Түнтгэр духтууд гэснээс... Өмнөх бичлэгээс санаа аваад үргэлжлүүлж бичмээр санагдав. Үеийн үед л томчууд "одооны энэ хүүхдүүд үү" гээд толгой сэгсрэх явдал байнга гардаг. Би лав аав ээжийнхээ "одооны энэ хүүхдүүд үү" гээд толгой сэгсэрч байхыг зөндөө л харсандаг. Хүн сайн талаараа ч, муу талаараа ч үеийн үед өмнөх үеэ гайхшруулж хөгжиж байдаг юм шиг байгаа юм. Тэгээд л энэ үг байнга хэлэгддэг байх. Бид бас аав ээжийнхээ үеийг бодвол арай илүү хөгжилтэй байсан юм шиг байгаа юм.
Бидэнд ч гэсэн одоо хүүхдүүдээ хараад гайхах, бахархах, бас заримдаа айж эвгүйцэх ч тохиолдол зөндөө л гарч байна. Дөнгөж 1 ой орчим настай охиноо санаандгүй хараад харцнаас нь цочих тохиолдол надаа лав хэд хэдэн удаа тохиолдсон. Над руу нэг том хүн зэмлэсэн, гайхсан харцаар хараад зогсож байгаа юм шиг... Нэг хэсэг ажил бүтэхгүй, аймаар стресстэй байх үедээ хэд хэдэн удаа охиноо "болношдээ, юундаа бухимддаг юм" гэсэн харцаар хараад зогсож байхад нь харц тулгараад, цочоод өөрийгөө хүчлэн уурлаж, бухимдахаа больж өөр зүйлд анхаарлаа хандуулж сатаардаг байсан юм. Одоо удахгүй хэлд ороод ярьдаг болохоороо надад чухам юу ярихыг би одоо таашгүй.
Манай нэг найзын аймаар адтай охин байдаг юм. Багадаа ээжийгээ ёстой гайхшруулдаг байсан. Надаас яагаад ийм хүүхэд гарчихсан юм болоо гээд гайхаад байдаг байж билээ. Мэдээж хэл ам бол гүйцэгдэхгүй. Бодож, сэтгэж байгаа энэ тэр бол биднээс хол түрүүлчихсэн... 3 нас хүрээд цэцэрлэгт оруулах гэсэн чинь орон тоо гүйцсэн гээд цэцэрлэгт авсангүй. Эмээ нь цэцэрлэгт оруулж чадаагүй тухайгаа хэлсэн чинь "үгүй би цэцэрлэгт заавал явна, би цэцэрлэгт явж олон найзуудтай болох дуртай" гэж хэлээд цэцэрлэгт өмсөж явах хувцсаа өөрөө бэлдээд эхэлсэн гэж байгаа. Ээжийнхээ угаагаад тавьсан цэвэрхэн хувцаснуудыг өглөө өмсөөд цэцэрлэгтээ явна гээд орныхоо хажууд эвхэж тавиад унтсан гэнэ. Өглөө босоод цэвэрхэн хувцсаа өмсөөд гэрийнхээ хажууд байдаг цэцэрлэг рүү гүйж ороод шууд даргынх нь өрөөнд ороод намайг аваач гээд гуйсан гэж байгаа юм даа. Ээж аав эмээ нь бүүр гайхчихсан. Цэцэрлэгийн дарга авгай уяраад шууд авсан гэж байгаа байхгүй юу. Дөнгөж 3 настай охин цэцэрлэгийнхээ асуудлыг өөрөө шийдчихэж байлаа. Бид нар сонсоод бас ангайсаншд.
Дараа нь цэцэрлэгийн ахлах ангид орсон хойно нь ээж нь сургуульд ороход нь бэлдээд юм бичүүлж сургаж эхэлсэн юм байна л даа. Тэгсэн нөгөө адтай охин чинь сурах аймаар дургүй. Ээжийнхээ хий гэсэн зүйлийг огт хийдэггүй, зөвхөн тоглох л дуртай. Дуртай дургүй дэвтэр дээр бичиж өгсөн хэдэн тоог нь сараачдаг байсан гэнэ. Тэгснээ 2-ын тоог бичих аймаар дургүй, чаддаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг өдөр зад загнаад, орой намайг ажлаасаа ирэхэд 1 хуудас дүүрэн 2-н тоо бичээрэй гэсэн даалгавар өгөөд явсан гэнэ. Орой ирсэн чинь "ээжээ би даалгавраа хийчихсэн" гэхээр нь шалгаад үзсэн чинь дэвтрийн нэг хуудас дүүрэн нэг ширхэг томоос том 2-н тоо биччихсэн байсан гэсэн. Яаж ингэж сэтгэдэг байнаа гээд ээж нь бүр толгой сэгсрээд... Сүүлийн үеийн хүүхдүүдийн гүйлгээ ухаан илүү хөгжсөн ч юм шиг.
Манай бас нэг найзын хүү нь 5 настай байхдаа.... Аав нь багад нь салчихсан, ээж нь нэг найз залуутай. Тэгсэн ээжийнх нь найз нь хүүхдийн баяраар "би чамайг яаж баярлуулах уу?" гэж асууж л дээ. Тэгсэн "өө ээжийг минь л сайхан баярлуулчихвал би баярлана" гэж хэлсэн байгаа юм даа. Бид нарын толгойд ч бараг тийм бодол орж ирэхгүй дээ. Сонсоод үнэхээр гайхсан, бас ямар мундаг бодолтой юм бэ гэж бахархсаан.
Гэх мэтчилэн сүүлийн үеийн хүүхдүүдийн тухай яриад байвал зөндөө л сонин тохиолдлууд байгаа. Миний ойр орчмын бүх хүмүүс л хүүхдээ гайхаад байдаг болчихоод байгаа юм. Биднээс илүү оюунлаг, бидний дараагийн үеийн хүмүүс ирж байгаа гэдэгт би лав бүрэн итгэж байгаа.
1 Сэтгэгдэл:
kkkkkkkkkk
yag unen suuliin uyeiin huuuhduud...
hogjil denduu turgen bolson gedgiiig
yanz bureer l haraad uzeed medreed bgaa shuu.
from hoogoo
Post a Comment