RSS

Аав минь

Үүнийг би 2008 оны 8 сарын 29-нд бичиж байсан юм. Өнөөдөр аавуудын өдөр болохоор аавыгаа дурсаад блогтоо оруулчихъя гэж бодоод...
 
Өнөөдөр 8 дугаар сарын 29. Одоогоос яг 7 жилийн өмнө, яг энэ өдөр хамгаас хайртай аав минь биднийг орхиод тэнгэрийн орон руу одсон.  
Хэзээ нэгэн цагт хорвоогийн энэ жамтай учирна гэдгээ мэддэг байсан хэдий ч цаг нь тулахаар хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна лээ.  Маш хэцүү байсан. Тэр үед яг л ард минь байсан нэг том уул нураад унаж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, нуруу хүйт дааж байсан юм. Яг тэр үед хэний ч өмнө гудайдаггүй байсан омголон зан минь хийсээд алга болох шиг санагдсан. Намайг чин сэтгэлээсээ өмгөөлж хамгаалах, хайрлах хүн байхгүй болохоор би хэн ч биш болж байгаа ч юм шиг. Яг л тэгж санагдсан.   
Яг тэр өдрийг хүртэл ааваасаа зөвхөн хайр халамж л нэхдэг, тийм л байх ёстой юм шиг аашилдаг байсан. Байхгүй болонгуут нь ганц удаа ч болов баярлуулсан билүү гэж бодсон. Хааяа нэг баярлуулдаг байсан хэдий ч тэр бүхнийг эргээд дурсахад дэндүү өчүүхэн санагдаж, харамсахын дээдээр харамссан.  
Хүн болгоны хувьд анх хорвоо дээр мэндлэхэд хамгийн анх тосож авдаг эр хүн нь аав нь байдаг болохоор эр хүн ямар байх ёстойг өөрийнхөө ааваар л төсөөлж боддог байх. Би л лав яг тэгдэг. Жинхэнэ эр хүний идеал, үлгэр дуурайл болох хүн нь аав л байдаг. Хүн болгон өөрийнхөө ааваар л төсөөлж эр хүний орон зай, ноён нурууг тодорхойлдог байх. Миний хувьд эр хүн, эцэг хүн гэдэг бол хайр хүндлэлийн дээдийг хүртэх ёстой чухалаас чухал, томоос том, эгэл мөртлөө агуу том орон зай. 
Миний аав бусад аавын л адил эгэл жирийн нэгэн байсан. Гэхдээ хүүхдүүддээ бол тэр хүн бурхан байсан юм шүү.  
Эрэгтэй хүмүүст тэр болгон байдаггүй хэтэрхий нямбай зантай хүн байсан. Зарим нэг хөндлөнгийн хүмүүст бол төвөгтэй зан юм шиг санагддаг байсан ч байж магадгүй. Гэрээ цэвэрлээгүй, хоолны сав суулга угаагаагүй байхыг, бас гэр оронд ямар нэгэн хэрэгцээт зүйл дутуу байхыг үзэж чаддаггүй хүн байж билээ. Ямар сайндаа дэлгүүрээс талх авахаар олон хүний гар дамжсан бохир талх аваад байна гээд өөрөө талхаа барьдаг байхав. Тэгээд талх барих аргыг хажуу айлын оросын буриад эгчээр заалгаж сураад, бурхан болтлоо бид нарт чихэртэй, маслотой талх барьж өгсөн дөө. Тэгэхэд нь дандаа наад талхыг чинь идсээр байгаад залхаж байна, дэлгүүрийн давстай талх л идмээр байна гэж уурладаг байж билээ.  
Айлын эзэгтэй шиг орой унтахынхаа өмнө талхныхаа гурилыг зуурч орхиод, өглөө болгон 6 цагт босож талхаа жигнээд, сүүтэй цайгаа чаначихаад бид нарыг сэмхэн дуудаж сэрээчихээд ажилдаа явдаг байж билээ. Бас болоогүй жоохон байхад эгч бид 2-ын үсийг самнаж өгөөд цэцэрлэгт хүргэж өгнө. Ааваараа үсээ самнуулах аймаар дургүй. Толгой нь өвдөнө гэж хайрлаад аягүй сул боочихно. Тэгээд л үс дороо сэгсийчихнэ. Харин ээж бол хайр найргүй чанга боодог болохоор үс бүтэн өдөржин арзайна гэж байхгүй амар байдаг болохоор ээжээрээ л үсээ самнуулах гээд зүтгэчихдэг байж билээ. Тэгээд л ааваар үсээ самнуулахгүй гээд л өглөө босоод л урваганаад уурлаад, аав болохоор ээж нь унтаж амраг, битгий сэрээ гэж бид 2-ыг загнаад л бөөн юм болдог байсансан. Орой ирээд өөрөө хоолоо хийнэ. Бүтэн сайн өдрийн өглөө яагаачгүй эрт босчихоод угаалгын машин ёнгинуулаад л хамаг цагаан хэрэглэлээ угаана. Тэгээд л амралтын өдрөөрөө заавал бууз, хуушуур хийдэг зуршилтай байсан. Бас хүнсний зүйлээ өөрөө л дэлгүүрээс цуглуулдаг. Ээж бид хэдээр дэлгүүр явуулах нь битгий хэл хог ч асгуулдаггүй байж билээ. Бусад айлын хүүхэд шиг дэлгүүр орж ганц талх худалдаж авч үзэх юмсан гэж бараг л мөрөөддөг байлаа.  Эмэгтэй хүн шиг оёдлын машины ард суугаад бид хэдийн урагдаж, цоорсон хувцасыг оёж янзлаад ч сууж байх шиг. Ер нь гэрт орж эм, гадаа гараад эр болсон л хүн байсан юм байна.  
Ээж бол айлын том эрх охин шиг л байдаг байсан. Ээжийг юунд ч хүргэхгүй, бүгдийг өөрөө хийнэ. Заримдаа их үглээ, бас жоохон ааш муутай. Ээжийн хийсэн юмыг голоод л загнаад, үглээд өөрөө дахиад хийдэг. Ээжийн хийдэг юм ч гэж дээ хааяа нэг гурил зуурахаараа аавын сэтгэлд нийцэхгүй нялцгай зуураад уурыг нь хүргэдэг байсан. Ийм ханьтай учирсан миний ээж бас их азтай эмэгтэй байсан юм шиг байгаа юмаа. Ээж маань их бие муутай байдаг байсан юм. Ээж бие муутай болохоор аав ийм ажилсаг болчихсон юмуу, эсвэл аав хэтэрхий халамжтай болохоор ээж хөдлөхгүй байсаар байгаад бие муутай болчихсон юмуу би тэрнийг нь ойлгоогүй өнгөрсөн. Ямар ч байсан бид нар бүгд л аавдаа бараг л ээжээсээ илүү, бүр ухаангүй хайртай байсан юм.   
Биднийг маш их эрхлүүлдэг хэрнээ хэзээ ч давраадаггүй сонин хүн байсан юм. Сул тал нь гэвэл дэндүү зөрүүд, хэтэрхий өөрийнхөөрөө хүн байж дээ. Ямар ч тохиолдолд аавын шийдвэрээр л бүх асуудал шийдэгддэг байсан. Буруу ч байсан, зөв ч байсан яг л өөрийнхөөрөө зүтгэчихдэг. Ааваасаа яаж ч зөрүүдлээд нэг л мэдэхэд асуудал аавын анхны гаргасан шийдвэрээр болчихсон байдаг байж билээ. Бид хэдийнхээ учрыг олохдоо ч бас их сайн хүн байж. Төрүүлсэн үрээ мэдэж захирахгүй бол одоо ямар ч эр хүн гэхэв дээ.    
Архи, тамхи хэрэглэдэггүй, ан авд хорхойтой, маш тайван дөлгөөхөн хэрнээ доожоогүй биш, цагаа тулахаар бас их шартай, зөрүүд, ямар ч юмыг өөрөө л хийхгүй бол хүний хийсэн юм сэтгэлд нь нийцдэггүй зантай хүн байж. Ангийн арьс үсэнд шуналтаж ан хийх гэдэггүй, зүгээр л хээр гарч сайхан хийморио сэргээх дуртай, хааяа нэг найзуудтайгаа салхинд гарч, тарваганы боодог хийж идэх их дуртай байж билээ. Бас зун болохоор бид хэдийг аваад, бас найзуудынхаа гэр бүлийнхэнтэй хамт Туулын хөвөөнд очиж ямааны боодог хийх их хоббитой хүн байсан даа. Гэртээ бол гэрийн ерөнхийлөгч, ерөнхий сайдын үүргийг бүгдийг нь гүйцэтгэнэ. Бас тогооч, цахилгаанчин, мужаан, зун болохоор будагчин, засварчин заримдаа гуталчин гээд л бүх төрлийн мэргэжлийн ажлыг хийдэг хүн байсан.  Юм юмаар оролддог энэ уйгагүй зан нь харамсалтай нь бид нарыг бүгдийг нь залхуу болгочихсон юм шиг санагдаад байгаа.   
Харанхуй өрөөнд аавын гэх хэн ч хөдөлгөж дийлэхгүй багажны хайрцаг, 2 урт буу байдаг байж билээ. Нэг буугаа зарчихаач гээд л нэг цагдаагийн ажилтан ах манайд дандаа ирдэг байсан. Яагаад таныг 2 буутай гэдгийг мэддэг юм бэ гэсэн чинь “аан энэ буунууд чинь цагдаад бүртгэлтэй байдаг, бас татвар төлдөг болохоор сайн мэдэж байгаа юм” гэж байсан. Буугаа зарахгүй л байдаг байсан, сүүлд том ахыг өнгөрсний дараа, өөрөө өнгөрөхөөсөө 3-4-хөн жилийн өмнө “одоо ч энэ бууны хэрэг бараг байхгүй болж байна” гээд нөгөө бууг нь гуйгаад байсан цагдаагийн ахад нэг буугаа зарчихаж билээ. Нөгөөх нь ямар ч уйгагүй олон жил бууг нь авах гэж гуйсан юм, сая бодсон чинь нээрээ сонин санагдчихлаа. Одоо эргээд бодоод байхад 2 хүүтэй болохоороо 2 буу хадгалаад байдаг байсан байх. Тэгээд том ахыг өнгөрчихөөр нэг буугаа зарсан байх. Одоо нэг буу нь бага ахад маань үлдсэн. Өвөл болохоор л зэрлэг гахайнд явах юмсан гээд л донтчихдог байсан. Аавын агнаж ирээд, лаврын навчаар амталж чанасан зэрлэг гахайн мах ч бас салахын аргагүй гоё байсан шүү. Зээр, гөрөөсний махаар бас, бууз хуушуур хийж өгнө бид хэдэд. Тэгэхэд нь ямар муухай хар махтай юм бэ гээд л сэжиглээд идэхгүй маягланашдээ.  
Биднээс хичээлээ сайн хийхийг л шаарддаг байсан. Шинэ ном авах хэрэгтэй байна гэхээр үг дуугүй авч өгдөг байсан мөртлөө, шинэ хувцас авъя гэхээр үнэхээр хувцас худалдаж авах шаардлагатай эсэхийг нягтлаад эхэлдэг байж билээ. Хичээлээ хийж байгаа дүр үзүүлээд дэвтэр, ном шагайгаад сууж байвал саад болохгүй тойруулаад орчин тойрныг цэвэрлэчихдэг, хажууд сэмхэн хоол хийгээд авчраад тавьчихдаг. Хөгжим чарлуулаад, гиеүрээд сууж байвал цахилгааны мөнгө хэмнэ гэж уурладаг. Заримдаа өгөөмөр ч юм шиг, заримдаа нарийн ч юм шиг. Зун болохоор дугуй авахуулах гэж гуйгаад, өвөл болохоор коньки авч өгөөч гэж гуйгаад бараагүй л юм даа. Дугуй унавал машин доогуур орчихно, конькигоор гулгавал мөсөн дээр савж унаад тархиа хагалчихна, бас доторгүй нимгэн юм чинь хөлөө хөлдөөчихнө, дороосоо даараад ханиад хүрнэ гээд л инээдтэй юм яриад уур хүргээд хөдөлж өгдөггүй байсан шүү. Тэгсээр байгаад л дугуй, коньки гуйх насыг минь өнгөрөөчихсөн юм даа. Тэгсэн мөртлөө бараг л размер размераар нь шахуу бөмбөг авч өгнө. Сагсны бөмбөг, агаарын болон ширээний теннисний ракет, бөмбөг, гитар, мандалин гээд хөгжмийн зэмсгүүд гэх мэт ер нь л тэр үеийн дэлгүүрт гардаг байсан бидний үеийнхний тоглож хэрэглэж өссөн бүх зүйлийг л харамлахгүй авч өгдөг байсан юм. Авч өгнө гэсэн юмаа бол нэхээгүй байхад аваад өгдөг мөртлөө авч өгөхгүй гэсэн юмаа яаж ч уйлж, дуулж гуйсан үгүй л бол үгүй гээд тас гүрийчихдэг сонин зантай хүн байж билээ. 
Бид нарт тэр үеийн бараг л бүх орос, монгол сонин сэтгүүлийг захиалж өгдөг байсан. Тэд нар нь ядаж байхад ямар ч хямдхан байсан юм. Бас сонирхсон бүх номыг авч өгдөг мөртлөө өөрөө “Газар шороо”, “Элс цас”, “Зүрхний хилэн” гэх мэтийн цөөхөөн хэдэн монгол номыг л уншсан байх. Алба, амины ажил нь барагддаггүй хүн байсан болохоор нэг номоо уншиж дуусгах гэж бараг жил болно. Гадаад ном уншихаар хүмүүсийнх нь нэрийг андуураад ойлгодоггүй гээд бид хэдэд шоолуулдаг байж билээ.  
Гадаа бүрэнхий болоод ирэхээр л байрны гадаа найзуудтайгаа тоглоод эсвэл дэмий чалчаад байж байхад аль хэдийн орцны үүдэнд гэрийнхээ хувцастай гараад ирчихсэн, нүд салгалгүй харуулдаад л зогсож байдаг байж билээ. Тэгэхэд нь та одоо харгалзагч аятай хүн ч гадаа тайван тоглуулахгүй гээд л уурлаад л, болж өгвөл гэртээ мөд орохгүй санаатай байраа тойрч бултаад л бас зугаатай байжээ. Айлын хүүхдийн дугуйг гуйж унаад л байрны гадаах машин зам дээр явж байхад аль хэдийн цонхоор харчихсан, цонхоор цухуйж ирээд л “машинд дайруулж үхэх чинь дутаа юу чи” гээд л уурлаад хашгирч байдаг байсансан.  
Жил бүрийн 11 сарын 7-ны Октябрийн баяр надад их уйтгартай санагддаг байж билээ. Аав дандаа энэ өдрүүдэд өвлийн идшээ бэлдэнэ гээд хөдөө явчихдаг байсан болохоор гэр ханхайгаад, эзгүйрээд, чанга ярихаар бараг л цуурайтаад байгаа юм шиг санагдаад ёстой муухай байдаг байсан. Аав гэрт байвал тэгээд л гэр халуу дүүгээд л, дүүрээд л хичнээн гоё байдаг байлаа.  
Хөөрхий муу аав минь олны дунд эгэл жирийн л нэгэн байсан, эд хөрөнгө, нэр төрийн хойноос хөөцөлддөггүй, мөрөөрөө л ажлаа хийгээд явдаг, бусдаас илүү гарах гэж зүтгэдэггүй ч бусдаас доор байхыг хүсдэггүй тийм л хүн байсан. Харин бидний хувьд эгэлгүй нэгэн байсан юм. Өөрийгөө үл тоон бидний төлөө чадах бүхнээ зориулсан, биднийг хүн шиг хүн болгож, хүний дайтай амьдруулах юмсан гэсэн чин сэтгэлээр эр хүнийхээ, эцэг хүнийхээ үүргийг хариуцлагатайгаар биелүүлсэнд тань, бидний хүүхэд насыг хөөр баяраар дүүрэн өнгөрүүлж, амьдралын хатуу хөтүүг мэдрүүлээгүйд тань тандаа талархаад баршгүй.  Энх мөнхийн орондоо тайван нойрс доо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment