Өнөөдөр чинь миний охин яг 1 нас 10 сар хүрч байгаа өдөр юм байна. Нэг үеэ бодвол овоо болчихлоо. Хүн болох эхний алхмуудаа хийгээд л байна. Өдөр ирэх тусам улам л эгдүүтэй болоод л...
Одоо хэлд орох гээд л шулганаад байгаа. Хэд гурван үгтэй болсоон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь "ээжээ" гэж огт хэлэхгүй л байгаа юм даа. Уг нь хүүхэд хамгийн анх "ээжээ" гэж хэлж хэлд ордог гэж би бодоод байсан чинь, манай охин бол үгүй юмаа.
Өдөр ирэх тутам дүр төрх нь ч өөрчлөгдөөд л, ааш зан нь илрээд л байх юм аа. Заримдаа миний огт танихгүй ааш занг гаргана, заримдаа бол ерөөсөө л миний багын ааш зангууд илэрнэ. Сүүлийн үед нэг л сонирхолтой ном уншиж байгаа юм шиг л охиноо ажигладаг болоод байгаа.
Яг өөрийн гэсэн юмандаа бол аймаар харамч. Энэ зан нь гэрээр нэг инээдэм болгож байгаа. Миний эсвэл өөрийнхөө юманд өөр хүнийг хүргэх үнэхээр дургүй. Энэ ч яг миний багын зан л даа. Өөрийн гэж өмчилсөн зүйлдээ өөр хүнийг хүргэдэггүй муухай зантай охин байсан юмаа би. Яг тэр зан миний охинд илрээд байна. Манай дүү миний утсаар ярих гээд л авахаар уйлаад л араас нь гүйгээд утсаа авчихна. Тэгээд л надаа авчраад өгнө. Ах нь тэгэхээр саваад л унана. Улам цаашлуулаад л байн байн утас аваад л охиныг уурлуулаад л инээгээд байгаа.
Бас нэг зан нь гэвэл аррррай дэндүү хэнэггүй. Юу ч болж байсан надаа хамаагүй гэсэн харцтай. Өөртэй нь хамаагүй л бол хажууд нь бөмбөг дэлбэрч байсан ч ер нь тоохгүй байх шинжтэй. Тайван гэх юм уу хэнэггүй гэх юм уу мэдэхгүй. Би хэнэггүй гэж тодорхойлоод байгаа. Хүмүүс болохоор ямар тайван юм бэ гээд байдаг юм.
Бас их нямбай охин болох шинжтэй. Ер нь ямар ч юмыг өөрөө хийх гээд л зүтгэчихдэг зан илрээд байгаа. Хоолыг бол болж өгвөл хүнээр халбагадуулахгүй өөрөө идэх гээд л зүтгэчихнэ. Өөрийнхөө тааваар байх гээд байдаг зантай юмаа. Одоо энгэр заам руугаа асгаж цутгах нь багасаад л байгаа нэг үеэ бодвол. Тэгээд нээх хөөрхөн идэж дуусаад аягаа аваачаад крант руу чулуудчихна. Уг нь крантанд хийх гэдэг юмаа, тэгээд хүрэхгүй болохоор өлмийгөө өргөж байгаад л давуулаад чулуудчихна. Хүрдэг болохоороо өөрөө угаах гэж зүтгэх байхөө.
Өөрөө гар нүүрээ угаах гээд бас зүтгэчихнээ. Шүдээ угаах их дуртай. Тэр ч шүдний ооны амтанд л дурласны шинж байх л даа. Угаалгын өрөөнд ороод л оо, сойз руугаа заагаад "тэе, тэе" гээд байдаг юм. "Тэр" гэж хэлж байгаа царай нь.
Ямар нэгэн юм сэтгэлд нь нийцэхгүй бол тэгээд л хөмсөг тас зангидаастай. Эсвэл бүр дургүй нь хүрвэл шууд газар саваад унана. Хааяа уур хүргээд байхаар нь би бөгс рүү нь алгадчихдаг. Тэгэхээр тоохчгүй. Энэ намайг яаж ч чадахгүй юм чинь гэсэн шинжтэй. Гэхдээ надаас өөр хүнд бол шал өөр зан гаргадаг гэсэн. Цэцэрлэг дээр нь багш нь ямар нэгэн юманд хүргэхгүй "боль" гээд хэлчихвэл шууд уурлаад уйлдаг гэсэн. Бас хэн надад үг хэлж болох уу, хэн болохгүй вэ гэдэг цензур тогтоогоод байгаа юм шиг байгаан. Хаа хамаагүй хүн өөрт нь үг хэлэхээр их дургүйцэж хүлээж аваад байх шиг байнаа бас. Заримдаа жоохон хүүхэд биш том хүн ч юм шиг зан гарганаа их сонин.
Хөгжим сонсохоороо л найгаад бүжиглэнэ шүү дээ. Цэцэрлэг дээр нь бүжиглэхийг зааж өгдөг гэсэн. Зурагтаар ямар нэгэн ая явахад шууд найгаастай. Баярлахаараа амаа том ангайгаад инээгээд гүйчихнэ. Хэд хоногийн өмнө шаар үлээгээд бариулчихсан чинь амаа нээх том ангайгаад л инээд алдаад баярлаад гүйчихсэн. Тэгж байгаад нэг шаар нь гэнэт хагарчихсан чинь учрыг нь олохгүй гайхаад, шаараа хайгаад бөөн юм болсон.
Миний хажууд бол дэндүү сахилгагүй. Намайг эзгүйд шал өөр гэж байгаа. Бас хэний хажууд онгирох уу, хэний хажууд мөрөөрөө байх уу гэдгээ ялгаад байгаа юм шиг байгаа юмаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment