Ажлын хэдхэн цагт л охиноо санаад байх юмаа. Намайг багад ээж, аав яадаг байсан бол? Олон хүүхэдтэй болохоороо тоодоггүй байсан болов уу? Эсвэл бүгдийг нь санадаг байсан болов уу? Одоо бодвол санадаг л байсан байх даа ккк.
Ойрд охиныг хараагүй нэг найз маань хэд хоногийн өмнө уулзаад зэгзийсэн өндөр болчихож гээд байсан. Аавыгаа дуурайвал ч зэгзийх байлгүй дээ энэ хүүхэд. Бүдүүн болчихгүй л бол дүүрч ккк.
Хэл яриа нь улам зүгшрээд, заримдаа том хүн шиг том том яриад л... Хөөрхөн юмаа хүүхэд энэ үедээ. Одоо монгол хэлээ сураад дуусчихсан юм байлгүй, юм болгоныг л "ээжээ энийг олосоол юу гэхүү?" гээд л асуугаад байдаг болчихоод байгаа кк. Зурагтаар цэргийн хувцастай хүн харахаараа л "ээжээ энд миний аав байна уу?" гэж асуух юм. Тэгснээ "би аавыгаа папа гэж дууднаа, тээ ээжээ" гээд л... Тэгэх тоолонд нь сэтгэл өвдөх юм. Хамт амьдрахгүй ч гэсэн аавтайгаа холбогддог нэг үелзэл, долгион юу байдаг юм нэг юм байдаг юм шигээ хүүхдэд. Надад уурлавал одоо шууд "ааваа" гэж уйлдаг болсон.
Нэг удаа өдөржин утсаар ярьж тоглов. "Байна уу, байна уу, утсаа аваачээ, ямал ядалгаатайн бэ... бла бла..." гээд л... Би тоглож байна гээд тоохгүй байсан чинь "ээжээ чи утсаа аваачээ" гэж уурлав кк. Тэгсэн тэр шөнө нь аав нь над руу вайбераар ная залгачихсан байсан. Би үнэндээ утсаа сонсоогүй нам унтсан. Бодвол над руу залгаж байхдаа яг охин шигээ "ямар ядаргаатайн бэ, утсаа авахгүй, бла бла..." гэсэн байхаа. Аавыгаа над руу залгахыг урьдчилж хэлсэн юм шиг санагдсаншд.
Урьд нь ч бас нэлээн зүйлийг урьдчилж зөгнөсөн шүү. Хүүхдийг сайн анзаараад, ойлгож чадвал их зөнтэй. Гол нь тоглож байгааг нь л анзаарахад болдог ч юм шиг. Дандаа нэг хэвийн тоглохгүйшдээ. Тоглохдоо хэлж байгаа үг, ярьж байгаа яриаг нь сайн анзаараад чагнаад байвал хэсэг хугацааны дараа болох зүйлийг хэлээд байдаг юм билээ. Би нэлээн хэдэн удаа тэгж ажиглалт хийсэн.
Бас нэг удаа гэнэт "байна уу, сайн уу найзаа" гээд л учиргүй утсаар ярьж тоголсон юм. Тэгтэл 3-4 цагийн дараа Австралид байгаа найз бас вайбераар залгаад... Бараг ярьдаггүй, хааяа хальт мессенжэрддэг хүн залгаж байгаа нь тэр. Дэлгүүр хэсээд явж байна, охин чинь одоо хэдтэй билээ гэж асуугаад зун монголд очно гэж хэлж байна. Охины насыг асуухыг бодоход бэлэг авах гэж байсан байх гэж бодсоон. Өөрт нь хүн бэлэг авна гэж бодож байхад нь охин мэдэрч зөгнөсөн ч юм шиг.
Хүүхэд ер нь сонин ертөнц. Хөгжилтэй, сонирхолтой, хайр татам, нээлттэй ил тод юм шиг мөртлөө маш нууцлаг. Охин хүүхэд ялангуяа... Өдөр ирэх тусам наалинхай, аальгүй зан нь улам нэмэгдээд байх юм. Нялхдаа эрэгтэй хүүхэд ч юм шиг хэнэггүй гар байдаг байсан бол одоо тэс өөр. Загвар өмсөгчийн алхаагаар алхана, зургаа авахуулахдаа аль болох эмэгтэйлэг поз авч зогсоно, хүн шоолох болбол амаа дарж аальгүйтэж инээнэ... Хөөрхөөн хөөрхөн.
0 Сэтгэгдэл:
Post a Comment