Охин айл руу явчихсан болохоор өчигдөр орой гэрлүүгээ яарсангүй. Оройтож очоод шууд нам унтаад, өглөө арай гэж сэрлээшд. Одоо ч нойр хүрээд, унтмаар санагдаад байх юм.
Өчигдөр захиралд ажлаас халагдах мэдэгдэл өгсөн гэнэ. Нэг зээлийн асуудлаас болсон юм байх. Ямар олиг байхав дээ тийм мэдэгдэл авахад... Уг нь хөөрхий ёстой чин сэтгэлээсээ л ажлаа хийдэг байсан даа. Хүний амьдралд ч нээрээ элдвийн л зүйл тохиолдох юм даа.
Тэгээд түрүүлээд орхиод явж чаддаггүй, өрөвдөөд... Явахаар нь явъя гэж бодож сууж байснаа сүүлдээ манай бас нэг ажилтан "гарч ганц пиво ууж ярьж суух уу?" гэсэн санал тавиад... "Ну, давай" гээд уухайн тас зөвшөөрч байгаа юм чинь би кк. Захирал бид 3 хамт нэг газар орж, нэлээн орой болтол баахан ярьж суулаа. Овоо сэтгэл нь тайвшраад гэртээ харьсан.
4 жилийн өмнөх үйл явдал санагдаад, миний сэтгэл санаа шал онцгүй болчихоод байсан юм. Өмнөх ажиллаж байсан банкийг дампууруулахад бас муухай дурсамж үлдсэн шүү. Гэв гэнэт нэг орой утасдаж хэлээд л маргааш нь тушаал гаргачихаж байсан юм. Найзтайгаа орой уулзана гээд товолчихсон, яг гарах гээд байж байсан чинь над руу утасдаад... Гэнэт тийм онцгүй мэдээ сонсчихсон хүн чинь шоконд орно биз дээ? Шууд амьдрал зогсож байгаа юм шиг санагдаад л явчихсан. "Ажилгүй, цалингүй би одоо яаж амьдрах юм бэ" гээд л уйлчихсан. Байрны зээлээ төлж дуусаагүй гэж бодохоос уйлахгүй байж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд ядаж байхад тэр үе яг эдийн засгийн хямралын үе. Тийм хурдан дараагийн ажлаа олно гэхэд найдваргүй санагдаж байгаа юм чинь.
Тэгж байтал уулзахаар болзсон найз маань хурдан гараад ирээч гээд дуудсан. Гарч очоод л нөгөөхдөө яриад л бас стрессдүүлээд баахан уйлж билээ. Гэрийн ойрхон нэг ресторанд ороод суусан юмаа. Тэгсэн хоолойгоор юу ч ордоггүй, ууж идэх хүсэл өчүүхэн ч байхгүй болчихсон. Тэгсэн манай найз "гаръя" гээд... Машиндаа нээх гоё цоглог орос дууны сиди хамгийн чанга дээр нь тавиад, шууд давхичихсан. Нарны замаар баахан нааш цаашаа давхиад... Тэгсэн овоо сэргэж билээ кк. Тэр үйл явдлыг одоо эргээд дурсахад бас гоё санагдаж байна шүү кк. 4 жилийн өмнө яг өдийд байхгүй юу. 2 сарын эхэн байсан юм. Гадаа дулаараад гоё болчихсон.
Нэг хэсэгтээ л би ажлаас халагдсан гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй байж билээ. Одоо би яанаа гээд л стрессдээд л байсан. Байрны зээлээ яанаа гэж бодохоор улам л стрессдээд л... Гэлээ гээд яахав дээ. Тэр цаг үеийг даваад л гарсан. Өнөөдөр илүү гоё байртай, ажилтай, бас хөөрхөн охинтой болчихоод сууж л байна. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэж яг үнэн. Тэр үетэй харьцуулахад одоо овоо сэтгэлийн хат суусан. Ямар ч байсан юу юугүй л сэгсийтлээ уйлаад, нервтээд өөрийгөө хорлоод байхаа больсон шүү кк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment