Аз жаргалын талаарх ойлголт нас насанд минь өөр байсан юм. Дөнгөж ухаан орсон цагаасаа л насан туршдаа хүн аз жаргалын төлөө тэмүүлдэг байх. Гэхдээ анзаараад байхад хүн аз жаргалтай байх үедээ мэдэрдэггүй, өнгөрсөн хойно нь л мэдэрдэг юм шиг санагдсан шүү.
Бүүр бага байхдаа зовлон гэж байдгийг ч мэдэхгүй байсан болохоор тэр чигтээ л аз жаргалаар бялхаж байсан байх. Аав ээжээрээ бөөцийлүүлээд л, эрхлээд л, хүүхэд байхад зовлон гэж байдгийг ч мэдэхгүй, аз жаргалтай байгаагаа ч мэдрэхгүй мөн ч сайхан байж дээ. Зураг зурж байна гэж гэрийнхээ бүх хана, хөшиг, цонхыг харандаа, усан будгаар завааруулаад л, үлгэр уншиж өг гэж аав, ээж, ах, эгчийгээ хоргоогоод л, дараа нь нөгөө үлгэрээ бодож айгаад харанхуй өрөө рүү ч орж чадахгүй, мөн ч хөгжилтэй байж дээ.
Анх 1-р ангид орсон намар манай ангийн багш нэг үлгэр уншиж өгсөн юм. Тэр үлгэр хүүхдүүд нь ээждээ тусалдаггүй, муу хүүхдүүд байсан учраас ээж нь гомдоод шувуу болоод нисээд явчихдаг тухай байсан юм. Яг тэр өдөр ээж маань бие нь бага зэрэг чилээрхээд, ажилдаа яваагүй гэртээ хэвтээд үлдсэн байсан юм л даа. Тэр үлгэрийг сонсонгуутаа би хичнээн их сандарснаа одоо бодоод инээд хүрдэг юм. Ээж маань бас шувуу болоод нисчихвий дээ, би ээждээ огт тусалдаггүйшдээ гэж бодоод сандраад, учиргүй яараад гэртээ гүйж ирж байсан юм даг. Ээж маань гэртээ зүгээр байж байхыг хараад баярлаад, ээждээ багшаасаа сонссон үлгэрээ яриад, та бид нарыг орхиод шувуу болоод нисэхгүй биз дээ, би одоо дандаа ээждээ тусалж байна, гэрийн ажлаа хийж байна гээд л ээж аав 2-оо инээлгэж байсан юм. Тэрүүхэн хугацаанд ээж маань байхгүй болчихвол ямар хэцүү болохыг мэдэрч, хамгийн анх зовлон гэдгийг мэдэрсэн байх. Гэхдээ ээжийгээ хараад л бүх юм буцаад хэвэндээ орчихсон, нөгөө зовлонгоо тэгээд л ор тас мартсан шүү. Юуны чинь ээж аавдаа тусалдаг сайн охин болох.
Сургуульд орчихоод бага ангид байхдаа цэцэрлэгт байхдаа л жаргалтай байж гэж боддог байсан шүү. Хичээл хийнэ гэж үйлээ үзэхгүй, тоо бодож, үсэг сурна гэж байхгүй, тоглоод л, идээд л, унтаад л мөн ч жаргалтай байж гэж боддог байсан. Сургуульд явдаггүй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд бас аймаар их маруужин /зайрмаг гэдгийг тухайн үеийн хэллэгээр/ идээд л, улаан ус /ундаа/ уугаад л, 50 төгрөгийн юм уу 60 төгрөгийн том хүүхэлдэйгээр тоглоод л гэртээ байж байвал тэр л аз жаргал юм шиг санадаг байлаа. Тэр үед 50, 60 төгрөгийн үнэтэй, оросын том хүүхэлдэй байдаг байсан. Тонгойлгохоор дуугардаг, бас хөтлөөд явахаар алхдаг тийм хүүхэлдэй байдаг байсан юм.
Дараа нь дунд ангид орчихоод бага ангид байхад амар байж дээ, хамаагүй хөнгөхөн хичээлтэй гэж боддог боллоо. Тэгээд бас олон багш хичээл заахгүй, ганцхан багштай амар гээд л. Олон янзын ааштай, олон багш нарын царайг харахгүй сайхан байж дээ гэж боддог болсон. Тэр үеийн мөрөөдөл, тэр үеийн аз жаргалын тухай ойлголт бас л өөр болсон. Аль болох бага хичээл хийгээд, тэгээд л дуртай номоо уншаад л, найз нартайгаа гадаа тоглоод л, завтай чөлөөтэй байж байвал аз жаргалтай байх юм шиг санадаг болсон.
Ахлах ангид ороод энэ үзэл бодол маань дахиад л өөрчлөгдлөө. Аав ээжийн болон багш нарын байнга үглэдэг сэдэв нь удахгүй сургуулиа төгсөөд, дээд сургуульд орно, ямар мэргэжилтэй болохоо одооноос сонгоод, дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлд гэдэг асуудал боллоо. Улам илүү хариуцлагатай байх шаардлагатай боллоо. Гэхдээ л үүнийг маш чухал асуудал гэж хүлээж авахгүй, уурлаж бухимддаг байлаа. Үнэнийг хэлэхэд байрны гадаа нарлаад сууж байгаа тэтгэврийн хөгшчүүлд тэр үед атаархдаг байсан шүү. Бушуухан эд нар шиг тэтгэвэрт гарах юмсан гээд л. Одоо бодохоор үнэн инээдэмтэй. Юун гадуур найзуудтайгаа зугаалах, юун ном унших, юун зурагт үзэх, хичээлээ хий, тоогоо бод, элсэлтийн шалгалтанд одооноос бэлд гээд л мөн ч дарамттай байсан даа.
Тухайн үед оросын нэг кино гарсан юм. “Как стать счастливым?” /Яаж аз жаргалтай болох вэ?/ гэдэг нэртэй кино. Тэр кинон дээр ангийн багш нь хүүхдийн авьяасыг тодорхойлдог нэг төхөөрөмж зохион бүтээгээд ангийнхаа бүх хүүхдийн эзэмших ёстой мэргэжлийг заагаад өгчихсөн. Ангийнх нь бүх хүүхдүүд багшийнхаа хэлсэн мэргэжлийг эзэмшээд, гайхамшигтай амжилтанд хүрээд, улс орон даяараа нэр алдраа цуурайтуулсан алдартнууд болно. Гэтэл хүмүүс тэр бүх алдартнууд бүгд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгааг мэдээд бөөн дуулиан болоод, тэдний ангийнхан бүгд цуглаад багштайгаа уулзах гээд, мөн бусад хүмүүс хүүхдийнхээ авьяасыг тодорхойлуулах гээд нөгөө багшийг хайгаад ирэхэд багш нь аль хэдийн бурхан болчихсон тухай гардаг юм. Энэ киног үзчихээд ямар ч байсан аз жаргалтай амьдрахын тулд өөрийнхөө авьяас чадал хүрэх, дуртай мэргэжлээ сонгох хэрэгтэй юм байна гэж нэг удаа бодсон. Тэгээд л мартсан. Гэхдээ ямар ч байсан нэг дээд сургуульд ороод л авбал аз жаргалтай болчих юм шиг санадаг байлаа.
Дээд сургуулийн оюутан байхдаа аз жаргалын тухай ойлголт дахиад л өөрчлөгдсөн. Бушуухан сургуулиа төгсөөд, өндөр цалинтай ажил хийгээд, хэзээ ч мөнгөөр дутагдахгүй, юу дуртайгаа худалдан авах чадвартай байх, гоё тансаг байранд ганцаараа амьдраад, гоё машин унаад давхиж байвал аз жаргалтай болох юм шиг л санадаг болсон.
Дээд сургуулиа төгслөө. Дахиад л нөгөөх аз жаргалын тухай бодол маань өөрчлөгдлөө. Ер нь би урьд нь дандаа л зөвхөн өөрийгөө л жаргалтай байлгах тухай боддог байсан. Миний ойр дотны бүх хүмүүс надад л анхаарал халамж тавьж байх ёстой юм шиг санадаг байсан юм байна лээ. Бусдаас би хайр халамж л нэхдэг байснаас биш, тэднийг хайрлах ёстой гэж боддогчгүй байсан юм байна. Ажил дээр гараад янз бүрийн асуудалтай тулгараад, янз бүрийн хүмүүстэй харилцаад ирэхээр стресст орох нь ч их болоод ирсэн. Түүнээс гадна ээж аав маань бурхан болсон нь намайг бүүр ч өөр хүн болоход нөлөөлсөн байх. Амьдралд байнга янз бүрийн асуудал тулгарч байдаг гэдгийг ухаарсан. Маш их юм боддог болсон. Эргээд бодоход хамгийн жаргалтай үе бол ээж аав хоёр маань амьд байсан үе л юм байна лээ. Ямар ч асуудлыг аль болох миний төлөө шийдэхийг оролддог, намайг зовоохгүй, жаргалтай амьдруулахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг, миний төлөө өөрсдийгөө ч хайрлахгүй зүтгэдэг байсан хүмүүс бол аав ээж хоёр минь л байсан гэдгийг өнгөрсөн хойно л ухаарсан юм даа.
Яг одоогийн байдлаар миний хувьд аз жаргал гэж яг ийм байх ёстой гэсэн төгс төгөлдөр тодорхойлолт арай л алга. Ямар ч байсан элэг бүтэн амьдрал, сонирхолтой ажил, боломжийн цалин, заавал баян тансаг байх албагүй ч тухтай амьдрах гэр орон, сайн найз нөхөд байвал л болох юм шиг. Өөр илүү дутуу юм амьдралаас шаардахгүй, аль болох асуудал багатай, сэтгэл тайван л амьдарвал аз жаргалтай байх юм шиг санадаг болчихож. Ингэж амьдрахын тулд ганцхан өөрийгөө бодох биш ойр орчиндоо байгаа бүх хүмүүсээ хайрлах ёстой юм байна. Бас жижиг сажиг дэмий асуудалд бухимдаж өөрийгөө ядраахгүй, хүнд гомдохгүй, хэтэрхий их мөнгө төгрөг, эд хөрөнгөнд шуналтахгүй, сэтгэл санаагаа тайван байлгаж сурах хамгийн чухал юм байна. Хийж байгаа ажлаа хэзээ ч голж болохгүй. Ажилдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Ажил муу ч байсан, муухай ч байсан цалин өгч, амьдрах нөхцлийг маань бүрдүүлж өгч байгаа гэж бодож сурах хэрэгтэй юм байна. Найз нөхөд ойр дотны хүмүүсээ зовох цагт нь үнэн сэтгэлээсээ сэтгэлийн дэм өгч чаддаг байх хэрэгтэй юм байна. Хүн болгонд зовох үе ч тохиолдоно, жаргах цаг ч ирнэ. Жаргалтай үедээ бусдыг хэзээ ч мартаж болохгүй, зовсон нэгэндээ туслахыг бүүр ч мартаж болохгүй.
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэдэг. Ажил онцгүй байна, цалин бага байна, хамт олон муухай байна гэж бодоод л байвал тэр бодолдоо хэт хөтлөгдөөд амьдралын бусад сайн сайхан талуудыг олж харахаа больчихдог юм байна лээ. Аливаа асуудлыг аль болох болж бүтэх талаас нь харж, хүлээцтэй, уужуу сэтгэлээр хандаж чадвал болохгүй юм гэж байдаггүй л юм байна. Ер нь л их гэгээлэг бодолтой байж сурах хэрэгтэй юм байна лээ. Тэгвэл л аз жаргалтай байж чадах юм шиг санагдаад байдаг болчихлоо.
2008 оны 6 сарын 17-нд би үүнийг бичиж байсан юм байна.
Өнөөдөр 2012 оны 1 сарын 8. Үүнийг бичсэнээс хойш даруй 3 жил 6 сар орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний амьдралд нэлээн том өөрчлөлт гарчихсан, бас болоогүй кайф авдаг зүйл маань бас бага зэрэг өөрчлөгдсөн байна шүү.
Хамгийн том өөрчлөлт гэвэл мэдээж миний хамаг амьдралаа золиослон байж төрүүлсэн ганц охин минь. Өнөөдөр охин минь эрүүл саруул, жаргалтай байвал надад өөр бусад асуудлууд бол нээх сонин биш болчихсон юмуу даа. Гэхдээ мэдээж охиныхоо жаргалтай амьдралын төлөө би өөрөө сайн явах ёстой, сайхан амьдралтай, ажилтай, сайн найз нөхөдтэй явах ёстой гэдгээ ухамсарлаж байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment