RSS

Сүнсэнд бариулаад...

Yeah, урьд шөнө ёстой аймаар эвгүй юм боллоо.Одоо бодохоос дотор арзайгаад айдас төрөөд байна.
Яг сайхан гүн нойрон дунд нэг л дарамттай унтаад бүр хөдөлж чаддаггүй. Тэгээд сэрэх шиг л болсон. Гарцаагүй зүүд биш байсан даа. Нэг том биетэй бадриун залуу миний баруун талд  хэвтээд байна. Намайг бүдүүн хөлөөрөө тас дараад, гарыг минь тас атгаад... Би хөдөлж чадах нь битгий хэл амьсгаа давчдаад  уужуухан амьсгалж ч чаддаггүй. Тэрүүхэн хооронд гайхаад энэ чинь юу билээ гэж бодогдоод, охины аав ирчихсэн байгаа билүү ч гэж бодлоо. Гэтэл нэг л бишээ. Бодоод байсан чинь охины аав ирээгүй санагдаад... Арай л өөр, огт танихгүй хүн мэдрэгдээд байх юм. Охин надад ингэж наалдаад унтаад байгаа юм болов уу гэсэн чинь, бас биш. Охин зүүн талд жижигхэн хөлөө надад наагаад орон дээр тэс хөндлөн унтаж байна. Намайг сүнс дарчихаж гэж бодогдонгуут хөдлөх гэсэн чинь хөдөлж чаддаггүй, дуугарах гэсэн дуу гардаггүй. Зөвхөн бодож л чадсан. Сэрээрэй, сэрээрэй, нүдээ нээгээрэй гээд өөртөө дотроо хэлээд хамаг хүчээ шавхсан. "Ум даарий дудаарий дүүрий суухай" гэдэг тарни аманд орж ирээд, үглээд уншаад... Дарь эхийн тарни билүү энэ чинь? Хамаг чадлаараа үзэлцэж байж арай гэж тэр аймшгаас салсан. Бүрэн сэрээд харсан чинь охинтойгоо 2-лаа л унтаж байна. Миний хамаг биений хөлс гарчихсан, би бүр ядарчихсан байгаа юм даа. Айгаад эргээд унтаж чаддаггүй. Тэгээд шөнө нээх тухгүй хонолоошд.
Хэд хоногийн өмнө охины аав ирэхдээ хөдөө Дорнодод ажлаар явж байгаад шөнө нь сүнсэнд даруулаад гээд ярьсан юмаа. Том эрэгтэй хүн байсан, гар нь гарт баригдаад мэдрэгдсэн, ёстой аймаар эвгүй гээд ярьсан байхгүй юу.  Хашгирах гэсэн дуу нь гарахгүй, гонгиноод нэг сонин дуугарсан гэнээ. Тэгсэн чинь хамт явж байсан нэг залуу нь манай дарга эмэгтэй хүнтэй  байгаа юм байх даа гэж бодсон гэнэ хахаха. Яг тэр мэдрэмжийг би урд шөнө өөрийнхөө биеэр мэдэрдэг байнашд.
Тэгэхээр мань хүний аура гэмтэлтэй гадны муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа гэсэн үг байх. Минийх бас ялгаагүй. Тэгээд тэрэнд наалдсан байсан сүнс надаа наалдсан байхаа. Яаж дом хийдэг юм болоо? Гарцаагүй Гандан гарах хэрэг гарах нь дээ аягүй бол, бүүр эвгүй санагдаад болдоггүй. Ажлынхандаа ирээд хэлсэн чинь Гандан гарч ном уншуул, одоо ажил үйлс чинь бүтэхгүй гээд байх юм.
Хагас сайн өдөр банкны зугаалгатай, тэгэхээр лав амжихгүй юм байна. Бүтэн сайнд гэрээсээ толгойгоо цухуйлгаж чадвал очиж нэг хонх, дамарны дуу сонсож тэр муу юмыг нь үргээхийг бодъё доо. Ёоооо, надад наалдаад миний дэргэд байгаа гэж бодсон чинь бүр нурууны үс босчихлоо ийийийиий...
Дээр үед, 20 орчим настай байхад надад бас нэг ийм юм тохиолдож байсан юм. Унтаж байсан чинь нэг аймаар арзайсан эмгэн надад ойртоод байдаг. Би айгаад хашгираад аав, ээжийг дуудах гэсэн чинь дуу гардаггүй. Юу юугүй ирээд л дараад авчих юм бол би үхэх юм шиг санагдаад босоод гүйх гэсэн хөдөлж чаддаггүй. Хамаг хүчээ шавхаж байгаад яг тэр эмгэнийг тулаад ирэхэд нь нэг юм хөдлөөд өндийж байгаа юм чинь. Тэгээд нөгөө өрөөнд унтаж байсан ээжийг дуудаад сэрээгээд "та сая над руу үсээ арзайлгаад ирээд хоолой боох гэж байсан уу?" гэж тэнэгтэж байсан юм хахаха. Ээж гайхна биз дээ ккк. Би тэгээд айсандаа уйлаад бөөн юм болж байлаашд. Маргааш өглөө нь ээж Гандан гарч ном уншуулж намайг нэг тайвшруулж байсан юм.
Өнгөрсөн жил дээд сургуулийн ангийн нэг найз маань шинэ байранд ороод бөөн баяр болж байсан хүн гэв гэнэт хагалгаанд орох болов. Савнаас нь нэг сонин хавдар ч юмуу, юу ч юм нэг юм гарсан гэж байгаа. Дараа нь уулзаад буу халж суусан чинь шинэ байранд орсон өдрөөсөө эхлээд шөнө унтаж чадахаа больсон гэнэ. Унтангуут нь л нэг эмэгтэй хүн хөлийг нь илдэг ч гэлүү, тэгээд л бэлхүүсэнд нь хүрэхэд нь л цочоод сэрдэг байсан гэнэ. Сүүлдээ айгаад байнга гэрлээ асаалттай унтах болсон гэнэ. Хагалгаанд ороод гарч ирсэнийхээ дараа гэртээ лам авчраад үзүүлсэн чинь "энд нэг эмэгтэй хүний сүнс байна" гээд ном уншаад, хонх дамар дуугаргаад үргээсэн гэнэ. Тэрнээс хойш шөнө тайван унтдаг болсон гэсэн. Дахиж тийм юм мэдрээгүй.
Олон жилийн өмнө, дөнгөж 1-р ангид орж байхад, манай байрны нэг хөөрхөн охин манай нөгөө ангид орсон юм. Гэв гэнэт эдгэршгүй өвчтэй болчихсон. Байнгын татаж унадаг. 7-8 дугаар ангид байхдаа хамгийн анх ухаан алдаж унасан тухайгаа надаа ярьж өгсөн юм. Ангийнх нь нэг хүүхдийн ээж нас барсан гээд багш нь аминдаа ангийн дарга гээд тэр охиныг дагуулаад явж л дээ. Гэрт нь ороод сууж байсан чинь нэг хар юм сүүдэгнээд ойртоод байсан гэнэ. Улам ойртохыг нь мэдрээд л хөдөлж чадахгүй хөшөөд суучихсан гэнэ. Гэв гэнэт үсрээд л өөрт нь наалдах шиг болсон, тэгээд л ухаан алдсан. Тэр өдрөөс хойш насаараа татаж унадаг өвчтэй болсон доо хөөрхий. Эмнэлэгээр яваад дийлээгүй. Өдөр бүр тогтмол эм уудаг. Соц нийгмийн үед ээж аав 2 нь очиж үзээгүй мэргэн түргэн хүн байхгүй. Аргаа барсан. Ухаан нь эрүүл мөртлөө байнгын татаад хөшөөд уначихдаг нь маш хэцүү.
Аан нээрээ бас нэг маш сонин тохиолдол болсоншдээ. Хэдэн жилийн өмнө манай нэг казак найз надад "чи казакын тарни уншвал чамд илүү нөлөөлнө, би Гандан гарч ном уншуулвал надад илүү нөлөөлнө" гээд сонин юм яриад болдоггүй. Тэгээд намайг гэрийнхээ тэнд байдаг казак ламд дагуулж очоод, нөгөө лам надаа казак тарни бичиж өгсөн юм. Би дор нь цээжилчихсэн. Манай найз хааяа ямар нэг ажил хөөцөлдөхөөрөө ном уншуулна гээд Гандан гардаг байсан юм.
Гэтэл нэг шөнө манай дүү унтаж байснаа гэнэт хашгираад... Нэг хар юм над руу ойртоод байна гээд гэнэт орилоод уйлав. Одоо бодоход яг надад урьд шөнө тохиолдсон шиг юм болсон байхаа. Дөнгөж 8 настай байсан юмаа. Би дагаад айчихсан. Гэнэт нөгөө казак тарни санаанд орж ирээд амандаа уншсаар байгаад унтчихаж. Тэгсэн нэг сонин зүүд зүүдлээд... "Бага насны 3 хүүхэд дагуулсан навсайсан казак эмэгтэй, бас нэг эрүү өвдөг нь нийлэх шахсан, өнөө маргаашгүй болсон казак эмгэн, тэгээд манай 2 дүү бид гурав нэг сонин эзгүй газар байж байх юм. Гэнэт нөгөө казак лам, 5-6 казак үндэсний хувцастай буу үүрсэн цэргүүд юмуу хаашаа юм хүмүүс гараад ирлээ. Тэгснээ бид нарыг тойроод бүслээд зогссоноо "молда-г хамгаалалтандаа ав" гэцгээгээд байна. Нөгөө казак лам тэгсэн "наад хөгшнөөсөө бусдыг нь хамгаал" гэсэн үүрэг өгөөд... Эмгэнийг тойргийн гадна үлдээнгүүтээ бид хэдийг тойроод хамгаалаад зогссон чинь лам казакаар ном уншаад, уншиж дуусаад л яваад өгцгөөсөн". Аягүй сонин зүүд... Маргааш нь энэ зүүд бодогдоод болохгүй, найз руугаа утасдаад асуусан чинь Молда гэдэг нь казакаар лам гэсэн үг юм гэнэ. Урьд нь би тэр үгийг хаа нэгтээ сонсож байснаа огт санахгүй байгаа юмаа. Аймаар гайхсаншд. Тэр үед бид 3 ханиад хүрээд л бяцхан бяцхан өвчин эргүүлээд байсан юм. Тэгсэн тэр зүүдний дараа 3-лаа зүв зүгээр болцгоочихсоншд. Би энэ зүүдийг одоо болтол гайхаад, учрыг нь олдоггүй юм. Одоо болтол эргээд дурсахад надаа тодоос тод санагдаад байдаг юм тэр зүүд. Бодвол тэр шөнө нэг хөгшин казак эмээ хорвоогоос хальсан байх гэж бодогдоод байдаг юм.
За баахан аймшгийн юмнууд ярьчихлаа. Гэхдээ миний амьдралд тохиолдсон бодит жишээнүүд шүү. Миний гайхаж явдаг, учрыг нь олоход хэцүү тохиолдлууд...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment