RSS

Nostalgia-2

Жоохон зав гарангуут блогтоо орж дэмийрмээр санагдах юмаа. Зав ч гэж дээ, үдээс хойш болонгуут залхуу жоохон хүрээд... Гадаа гоё байнаа ойрд. Өнөөдөр бороотой гэсэн чинь бороо нь хааччихаваа, хаагуур тэнээд алга болчиховоо? Салхи гэж нэг сахилгагүй нөхөр элдээд алга болсон юм байх даа гээд мэдрэлтээд байхгүй юу ккк...
Бороо гэснээс 90-ээд оны эхэн үед "Снежный август" гэдэг охидын хамтлагийн дууг сонсох их дуртай байлаа. Тэдний Дождь гэдэг дуу нь одоо болтол, бороо орох тоолонд толгойд орж ирээд байдаг юмаа нээх сонин. "Ах дождь льёт и льёт уже давным давно..." гээд. Бороо орлоо л бол би энэ дууг аялаад салдаггүй, үнэн гажиг. Одоо би энэ зуршлаас сална гэж бодоод байгаа. Үг нь гунигтай талдаа дуу. 
Соц үед чинь айл бүр байрны дээр том том антенн зоогоод зурагтаа гоё гаргах гээд үйлээ үздэг байлаашд. 2-хон сувгаа үзэх гэж бөөн юм болдог байлаа. Аав байрны чердакан дээр гараад антеннаа ийш тийш нь эргүүлээд, долгион барьж авах гээд л, ээж гэрт зурагтаа хараад, зурагт гоё болж байгаа эсэхийг мэдээлэх үүрэгтэй, бид нарын хэн нэг нь цонхон доор зогсоод ээжийн дамжуулсан мэдээллийг чердакан дээр байгаа аавд хашгирч дамжуулах үүрэгтэй хахаха... Үнэн хөгжилтэй. 
90-ээд оны эхэн үед кабелийн сувгийн үйлчилгээ монголд анх нэвтэрч эхэллээ. Энэ үед миний мэдэх хамгийн анхны хөгжмийн суваг Channel V байсан санагдаад байнаа. MTV-ээс өмнө энэ сувгийг анх үзсэн санагдаад байдаг юмаа. Тэр үед жинхэнэ Michael Jackson-оор амьсгалдаг байлаа. Нэг удаа Thriller дууных нь клипийг үзээд сууж байсан чинь аав хажууд сууж байснаа:
- Миний хөө энэ рок покийн (рок попын) хаан гээд байгаа хүн чинь эрэгтэй хүн юм уу эмэгтэй хүн юм уу?
- Аааааан? Яагаад ингэж асууж байгаан?
- Хаан гэхээр эрэгтэй хүн юм шиг, царайг нь харахаар эмэгтэй хүн юм шиг...
- Хахахахахахаа 
Би аавыг шоолоод тэр үед үхтлээ инээж билээ. Одоо Thriller сонсохоор л энэ явдал санагдаад байдаг юм. Хожим нь энэ дууны аянд тэр үед дөнгөж 1-2 настай байсан зээ дүү маань Монголын хамгийн анхны Flash mob-т орж бүжиглэнэ гэж яахин санах билээ. 


Энэ Юнител допинг үйлчилгээгээ зах зээлд анх гаргах гэж байхдаа сурталчилгааны зорилгоор хийсэн юм шиг байналээ. H1N1 вирусын халдварын үеэр хийсэн бичлэг. Нарантуул дээр бас 2 бичлэг байгаа. Тавих гэсэн залхуу хүрчихлээ. 
90-ээд оны дунд болон сүүл үед оюутан байсан болохоор энэ цагийн дуунуудыг одоо эргэн сонсоход ч бас сэтгэл хөдөлмөөр шүү. DJ Bobo, Captain Jack... гэх мэт гоё гоё  сэтгэл хөөргөсөн  хамтлаг дуучдын дууг сонсож оюутан насаа өнгөрөөсөөн. 
Mr.President хамтлагийн Coco Jamboo гэдэг дуунд манай нэг найз учиргүй дуртай байв. Тэгсэн нэг удаа унтаж байхад нь зурагтаар энэ дууны клип явж л дээ. Аймаар ядраад, нойрондоо дийлдээд яг зүүрмэглээд эхэлж байсан юм байна л даа. Тэгсэн чинь гэнэт дүү нь учиргүй сандраад л сэрээрэй, сэрээрэй гээд л дуудаж гэнэ. Юу болсон юм болоо гээд л сандраад сэрсэн чинь Coco Jamboo зурагтаар гарч байна гэж авсан гэсэн хахахах.... Боож үхтлээ уурлаад эргээд хэвтсэн чинь унтаж чадахгүй байсан гээд дараа нь яриад бөөн инээдэм болж билээ.
Britney Spears-ийн дуунуудыг одоо сонсохоор би аавыгаа санаад байдаг юмаа. Бас л ид хит болж байх үед нь оюутан нас өнгөрсөн. Зуны амралтаараа MTV-ээр Sometimes дууных нь клипийг ч залхатлаа үзсэн дээ. 
Сургуулиа төгсөөд ажилд орсон жил, манай зээ дүү надаа Бритнигийн дуунуудтай кассет өгөөд... Тэр үед бол хужаагийн хөгжимнүүд манайд хогоороо ороод ирчихсэн байсан болохоор хужаагийн хулхи хөгжмөнд хулхи кассетанд хуулж бичсэн дуунуудыг бол ёстой сонголтоороо сонсдог болчихсон үе л дээ. Ямар ч байсан 102.5 гэдэг FM бий болчихсон байсан үе. Бусад FM-үүд гэхдээ хараахан төрөөгүй байсан л даа.
Дүүгийнхээ өгсөн кассетийг нэг хэсэг сонссон юмаа. Дуунууд нь их таалагдсан байх. Манайх баруун, зүүн тийш харсан 2 өрөөтэй. Би зүүн өрөөнд зурагт үзээд диван дээр унтдаг байлаа. Өглөө нар толгой дээр тусчихна. Тэрэнтэй зэрэгцээд аав өрөөнд зөөлхөн алхалж орж ирээд "миний охин босоорой" гээд дуудна. Аавыг дуудангуут би нойроо бүрэн сэргээх гээд шууд л хөгжмөө асаачихдаг байсан.  Намуухан хөгжмийн аянд өглөөний цай, ажилд явах бэлтгэл... Манай аав өглөө бүр эртлэн босож талхаа бариад, цайгаа чанаад дараа нь бид нарыг сэрээдэг байсан юм. Манай ээж юу ч хийдэггүй шахуу. Манайх бол ер нь эхийн эрхт ёс ноёрхсон айл байсаан одоо бодоход. Аав хэтэрхий ажилсаг хүн байсан болохоор хэнээр ч юм хийлгэхгүй, өөрөө урдуур орж гүйсээр байгаад ийм байдалд дасгачихгүй юу. 
Одоо B.Spears-ийн яг тэр үеийн дуунуудыг сонсохоор л яалтчгүй аав маань санагдаад байдаг юм. Шинэхэн талхны исгэлэн үнэр, өглөөний нар, аавын зөөлхөн алхаад өрөөнд орж ирэх чимээ... Хэзээ ч эргэж олдохгүй жаргалтай мөч....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment