RSS

Үрийн санаа

Эхийн санаа үрд, үрийн санаа аавд, аавын санаа ууланд байдаг юм биш үү? Саяхан болсон үйл явдлаас ийм дүгнэлтэнд хүрэхэд хүрлээ. 
Нэг найзын маань нөхөр нь 7 жилийн өмнө нялх биетэй эхнэр, нярай хүүгээ орхиод эргэж ирэхгүйгээр яваад өгсөн юм. Тэр ардаа ямар их сэтгэлийн зовлон үлдээж байгаагаа огт мэдээгүй, өөрийнхөө жаргалын араас хөөцөлдөөд л яваад өгсөн. Ерөөс энэ талаар бодохыг ч хүсээгүй байх. Бүхэл бүтэн нэг хувь заяа, тавиланг аавгүй өсөх, бусдаас дутуугаа мэдэрч өсөх эмзэглэл дунд орхиод өөр амьдрал сонгоод явсан. Тэр үеийг эргээд дурсахаар... Өлгийндөө үнэгчлэн амгалан гэгч нь нойрсох нярай, гомдол нь дээд цэгтээ тулсан болов уу гэмээр цөхөрсөн найзын минь харц... Тухайн үед би тэр харцнаас цочиж билээ. Одооч мартдаггүй юм. Гэхдээ өөрт нь хэлээгүй. Байдаг л асуудалшдээ гэж тайвшруулахыг л оролдож байснаас өөрөөр би үнэндээ яаж ч чадахгүй байсан юм.
Хүү өсөж том болсон. Хүн болох замаар, жамаар л өсөж өндийсөн. Хүүтэй цуг эхийнх нь амьдрал, ажил, карьер бүх юм өсөж өндийсөн. Цаг хугацаатай уралдан сэтгэл санаа нь ч өөдрөг болсон. Өмнөх зовлон ул болж, шинэ амьдралын эрч хүчээр дүүрэн нэгэн болсон. Өнөөдөр тэр 2-т ааваас бусад бүх юм байгаа. 
4 настайдаа нэг удаа "Ээжээ, миний аав хаана байдаг юм бэ? Яагаад би бусад хүүхэд шиг аавгүй юм бэ?" гэж асуусан гэнэ. Ээж нь тэр үед тулгамдаад "Чиний аав үхчихсэн" гээд хэлчихэж. Хэсэг хугацааны дараа "Та худлаа ярьлаа. Альбом дээр байдаг аав одоо хаана байгаа юм бэ?" гэхэд нь манай найз хүүдээ уурлаад "Чиний аав муу хүн болохоор чи бид 2-г орхиод явсан" гэж ууртайгаар хэлчихсэн гэнэ. Тэрнээс хойш чимээгүй болоод, дахиж асуухгүй байна гэж надаа ярьж байлаа. 
Аавынхаа талаар асуувал ээж уурладаг юм байна гэдгийг ойлгосон учраас хүү дахиж асуухгүй, дотроо л аавтайгаа уулзахыг хүсээд явдаг байсан юм шиг байгаа юм. Бас нэг удаа ээжээсээ "аавын утсыг өгөөтөх" гэж хэлээд бас загнуулаад дуугай болсон гэнэ. Тэгээд найз маань аавыг нь их л муу хүн мэтээр ойлгуулж, дахиж асуухгүй болгох гэж  баахан юм ярьсан юм байх. Хүү наанаа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байсан хэдий ч... 
Саяхан оны өмнө гэнэт хүүгийн аав уулзахыг хүсэж ярьсан гэнэ. Надад хэлэхээр нь би шууд уулзуул л гэсэн. Аав нь ямар хүн байдгийг ядаж хараг гэж бодоод...  Гэхдээ хүүдээ хэлэхгүй байж байгаад уулзуулаарай гэж захисан юм. Тэгтэл тэсэхгүй гэртээ очоод "аав чинь чамтай уулзъя гэж байна" гээд хүүдээ хэлчихэж. Тэгсэн чинь...
Хүүгийн дотор нуугдаж байсан хүсэл, бодол тэсрэх нь тэр. Ээжийнхээ өөдөөс үл тоож байгаа юм шиг царай гаргах гэсэн боловч... Хүүхэдшдээ. Юугаа ч нууж чадахгүй. Сэтгэл нь хөөрөөд л дуу шуу ороод, гүйж харайгаад л шууд шал өөр болчихсон гэнэ. Явдал нь бараг л нисэлт болсон гэнэ. Аавыгаа огт хараагүй байж ингэж дотроо үгүйлж, бэтгэрч байсныг нь би огт мэдээгүй гээд найз маань бүр гайхчихсан сууж байлаа. 
Аав, хүү хоёрын уулзалт...
Намайг ирнэ гэж битгий хэлээрэй, маргааш өглөө яваад очъё гэж хэлж. Өглөө цайгаа уугаад сууж байхад нь орж ирж л дээ. Хүүгээсээ "Энэ хүн хэнтэй адилхан байна?" гэсэн чинь "Мэдэхгүй" гэж гайхаад сууж байсанаа "Аав уу?" гээд хэзээний хамт амьдарч байсан юм шиг, хэд хоногоор хол яваад ирж байгаа аавтайгаа уулзаж байгаа юм шиг босож очоод үнсүүлсэн гэнэ. Гэрэвших, нэрэлхэх асуудал юу ч байхгүй. Тэгээд зогсоо зайгүй "ааваа, ааваа" гээд л шулганаад л зөндөө юм ярьсан гэнэ. "Ааваа" гэснээ "энэ үгийг би бараг хэлж үзээгүй, ямар сонин юм бэ, хэлсэн чинь" гээд л инээгээд байсан гэсэн. "Та намайг сургууль дээр ирж авч байгаарай, би таныг найзууддаа харуулна, миний утсан дээр дугаараа тэмдэглээтэх, Dad гэж бичээрэй..." гээд л баахан юм шулганачихсан гэсэн. 7 жил, за 3 наснаас ухаан орсон цагаасаа гэж тооцох юм бол 4 жил бэтгэрсэн сэтгэл... Хүүхдийг хүүхэд гэж басаж болохгүй юм байна гэдгийг л бидэнд ойлгууллаа. Ямар их юм бодож, бэтгэрч явсан нь тэр өдөр мэдэгдсэн. 
Найзын хэлснээр, аавынх нь ярианаас... 
Ажил амьдрал нь өөдлөхөө больсон. Хоёр дахь амьдрал нь амьдрал болоогүй, саяхан  гэрлэлтээ цуцлуулсан. Ажил нь урагшгүй.  Нэг л өөдлөхгүй болохоор нь ламдах дуртай ээж нь баахан лам хард үзүүлсэн юм байх. Хүүхдийн заяа гомдоосноос, нуган үрийнхээ заяаг гомдоосноос, хүү нь ирэхийг нь хүлээгээд буян нэхээд байгаагаас ингээд өөдлөхгүй байгаа юм байна гээд нэг мундаг нь юм уу, тааж бууддаг нь юмуу хэлээтхэж л дээ. Тэгээд л 7 жилийн өмнө жишимчгүй хаяад явсан үртэйгээ уулзахаар ирсэн нь тэр юм гэнэ. Залуу насны болчимгүй алдаа гэж өөрийгөө цагаатгасан юм байхаа. 
Гэхдээ хүүгээ гэсэн чин сэтгэл харагдахгүй л байна гээд найз маань жоохон сэтгэл дундуур байсан. Харин хүү нь хөл нь газар хүрэхгүй баярлаад бөөн юм болж байгаа. Одоо ч сэтгэл санаа нь сэргээд, сэргэлэн болжмор шиг болчихоод байж байгаа. 
Хүүтэйгээ уулзсаны дараа байгууллагынхаа ёолконд очоод сугалаанд аз таараад, бас бүтэхгүй байсан нэг ажил нь нааштайгаар шийдэгдээд... Их сайхан болсон юм байхаа. Хэд хоногийн дараа утсаар тэгж ярьсан гэнэ.
Хүүгийн аавыгаа гэсэн сэтгэл, аавынх нь хүүгээ гэсэн сэтгэлтэй дүйж байвал жинхэнэ аз жаргал тэр болох байх. Гэвч аав зөвхөн өөрийгөө л бодсон сэтгэлээр хүүтэйгээ уулзаж нэгэн цаг үеийг хуурсан юм шиг санагдаад би бас сэтгэл гонсгор л байна. Муу үйлийн үр хэзээд ирдэг жамаар эргээд л 2 дахь бусниулсан амьдралынхаа эргүүлгэнд дахиад л ороогдоод будилна гэдгээ мэдэж л байгаа байгаа даа тэр залуу. Хувь тавилан гэж сонин юм шүү. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment