Юу уншчихаваа? Завхарсан юм.
Сургуулийн хүүхдүүд бөө болоод байхдаа яахав дээ. Энэ ч арай бишээ. Бүр шал тэнэг санагдчихлаа. Энэ нийгмийн завхарсан, гаж үзэгдлүүдийн нэг байх даа. Эмгэнэлтэй, бас шал инээдтэй дүр зураг. Гэхдээ ингэж хэт туйлширч арай л болохгүй ээ.
Бөө гэх хүмүүсийг анх гарч ирэх үед их цэрвэж, сэжиглэдэг байлаа. Тэгсэн нэг удаа манай дүү "манай ангийн охины дүү нь бөө болсон, аягүй сонин гэсэн очиж үзье" гээд болдоггүй. Тэгэхээр нь хамт очиж үзсэн юм. Ёстой сонин санагдаад... Тэр үед охиныхоо аавтай дөнгөж танилцсан байсан юм. Тэгээд сонирхуулаад ярьсан чинь шоолж инээгээд болдоггүй. Дараа нь нэг удаа хамт явж байгаад солонгос хүнтэй уулзах хэрэг гарлаа гээд уулзсан юм. Тэгсэн нөгөөдүүл нь "ямар шашин шүтдэг вэ?" гэж асуусан чинь "энэ бөө шүтдэг" гээд намайг шоолоод байгаа юм даа. Тэрнээс хойш бөөг ёстой тоож сонирхохоо болив.
Сүүлд охиноо хараад гэртээ байхдаа нетэд орж элдэв долоон юм уншиж явж байгаад бөө, гоц үзэгдэл судлаач, сэтгүүлч Галаарид гуайн блогоор
санаандгүй орж уншаад, нэг хэсэг энэ сэдвээр шимтэн сонирхсон юм. Эндээс улбаалаад далд ертөнцийн талаар уншаад... Үнэхээр сонирхолтой байсан л даа. Үр дүнд нь би огт хараагүй, танихгүй өөрийнхөө өвөг дээдэст , мөн бурхан болсон аав, ээж, ахдаа залбирч зул өргөж, арц уугиулах болсон. Сэтгэл дагаад ч тэр үү, эсвэл үнэхээр үнэн үү, мэдэхгүй, шөнө болгон шахуу зүүдэнд орж ирдэг аав, ээж минь барагтай бол зүүдлэгдэхээ больсон юм. Магадгүй, зул өргөхөд тэд амарлидаг гэдэг нь үнэний ортой байж магадгүй. Одоо бол зул өргөөд бүр хэвшил болчихсон.
Бөөгийн талаар баахан уншчихсан чинь жинхэнэ бөөтэй уулзаж үзмээр санагдаад болдоггүй. Хүслийг минь мэдсэн юм шиг нэг сонин тохиолдол боллоо тэгсэн. Тэр үед охин овоо болчихсон, би ажилд орох санаатай ажил хайж байсан үе. Нэг удаа гэрээс гараад явж байсан чинь хажуу байрны нэг эгч тааралдаад... Би тэр эгчийг уг нь таньдаггүй байсан юм. Хааяа байрны гадаа тааралдахаараа манай охиныг өхөөрдөөд надтай яриа өрнүүлдэг байсан болохоор мэддэг болсон байсан л даа. Тэгсэн тэр эгч "Чи надтай нэг уулзах хэрэгтэй юм шиг байна" гэнээ. "Яаж байгаан?" гэсэн чинь "Өглөө цонхон дээр хэрээ ирж гуагалаад, тэгсэн чи бодогдоод байсан" гэж авдгийн. "Яагаад?" гээд би гайхсан чинь "Эгч нь бөө юмаа. Чи орой гэрт ороод ирээрэй" гээд гэрийнхээ номерыг хэлж өглөө. Сонирхол татаад л явчихсан.
Сонирхолдоо хөтлөгдөөд юу ч гэсэн уулзаж үзье гэж бодоод орой охиноо салхилуулах гээд гарахдаа тэднийхээр орлоо. Баахан л юм хэлж байна. "Танай голомтонд хүн хараал хийгээд тэрнээс хойш удаагүй ээж, аав 2 чинь өнгөрсөн байна. Одоо чиний ажил үйлс бүтэхгүй, бүх юм чинь хаалттай байна. Бүр мухардчихсан байна" гэнээ. Би итгэж ядаад "Ямар хүн, яагаад манайд хараал хийсэн гэж?" гэсэн чинь үнэхээр хардаг юмуу, эсвэл тааж буудсан уу "нэг махлаг эмэгтэй хүн байна" гэнэ. Би тэгэнгүүт энэ үнэн байж болох уу гээд тэр махлаг эмэгтэйг хайгаад давхичихсан. Гэнэт аав ээжийг өнгөрдөг жилийн үйл явдал санаанд ороод... Тэр тухайгаа хэлтэл "Яг наадах чинь... " гээд үргэлжлүүлээд өнөө бөө эгч чинь. Одоо эргээд бодоход энэ бөө хүмүүс үзүүлж байгаа хүнээсээ ярианы сэжүүр гаргаад л цааш нь зохиогоод явчихдаг юм шигээ. Би тэр үед тархиа бариулсаан бариулсан.
Тархиа бариулах шалтгаан байсан л даа. Анх дээд сургууль төгсөөд ажилд ороод удаагүй байхдаа нэг гэмт хэргийн сэжүүрийг би гаргаад ирсэн юм. Тэтгэврийн байцаагч, банкны ня-бо, нярав 3 нийлээд маш олон нас барсан, шилжсэн хүмүүсийн нэр дээр хуурамч тэтгэвэр, группийн дэвтэр нээгээд мөнгө завшчихсан хэрэг байсан юм. Хэдэн жил дамнаад, багагүй мөнгө идчихсэн байсан. Тэр хэргийг илрүүлснийхээ төлөө хараалгана, ерөөлгөнө гэж баахан загнуулсан л даа тэр авгай нарт. Гэхдээ хараал гэдэг юм байхгүй гээд би шал тоодоггүй байсан юм. Ажлаасаа халагдчихаад, цагдаад шалгагдаад явж байхдаа нэг эгч нь охиноо дагуулаад гэнэт надаас юм асуух гэсэн юм гээд манайд ороод ирлээ. Цагаан сарын дараахан байсан болохоор аав хоол, цай болоод... Бас хөөрхийг өрөвдсөн байх л даа.
Тэр эгч гэрт орж ирээд явсанаас хойш яг сарын дараа ээж гэнэт бие нь муудаад, 7 хоног ухаангүй байж байгаад бурхан болсон. Ээжээс хойш 4 сарын дараа аав гэнэт муудаад 21 хоног ухаангүй байж байгаад бурхан боллоо. Бүх аз жаргал, баяр баясгалан минь ингээд л дуусчих шиг санагдсан. Хар дарсан зүүд шиг амьдралд нэг хэсэг умбасан. Аав, ээж 2-оо бурхан болсонтой ер эвлэрч чадахгүй, бүх зүйл утгагүй санагдаад... Тэр үеийг эргээд дурсахад үнэхээр хүнд байна.
Тэгээд энэ тухай тэр бөө эгчид хэлтэл үргэлжлүүлээд ярьж өглөө. "Одоо наад хараалаа арилгуулахгүй бол чиний бүх юм хаалттай, чи хэзээ ч өөдлөхгүй" гэнэ. Тэгээд засал хийлгэхийн тулд хагас сая төгрөг хэрэгтэй гэсэн. Итгэж ядаад, эргэлзээд тэднийхээс гараад явсан. Тийм юм сонсчихоор сэтгэлд сэвтэй, тэгээд тэр их мөнгөөр засал хийлгэ гэсэн болохоор бүр гайхаад...
Ёстой сэтгэлд сэвтэй юм байналэ, тийм юм сонсчихоор... Тэгээд нэг найзаасаа мөнгө зээлээд би тэр заслыг нь хийлгэсэн. Бөөлж байхад нь итгэж ядаад, хардаад, дараа нь би тэр эгчид загнуулсаншд кк. Үнэн байсан бол одоо тэр хараал нь арилсан гэж бодоод л явж байгаа.
Гэхдээ дуугай байгаагүй ээ, нөгөө эгч нарт хүнээр хэлүүлсэн. Тэр хэргийнхээ төлөө 3 жил суугаад гарч ирцгээсэн байсан юм. Хуучин хамт ажиллаж байсан нэг эгчид хэлсэн чинь тэр 3-н нэгд нь энэ талаар хэлж гэнэ. Тэгсэн "ёстой бид нар тийм хараал мараал хийгээгүй" гэсэн юм гэнэлээ. Хэн мэдэхэв, цус... Бөө намайг хуурсан уу, тэд нар надад худал мэлзсэн үү?
Сүүлд би бөө надаас мөнгө салгах гэж хуурсан байж магадгүй л гэж хардаад байдаг юм. Би өөрөө ярианы сэжүүр гаргаж ирээд л тархиа бариулаад байсан байгаа юм чинь, эргээд бодохоор. Нэг найзын дүү бөө боллоо л гэсэн. Юм асуухаар бас ам дагуулаад л ярина. Бас нэг хамт ажилладаг байсан охин хүртэл бөө болж байгаа гэнэ. Эргэн тойронд минь тодрох энэ олон бөөгөөс залхаж, эргэлзэж эхлэнэ биз дээ.
Бөөгийн талаар нэлээд уншсаны эцэст би дахиж хэзээ ч бөө хүнтэй уулзахгүй гэж өөртөө амалсан. Ерөөс бөөгийн зан үйл бол далд ертөнцтэй, сүнстэй харьцах зан үйл л юм шиг байгаа юм. Огт худлаа бол биш байх л даа. Тэр онгод гээд байгаа сүнс болгон нь чадалтай байдаггүй, мэргэн байдаггүй. Шал худлаа золбин сүнснүүд байдаг байх. Энэ олон бөө төрөөд баахан хаад, ноёдын сүнс биедээ оруулаад байна гэдэг нь зүгээр л шал инээдтэй. Энэ цагийн эмгэнэл. Бөөд итгээд, тархиа бариулаад байгаа над мэтийн мулгуу нөхдүүд бол бүүр.... нийгмийн гамшигт үзэгдэл.
Би одоо хэн нэг өөрийгөө ид шидтэй гэх хуурамч, залилагч нарт итгэхгүй. Зөвхөн өөрийнхөө хүчинд, өөрийнхөө мэдрэмж, зөн совинд л итгэнэ. Миний төлөө надаас өөр хэн ч чин сэтгэл гаргахгүйшд.