Өнгөрсөн сард дүүгийн хонхны баяр болчихсон чинь зардал хэвийн үеэсээ хэтрээд, мөнгөний дутагдалд ороод эхэлдэг юм даа. Дараагийн цалин болтол хүрэх байх гэж бодоод 5 дахид 100000 төгрөг данснаас аваад охиндоо нимгэн хувцас, гэртээ ойр зуурын хүнсний зүйл авчихна гэж тооцоолсон чинь юун хүнс бэлдэх, охиндоо ботинк, сарафанчик, платье, цамц гээд 4 ширхэг хувцас аваад л мөнгө дуусчихсан. Мөнгө цаас болжээ гэдэг нь ч аргагүй юм байна. Хэдхэн төгрөг үлдсэн нь охины оройн зугаалгандаа амных нь зугааг гаргах чихэр, ундаа, шоколаданд яваад дууссан. Цалин буутал гүрийнэ дээ одоо.
Орой гадаа гарах тоолондоо дэлгүүр лүү заагаад "чиш чиш" гээд чихэр нэхдэг болсон. Дэлгүүрт ороод нэг төрлийн чихрээ л авна. Өөр чихэр авч өгөх гэсэн чинь "үгүй үгүй" гээд уурлаж байналээ. Тэгээд заавал энийг авна гэж заагаад нэг бор шаргал цаастай, сүүтэй чихрийг сонгож аваад байгаа.
Тэгсэн нээх хөгжилтэй, өнгөрсөн хагас сайнд чихрээ авахуулаад, бас "Маша и медведь" гэсэн шоколад байхаар нь авчихлаа. Тэгээд байрны гадаа беседканд суугаад чихрээ идээд, миний утсаар тоглоод сууж байсан юм. Гар нь бас утас чихрэнд зууралдаад заваан болчихоор нь нойтон салфеткаар гарыг нь арчаад, утасныхаа дэлгэцийг арчаад өгчихсөн чинь "үгүй ээ" гээд уурласнаа хуруугаа амандаа байгаа шоколаданд хүргэнгүүтээ утасны дэлгэцийг буцаагаад завааруулж өгдөг юм даа хахаха... Аягүй хурдан хурдан хуруугаа амандаа хийгээд л утасны дэлгэц завааруулж өгч байгаа байхгүй юу. Тийм зөрүүд байж болох уу? Үнэн инээдтэй харагдаж байгаа юм чинь хахаха...
Сүүлийн үед охин ааш муутай болоод, уйлахаараа "ааваа" гэж уйлаад байгаа. Тэгсэн 5 дахийн орой охины аав бас гэрт ирье гээд гуйгаад эхэлсэн. Сонин юмаа. Энэ 2 бие биендээ татагдаад байдаг юмуу хаашаа юм. Надаа бол тэр хүнийг харах хүсэл одоо нээх төрөхөө больж. Дандаа уур хүргэдэг болохоор... Одоо цаг хугацаа өнгөрөх тусам улам дургүй болох шинжтэй. Тэр хүн нэмэр болохоосоо илүү хүний дургүй хүргэж, стрессдүүлж нэрмээс болдог болохоор тэр биз. Анх бол хараад хайр хүрдэг байсаан. Одоо бол утасны цаанаас дууг нь сонсоод уур хүрэх гээд байдаг болсон байналээ. Ир гэж хэлсэнгүй гээд утасдаад хүн загнаад байгаа юм даа. Үнэн харьцаа муутай...
Хагас сайн өдөржин бас мессеж бичсэн. Худлаа бичээд байгаа байхгүй юу, согтуу байна гээд... Согтуу бол бүр ирээд хэрэггүй гэхээр цоо эрүүл байна гээд... Дараа нь шал хэнэггүй "чиний янзыг үзсэн юм" гээд байгаа юм даа. Туйлбаргүй, тэнэг, эрхийн тэнэг, эр хүний шинжгүй мангар, бүдүүлэг... Ёоо сайхан муулаад санаа амарчихлаа.
Тэгээд за яахав охиноо бодоод нэг удаа зөвшөөрье гэсэн чинь одоо очлоо шүү тэгвэл гээд овоо чимээгүй болов. Тэгэхээр нь охиндоо "аав чинь ирнэ гэнээ" гэсэн чинь аягүй сонин унтах гээд хэвтэж байсан хүүхэд чинь утсаар тоглоод унтахаа больчихсон. Сайн ярьж чадахгүй ч гэсэн аймаар сайн ойлгоноо. Тэгээд аав нь ирээд хажууд нь хараад зогссон чинь харц нь нээх бишүүрхсэн шинжтэй болоод, тоглож байсан утсаа тавингуутаа нам унтаад өгдөг юм даа. Барааг нь хараад санаа нь амарсан шинжтэй. Маргаашнаас нь сэргээд шал өөр болчихсон. Нүд нь гялалзаад, уурлаж уйлагнахаа болиод, илт царай ороод ирсэн нээх сонин. Өмнөх өдрийнхөөс илүү хөөрхөн болчихсон ч юм шиг харагдаад байгаа юм чинь. Яана даа яана, энэ янзаараа ингээд энэ хүүхэд аавыгаа үгүйлээд хямраад байвал би нээрээ яанаа...
Өчигдөр нээх сонин юм боллоо. Орой охин гэнэт надаа нэг юм шулганаад яриад байна. Онгорхой форточка руу зааснаа "маамаа ожий" гээд байх юм. Тэгээд сандал руугаа заагаад, горшок руугаа заагаад "энд энд..." гээд... Юу яриад байгаа юм болоо гээд би гайхаад... Тэгсэн дахиад л цонх руу заагаад л, сандал, горшокоо заагаад л нөгөөтөхөө давтаад яриад байна.
Гэнэт нээх эвгүй санагдаад нурууны үс босоод ирсэн. "Маамаа цонхоор орж ирээд миний охины сандал, горшок дээр суусан юм уу?" гэсэн чинь толгой дохиод "тийн тийн" гээд байна. Тэгснээ гал тогоо руу гүйж ороод бас онгорхой форточка руу зааснаа "тэр тэр" гээд байх юм. "Тэр цонхоор гараад явсан юм уу" гэсэн чинь бас "тийн тийн " гээд байсан. Охины царайд айсан шинж огт байгаагүй болохоор би бас тайвширсаан.
Зул өргөөд, арц уугиулаад... Тэгээд л мартсан. 3 хүртэлх насны хүүхэд элдэв хар муу санаа суугаагүй болохоор билгийн нүд нь нээлттэй байдаг, тийм болохоор далд ертөнцийг харах чадалтай байдаг гэж манай нэг найз яриад байсан юмаа. Үнэн байхаа. Өчигдөр охин нэг жоохон хүүхдийн сүнс харсан байх. Тэгээд тэр сүнс манай гэрээр ороод гардаг нь ямар учиртай юм болоо? Ээжийгээ хайж явсан сүнс байхаа. Өглөө найзууддаа энэ тухай хэлсэн чинь бүгд айцгаагаад байх юм. Би ер айхгүй байна. Тэртэй тэргүй бид нар олж хардаггүй л болохоос биш, бид нарын хажуугаар очих ёстой газраа очиж чадаагүй сүнснүүд өчнөөнөөрөө л явж байдаг гээ биз дээ.
Тэр хөөрхөн хүүхдийн сүнс хурдан ээжийгээ, бас хамгийн гол нь аавыгаа олоод очих болтугай. Тэгээд эсэн мэнд эрүүл, саруул, хөөрхөн хүүхэд болоод төрөх болтугай гэж ерөөе дөө.
0 Сэтгэгдэл:
Post a Comment