RSS

Өнөөдрийн аргадалт хожим хорт зуршил

Саяхан нэг найз маань нэг домог ярьж өгсөн юм. Намайг "хүүхдээ битгий дураар нь байлгаад бай, авъя гэсэн болгоныг нь битгий авч өгөөд бай" гэж загнаад байхаар нь би тоохгүй байсан чинь надад ойлгуулах гэж ярьж өгсөн л дөө. Миний муусайн найзууд ингээд л хайр хүргээд байдаг байхгүй юу.
"Нэгэн ээж хүүхдээ галын хайчаар тоглоно гээд уйлаад байхаар нь уйлахыг нь болиулах гээд галын хайчаа аваад өгчихсөн гэнэ. Хүү нь хайчаар тоглоно гээд өрөөсөн нүдээ сохолчихож. Хожим нь том болоод ухаан орсон хойноо "Ээж минь уйлахын дайтай сохор гэж байхуу даа? Та намайг уйлуулаад л өнгөрөхгүй, яах гэж хайчаар тоглуулсан юм бэ?" гэж хэлсэн гэнэ." Харамсмаар түүх.
Үүнийг сонсоод би найзынхаа үгэнд шууд орсон. Нээрээ нэг уйлаад л өнгөрнөшд. Хүүхдийг уйлахыг нь болиулах гэж багаас нь буруу зуршилтай болгох ёсгүй юм байна гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн.
Өглөө цэцэрлэгтээ явахдаа дэлгүүр лүү заагаад "жийжээ" гэх тоолонд нь чихэр аваад өгчихдөг байлаа. Хоёр өглөө "үгүй би чамд чихэр авч өгөхгүй, тэр чинь баба" гэж хэлээд дэлгүүрийн хажуугаар охиноо уйлуулаад өнгөрсөн. Одоо охин чихэр нэхэхээ больсноор барахгүй, дэлгүүрийн хажуугаар зүгээр өнгөрдөг болсон. Цэцэрлэгт ирээд анги руугаа ороход нь аав ээж нар хүүхдүүддээ чихэр гаргаж өгөөд аргалаад оруулж байдаг л юм. Охин хараад надаас нэхэх болов уу гэсэн гайгүй л байна. Би бусад аав ээж нарыг энэ зуршлаа болиосой гэж хүсэж байна. Өнөөдөр хүүхдээ аргадаад, уйлахыг нь болиулаад өнгөрч байгаа боловч хожим нь хүүхдэд л муушд. Хайран сүүн шүднүүдийг хорхой идүүлж, хожим нь шүдний өвчнөөр тамлаж, хүүхдээ ч зовоож, өөрсдөө ч хамт зовох болно гэдгээ ойлгоосой. 
Охин яг намайг дуурайсан чихэр, амттан идэх аймаар дуртай. Ямар сайндаа шөнө унтаж байхдаа "шика идий" гээд зүүдлээд байхав кк. Шоколад гэхийг шика гэдэг юм. Бид нарын багад олигтой шүдний оо байсан биш, би лав хар багаасаа шүдний өвчнөөр тарчилсан. Дунд сургуульд байхдаа шүд өвдөхөөр ингэж зовохоор үхэх юмсан гэж бодож тэнэгтдэг байлаашд. Одоо бол охиноо ингэж зовоохгүй юм шүү л гэж бодоод байгаа. Чихэр, шоколад өгсөн ч гэсэн дор нь шүдийг нь угааж хэвшүүлж байгаа. Угаалгын өрөөнд орох тоолондоо шүдээ угаадаг зуршилтай болчихсон. Заримдаа тэр нь надад залхуутай байдаг юм кк.
Бас нэг асуудал байнаа. Унтахынхаа өмнө заавал утсаар тоглож байгаад унтдаг юм. Үүнийг буруу юу, зөв үү гэдгийг би ухаж ойлгохгүй байна. Орондоо оронгуутаа "миний уч аанайн?" гээд л утас нэхчихнэ. Тэгээд тоглож хэвтэж байгаад л унтаад өгчихдөг болохоор би утсандаа дандаа охиндоо зориулсан тоглоом татчихсан. Утсыг бараг надаас илүү шахуу ашигладаг болохоор би сэтгэхүй нь хөгжөөд харин ч давгүй гэж боддог байлаа. Сүүлийн үед энэ бодол маань өөрчлөгдөөд эргэлзээд эхэлж байна. Аливаа зүйл 2 талтай байдаг. Энэ зуршлын сөрөг тал нь хожим тоглоомонд хэт донтоод, ядаргаанд ороод нүд нь анивчдаг болчих вий гэсэн бодлоор солигдоод байгаа. Унтахынх нь өмнө тоглуулахгүй гэж бас 2 орой уйлуулсан. Хэд хоног гайгүй байснаа дахиад л утсаа нэхээд эхэллээ. Огт тоглуулахгүй бол хүүхэд хөгжихгүй, хэт их тоглуулвал буруу зуршилтай болчих гээд. Өдөрт 1 цагаас илүү тоглуулахгүй л сургах хэрэгтэй байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment