RSS

Сорхугтани - бүх монгол бүсгүйчүүдийн үлгэрлэн дуурайх хүн

Ажлынхныхаа бэлэглэсэн Сорхугтани хатны тухай романыг уншлаа. Миний Монголын, бидний өвөг дээдсийн, бидний өндөр дээд язгуурын бахархам түүх, бахдам домог... Ямар агуу өвөг дээдсийн үр сад вэ бид чинь? 
Үнэхээр том сэдэв, агуу эмэгтэй... Харин зохиолч бүсгүйн ур чадвар жоохон жулдсан санагдлаа. Өөртөө ахадсан сэдвээр барьж авч бичсэн нь бахархууштай ч, зохиолыг жоохон амт муутай болгочихож. Нэг тийм аатай, шунан дурлаж уншмаар гоё бичдэг, орчуулдаг зохиолчид байдаг даа. Тэр тал дээр бол жоохон дутагдалтай санагдлаа. Гэхдээ энэ сэдвээр барьж авч бичсэн хатан зоригоос нь харахад аргагүй монгол бүсгүй аж. 
Хаан төрийн Хатан ухаан гэгчийн талаар мөхөс би буруу ойлголттой явж... Өвөг дээдэс минь өчүүхэн намайгаа өршөөж хайрла. 
Хөмхийгөө зуугаад, хөмсөгөө зангидаад хатан ухаан гэгчийн талаар хаа хамаагүй хашгичих Бат-Отгон гэгч тэр нэг эршүүд төрхтэй, бүдүүн тоймын эмэгтэйн яриаг зурагтаар харах тоолондоо би хатан ухаан гээч нь айхтар эмэгтэйчүүдийн арга заль гэж ойлгож явлаа. Миний ойлгосон буруу байж.
Сорхугтани хатны хатан ухааны талаар хамгийн анх бичсэн хүн бол миний мэдэхээр миний багын найзын аав Налайхын уурхайн инженер байсан Ш.Нүрзэд агсан билээ. Энэ дашрамд найзынхаа аавын бичсэн номыг одоо болтол уншаагүйдээ хүлцэл өчье. Маргааш цалин буунгуут Интерном орж авч уншинаа, андгайлъя. Интерномд дуусчихсан байвал харин найзаасаа өөрөөс нь очиж авнаа.
Хатан ухаан гэдэг чинь монгол бүсгүй хүний нигүүлсэнгүй, зөөлөн сэтгэл, чин үнэн хайр,  уужим ухаан, мохошгүй тэвчээр, хатан зориг ажээ. Харин өнгө мөнгөнд дурласан, санаа муутай, айхтар эмэгтэйчүүдийн арга заль огтхон ч биш ажгуу.
Монголчуудын "хатан зориг" гэдэг үгийн учиг миний хувьд тайлагдлаа. Хүүхэд байхдаа би "яагаад хатан зориг гэдэг юм бол, хаан зориг гэж хэлж яагаад болдоггүй юм болоо, хаан чинь л зоригтой байдаг биз дээ" гэж бодоод гайхдаг байлаа. Бидний дээд язгуурын ийм хатдаас улбаатай энэ холбоо үг гарсан байх бүрэн магадлалтай юм байна шүү.
Чингис хааны аймшиггүй дайнч, өршөөлгүй хилэнт, муйхар занг нь зөөллөж, ухааруулж явсан гайхалтай монгол бүсгүй. Бидний эмэг эх.... Монгол эмэгтэйгүйгээр монгол эр хүнийг төсөөлөхийн аргагүй юм байна.  Эр бяр, хүч чадлын хажууд заавал зөөлөн сэтгэл, уужуу ухаан хослон явах ёстой аж. Хаант төр, хамаг Монгол улс,  хайртай ганцхан хатандаа үнэнч нэгэн насыг барсан Тулуйн амьдрал үүнийг гэрчилнэм.
Эцэст нь би монгол эх орондоо, монгол бүсгүй болж төрсөнөөрөө бахархаж байна.
Харин энэ сүүлийн үеийн хүмүүсийн хүний зовлон дээр баярлаж, бархирдаг хар хэрээнийх шиг зан хэдий үед, хаанаас цус холилдож орж ирсэн генийн өөрчлөлт юм бол доо?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 Сэтгэгдэл:

Zolzaya said...

Би одоо уншиж байгаа. Зохиолчийн ур чадвар энэ тэрийн талаар бол нэг их юм хэлэхгүй, анхны юм алдаатай, оноотой байхыг алийг тэр гэх вэ. Цаашид улам илүү сайжруулах байх хэмээн найдаж байна.
Харин энэ номыг уншсан сүүлийн өдрүүдэд эх түүх, эцэг өвгөдийнхөө тухай аргагүй нэгийг бодоход хүрч байна. Бид чинь ямар их түүхтэй, ямар их ард түмний үр сад билээ гэдгээ эргэн бодоход хүрч байна. Өнөөдрийн бидний амьдарч буй энэ ахуй, амьдралыг авчрахын тулд тэд хэрхэн тэмцсэн бэ, хэрхэн амьдралаа зориулж байсан бэ гэдгийг өчүүхэн атугай ч бодмоор санагдлаа. Бас унших тусам сэтгэлд нэг л эмзэг, хөндүүр мэдрэмж төрж байна. Тийм агуу гүрний, тийм холч бодолтой, холын ухаантай өвгөдийн үр сад бидний бодож буй бодол, амьдарч буй хэв маяг, сэтгэлд буй зорилго, хүсэл эрмэлзэл маань яаасан ч өчүүхэн болчихсон юм бэ гэж эрхгүй бодоход хүрч байна.Зүгээр л өөрт ирэх жаргал, амар амгалаг амьдралыг бид хүсч, өнгө мөнгө, эрх мэдлийг хялбараар авч нэгэн насыг барах хүсэлтэй болчихсон юм шиг санагдаж байна.
Хаант төрийн хатан ухаан гэгч хэзээд монгол эмэгтэй хүн бүрийн сэтгэлд байх ёстой гэдгийг ухаарлаа.

Тунгаа said...

Сайн байна, баярлалаа. Монголын түүхийн сэдвээр илүү их уншаарай. Бид мундаг өвөг дээдсийн үр сад гэдгээ мэдэрч омогших сэтгэл эрхгүй төрнө. Сонирхолтой, бас мэдмээр юм зөндөө.

Post a Comment