Өнөөдөр миний охин 1 нас 11 сартай болж байна. Цагаан сараас өмнө амжиж даахийг нь үргээх төлөвлөгөөтэй байгаа. Дижитал хими хийлгэсэн юм шиг гоё буржгар үс нь хуссаны дараа дахиж хэвээрээ ургах байгаа гэж бас санаа зовоод байх юм. Зарим хүмүүс хуссаны дараа үс шал өөр болоод ургадаг гээд байх юм. Худлаа байлгүй дээ, яадаг юм болоо? Зарим нь үс нь угаасаа л ийм юм чинь энэ хэвээрээ л дахиад ургана гээд байна л даа. За мэдэхгүй.
Сүүлийн үед бас нэг араншин нэмэгдээд байна. Уурлахаараа хөмсгөө тас зангидаад, муухай хараад, хошуугаа унжуулдаг болсон байна. Бас бүр их уурыг нь хүргэвэл шууд ирээд цохиод авна. Гар нь бас тэрүүхэндээ хүчтэй. Чанга цохиж байгаа юм чинь. Хаанаас нь гарч байгаа уур вэ гэж гайхахад хүрч байнашд. Нэлээн шартай хүүхэд бололтой. Бар жилтэй хүний араншин байх гэж бодоод байгаа. Эсвэл цэцэрлэгийнхээ хүүхдүүдийг дуурайдаг юм болов уу.
Ярих гээд л шулганаад байгаа. Одоохондоо юу ч ойлгогдохгүй. Харь гаригийн хэлээр л яриад байгаа. Заримдаа солонгос хэл ч юм шиг. Миний утсыг барьчихаад л нааш цаашаа яваад л, инээгээд л, ярьж өгнөшдээ. Би тэгдэг юм байлгүй. Харсан үйлдэл болгоноо яг дуурайгаад байгаан. Тоть шиг л байгаа. Нээх хөөрхөн.
Намайг орой ажлаасаа ирэхээр хаалганы цаанаас “хэмээ” гээд л хашгирна. “Хэн бэ?” гэж байгаа юм. Тэгээд ороод ирэнгүүт баярлаад, хөөрөөд шууд миний тавчикийг аваад урд тавина.
Одоохондоо ирсэн гаригийнхаа хэлээр яриад байгаа ч гэсэн манай гаригийн хэлийг маш сайн ойлгоношдээ. Хэлсэн болгоныг ойлгоно. Удирдлага аваад өг, унтлагын хувцсаа аваад ир гээд л ойр зуур чадах юманд нь зарж өгч байгаа юм чинь. Яг хэлсний дагуу гүйцэтгэнэ.
Одоо залхуураад бантан хийж өгөхөө больсон. Гурилтай шөлөнд их дуртай. Бас махны шөлөнд чанасан будаанд учиргүй дуртай. Тарганд бол нугасгүй. Өөрөө л хоолоо идчихнэ амар. Энгэр лүүгээ жоохон асгаж цутгадаг л юм. Гэхдээ л нэг үеэ бодвол хамаагүй дээр болоод байгаа.
Гал тогоонд ширээн дээр гарч суух дуртай гэж. Ширээн дээр сууж байгаад талхан дээр цөцгий түрхээд цөцгийг нь л долоогоод байна. Талхыг нь идэхгүй. Нэмж цөцгий түрхэж байгаад л долоогоод байна, нээх сонин.
Чихэр, шоколаданд бас их дуртай байнаа, яг над шиг. Тэгээд л диатез гараад л нүүр нь нээх ширүүн, улаан юм болчих юм. Тэр нь жоохон төвөгтэй. Бас шүдий нь хайрламаар байдаг. Гэртээ чихэр авах дургүй болоод байгаа үүнээс болоод.
Ямаа шиг юм юм руу авираад л, нисэж үхчих гээд бас их төвөгтэй. Ширээн дээр авираад гарчихаар нь би “Буу чи” гэдэг юм л даа. Одоо тэгсэн юм руу авирч гараад зогсонгуутаа өөрөө өөртөө “Буу” гээд зогсож байдаг болсон. Намайг диван дээр түрүүлгээ хараад хэвтэхээр нуруун дээр гараад зогсчихыг нь яанаа. Уначих гээд... Эсвэл яг надтай зэрэгцээд намайг ямар поз аваад хэвтэж байна, яг тэр позоор хэвтэнэ. Нэг гараа дэрлээд хэвтвэл яг өөдөөс хараад нэг гараа дэрлээд хэвтэнэ. Нээх хөөрхөөн.
Гэр орон нураагаад, хамаг юм үймүүлээд салахгүй болохоор нь бөгс рүү нь алгадчихаар намайг дуурайгаад өөрийгөө алгадаж үзнэшд. Өөрийнхөө гуя руу жижигхэн гараараа “бай” гээд алгаддагийн. Тэнэг юм шиг кекеке...
Сүүлийн үед хүүхэлдэйгээрээ овоо тоглож сураад байгаа. Тэврээд, энхрийлээд, бүүвэйлээд байдаг болсон.
Одоо яг ид хөөрхөн дээрээ байгаа болохоор орой болгон хүүхэд рүүгээ яарна. Охиноо тэврээд л үнсэхэд ертөнц тэр чигтээ аз жаргалд умбах шиг л болох юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment