RSS

Цэцээ гүн рүү аялсан нь

Залуу насандаа тэнэгтэхгүй өнгөрвөл өтөл насандаа дурсаж инээх зүйлгүй өнгөрдөг юм гэнэ билээ. 
Өнгөрсөн амралтын өдрөөр манай ажлынхан Цэцээ гүний оргил өөд явган аялал хийв. Төр хурахын амнаас гарвал зам нь арай урт, гэхдээ гоё гэж зарим нэг нь зөвлөв. Зөвөлгөө ёсоор өглөө эртлэн цуглараад Төр хурахын тийшээ явлаа. 
Төв замаас салаад л аль замаар явах уу гээд л будилаад эхэлсэн кк. Хамгийн инээдтэй нь урьд нь тийшээ явж үзсэн хүмүүсээс нэг нь  ч яваагүй байгаа юм чинь... Бүгд явж үзээгүй гарууд ккк. Би гэхэд л хажуугийн Шажин хурахын аманд нь хүүхэд насныхаа зуны амралтуудыг өнгөрөөсөн байж л нэг ч удаа тэр ам руу орж үзээгүй байгаа юм чинь...
Бөөн будилаан болж болж, эргэж буцаж баахан ажил удаж байгаад арай гэж Төр хурахын ам руу орж авлаа. Очоод машинуудаа тавиад тэндээс Цэцээ гүн рүү яаж хүрэхийг асуугаад замыг нь заалгаад хөдөлсөн юм. Зам дагаад алхаж эхэлсэн чинь манай жолооч бидний урд гараад л алхав. Зөндөө явж байсан, сайн мэддэг гээд...
Араас нь бүгд дагаад л алхлаа. Ой руу нэлээн гүн орсоноо нэг л эргэлзээтэй болоод эхэллээ. Хүмүүс явсан жим байна уу гэхээр ингэж явнаа гээд л дагуулаад яваад байв. Ядаж байхад туучий чинь юманд хөөгдөж байгаа юм шиг хурдан явахыг яанаа хаха. Уулын гөрөөс гээд нэр өгчихсөөн би ккк. Уулын гөрөөсийн араас нь бид нар хэлээ унжуулаад л дагаад сажлаад байлаа. Гэхдээ би эрхбиш Богд ууланд багадаа бишгүй тэнэж үзчихсэн болохоор бусад хүмүүсээс хамаагүй дээр явж байналээ. Манайхан жоохон явж байгаад л "хөөе хүлээж бай, аажуухан яв л даа" гэж хашгирч байгаад л уулын гөрөөсөө зогсооно. Нөгөөх нь бусдыгаа хүлээж хэсэг амарч байгаад бүгд цуглангуут л "за хөдөлье" гээд л яваад өгнө. Тэгээд "нэг л буруу тийшээ яваад байх шиг байнаа, яагаад зам харагдахгүй байгаа юм бэ" гэсэн чинь "ийшээ байдаг юмаа" гээд л дагуулаад яваад байсан кк. Сайхан гар чинь замыг нь мэдсээр байж залхуураад товчлох санаатай байсан юмуу хаашаа юм, бид нарыг нохойн замаар дагуулаад явчихаж байгаа юм даа хаха. 
Ёстой хүн бараг явдаггүй газраар явсан. Уулнаас урсаж байгаа горхины дээгүүр алхаж пүүзнүүдээ норгоод, аалзны торонд ороод, хад асган дундуур дүүлж харайгаад... Юм юм л боллоо кк. Аймаар том том асган дундуур явсан.

Баахан экстрим аялал хийж явсаан. Нэг хэсэг амарч зогсохдоо утасныхаа GPS-ээр Цэцээ гүнийг хайсан чинь ямар ч байсан ойрхон байна гэж гарч байнаа. Тэгээд л явж явж байгаад, баахан том хад асган дээгүүр унаж тусан явж байгаад арай гэж ард нь гараад харсан чинь Цэцээ гүн тээр тэнд, мангар хол харагдаж байгаа юм чинь кк.

Барааг нь хараад л гэнэт шантарсаан. Болих уу, бүгдээрээ гэж байснаа ямар ч байсан суугаад, замын хүнсээ идээд хүч тэнхээ ороодхоё гэцгээгээд тухлаад суув. Бас болоогүй уулын орой дээр хадан дээр байгаа юм чинь амжуулж баахан зургаа даруулаад... 
Хоол идчихээд л харсан чинь манай нэг залуу ганцаараа түрүүлээд явчихсан, тээр доор модны захад гараад ирж байгаа нь харагдлаа. Тэрнийг харангуутаа шууд шулуудсан. Явцгаая ерөөсөө, зорьж ирчихээд эндээс буцаад байхдаа яадаг юм гээд... Тэндээс хагас нь шөнө хөлбөмбөг үзээд нойр муутай хоносон, эсвэл явж дийлэхгүй ядраад байна гээд буцаад явлаа. Хагас нь Цэцээ гүн тийш хөдөллөө. Буцсан хэдийгээ экстрим замаараа буцлаа даа гээд шоолоод байнаа бас ккк. 
Тэндээс уруудаад явсан ойгоор хүмүүс бараг явдаггүй бололтой. Хугарч унасан мод, гишүү хөлөөр хөглөрөөд, хэдэн жил ч болсон юм бүүр өгөршчихсөн. Хаа нэг варьений шил, лааз таарахаар нь соёл иргэншлийн ул мөр олдлоо гэж бид хошигноод л... Яг тэр ойд аймшгийн киноны зураг авалт хийвэл их эвгүй кино болохнээ тээ гээд л чалчиж явж байтал ойгоос гараад ирсэн. Тэр хэсгээр гайхаж явахдаа ганц ч зураг дараагүй өнгөрчихсөн байгаа юм даа. Хайран... Замаа сайн харж явахгүй бол болохгүй байсан юмаа. Унаж тусчих гээд...
Тэгж хэсэг явж байгаад Цэцээ гүн рүү явдаг жим рүү ороод ирдэг юм даа. Тэгсэн чинь л үнэн амар болоод ирсээн кк. Зүгээр сайхан хар зам дээр явж байгаа юм шиг болчихож байгаа юм чинь ккк. 
Тэгээд хэсэг алхаж байгаад Цэцээ гүн дээр гарч ирсэн. Би зургийг нь олигтой бүтэн аваагүй байна лээ. Дэвж байгаа Хангарьд хэлбэртэй хад нь энэ:
Сонирхолтой. Хажууханд ийм газар байхад өчнөөн жил дэргэд нь амьдарчихаад дөнгөж одоо л очиж үзэж байдаг нээрээ... Ийм сайхан газар төрж, өссөн гэж бодохоор бас их сайхан юмаа ккк. Цэцээ гүний оргил дээрээс унасан газар, угаасан усаа харахад ч...

Дэргэдээ байгаа байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхгүй бид нээрээ тэнэг хүмүүс юмаа. Бидний амьдарч буй нийслэл маань л ийм сайхан байгал дунд оршиж байнашд. Манайхан сардаа нэг ингэж явган аялал хийж баймаар юм байнаа, ёстой гоё байна гэцгээгээд байсан. Буруу замаар будаа тээж экстрим замаар аялсандаа бүгд их сэтгэл хангалуун байлаа шүү дээ. Харин ч анхнаасаа жимийг нь дагаад явсан бол бараг сонирхолгүй байх байсан юм гэцгээгээд...
Багадаа Шажин хурахад Богд уулын орой дээр гараад Улаанбаатарыг харахад нэлийсэн цагаан юм л харагддаг байсан. Сая Цэцээ гүний оройгоос харахад нэлийж харагдахаа больсон байналээ шүү. Өндөр өндөр барилгууд ялгарч, тодорч харагддаг болсон байна.
Хүн насны эцэст 2 зүйлд л харамсдаг гэж уншсан. Бага хайрлаж, бага аялсан гэж... Зуны дэлгэр цагт аль болох эх орныхоо үзэсгэлэнт газраар аялмаар юм билээ. Бид дараагийн аяллаа бас ойрхон төлөвлөөд байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment