a Comment