RSS

Агаарт дүүлэх шонхорууд



Би хааяа амарч байхдаа иймэрхүү агаарын шоуны бичлэг үзэх дуртай. Сэтгэл сэргэдэг байхгүй юу онгоцны дуу сонсохоор. Хэн нь ч билээ дээ намайг нэг удаа ийм бичлэг үзээд сууж байсан чинь "ямар сонин юм сонирхдог юм бэ?" гээд гайхаад байсан.
Би чинь Налайхын хүүхэд. Миний багад манай Налайх чинь диваажин байлаа. Тэр үед оросын нисэхийн цэргийн анги тэнд байсан болохоор онгоцны дуу сонсохоор тэр сайхан цаг үе дурсагддаг юм л даа. Зуны цагт лагерьт гараагүй үедээ бол өдөржин онгоцны дуунд л гадаа тоглоод өнгөрдөг байсан. Долоо хоногийн тэгш гаригуудад нь нислэг үйлддэг байсан юм. Тэгээд бид нар "ёоо өнөөдөр чинь нислэгтэй өдөр, одоо чих амраахгүй ээ" гээд л өөрсдөө нисэх гэж байгаа юм шиг л төвөгшөөгөөд үглэдэг байж билээ.
Монгол нисгэгчид бол тээр дээгүүр, холуур ниснэ. Орос нисгэгчид бол цочтол, гэв гэнэт сүнхийтэл гарч ирээд, манай муу 5 давхар байшингийн дээр ирж буучих шахаад л нисдэг байж билээ. Тэгээд яг байшингийн дээгүүр эргэлдээд л.... Онгироо гэдэг нь.
Саяхан нэг нетээр тэнээд, элдвийн юм уншиж явж байгаад социализмын үед Монголд Налайхад байсан нэг нисгэгч "Налайх бол жинхэнэ диваажин байсан" гээд л дурсаж бичсэн байсныг нь олж уншихад их таатай байлаа. Одоо хүмүүс Гордоок (городок) гэж нэрлээд хэвшсэн тэр үеийн Нисэхийн цэргийн хотхон. Тэгээд нээрээ сониноос, тэр үед Налайхад байсан нисгэгч нарын дурсамжийг уншиж байгаад 1985 онд Городокод нисдэг таваг бууж байсан талаар олж уншсаншдээ. Бид нар тэр үед юу ч сонсоогүй, мэдээгүй өнгөрсөн мэдээг тээр олон жилийн дараа интернетийн буянаар олж уншиж байгаа юм даа. Интернет гээч юм бий болоогүй байсан бол одоо тэгээд юу ч мэдэхгүй өнгөрөх нь байнашд.
 

 2007 онд Америкууд ингэж "зүрхний бичлэг" хийсэн байна. Би л ингэж нэрлэж байгаан шүү ккк...


2011 онд оросуудын хийсэн "зүрхний бичлэг".

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 ой хүрэхэд 1 сар үлдлээ


Өнөөдөр миний охин 1 нас 11 сартай болж байна. Цагаан сараас өмнө амжиж даахийг нь үргээх төлөвлөгөөтэй байгаа. Дижитал хими хийлгэсэн юм шиг гоё буржгар үс нь хуссаны дараа дахиж хэвээрээ ургах байгаа гэж бас санаа зовоод байх юм. Зарим хүмүүс хуссаны дараа үс шал өөр болоод ургадаг гээд байх юм. Худлаа байлгүй дээ, яадаг юм болоо? Зарим нь үс нь угаасаа л ийм юм чинь энэ хэвээрээ л дахиад ургана гээд байна л даа. За мэдэхгүй.
Сүүлийн үед бас нэг араншин нэмэгдээд байна. Уурлахаараа хөмсгөө тас зангидаад, муухай хараад, хошуугаа унжуулдаг болсон байна. Бас бүр их уурыг нь хүргэвэл шууд ирээд цохиод авна. Гар нь бас тэрүүхэндээ хүчтэй. Чанга цохиж байгаа юм чинь. Хаанаас нь гарч байгаа уур вэ гэж гайхахад хүрч байнашд. Нэлээн шартай хүүхэд бололтой. Бар жилтэй хүний араншин байх гэж бодоод байгаа. Эсвэл цэцэрлэгийнхээ хүүхдүүдийг дуурайдаг юм болов уу.
Ярих гээд л шулганаад байгаа. Одоохондоо юу ч ойлгогдохгүй. Харь гаригийн хэлээр л яриад байгаа. Заримдаа солонгос хэл ч юм шиг. Миний утсыг барьчихаад л нааш цаашаа яваад л, инээгээд л, ярьж өгнөшдээ. Би тэгдэг юм байлгүй. Харсан үйлдэл болгоноо яг дуурайгаад байгаан. Тоть шиг л байгаа. Нээх хөөрхөн.
Намайг орой ажлаасаа ирэхээр хаалганы цаанаас “хэмээ” гээд л хашгирна. “Хэн бэ?” гэж байгаа юм. Тэгээд ороод ирэнгүүт баярлаад, хөөрөөд шууд миний тавчикийг аваад урд тавина.
Одоохондоо ирсэн гаригийнхаа хэлээр яриад байгаа ч гэсэн манай гаригийн хэлийг маш сайн ойлгоношдээ. Хэлсэн болгоныг ойлгоно. Удирдлага аваад өг, унтлагын хувцсаа аваад ир гээд л ойр зуур чадах юманд нь зарж өгч байгаа юм чинь. Яг хэлсний дагуу гүйцэтгэнэ.
Одоо залхуураад бантан хийж өгөхөө больсон. Гурилтай шөлөнд их дуртай. Бас махны шөлөнд чанасан будаанд учиргүй дуртай. Тарганд бол нугасгүй. Өөрөө л хоолоо идчихнэ амар. Энгэр лүүгээ жоохон асгаж цутгадаг л юм. Гэхдээ л нэг үеэ бодвол хамаагүй дээр болоод байгаа.
Гал тогоонд ширээн дээр гарч суух дуртай гэж. Ширээн дээр сууж байгаад талхан дээр цөцгий түрхээд цөцгийг нь л долоогоод байна. Талхыг нь идэхгүй. Нэмж цөцгий түрхэж байгаад л долоогоод байна, нээх сонин.  
Чихэр, шоколаданд бас их дуртай байнаа, яг над шиг. Тэгээд л диатез гараад л нүүр нь нээх ширүүн, улаан юм болчих юм. Тэр нь жоохон төвөгтэй. Бас шүдий нь хайрламаар байдаг. Гэртээ чихэр авах дургүй болоод байгаа үүнээс болоод.
Ямаа шиг юм юм руу авираад л, нисэж үхчих гээд бас их төвөгтэй. Ширээн дээр авираад гарчихаар нь би “Буу чи” гэдэг юм л даа. Одоо тэгсэн юм руу авирч гараад зогсонгуутаа өөрөө өөртөө “Буу” гээд зогсож байдаг болсон. Намайг диван дээр түрүүлгээ хараад хэвтэхээр нуруун дээр гараад зогсчихыг нь яанаа. Уначих гээд... Эсвэл яг надтай зэрэгцээд намайг ямар поз аваад хэвтэж байна, яг тэр позоор хэвтэнэ. Нэг гараа дэрлээд хэвтвэл яг өөдөөс хараад нэг гараа дэрлээд хэвтэнэ. Нээх хөөрхөөн.
Гэр орон нураагаад, хамаг юм үймүүлээд салахгүй болохоор нь бөгс рүү нь алгадчихаар намайг дуурайгаад өөрийгөө алгадаж үзнэшд. Өөрийнхөө гуя руу жижигхэн гараараа “бай” гээд алгаддагийн. Тэнэг юм шиг кекеке...
Сүүлийн үед хүүхэлдэйгээрээ овоо тоглож сураад байгаа. Тэврээд, энхрийлээд, бүүвэйлээд байдаг болсон.
Одоо яг ид хөөрхөн дээрээ байгаа болохоор орой болгон хүүхэд рүүгээ яарна. Охиноо тэврээд л үнсэхэд ертөнц тэр чигтээ аз жаргалд умбах шиг л болох юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Уйлаад...

Өнөөдөр уйлаад... Захиралдаа загнуулсын. Гэхдээ загнуулснаасаа болж уйлаагүй л дээ. Зүгээр л уйлах шалтаг олдсон дээр нь нэг жоохоон уйлж авлаа. 
Сүүлийн хэдэн өдөр миний дотор нэг бөөн бараан хар үүл хуралдчихаад яваад л байсын. Юунаас гэдгийг нь хэлэхэд хэцүү... Ашгүй захирал үүл буудах лугаа адил намайг загнаж, нэг жоохон бороо шиврүүлэв кккк... Уйлахаар дотор онгойдог сонин шүү. Уг нь боломжтой байсан бол нэг сайн асгартлаа уйлахгүй юу. Бүр илүү боломжтой байсан бол хамаг байдгаараа хашгирч байгаад л сайн уйлсан бол бүүр илүү сайхан болох байсан юм шиг санагдаад байхын. Даанч ямар ажлынхныхаа хажууд тэнэг юм шиг уйлаад байлтай нь биш. Энэ одоо ганц загнуулчихаад юун сүртэйен гэж бодох байлгүй дээ.
Захирлыг нүүрэн дээр шууд хэлээд загнахад нь үнэндээ бол дотроо баярласан. Гэхдээ баярын нулимс унагаагүй л дээ мэдээж. Сүүлийн хэдэн сар нэг л сонин сэтгэл хоосроод байгаа юм шиг мэдрэмж төрөөд, дотор бачуураад үхэх гээд байсын.
Өдөржин ажилдаа дарагдсан хэдэн хүмүүс тухтай ч хоорондоо үг солихгүй. Орой нь гэртээ очихоор миний охины шулганахаас өөр надтай ярих хүн байхгүй. Үнэндээ охиныхоо шулганаанд л жоохон стрессээ тайлдаг байх. Өөрөөр бол үнэндээ л гунигтай байнаа сүүлийн үед. Эзэнгүй газар, уулын орой дээр гарч байгаад энэ бүхнийг цээжнээсээ сад тавиад гартал нь орилмоор байна. 
Хэнд ч юм гомдоод.... Энэ надаар даажигнаад байгаа бурханд л гомдоод байгаа юм шиг байна. Яахав сайн аав ээжийн үр хүүхэд болгон төрүүлж, хүүхэд насыг минь жаргалтай өнгөрөөсөн л дөө. Амьдралын амтыг мэдрүүлж мэдрүүлж байснаа гэв гэнэт аав, ээж 2-ыг маань зэрэг шахуу булааж авсанаа, аймаар том ангал  руу түлхэж унагаад... Арай гэж мацаад гараад ирэхээр дэмжээд өгөхгүй, энэ одоо яахнуу гэсэн шинжтэй хараад даапаалаад байгаа юм шиг санагдаад... Заримдаа ийм тэнэг тэнэг юм бодогдоод байдаг байхгүй юу.
Гэхдээ бүх юман дээр ганцаараа зүтгэж, ганцаараа шийдвэр гаргадаг байх нь заримдаа бухимдал төрүүлээд байх юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гунигтай..., гэхдээ л би энэ дуунд дуртай

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Багадаа би...

Багаасаа л би их дурсах дуртай хүүхэд байжээ, одоо эргээд бодоход. Өнгөрсөн үйл явдлуудыг би мартдаггүй, нэлээн ой сайтай хүүхэд байсан. Тэгээд жоохон томрох тусмаа болсон үйл явдлуудыг дурсаад ярихаар манай аав “Чи тэрнийг ойлгохооргүй жоохон байсан, битгий бид нарын ярьсан юмнуудыг өөрөө санаж байгаа болоод яриад бай” гэж загнадаг байж билээ. Аав шал тэнэг, би өөрөө санаад яриад байхад...
Багадаа би юмыг нэг хараад л тогтоодог байсан. Тэрнийг минь аав ээж 2 мэддэггүй байсан, бас тэнэг хүмүүс шүү. (Бурхан багш минь уучлаарай, аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэх гэж ингэж бичээгүй шүү, зүгээр л шутка. Өө соорри, орос үг хэрэглэчихлээ, та нээрээ оросоор ойлгох уу? За за та мундаг юм чинь орос, англигүй л ойлгоно биз дээ кккк....)  Тэгээд би зарим нэг сэтгэлд тод үлдсэн зүйлийнхээ талаар, бүр бага насныхаа үйл явдлуудыг эргээд дурсаж ярих их л дуртай хүүхэд байсан юмаа.
Намайг 3 нас 6 сартай байхад манай дүү төрж байсан юм. Тэгээд нэг шав шар өдөр аав намайг шар 69 машиндаа суулгаад “миний охин эмэгтэй дүүтэй болсон” гээд аваад эмнэлэг дээр очиж ээжийг эргэж байсан юм. Шав шар өдөр л надад дурсагдаад байдгийн учир нь тэр өдөр 10 сарын 10 байсан л даа. Тэгэхэд би дүү гэж юугаа яриад байгаан бол гэж бодож байсан санагдаад байдгийн. Дүүтэй болоод л ээж намайг шууд тоохоо больж байгаа юм чинь. Би тэгээд л аавын хүүхэд. Аавыгаа нээрээ үнэн дээрэлхдэг байж билээ. Миний үгнээс зөрнө ч гэж байхгүй, бөмбөгнөөд л байна. Үнэн таатай.
Ээж эмнэлгээс гарснаас хойш хэд хоногийн дараах нэг өдрийг би одоо болтол аягүй тод санадаг юмаа. Ээж өлгийтэй маамаагаа тэврээд, аав намайг аваад салхилахаар гарсан юм. Тэгсэн миний хавар өмсөж байсан улаан комбинезон, улаан гутал 2 хоёулаа надаа багадчихсан. Би өмсөнө гэж зөрүүдлэсээр байгаад чихэж өмсөөд гарч байсан юм. Би бол нээрээ лайтай зөрүүд хүүхэд байсаан. Тэгээд тэр багадсан юм яаж таатай байхав дээ, хамаг бие бачууруулаад яг боож үхэх гэж байгаа юм чинь. Тэгээд уйлаад бөөн юм болоод яалтчгүй тайлж байсан юм. Тэгсэн аав “одоо энэ миний охинд таарахгүй ээ, дүү нь өмсөнө гэхээр нь би дүүд өгөхгүй” гээд харамлаад уйлаад байгаа юмаа бас. Энэ тухай би дараа нь дандаа дурсаад ярьдаг байсан, тэгэхээр аав дандаа намайг “хүний ярьсан зүйлийг ярилаа, чи энийг санах боломжгүй жоохон байсан” гэж загнадаг байхгүй юу. Ягшд. Би өөрөө  санаад байгаа юм чинь.
Багадаа би ер нь “хүний адаг” байсан юм шиг байгаа юмаа. 2 ахыгаа дандаа аавд ховлож загнуулдаг байсан. Өдөр яаж сахилгагүйтсэнийг нь бүгдийг нь, үйл явдлын дэс дарааллаар нь орой аавдаа яриад өгчихнөшдээ. Тэгээд л тэр 2 будаа.
Багадаа би цаг мэддэггүй байхад, манай том ах намайг амьд “сэрүүлэг” болгож ашигладаг байсан юм байна. Намайг юм марттдаггүйг манай ах маш сайн мэддэг байсан. Тэгээд” ахын дүү цагийн урт зүү энд, богино зүү нь яг энд ирэхээр ахдаа тэрнийг сануулаарай” гээд л ямар нэгэн мартах гээд байгаа зүйлээ хэлдэг. Би яг тэр цагт нь нөгөө хэлснийг нь сануулдаг байж билээ. Намайг цэцэрлэгт байхад манай ах хичээлээсээ лоозон гэдэг юм цээжлэх даалгавартай ирж байсан юм нэг удаа. Нэг нь улаан бичигтэй, нөгөөх нь цэнхэр бичигтэй томоор бичсэн тэр лоозонг нь манай ах цээжлэх гээд уншиж байхад нь би аль хэдийн цээжилчихсэн байсан юм. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач байж социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалж,  хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэж байсан санагдана. Одоо бол мартжээ, үнэндээ.
Багадаа би цэцэрлэг дээрээ унтдаггүй сонин хүүхэд байж билээ. Ээж манай цэцэрлэгт ажилладаг байсан. Тэгээд би тийм даварчихсан байсан л даа. Өдрийн унтлагын цагаар дээд ангид байдаг эгчийнхээ өвөрт очиж унтдаг байж билээ. Тэр үеийн бүх цэцэрлэг 24 цагийнх байсан л даа. Социализмын ид бүтээн байгуулалтын үе болохоор аргагүй. Тэгээд нэг удаа аав ээж 2-т хойшлуулшгүй чухал ажил гарсан юм. Чухам юу байсныг нь мэдэхгүй, хөдөө явах хэрэг л гарсан байх. Тэгээд намайг цэцэрлэг дээрээ 1 өдөр хоноорой гэсэн чинь би хонохгүй гээд бөөн юм болсон. Аргаа бараад намайг орой ирж авна гэж ам өчгөө өгөөд хүргэж өгсөн юмаа. Тэгээд хулхидаад тэр шөнө ирээгүй. Би унтахгүй, шөнөжин уйлаад багш нарыг нэг шөнө тамлаж билээ. Манай эгч 2-лаа зүгээр унтъя гэж аргадаад дийлээгүй. Сүүлдээ намайг багш загнаж байсан юм бүр залхаад. Тэгээд маргааш орой нь цэцэрлэг тарахад ээж ирж авч байгаа юм чинь. Би тэр өдөр бөөн гомдол болж байснаа одоо болтол мартдаггүй юмаа. Тэгээд цэцэрлэгийн багш нарыг амраагаагүй гээд аав ээждээ бас загнуулаад дахиад бөөн гомдол нэмэгдэж байж билээ.
Багадаа би гэнэт нэг удаа өглөө нойроо харамласнаасаа болоод цэцэрлэгтээ явахгүй гээд чарлачихаж билээ. Тэгэхэд 6 настай байсан. Уг нь би цэцэрлэгтээ дуртай байсан л даа. Тэр удаа л тэр нэг нойрноос болоод... Тэгсэн чинь аав ээж 2 ерөөсөө дүүтэйгээ хамт гэртээ байж байг гэсэн шийдвэр гаргачихсан. Тэгээд л сургуульд ортлоо цэцэрлэгт яваагүй юмдаг. Уг нь бол ээжийн ажилладаг цэцэрлэгшдээ.
Цэцэрлэгт яваагүй хүн чинь өдөржин уйдаж үхнэ биз дээ. Тэгээд эхлээд баахан зураг зурдаг байлаа. Эхлээд ах, эгчийнхээ зургийн номнуудыг нь авч байгаад цонхон дээрээ гараад гэрэлтүүлээд л зурж өгдөг байлаа. Тэгээд дараа нь нөгөөтхөө өнгийн харандаагаар, усан будгаар будна. Сүүлдээ гэрэлтүүлэхгүйгээр өөрөө зураад сурчихсан. Өдөржин л зураг зурдаг байлаашд. Цэвэрхэн ч зурахгүй хамаг хана, хөшиг бүгдийг нь усан будгаар завааруулж өгдөг байж билээ.
Зурахаасаа уйдаад эхлэхээрээ хүүхэлдэйндээ хувцас хийнэшдээ. Даавууны өөдсөөр өөрөө эсгээд л гараараа оёж өгдөг байлаа. Энэ маань харин хожим нь надад маш хэрэг болсон доо. 14 наснаасаа эхлээд л загварын сэтгүүлээс эсгүүр аваад өөртөө хувцас оёдог, нэхдэг болсон. Тэр үед чинь одооных шиг элдэв төрлийн хувцас элбэг биш байсан болохоор тэгж өөрөө өөртөө оёдолчин, нэхмэлчин болж л гангардаг байлаа шүү дээ. Нэг удаа аав надаа нэг тарваганы арьсны өөдөс өгсөн юмаа. Тэгээд би тэрүүгээр нь өөрийнхөө өмсдөг үнэгэн малгай шиг малгай хүүхэлдэйндээ хийж өгнө гээд. Тэгсэн аав “наадах чинь арай хүрэхгүй лоовууз хий” гэхээр нь би “үгүй” гэж зүтгэсээр байгаад малгай оёсон чинь миний хүүхэлдэйний толгойнд ордоггүй ээ. Аймаар уур хүрээд уйлж байгаа юм чинь, өөрөө зөрүүдэлж аавынхаа үгэнд ороогүй байж.
Нэг удаа уйдаад яаж тоглохоо мэддэггүй. Тэгээд нэг сонин тоглоом сэтгэж байгаа байхгүй юу. Тэгж сэтгэх шалтгаан нь бас манай ах байсан юмаа. Яахав өнөөх чинь миний дургүйг хүргэсэн болохоор. Манай аав тэр үед далайн мөөг гээд нэг исгэлэн гоё амттай юм исгэж уудаг байсан юм. Ходоодонд сайн гэдэг байсан санагдаж байна. Тэгсэн манай ахын ангийнхан нь дандаа үдээс хойш манайд орж ирээд бүгдийг нь уучихдаг байсан юм л даа. Хүнд гарууд аавд үлдээхгүй, үнэн тэнэг. Тэгээд би тэр, тэр өнөөдөр орж ирээд уусан гээд нэр цохон хов зөөдөг байлаа. Тэгээд нэг удаа ахын нэг найз орж ирээд тэр 2 шатар тоглоод сууж байсан юм. Тэгснээ намайг зааснаа “энэ муу ховч аавд хэлээд” гээд ярьдаг байхгүй юу. Тэгээд л миний гэдэн хөдлөөд.... Би шатраар тоглоно гээд л чаралчихсан. Шатар тоглож мэдэхгүй байж... Тэгээд би дийлээд хайрцагтай шатраа авангуутаа “шатраар айл гэрдэнэ” гэдэг тоглоом зохиогоод тоголчихсон. Хар цагаан 2 айл шатрын өрөг дээр. Ноён нь аав, бэрс нь ээж нь, тэрэг, тэмээнүүд нь ах нар, морь нь эгч нар нь, хүүнүүд нь бага дүү нар нь гээд. Тэгээд нэг айл нь манай дүүгийнх, нөгөөх нь манайх гээд. Тэгсэн тэрнээс хойш манай дүү өдөр болгон намайг “шатраар айл гэрдье” гэж шалаад ядаргаа болдог болж билээ.
Дүү бид 2-ыг өдөржин гэртээ байдаг байхад манай 2 ах нэг нь өглөө хичээлтэй, нөгөөх нь өдөр хичээлтэй яг зөрдөг байлаа. Тэгээд уйдахаараа нөгөөдүүлийг ном уншаад өг гээд шалчихна. Ном уншуулах бол үнэндээ л нугасгүй дуртай байж билээ. Залхтал нь ном уншаад өг гээд шалдаг байсан юмаа. Сургуульд ороогүй байж л дунд сургуулийн сурах бичгүүд дээрх хамаг өгүүллэгүүдийг цээжээр шахуу мэддэг болчихсон байлаа. “Хөх навч” гэдэг өгүүллэгийг өдөр болгон шахуу уншуулаад Катя гэдэг тэр охиныг яагаад ногоон харандаагаа Лиза найзаасаа харамлаад байгаа юм болоо гээд л гайхдаг байсан. Алтан хүү, Мөнгөн хүү гэдэг өгүүллэгийг (үлгэр ч билүү) уншуулаад өөрөө хээр төөрсөн юм шиг жихүүдэс төрж, дотор арзайдаг байлаа.
Ном уншуулах дуртай болохоороо ах нараасаа нэг нэгээр нь асуусаар байгаад нэг мэдэхэд 35 үсгээ бүгдийг нь мэддэг болчихсон байсан юм. Гэхдээ үсэг холбоод уншиж арай л сураагүй байсан юм. Нэг удаа аавдаа хөргөгчин дээрх нэрнийх нь үсэгнүүдийг мэднэ гээд хэлсэн чинь аав намайг шалгалаа. Манайх тэр үед Саратов гэдэг хөргөгчтэй байсан юм. Саратов гээд уншсан чинь аав”ойлгомжтой чи зүгээр л цээжилчихсэн байна” гэж авсан. Тэгээд үсэгнүүдийг нь нэг бүрчлэн асууснаа “чи зүгээр л эд нараар заалгаад цээжилчихсэн биз” гээд тоохгүй байгаа юм чинь. Манай аав бас сайхан хэнэггүй гар байж дээ. Намайг 35 үсгээ бүгдийг нь мэддэг болчихсон юм чинь, одоо уншуулаад сургачихъя гэж тэр үед сэтгээгүй л байгаа юм даа. Би өөрөө тэгж мэддэг байсан бол аль хэдийн хэрэгжүүлчихгүй юу.
Багадаа би сургуульд орохоосоо өмнө нэг иймэрхүү хүүхэд байсан юм.  За дараа үргэлжлүүлнээ дараа дараагийнхаа түүхийг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүсэлд хязгаар үгүй

Хүсэлд хязгаар үгүй, харин хугацаа хэрэгтэй. Гэхдээ миний одоо бичих гээд байгаа зүйл хүсэл үү, шунал уу гэдгийг би ялгахгүй байна. Аан хэрвээ шунал бол шуналд хязгаар хэрэгтэй л байж таарна мэдээж.  За гэхдээ хүсэл, шунал 2-ын дунд эргэлзэж байхаар ерөөсөө л мөрөөдөл гээд нэрлэчихье. Мөрөөдөхөд мөнгө төлөх шаардлагагүй, хязгааргүй мөрөөдөж болно биз дээ энэ чинь...
За илүү үг нуршаад байхаар гол асуудлаа бичье.
Хэдэн сарын өмнө гудамжинд явж байгаад би нэгэн сайхан "амьтныг" олж харсан юмаа. Тэгээд л шууд анхны харцаар дурлачихсан. Тэр өдөржин, тэгээд маргаашжин, нөгөөдөржин надад тэр сайхан "амьтан" бодогдоод л байсан, бодогдоод л байсан. 
Тэгээд нэг өдөр нөгөө сайхан "амьтныхаа" тухай мэдээллийг нетээс хайж олохоор шийдлээ. Түүнийхээ зургийг нь бас түүхийг нь олоод л авсан. Энэ байна, харах уу?
Үнэхээр сайхан "амьтан" байгаа биз дээ, аан? Яг энэ загварт, яг энэ өнгөнд би жинхэнээсээ шунан дурлаж байна. Үнэн цоглог өнгө, үнэн тач загвар....
Энэ сайхан "амьтныхаа" түүхийг уншлаа. Peter Schreyer  гэж герман хүн зохион бүтээсэн юм байна. Тэр битгий хэл энэ загварын нэрийг Tiger Nose гэдэг юм байна. Барын мишээлт гэж монголоор орчуулсан байна.
Тэгээд энэ машинд тэгтлээ шунан дурласныхаа учрыг оллоо. Миний охины жил, нэртэй болохоор л би тэгтлээ сэтгэл алдарсан юм шиг байна.
Хэзээ нэгэн цагт чамайг би өөрийн болгоно гэж мөрөөдөөд сууж байя даа.... Мөрөөдөлд хязгаар үгүй, мөрөөдөхөд мөнгө төлөх шаардлагагүй. Мөрөөдөл биелдэг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Аз жаргал гэж юу вэ?

Аз жаргалын талаарх ойлголт нас насанд минь өөр байсан юм. Дөнгөж ухаан орсон цагаасаа л насан туршдаа хүн аз жаргалын төлөө тэмүүлдэг байх. Гэхдээ анзаараад байхад хүн аз жаргалтай байх үедээ мэдэрдэггүй, өнгөрсөн хойно нь л мэдэрдэг юм шиг санагдсан шүү.
Бүүр бага байхдаа зовлон гэж байдгийг ч мэдэхгүй байсан болохоор тэр чигтээ л аз жаргалаар бялхаж байсан байх. Аав ээжээрээ бөөцийлүүлээд л, эрхлээд л, хүүхэд байхад зовлон гэж байдгийг ч мэдэхгүй, аз жаргалтай байгаагаа ч мэдрэхгүй мөн ч сайхан байж дээ. Зураг зурж байна гэж гэрийнхээ бүх хана, хөшиг, цонхыг харандаа, усан будгаар завааруулаад л, үлгэр уншиж өг гэж аав, ээж, ах, эгчийгээ хоргоогоод л, дараа нь нөгөө үлгэрээ бодож айгаад харанхуй өрөө рүү ч орж чадахгүй, мөн ч хөгжилтэй байж дээ.
Анх 1-р ангид орсон намар манай ангийн багш нэг үлгэр уншиж өгсөн юм. Тэр үлгэр хүүхдүүд нь ээждээ тусалдаггүй, муу хүүхдүүд байсан учраас ээж нь гомдоод шувуу болоод нисээд явчихдаг тухай байсан юм. Яг тэр өдөр ээж маань бие нь бага зэрэг чилээрхээд, ажилдаа яваагүй гэртээ хэвтээд үлдсэн байсан юм л даа. Тэр үлгэрийг сонсонгуутаа би хичнээн их сандарснаа одоо бодоод инээд хүрдэг юм. Ээж маань бас шувуу болоод нисчихвий дээ, би ээждээ огт тусалдаггүйшдээ гэж бодоод сандраад, учиргүй яараад гэртээ гүйж ирж байсан юм даг. Ээж маань гэртээ зүгээр байж байхыг хараад баярлаад, ээждээ багшаасаа сонссон үлгэрээ яриад, та бид нарыг орхиод шувуу болоод нисэхгүй биз дээ, би одоо дандаа ээждээ тусалж байна, гэрийн ажлаа хийж байна гээд л ээж аав 2-оо инээлгэж байсан юм. Тэрүүхэн хугацаанд ээж маань байхгүй болчихвол ямар хэцүү болохыг мэдэрч, хамгийн анх зовлон гэдгийг мэдэрсэн байх. Гэхдээ ээжийгээ хараад л бүх юм буцаад хэвэндээ орчихсон, нөгөө зовлонгоо тэгээд л ор тас мартсан шүү. Юуны чинь ээж аавдаа тусалдаг сайн охин болох.
Сургуульд орчихоод бага ангид байхдаа цэцэрлэгт байхдаа л жаргалтай байж гэж боддог байсан шүү. Хичээл хийнэ гэж үйлээ үзэхгүй, тоо бодож, үсэг сурна гэж байхгүй, тоглоод л, идээд л, унтаад л мөн ч жаргалтай байж гэж боддог байсан. Сургуульд явдаггүй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд бас аймаар их маруужин /зайрмаг гэдгийг тухайн үеийн хэллэгээр/ идээд л, улаан ус /ундаа/ уугаад л, 50 төгрөгийн юм уу 60 төгрөгийн том хүүхэлдэйгээр тоглоод л гэртээ байж байвал тэр л аз жаргал юм шиг санадаг байлаа. Тэр үед 50, 60 төгрөгийн үнэтэй, оросын том хүүхэлдэй байдаг байсан. Тонгойлгохоор дуугардаг, бас хөтлөөд явахаар алхдаг тийм хүүхэлдэй байдаг байсан юм.
Дараа нь дунд ангид орчихоод бага ангид байхад амар байж дээ, хамаагүй хөнгөхөн хичээлтэй гэж боддог боллоо. Тэгээд бас олон багш хичээл заахгүй, ганцхан багштай амар гээд л. Олон янзын ааштай, олон багш нарын царайг харахгүй сайхан байж дээ гэж боддог болсон. Тэр үеийн мөрөөдөл, тэр үеийн аз жаргалын тухай ойлголт бас л өөр болсон. Аль болох бага хичээл хийгээд, тэгээд л дуртай номоо уншаад л, найз нартайгаа гадаа тоглоод л, завтай чөлөөтэй байж байвал аз жаргалтай байх юм шиг санадаг болсон.
Ахлах ангид ороод энэ үзэл бодол маань дахиад л өөрчлөгдлөө. Аав ээжийн болон багш нарын байнга үглэдэг сэдэв нь удахгүй сургуулиа төгсөөд, дээд сургуульд орно, ямар мэргэжилтэй болохоо одооноос сонгоод, дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлд гэдэг асуудал боллоо. Улам илүү хариуцлагатай байх шаардлагатай боллоо. Гэхдээ л үүнийг маш чухал асуудал гэж хүлээж авахгүй, уурлаж бухимддаг байлаа. Үнэнийг хэлэхэд байрны гадаа нарлаад сууж байгаа тэтгэврийн хөгшчүүлд тэр үед атаархдаг байсан шүү. Бушуухан эд нар шиг тэтгэвэрт гарах юмсан гээд л. Одоо бодохоор үнэн инээдэмтэй. Юун гадуур найзуудтайгаа зугаалах, юун ном унших, юун зурагт үзэх, хичээлээ хий, тоогоо бод, элсэлтийн шалгалтанд одооноос бэлд гээд л мөн ч дарамттай байсан даа.
Тухайн үед оросын нэг кино гарсан юм. “Как стать счастливым?” /Яаж аз жаргалтай болох вэ?/ гэдэг нэртэй кино. Тэр кинон дээр ангийн багш нь хүүхдийн авьяасыг тодорхойлдог нэг төхөөрөмж зохион бүтээгээд ангийнхаа бүх хүүхдийн эзэмших ёстой мэргэжлийг заагаад өгчихсөн. Ангийнх нь бүх хүүхдүүд багшийнхаа хэлсэн мэргэжлийг эзэмшээд, гайхамшигтай амжилтанд хүрээд, улс орон даяараа нэр алдраа цуурайтуулсан алдартнууд болно. Гэтэл хүмүүс тэр бүх алдартнууд бүгд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгааг мэдээд бөөн дуулиан болоод, тэдний ангийнхан бүгд цуглаад багштайгаа уулзах гээд, мөн бусад хүмүүс хүүхдийнхээ авьяасыг тодорхойлуулах гээд нөгөө багшийг хайгаад ирэхэд багш нь аль хэдийн бурхан болчихсон тухай гардаг юм. Энэ киног үзчихээд ямар ч байсан аз жаргалтай амьдрахын тулд өөрийнхөө авьяас чадал хүрэх, дуртай мэргэжлээ сонгох хэрэгтэй юм байна гэж нэг удаа бодсон. Тэгээд л мартсан. Гэхдээ ямар ч байсан нэг дээд сургуульд ороод л авбал аз жаргалтай болчих юм шиг санадаг байлаа.
Дээд сургуулийн оюутан байхдаа аз жаргалын тухай ойлголт дахиад л өөрчлөгдсөн. Бушуухан сургуулиа төгсөөд, өндөр цалинтай ажил хийгээд, хэзээ ч мөнгөөр дутагдахгүй, юу дуртайгаа худалдан авах чадвартай байх, гоё тансаг байранд ганцаараа амьдраад, гоё машин унаад давхиж байвал аз жаргалтай болох юм шиг л санадаг болсон.
Дээд сургуулиа төгслөө. Дахиад л нөгөөх аз жаргалын тухай бодол маань өөрчлөгдлөө. Ер нь би урьд нь дандаа л зөвхөн өөрийгөө л жаргалтай байлгах тухай боддог байсан. Миний ойр дотны бүх хүмүүс надад л анхаарал халамж тавьж байх ёстой юм шиг санадаг байсан юм байна лээ.  Бусдаас би хайр халамж л нэхдэг байснаас биш, тэднийг хайрлах ёстой гэж боддогчгүй байсан юм байна. Ажил дээр гараад янз бүрийн асуудалтай тулгараад, янз бүрийн хүмүүстэй харилцаад ирэхээр стресст орох нь ч их болоод ирсэн. Түүнээс гадна ээж аав маань бурхан болсон нь намайг бүүр ч өөр хүн болоход нөлөөлсөн байх. Амьдралд байнга янз бүрийн асуудал тулгарч байдаг гэдгийг ухаарсан. Маш их юм боддог болсон. Эргээд бодоход хамгийн жаргалтай үе бол ээж аав хоёр маань амьд байсан үе л юм байна лээ. Ямар ч асуудлыг аль болох миний төлөө шийдэхийг оролддог, намайг зовоохгүй, жаргалтай амьдруулахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг, миний төлөө өөрсдийгөө ч хайрлахгүй зүтгэдэг байсан хүмүүс бол аав ээж хоёр минь л байсан гэдгийг өнгөрсөн хойно л ухаарсан юм даа.
Яг одоогийн байдлаар миний хувьд аз жаргал гэж яг ийм байх ёстой гэсэн төгс төгөлдөр тодорхойлолт арай л алга. Ямар ч байсан элэг бүтэн амьдрал, сонирхолтой ажил, боломжийн цалин, заавал баян тансаг байх албагүй ч тухтай амьдрах гэр орон, сайн найз нөхөд байвал л болох юм шиг. Өөр илүү дутуу юм амьдралаас шаардахгүй, аль болох асуудал багатай, сэтгэл тайван л амьдарвал аз жаргалтай байх юм шиг санадаг болчихож. Ингэж амьдрахын тулд ганцхан өөрийгөө бодох биш ойр орчиндоо байгаа бүх хүмүүсээ хайрлах ёстой юм байна. Бас жижиг сажиг дэмий асуудалд бухимдаж өөрийгөө ядраахгүй, хүнд гомдохгүй, хэтэрхий их мөнгө төгрөг, эд хөрөнгөнд шуналтахгүй, сэтгэл санаагаа тайван байлгаж сурах хамгийн чухал юм байна. Хийж байгаа ажлаа хэзээ ч голж болохгүй. Ажилдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Ажил муу ч байсан, муухай ч байсан цалин өгч, амьдрах нөхцлийг маань бүрдүүлж өгч байгаа гэж бодож сурах хэрэгтэй юм байна. Найз нөхөд ойр дотны хүмүүсээ зовох цагт нь үнэн сэтгэлээсээ сэтгэлийн дэм өгч чаддаг байх хэрэгтэй юм байна. Хүн болгонд зовох үе ч тохиолдоно, жаргах цаг ч ирнэ. Жаргалтай үедээ бусдыг хэзээ ч мартаж болохгүй, зовсон нэгэндээ туслахыг бүүр ч мартаж болохгүй.
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэдэг. Ажил онцгүй байна, цалин бага байна, хамт олон муухай байна гэж бодоод л байвал тэр бодолдоо хэт хөтлөгдөөд амьдралын бусад сайн сайхан талуудыг олж харахаа больчихдог юм байна лээ.  Аливаа асуудлыг аль болох болж бүтэх талаас нь харж, хүлээцтэй, уужуу сэтгэлээр хандаж чадвал болохгүй юм гэж байдаггүй л юм байна. Ер нь л их гэгээлэг бодолтой байж сурах хэрэгтэй юм байна лээ.  Тэгвэл л аз жаргалтай байж чадах юм шиг санагдаад байдаг болчихлоо. 
2008 оны 6 сарын 17-нд би үүнийг бичиж байсан юм байна. 
Өнөөдөр 2012 оны 1 сарын 8. Үүнийг бичсэнээс хойш даруй 3 жил 6 сар орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний амьдралд нэлээн том өөрчлөлт гарчихсан, бас болоогүй кайф авдаг зүйл маань бас бага зэрэг өөрчлөгдсөн байна шүү.  
Хамгийн том өөрчлөлт гэвэл мэдээж миний хамаг амьдралаа золиослон байж төрүүлсэн ганц охин минь.  Өнөөдөр охин минь эрүүл саруул, жаргалтай байвал надад өөр бусад асуудлууд бол нээх сонин биш болчихсон юмуу даа. Гэхдээ мэдээж охиныхоо жаргалтай амьдралын төлөө би өөрөө сайн явах ёстой, сайхан амьдралтай, ажилтай, сайн найз нөхөдтэй явах ёстой гэдгээ ухамсарлаж байна. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

80-аад онд очоод ирлээ

Өчигдөржин РенТВ-ээр "Дискотека 80-х" гараад, би бүтэн өдөржин телевизийн өмнө уягдлаа. Аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэнэ гэж бодож байсан чинь байхгүй. За дуусгаад гэж бодоод үзээд суусан чинь дуусдаггүй, бүтэн өдөржин гараад орой 20 цагт дуусдаг юм даа. Бүх ажлаа хойш нь хаяад л үзээд суучихсан. Ганц амралтын өдрөөр яахав дээ гэж бодоод....
Үнэхээр гоё байсан. 80-аад онд миний хүүхэд нас өнгөрсөн болохоор тэр үеийн гоё гоё дурсамжууд санагдаад... Тэр үед сонсож байсан дуунуудаа сонсоход тухайн үеийн, тухайн дуутай холбоотой дурсамжууд бодогдоод гоё байхаар нь телевизээ чангалаад л бусад бүх асуудлыг мартаад хэвтээд өгсөн. Яг цаг хугацааны машинд суугаад тэр цаг үед оччихсон юм шиг. Хэсэг тэгж одооны цаг үеэс тасарч, одоо цагийн мэдрэмжээ алдах чинь бас гоё юм байналээ. 
Тэр үед хит болж байсан барууны болон зөвлөлтийн бараг бүх л дуучид, хамтлагууд дуулсан. Бүгд л сонссон, мэддэг дуунууд байгаа юм чинь.
Гэхдээ бараг бүгд нэлээн хөгширсөн байналээ. Баахан өвөө эмээ нар гарч ирээд л тэр үеийн хоолойгоороо, яг тэр үеийн бичлэгээр дуулаад байгаа нь жоохон сонин. Ойлгомжтой фонаграмм тавиад л дуулж байгаа л даа. Гэхдээ хөгширсөн шинжгүй маниусаас хэд дахин илүү бүжиглэж байгаа юм чинь.
90-ээд оны эхээр Юра Шатуновын "Белые розы" хит болж байсан санагдахын. 89 он байсан юм болов уу. Сонссон чинь сэтгэл хөдлөөд... Дагаж дуулаад. Огт мартаагүй байналээ үгийг нь. Гэхдээ Юра Шатуновын одоогийн төрхийг хараад өөрийгөө хэр зэрэг хөгширч байгаагаа мэдрэх бага зэрэг тааламжгүй л байлаа. 
Albano  ганцаараа Феличитагаа дуулсан. Romina нь яасан юм болоо? Энэ талаар нетээс олж уншинаа. 
Ricchi e Poveri "Sara Perche Ti Amo", "Mamma Maria" 2-оо дуулсан. Энэ дуунуудыг ид хит болж байхад би 4-5-р ангид л байсан байх. Манай урд талын байрны 4 давхрын нэг орос ах цонхоо онгойлгоод энэ дууг нээх чангаар тавьчихдаг байж билээ. Бид нар доор нь очоод "Громче" гээд хашгирахаар улам чангалж өгдөг байсан. 
Германых билүү Чингисхан гээд хамтлаг энэ жил анх удаагаа оролцож байна гээд дуулсан. Нөгөө алдарт Чингисхан, Москва дуунуудаа дуулсан. 
Сабрина час улаан мини юбкатай, өндөр өсгийтэй гуталтай гарч ирээд бүжиглээд л 'Boys boys boys" гээд л дуулж өгсөн. Ямар цоглог байнаа, урлаг бас хүнийг хөгшрүүлэхгүй сайхан шүү гээд бодоод байж байлаа. Камер нэлээн ойртоод харахад аан бас л нүд нь бол хөгширсөн л харагдаж байналээ. Гэхдээ дажгүй цоглог байналээ. 
Цветы хамтлаг "Мы желаем счастъя вам" гээд дуулахад жил бүрийн хавар, намар зохиогддог байсан орос хэлний баяр, ДСНК, ДСНК-ийн кафетерийд иддэг байсан орос тогоочийн гоё амттай хоолнууд санагдаж байгаа юм чинь. Үнэн гоёо нээрээ...
Форум хамтлаг "Белая ночь", Игорь Николаев "Незнакомка"-гаа дуулахад хүүхэд насны үерхэл, үерхлийн гол дүр хөвгүүн санаанд ороод... 
F.R.David "Words", C.C.Catch "I can lose my heart tonight" гээд дуунуудаа дуулахад анхны хайрын дурсамж сэдрээд... Сэтгэл хөдөлсөн.
За ингээд тоочоод байвал барагдахгүй. Цөөн хэдээс нь л бичлээ. Ямар ч байсан өчигдөр үнэхээр мартагдашгүй сайхан баярлаад өнгөрлөө.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайн байна уу 2012 он

Шинэ он гараад хэдхэн минут өнгөрч байна. Одоо Москвагийн цагаар шинэ он гарахыг хүлээнэ дээ.
Энэ жил шинэ жилийг их даруухан тэмдэглэхээр шийдсэн. Харин тэгтэл санамсаргүйгээр хамгийн сайхан тэмдэглээд өнгөрөөчих шиг боллоо. Хүүхэд байхад ч шинэ жил дандаа л хамгийн гоё тэмдэглэгддэг байсан л даа. Яагаад гэхээр өөрөө хоол хийдэггүй байсанд юм байна.
Харин сүүлийн жилүүдэд бол баярлана гэдэг нь идэх, идүүлэх гэсэн үг юм шиг л учиргүй баахан хоол хийгээд л цагийг бардаг байснаа өнөөдөр л мэдэвшд.
Өчигдөр орой хэдэн бууз чимхээд хөлдөөсөн. Чихэр жимс элдвийн амттан зориуд аваагүй. Охины диатез хэрээс хэтрээд байгаа учраас. Гэхдээ шинэ жилийн үнэрийг заавал гаргах хэрэгтэй гэж бодоод мандарин авсан. Өнөө өглөө Скай орж 1 кг гаран Милая торт авсан. Өмнөх жилүүдэд авч байсан том тортны үнээр энэ жил ийм жижигхэн торт авч байнашд. Өдөр гадуур явж байгаад орой ирээд нийслэл салат, шинэ ногооны салат хийсэн. Шампанскаа аваад тавьчихсан байсан л даа. Тэгээд орой ундаа, жүүс дэлгүүрээс аваад л баярын ширээгээ даржин ч гэсэн зассан.
Урьд нь 31-нд өглөө босоод л 7-8 төрлийн салат хийгээд л, хоол, цай гээд баахан юм болоод юун баярлах, бөөн ядралт болоод дуусдаг байсан юм байнашд. Ядарч ядарч арай гэж ажлаа дуусаад л тэгээд баахан элдэв төрлийн юм хольж идэж уугаад л тэгээд өнгөрнө. Тухтай ч зурагт үзэж чадахгүй. 
Харин өнөөдөр бол жинхэнэ кайфтай байлаа. Элдвийн хоол унд хийгээгүй болохоор тэгтлээ их ажил болж ядраагүй. Тухтай нь аргагүй диван дээрээ хэвтээд зурагт үзсэн. 25-р сувгаар Их хотын үдэш үзээд үнэн жаргалтай байлаашд. Манай охин дуу явахаар л нээх хөөрхөн бүжиглэхийн.  2 тийшээ найгаад л, эргэлдээд, гараа өргөөд л , алгаа ташаад л хөөрхөн юмаа. Бүжиглээд байхаар нь ёлканы гэрлийг нь асаагаад өгсөн чинь "гого" гээд баярлаад бүр эгдүүтэй бүжиглээд... Гадаа салют буудаад эхлэхээр цонхоор харуулсан чинь гайхаад баярлаад... Охиныхоо баярлахыг харах чинь жинхэнэ жаргал юм гээч.
За за "үг, юбка 2 богинохон байх тусмаа сайн" гэж өнөөдөр Их хотын үдэш дээр Маск Баярмагнай хэлсэн кккк....
Ямартай ч шинэ он сайхан гарлаа. Энэ жил чинь их сонирхолтой жил гээд байгаа биз дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS