RSS

Үйлийн үр, төлөөс

Үйлийн үр гэснээс... Өмнөх сэдвээс гэнэт санаа төрөөд энэ талаар бичмээр санагдав. Үйлийн үрийн тухай уншаад хүн ер нь ямар л үйл хийнэ, түүнийхээ үр шимийг хүртэнэ гэсэн утгатай үг юм байна гэж ойлгосон. Тэрнээс биш зөвхөн муу үйл хийвэл муу явдал тохиолдоно гэсэн үг биш. Товчхондоо жаргал бол сайн үйлийн үр, зовлон бол муу үйлийн үр гэсэн үг. За тэгээд хүн зөвхөн өөрийнхөө хийсэн үйлийн үрийг эдэлдэггүй юм шиг байгаа юм. Үр хүүхэд нь тэр үйлийн үрийг үргэлжлүүлэн эдэлдэг гэхээр бас л эвгүй. 
Нэгэн тохиолдол:
Ээжийн минь найз хөгшний бэр гээд нэг хөөрхөн эгчийг би таньдаг болоод олон жил өнгөрч байна. Айлын ганц өргөмөл охин юм гэсэн. Аль 90 хэдэн онд оюутан байхаасаа л тэр эгчтэй дотно найзууд болсон. Хадмындаа л байгаад байдаг байсан юм. Тэгсэн мөртлөө нөхрөөсөө салчихсан. Өөрөөр хэлбэл салсан нөхрийнхөө ээжийнд амьдраад байдаг. "Яагаад салчихаад эднийд байгаа  юм бэ?" гэхээр "өөр очих газар байхгүй, эдний хүү нь /экс нөхөр нь/ миний байрыг заруулаад Солонгос яваад өгсөн, мөнгөө авна гээд сууж байгаа" гэж ярьсан юм. 
Тэгээд тэр эгчтэй зөндөө буу халнаа, ярихгүй юм байхгүй. Айлын ганц эрх охин, багадаа их эрх танхи, элбэг, дэлбэг өссөн юм гэнэ. Нэг залуутай суугаад хүүтэй болсон чинь хүү нь ид хөөрхөн 3-4 нас хүрээд нас барчихсан. Тэгээд нөхөр нь салаад явчихсан. Дараа нь дахиад хүнтэй суусан нь манай ээжийн найз хөгшний хүү. Тэрнээсээ их хөөрхөн охинтой болсон. Тэгээд 90-ээд оны эхэнд ид наймааны цагаар Польшид гэр бүлээрээ очиж амьдарсан гэнэ. Гайхалтай сэргэлэн бас их царайлаг охин, дөнгөж 3 настай байхдаа аав ээждээ польш хэлний хэлмэрч хийдэг байсан гэж байгаа. Тэгээд бас 3-4 орчим настайдаа нэг Монголд ирээд ээжийнхээ аав буюу өвөөгийндөө байхдаа хоолны хордлого болоод нас барчихсан. Гэтэл нөхөр нь бас уурлаад, хүүхэд арчилж чадсангүй гээд салаад явчихсан. Тэр үед Их дэлгүүрийн урд 1 өрөө байр аавынхаа нэр дээр улсаас үнэгүй авсан байсан юм байна. Тэгээд нөхөр нь салахаасаа өмнө тэр байрыг нь заруулаад Солонгос руу яваад өгсөн. Тэнд очсон хойноо охиноо асарч чадахгүй алдсан гэсэн шалтгаанаар салсан юм гэсэн. Тийм муухай. 
Гэх мэтчилэн тэр эгчийн сүүлийн жилүүдийн бүх л амьдрал нь зовлон. Ерөөс тамд амьдарч буй мэт. Гэр оронгүй, нөхөргүй, хүүхэдгүй, тэгээд найз нөхдийнхөөрөө л явж байдаг байсан. Арай л дэндүү. Би бүр нэг өвөл өрөвдөөд гэртээ өвөлжүүлж байсан юм. Гэвч байнга гадны хүн гэртээ байлгах хэцүү болохоор хавар нь "та одоо өөрөө учраа ол" гээд явуулчихсан юмаа. Тийм хүнийг гэрээсээ яв гэж хэлэх чинь бас л эвгүй юм байналээ. Гэвч одоо яахав дээ, тэр битгий хэл төрсөн эгч дүүс байсан ч нэг гэрт удаан хамт амьдрах утгагүй байдагшд.
Өнгөрсөн жил нэг манайд ирэв. Ямар ч байсан нэг хүнтэй болж. Эхнэр нь нас барсан нэг залуутай хамт амьдрах болсон гэнэ. Юутай ч хажуудаа түших ханьтай, хоргодох орон гэртэй болсон. Гэвч бас л тийм ч жаргалтай биш. Архичин нөхрийн арга эвийг олох гэж зүдэрдэг юм шиг байгаа юм.
Тэгээд нэг мундаг бөөд үзүүлсэн тухайгаа яриад... Өргөж авсан аав нь шоронгийн хуяг хийдэг байсан, их нэр муутай, хүн чанаргүй хүн байсан юм байх. Яахав өргөж авсан ганц охиноо бол амь шигээ хайрлаад өсгөсөн юм байна. Гэхдээ олны дунд хүн муутайгаараа алдартай хүн байж. Тэгсэн тэр хүний муу үйлийн үрийг чи эдэлж явна, маш их хараал, хэл ам байна, их том өргөл барьцтайгаар засал хийж өгнө гэсэн гэнэ. Тэгээд бүр сэтгэлээр уначихсан явж байна. 
Өөрөөсөө унасан үр хүүхэдгүй болохоор өргөж авсан хүүхдэд нь үйлийн үр нь дамждаг юм байх. Тэр эгч бол ёстой хорхойд хоргүй, гэмгүй нэгэн. Хүний амьдрал тийм сонин. 
Нэгэн тохиолдол:
Өнгөрсөн жил билүү, уржнан жил билүү? Түдэв гэдэг удган оролцсон "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгээр үзсэн юмаа.
Нэг залуугийн үхлийн шалтгааныг тодруулахаар ар гэрийнхэн нь зөн билигтнүүдэд хандаж байнаа. Тэгсэн тэр Түдэв удганы онгод нь орж ирээд л хэлж байна  /Би бусад зөн билигтнүүд юу гэж хэлснийг нь ёстой үзээгүй, амжаагүй/:
- 20 гаран настайдаа нэг бүсгүйтэй үерхэж байсан юм байна. Тэрнээс нэг охин байна одоо.
Бүрлээч залуугийн эгч нь:
- Нэг тиймэрхүү юм амьд байхдаа нэг ярьж байсан. Тэр охиныг нь бид мэдэхгүй танихгүй. Одоо байвал 10 орчим насны хүүхэд байгаа гэсэн байх шүү.
- Тэр үерхэж байсан бүсгүй нь энэ залууг хүлээсээр байгаад өвчний учир нас барсан юм байна. 
- Нэг тийм юм нэг удаа ярьсан шүү. Охин нь одоо эмээ өвөө дээр нь байгаа нэг очиж уулзах юмсан гэж ярьж байсан юм байна. 
- Тэр охин нь одоо болтол аавыгаа ирээсэй гэж хардаг юм байна. Охин нь аавыгаа хүлээж, ааваасаа маш их буян нэхэж байна. Охин нь тэгж их буян нэхсэнээс болоод танай дүү огт өөдлөөгүй юм байна. Тэгээд ямар зүс царайтай ч гэнэ вэ 2 хүнд алуулсан байна гэж онгод айлдаж байнаа. 
Тэгсэн нөгөө бүрлээч залуугийн эгч нь камер луу харсанаа "миний дүүгийн хүүхэд одоо энэ нэвтрүүлгийг үзэж байвал бидэнтэй холбоо бариарай" гээд гуйж байнаа. Би тэгсэн "Яаж тэр жоохон хүүхэд та нарыг хайж олдог юм? Өөрсдөө хайгаад олохгүй юу..." гэж зурагт руугаа харж загнаад кк...
Ямартай ч тэр талийгаач залуу нэгэн бүсгүй хүнийг гомдоосныхоо, нэгэн охины сэтгэлийг бэтгэртэл нь өнчрүүлснийхээ төлөөсөнд энэ хорвоод жаргах эрхгүйгээр явсан юм байна гэдгийг мөхөс миний мөчид ухаан хүлээн авсан юм. 
Хүсээгуй байхад хувь заяаны эрхээр учирч 
Хүссээр байтал орчлонгийн эрхээр салан оддог хүмүүс минь дээ  /Р.Чойном/
За за цааш нь бичих гэсэн залхуу хүрчихлээ. Уг нь нэлээн хэдэн сонирхолтой бодит жишээ байна.  Ингээд дуусгая. Твиттерт орж элдэв бусын жиргээ уншлаа одоо...


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment