RSS

Хувь тавилан уу, үйлийн үр үү?

Би гунигламааргүй байна. Гэвч... Зүрх ачааллаа дийлэхгүй нь. Гуниглаад... Гуниг намайг эзлээд, өмчлөөд байна. Би мултармаар л байна. Мултаръя гэвч яг одоогийн байдлаар миний чадал хүрэхгүй нь.
Олон жилийн өмнө тэр нэг зурхайч ламын зурж хэлж өгсөн зүйлүүд яг биеллээ олоод байх юм. Үнэхээр тааж буудсан уу, эсвэл би биелтэл нь яриад амилуулчихав уу? Эхэндээ сонин хачин, доог тохуу болгоод л ярьдаг байсан, хамгийн эхний үйл явдал биелээд эхлэнгүүт гайхаад эргэлзээд эхэлсэн, одоо би айж байна.
Дандаа л банк, санхүүгийн салбарт ажилладаг, мэргэжил нэгт залуучууд л намайг эргүүлдэг байхад "Чи цэргийн хүнтэй л учирна" гэж тэс хөндлөнтөж миний уурыг хүргэсэн. "Би хэзээ ч  тийм бүдүүлэг, дээрэлхүү цэргийн хар хүнтэй учрахгүй, ёстой гай л байна, би  банкинд ажилладаг жентельмен залуутай л учирна" гэж тэр үед би бодож, басаж байсан.  Гэтэл  үлгэр биелчихсэн. Гэвч миний төсөөлсөн шиг тийм аймшгийн хүн байгаагүй л дээ. Сайхан залуу байсан. Би өөрийнхөө ажилладаг салбараас цаашаа үнэндээ л мэдээлэлгүй, мэдлэггүй юм байналээ.
Чамайг тэр хүн эхлээд нэлээн зовооно гэсэн. Одоо бодоход тухайн үед энэ үгийг л надад хэлэх ёсгүй байсан юм шиг. Би түүнийг цэргийн хүн гэж мэдэнгүүтээ холдохын түүс болоод эхэлсэн. Зовохгүйн тулд... Түүнтэй л хамт байвал зовно гээд ойлгочихсон учраас тэр. Тэр буруу бодлоосоо болж, тэгээд ядаж байхад тэр үед ажилгүй, цалингүй бөөн асуудал байсан болохоор үнэндээ түүний хажууд байж, муугаа үзүүлэхийг хүсээгүй. Тэнэг, бардам зангаасаа болж тэр. Тэгээд л асуудал эхэлсэн. Учир нь салах тухай бодоод хэрэгжүүлээд эхлэнгүүт салах ёсгүй гэсэн шиг... Жирэмсэн болчихсон байсан.
Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр... Илжигнүүд хүртэл ядарсан намайг улам зовоох гээд жороолоод эхэлсэн. Түүнтэй танилцуулсан найз маань өөрөө сэтгэлтэй байсан юмуу хаашаа юм. Бид 2 танилцсан өдрөөс эхлээд л тэр надаас салахгүй байсан болохоор  би найздаа "бид 2 хамт явж байна" гээд хэлчихсэн чинь... Байж байгаад л над руу мессеж бичээд "хаана, хэнтэй байна?" гээд шалгаагаад байсан юм. Тусдаа байх тэр агшинд түүн рүү утасдаж баахан загнасан байгаа юм даа. Тэрнийг нь би өнгөрсөн намар л мэдсэн.
Бас нэг найз маань "эр хүнд итгэхээр..." гээд л зөвөлгөө өгөөд салдаггүй. "Эрчүүд гэдэг хуурамч амьтад, болгоомжтой байгаарай, наадах чинь бас л нэг худлаа амьтан байгаа биз бла бла...." гээд л зогсоо зайгүй сургааль айлдчихсан. Өөрөө нөхрөөсөө салчихсан байсан болохоор тийм сөрөг бодолтой болчихсон байсан байх. Тухайн үедээ тэр ярьж байгаа зүйлийг нь огт тоохгүй байсан хэрнээ бид 2-н харилцааны явцад ямар нэгэн асуудал гарахад л нөгөө найзын хорон зөвөлгөө санаанд ороод, өөрийн эрхгүй л хэрүүл болгоод... Бусдын үгэнд, тэр тусмаа хэн нэгэн гомдол, бухимдал тээсэн хүний үгэнд хэзээ ч орж болохгүй юм байна гэдгийг би тэр үед ойлгож мэдсэн.
Эхний үед тэрэнтэй тэрэнгүй болно, болгоно л гэж бодож явсан. Ганцаараа бүх асуудлаа зохицуулсан, бүгдийг толгой мэдэн шийдвэрлэсэн. Миний асуудал бол минийх, би өөрөө л зохицуулах ёстой гэж л итгэж явлаа. Эмнэлэгт үзүүлээд явж байхдаа жирэмсэн найз охиноо халамжлаад явж байгаа залууг харчихаад ганцаараа явж байгаадаа гэнэт ичээд, бас гомдоод гэртээ ирээд баахан уйлж билээ. Тэгээд уурандаа түүн рүү баахан мессеж бичиж уураа гаргаад...
Охиноо төрүүлчихээд би зовохгүй байна, намайг зовооно гэж худлаа хэлсэн гээд л итгээд явдаг байлаа. Хүчээр өөрийгөө итгүүлээд, муу юм бодохгүйг хичээгээд, аль болох өөдрөг байхыг л хичээдэг байсан. Үнэндээ ч би зовоогүй л дээ.
Ойрын өдрүүдэд охин надаас аавыгаа нэхээд байдаг болчихлоо. Машин харвал "ааваа иежийн" гээд, цонхоор гадаа явж байгаа эрэгтэй хүн харахаараа "ааваа мөн үү?" гээд л. Дөнгөж 2 настай ингэж байгаа юм чинь 4-5 хүрэхээрээ яах юм болоо? Хааяа нэг ирээд явдаг болохоор ямар ч байсан аав гэж хүн байх ёстойг мэддэг болчихсон байх. Арай илүү ухаан ороод ирэхээрээ надаас бүр их юм шалгаах байх даа. Яагаад хамт байхгүй байгаа юм гэдгээс эхлээд...
Өнгөрсөн хагас сайнд бид 2 уулзаад... Дандаа л гэрт ирдэг, би хүүхэдтэй зууралдаад тухтай юм ярьж чаддаггүй байсан болохоор энэ удаад зориуд охиноо дүүтэйгээ үлдээгээд гадуур гарсан юм.
"Би чамтай болж, бүтэх гэж хичээсэн. Бүгдийг чи өөрөө нураасан бла бла...." гээд баахан л юм ярьж байна. Зөвхөн би л буруутай гэнэ. Миний буруу ч байгаа л даа. Би ч гэсэн тэрэнд хайртай, болж бүтчих юмсан л гэж бодож байсан. Намайг нэг ч удаа аргадаж гуйгаагүй, дандаа загнадаг байсан юм байж... Би аавдаа эрхэлж, ах нараараа өмөөрүүлж өссөн эрхийн тэнэг охин байсан болохоор эрэгтэй хүнээр аргадуулах, гуйлгуулах дуртай. Дандаа л загнаад байхаар чинь миний дургүй хүрнэшд. Хааяа нэг загнахад бол бас яахав дээ, хүлээж авнашд. Тэгээд бас би тэрнийг гуйх ёстой байсан юм гэнэ. "Уучлаарай би эр хүний араас гүйж үзээгүй, сураагүй, чадахчгүй" л гэлээ. Үнэн нь л тэр юм чинь. Манай хүн араасаа гүйлгэх, гуйлгах, аргадуулах дуртай юм байна л даа. "Амархан олдсон чихэрнээс, зовж олсон хатуу ааруул илүү амттай" гэж ярьдаг эрчүүд ихэнх нь байдгийг мэдэх юм байна. Магадгүй би бас айлын бага, эрх хүүхдийн аргыг олохгүй байсан байх л даа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр бид 2-т хоёуланд нь буруу байсан.
Гэлээ гээд... Бүхэл бүтэн нэг хүний ирээдүй, хувь заяа бидний гарт байгаа гэдгийг хэн нь ч тооцоолоогүй. Зөвхөн өөрсдийгөө л бодоод, өөрсдийнхөөрөө л зүтгээд, өөрсдөө л жаргах гээд үзээд байсан. Охиноо хэн нь ч бодоогүй. Одоо би харамсахын дээдээр харамсаж байна. Энэ хүүхдийн эрх ашгийн төлөө би ч, тэр ч өөрийнхөө зарим нэг эрх ашиг, сонирхлоос татгалзах ёстой байсан юм байна. Зарим нэг асуудалд буулт хийж, хүүхдийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдэх, шийдвэр гаргаж байх ёстой байсан юм байна.
Миний охин ингээд аавгүй өсвөл яанаа гэж бодохоос би үхтлээ айж байна. Би өөрөө аавын хайрыг ханатлаа амсаж өссөн. Аавгүй амьдралыг би төсөөлж чадахгүй байна. Миний охины аав ч ялгаагүй сайн аавтай. Аавгүй байх ямар байдгийг би ч, тэр ч мэдэхгүй, ойлгохгүй. Яавч сайхан биш л байж таараа. Намайг зовоох асуудал энэ л болж таарах юм байх даа.
Яагаад? Яагаад бие биедээ хайртай байж хамтдаа байж чадахгүй ингэж зовох ёстой юм бэ? Яагаад, яасан гэж миний охиныг энэ хорвоод хамгийн чухал зүйлээр нь дутааж амьдруулах гээд байгаа юм бэ?
Би гунигламааргүй байна. Гуниглахгүй гээд хичээгээд байхад гуниглаад байна. Зүрх, сэтгэл өвдөөд байна. Өвчнийг минь илааршуулж өгөөч Бурхан минь, гуйя.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment