RSS

Любимая моя хулиганка

Өнөө өглөө охиноо цэцэрлэгт нь явуулсангүй. Өчигдөр орой фитнесст явсан хойгуур ширээн дээр гарах гэж авирсан юмуу хаашаа юм, ширээ нь хажуулдаж унаад хөлийг нь дарчихсан гэнэ. Хөл нь хавдаад, сайн гишгэхгүй... Дүүгээ хичээлдээ явахгүй гэхээр нь өглөө сэрээхгүй унтуулаад орхичихлоо. Сая утасдсан чинь гайгүй байна гэнэ, тэгээд жоохон тайвшраад сууж байна. 
Хэд хоногийн өмнө цэцэрлэгээсээ ирэх замдаа дэлгүүрээс иштэй чихрээ авахуулаад, тэгээд бас гэртээ шууд орохгүй байрны гадаа сууж байлаа. Тэр өдөр сэрүүвтэр байсан болохоор жинсэн өмдийг нь өмсгөчихсөн байсан чинь нээх хөөрхөн... Нэг харсан чинь өмднийхөө карманд гараа хийгээд, амандаа чихрээ хийгээд зогсож байна. Яг тамхи зуугаад зогсож байгаа хулиган шиг хахаха. Өмднийх нь карма ядаж байхад ташаан дээр нь биш гуян дээр нь болохоор кармандаа гараа хийх гээд бөгтийчихсөн, үнэн танхай зогсож байгаа юм чинь. Яг нэг жижигхэн атаман зогсож байнаа. Тэгэхээр нь "хөөе хулиганка нааш ир" гэсэн чинь "ааан?" гээд нүд нь дүрлийгээд над руу гайхаж хараад байгаа юм даа. Тэгснээ өмднийхөө карманд гараа хийсэн чигтээ пээдийгээд цаашаа алхаад байгаа байхгүй юу. Гялс утсаараа тэр эгдүүтэй агшны зургийг дараад авсан. 
Хагас сайнд Зайсан руу нэг найзындаа очоод... Тэдний гэрт үймүүлж өгч байнаа. Миний утсыг бариад гүйж байхад нь манай найз "чи маамаагийн зураг авч чадах уу?" гэсэн чинь "за" гээд хүүхэд рүү нь гүйж очсоноо зургийг нь дараад байна. Гэхдээ хүүхдийн зургийг биш хажууд нь очсоноо шалны зураг аваад байгаа байхгүй юу. Хүүхэд рүү чиглүүлж авахаа мэдэхгүй. Тэгсэн манай найзын нөхөр нь нүд нь орой дээрээ гарчихсан гайхаад... Хүүе ийм жоохон хүүхэд байж утас ямар сайн ашиглаж байнаа гээд гайхаад байна. "Камерийг нь гаргаж ирж, зураг дарчихаад буцаад галерей руу нь ороод дарсан зургаа гаргаж ирээд байнашдээ энэ чинь..." гэнээ. "Одооны хүүхдүүд нээрээ өөр юмаа, надаас илүү утас ашиглаж байна" гээд л толгой сэгсрээд байсан. 
Би тоглоом татаж өгнө, манай охин өөрөө тэр тоглоомынхоо учрыг нь олоод тоголдог болчихоод байгаашд. Намайг учрыг нь олж амжаагүй байхад, охин аль хэдийн бүх учрыг нь олчихсон байгаа юм чинь. Kid's piano, Talking Babsy baby, Angry birds гээд 3 тоглоом л татаж өгсөн. 3-ланг нь сайн тоглож байгаа юм чинь. Talking Babsy Baby нь үнэн алиа тоглоом. Нэгхэн ширхэг шүдтэй нэг алиа маамаа дуулна, бүжиглэнэ, инээнэ, унгана, соскоо хөхнө, угжаар сүүгээ ууна. Бас үг хэлэхээр өөдөөс дуурайгаад хэлнэ. Би тэгж дуурайж хэлдэгийг нь мэдээгүй байсан чинь манай охин мэдчихэж. Утас барьчихаад л үглээд л, хашгираад л янз янз болоод байхаар нь гайхаад байсан чинь тэр алиа маамаатай яриад байсан нь тэр юм байна л даа.
Сүүлийн үед зураг дарж, бичлэг хийхийг сурчихсан байналээ. Хэн ч зааж өгөөгүй, өөрөө л утсаар оролдож байгаад сурчихсан. Чад чад гээд л зураг дараад байгаа сонсогдоод байсан. Унтсан хойно нь утсаа шалгаад үзсэн чинь баахан хөлнийхөө зургийг аваад, хөлнийхөө бичлэгийг хийчихсэн байдаг юм даа хахаха.  Одоохондоо зургийг нь авах гэж байгаа обьект руугаа чиглүүлж мэдэхгүй байна. Гэртээ халууцдаг юмуу хаашаа юм дандаа оймсоо тайлаад чулуудчихаад, хөл нүцгэн гүйгээд байдаг байхгүй юу. Тэгсэн баахан нүцгэн хөлний бичлэг.... Нэг жижигхэн нүцгэн хөл яваад л байна, яваад л байна. Хажууд нь зурагт дуугараад, хааяа нэг би дуугараад... Тэр жижигхэн хөл манай гэрийн хаа сайгүй явж байнаа хахаха. Дарсан зурагнууд нь дандаа шалны зураг, хажууд нь нэг жижигхэн 2 хөл. Зарим нэг зураг дээр нь бас миний хөл орчихсон байналээ. Нээх хөөрхөн. 
Зургуудыг нь устгаж байснаа гэнэт болив. Энэ чинь миний охины хамгийн анхны дарсан зурагнууд юм чинь устгаж болохгүй юм байна гэж гэнэт бодогдоод... Дурсгал болгоод хадгалах хэрэгтэй юм гэж бодлоо. Анхны уран бүтээлүүд нь мөн биз дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment