RSS

Багадаа би...

Багаасаа л би их дурсах дуртай хүүхэд байжээ, одоо эргээд бодоход. Өнгөрсөн үйл явдлуудыг би мартдаггүй, нэлээн ой сайтай хүүхэд байсан. Тэгээд жоохон томрох тусмаа болсон үйл явдлуудыг дурсаад ярихаар манай аав “Чи тэрнийг ойлгохооргүй жоохон байсан, битгий бид нарын ярьсан юмнуудыг өөрөө санаж байгаа болоод яриад бай” гэж загнадаг байж билээ. Аав шал тэнэг, би өөрөө санаад яриад байхад...
Багадаа би юмыг нэг хараад л тогтоодог байсан. Тэрнийг минь аав ээж 2 мэддэггүй байсан, бас тэнэг хүмүүс шүү. (Бурхан багш минь уучлаарай, аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэх гэж ингэж бичээгүй шүү, зүгээр л шутка. Өө соорри, орос үг хэрэглэчихлээ, та нээрээ оросоор ойлгох уу? За за та мундаг юм чинь орос, англигүй л ойлгоно биз дээ кккк....)  Тэгээд би зарим нэг сэтгэлд тод үлдсэн зүйлийнхээ талаар, бүр бага насныхаа үйл явдлуудыг эргээд дурсаж ярих их л дуртай хүүхэд байсан юмаа.
Намайг 3 нас 6 сартай байхад манай дүү төрж байсан юм. Тэгээд нэг шав шар өдөр аав намайг шар 69 машиндаа суулгаад “миний охин эмэгтэй дүүтэй болсон” гээд аваад эмнэлэг дээр очиж ээжийг эргэж байсан юм. Шав шар өдөр л надад дурсагдаад байдгийн учир нь тэр өдөр 10 сарын 10 байсан л даа. Тэгэхэд би дүү гэж юугаа яриад байгаан бол гэж бодож байсан санагдаад байдгийн. Дүүтэй болоод л ээж намайг шууд тоохоо больж байгаа юм чинь. Би тэгээд л аавын хүүхэд. Аавыгаа нээрээ үнэн дээрэлхдэг байж билээ. Миний үгнээс зөрнө ч гэж байхгүй, бөмбөгнөөд л байна. Үнэн таатай.
Ээж эмнэлгээс гарснаас хойш хэд хоногийн дараах нэг өдрийг би одоо болтол аягүй тод санадаг юмаа. Ээж өлгийтэй маамаагаа тэврээд, аав намайг аваад салхилахаар гарсан юм. Тэгсэн миний хавар өмсөж байсан улаан комбинезон, улаан гутал 2 хоёулаа надаа багадчихсан. Би өмсөнө гэж зөрүүдлэсээр байгаад чихэж өмсөөд гарч байсан юм. Би бол нээрээ лайтай зөрүүд хүүхэд байсаан. Тэгээд тэр багадсан юм яаж таатай байхав дээ, хамаг бие бачууруулаад яг боож үхэх гэж байгаа юм чинь. Тэгээд уйлаад бөөн юм болоод яалтчгүй тайлж байсан юм. Тэгсэн аав “одоо энэ миний охинд таарахгүй ээ, дүү нь өмсөнө гэхээр нь би дүүд өгөхгүй” гээд харамлаад уйлаад байгаа юмаа бас. Энэ тухай би дараа нь дандаа дурсаад ярьдаг байсан, тэгэхээр аав дандаа намайг “хүний ярьсан зүйлийг ярилаа, чи энийг санах боломжгүй жоохон байсан” гэж загнадаг байхгүй юу. Ягшд. Би өөрөө  санаад байгаа юм чинь.
Багадаа би ер нь “хүний адаг” байсан юм шиг байгаа юмаа. 2 ахыгаа дандаа аавд ховлож загнуулдаг байсан. Өдөр яаж сахилгагүйтсэнийг нь бүгдийг нь, үйл явдлын дэс дарааллаар нь орой аавдаа яриад өгчихнөшдээ. Тэгээд л тэр 2 будаа.
Багадаа би цаг мэддэггүй байхад, манай том ах намайг амьд “сэрүүлэг” болгож ашигладаг байсан юм байна. Намайг юм марттдаггүйг манай ах маш сайн мэддэг байсан. Тэгээд” ахын дүү цагийн урт зүү энд, богино зүү нь яг энд ирэхээр ахдаа тэрнийг сануулаарай” гээд л ямар нэгэн мартах гээд байгаа зүйлээ хэлдэг. Би яг тэр цагт нь нөгөө хэлснийг нь сануулдаг байж билээ. Намайг цэцэрлэгт байхад манай ах хичээлээсээ лоозон гэдэг юм цээжлэх даалгавартай ирж байсан юм нэг удаа. Нэг нь улаан бичигтэй, нөгөөх нь цэнхэр бичигтэй томоор бичсэн тэр лоозонг нь манай ах цээжлэх гээд уншиж байхад нь би аль хэдийн цээжилчихсэн байсан юм. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач байж социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалж,  хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэж байсан санагдана. Одоо бол мартжээ, үнэндээ.
Багадаа би цэцэрлэг дээрээ унтдаггүй сонин хүүхэд байж билээ. Ээж манай цэцэрлэгт ажилладаг байсан. Тэгээд би тийм даварчихсан байсан л даа. Өдрийн унтлагын цагаар дээд ангид байдаг эгчийнхээ өвөрт очиж унтдаг байж билээ. Тэр үеийн бүх цэцэрлэг 24 цагийнх байсан л даа. Социализмын ид бүтээн байгуулалтын үе болохоор аргагүй. Тэгээд нэг удаа аав ээж 2-т хойшлуулшгүй чухал ажил гарсан юм. Чухам юу байсныг нь мэдэхгүй, хөдөө явах хэрэг л гарсан байх. Тэгээд намайг цэцэрлэг дээрээ 1 өдөр хоноорой гэсэн чинь би хонохгүй гээд бөөн юм болсон. Аргаа бараад намайг орой ирж авна гэж ам өчгөө өгөөд хүргэж өгсөн юмаа. Тэгээд хулхидаад тэр шөнө ирээгүй. Би унтахгүй, шөнөжин уйлаад багш нарыг нэг шөнө тамлаж билээ. Манай эгч 2-лаа зүгээр унтъя гэж аргадаад дийлээгүй. Сүүлдээ намайг багш загнаж байсан юм бүр залхаад. Тэгээд маргааш орой нь цэцэрлэг тарахад ээж ирж авч байгаа юм чинь. Би тэр өдөр бөөн гомдол болж байснаа одоо болтол мартдаггүй юмаа. Тэгээд цэцэрлэгийн багш нарыг амраагаагүй гээд аав ээждээ бас загнуулаад дахиад бөөн гомдол нэмэгдэж байж билээ.
Багадаа би гэнэт нэг удаа өглөө нойроо харамласнаасаа болоод цэцэрлэгтээ явахгүй гээд чарлачихаж билээ. Тэгэхэд 6 настай байсан. Уг нь би цэцэрлэгтээ дуртай байсан л даа. Тэр удаа л тэр нэг нойрноос болоод... Тэгсэн чинь аав ээж 2 ерөөсөө дүүтэйгээ хамт гэртээ байж байг гэсэн шийдвэр гаргачихсан. Тэгээд л сургуульд ортлоо цэцэрлэгт яваагүй юмдаг. Уг нь бол ээжийн ажилладаг цэцэрлэгшдээ.
Цэцэрлэгт яваагүй хүн чинь өдөржин уйдаж үхнэ биз дээ. Тэгээд эхлээд баахан зураг зурдаг байлаа. Эхлээд ах, эгчийнхээ зургийн номнуудыг нь авч байгаад цонхон дээрээ гараад гэрэлтүүлээд л зурж өгдөг байлаа. Тэгээд дараа нь нөгөөтхөө өнгийн харандаагаар, усан будгаар будна. Сүүлдээ гэрэлтүүлэхгүйгээр өөрөө зураад сурчихсан. Өдөржин л зураг зурдаг байлаашд. Цэвэрхэн ч зурахгүй хамаг хана, хөшиг бүгдийг нь усан будгаар завааруулж өгдөг байж билээ.
Зурахаасаа уйдаад эхлэхээрээ хүүхэлдэйндээ хувцас хийнэшдээ. Даавууны өөдсөөр өөрөө эсгээд л гараараа оёж өгдөг байлаа. Энэ маань харин хожим нь надад маш хэрэг болсон доо. 14 наснаасаа эхлээд л загварын сэтгүүлээс эсгүүр аваад өөртөө хувцас оёдог, нэхдэг болсон. Тэр үед чинь одооных шиг элдэв төрлийн хувцас элбэг биш байсан болохоор тэгж өөрөө өөртөө оёдолчин, нэхмэлчин болж л гангардаг байлаа шүү дээ. Нэг удаа аав надаа нэг тарваганы арьсны өөдөс өгсөн юмаа. Тэгээд би тэрүүгээр нь өөрийнхөө өмсдөг үнэгэн малгай шиг малгай хүүхэлдэйндээ хийж өгнө гээд. Тэгсэн аав “наадах чинь арай хүрэхгүй лоовууз хий” гэхээр нь би “үгүй” гэж зүтгэсээр байгаад малгай оёсон чинь миний хүүхэлдэйний толгойнд ордоггүй ээ. Аймаар уур хүрээд уйлж байгаа юм чинь, өөрөө зөрүүдэлж аавынхаа үгэнд ороогүй байж.
Нэг удаа уйдаад яаж тоглохоо мэддэггүй. Тэгээд нэг сонин тоглоом сэтгэж байгаа байхгүй юу. Тэгж сэтгэх шалтгаан нь бас манай ах байсан юмаа. Яахав өнөөх чинь миний дургүйг хүргэсэн болохоор. Манай аав тэр үед далайн мөөг гээд нэг исгэлэн гоё амттай юм исгэж уудаг байсан юм. Ходоодонд сайн гэдэг байсан санагдаж байна. Тэгсэн манай ахын ангийнхан нь дандаа үдээс хойш манайд орж ирээд бүгдийг нь уучихдаг байсан юм л даа. Хүнд гарууд аавд үлдээхгүй, үнэн тэнэг. Тэгээд би тэр, тэр өнөөдөр орж ирээд уусан гээд нэр цохон хов зөөдөг байлаа. Тэгээд нэг удаа ахын нэг найз орж ирээд тэр 2 шатар тоглоод сууж байсан юм. Тэгснээ намайг зааснаа “энэ муу ховч аавд хэлээд” гээд ярьдаг байхгүй юу. Тэгээд л миний гэдэн хөдлөөд.... Би шатраар тоглоно гээд л чаралчихсан. Шатар тоглож мэдэхгүй байж... Тэгээд би дийлээд хайрцагтай шатраа авангуутаа “шатраар айл гэрдэнэ” гэдэг тоглоом зохиогоод тоголчихсон. Хар цагаан 2 айл шатрын өрөг дээр. Ноён нь аав, бэрс нь ээж нь, тэрэг, тэмээнүүд нь ах нар, морь нь эгч нар нь, хүүнүүд нь бага дүү нар нь гээд. Тэгээд нэг айл нь манай дүүгийнх, нөгөөх нь манайх гээд. Тэгсэн тэрнээс хойш манай дүү өдөр болгон намайг “шатраар айл гэрдье” гэж шалаад ядаргаа болдог болж билээ.
Дүү бид 2-ыг өдөржин гэртээ байдаг байхад манай 2 ах нэг нь өглөө хичээлтэй, нөгөөх нь өдөр хичээлтэй яг зөрдөг байлаа. Тэгээд уйдахаараа нөгөөдүүлийг ном уншаад өг гээд шалчихна. Ном уншуулах бол үнэндээ л нугасгүй дуртай байж билээ. Залхтал нь ном уншаад өг гээд шалдаг байсан юмаа. Сургуульд ороогүй байж л дунд сургуулийн сурах бичгүүд дээрх хамаг өгүүллэгүүдийг цээжээр шахуу мэддэг болчихсон байлаа. “Хөх навч” гэдэг өгүүллэгийг өдөр болгон шахуу уншуулаад Катя гэдэг тэр охиныг яагаад ногоон харандаагаа Лиза найзаасаа харамлаад байгаа юм болоо гээд л гайхдаг байсан. Алтан хүү, Мөнгөн хүү гэдэг өгүүллэгийг (үлгэр ч билүү) уншуулаад өөрөө хээр төөрсөн юм шиг жихүүдэс төрж, дотор арзайдаг байлаа.
Ном уншуулах дуртай болохоороо ах нараасаа нэг нэгээр нь асуусаар байгаад нэг мэдэхэд 35 үсгээ бүгдийг нь мэддэг болчихсон байсан юм. Гэхдээ үсэг холбоод уншиж арай л сураагүй байсан юм. Нэг удаа аавдаа хөргөгчин дээрх нэрнийх нь үсэгнүүдийг мэднэ гээд хэлсэн чинь аав намайг шалгалаа. Манайх тэр үед Саратов гэдэг хөргөгчтэй байсан юм. Саратов гээд уншсан чинь аав”ойлгомжтой чи зүгээр л цээжилчихсэн байна” гэж авсан. Тэгээд үсэгнүүдийг нь нэг бүрчлэн асууснаа “чи зүгээр л эд нараар заалгаад цээжилчихсэн биз” гээд тоохгүй байгаа юм чинь. Манай аав бас сайхан хэнэггүй гар байж дээ. Намайг 35 үсгээ бүгдийг нь мэддэг болчихсон юм чинь, одоо уншуулаад сургачихъя гэж тэр үед сэтгээгүй л байгаа юм даа. Би өөрөө тэгж мэддэг байсан бол аль хэдийн хэрэгжүүлчихгүй юу.
Багадаа би сургуульд орохоосоо өмнө нэг иймэрхүү хүүхэд байсан юм.  За дараа үргэлжлүүлнээ дараа дараагийнхаа түүхийг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

hi.naiziihaa bichsen zuiliig unshih durtai shuu. bicheel bai.

Post a Comment