RSS

Мөнгөтэй ч болоосой

Өглөө буруу автобусанд суугаад 120 орчихдог юм даа. Автобусны чиглэл мэдэхгүй хүн чинь ингэж л балардаг юм байна. Урьд нь таарсан автобус болгон шулуухан яваад байдаг байсан чинь өнөөдөр харин далийгаад алга болдог байнашд кк. Азаар автобуснаас буунгуут такси баригдаад, цэцэрлэг ажлаасаа хоцорсонгүй. Такси хурдан баригдсан чинь 120-д амьдарвал  зүгээр ч юм шиг санагдчихлаа кк. Хол гэж бодоод байсан чинь манайхтай адилхан юм байна. Яг адилхан үнэ гарч байналээ. Агаар нь арай дээр санагдчихлаа. За за бүр тийшээ нүүх нь л дээ кк.
Өчигдөр охины багшийг дарга нь дуудаад загнаж гэнэ. Тэгээд намайг утсаар хэлсэн гэж ойлгосон юм байна л даа. "Үгүй ээ би даргын чинь утсыг мэдэхгүй" гэсэн чинь гайхаад... Намайг ярьж байхад хажууд байсан аав ээж нар сонсоод дор нь даргад нь алтан хошуу өргөчихөж л дээ. Миний хүүхдийг бас тэгж айлгаж магадгүй гээд яаралтай арга хэмжээ аваа биз кк. Үймүүлээд байхаар нь "бай бай гэнэ шүү" гээд хэлчихсэн чинь л охин их сүртэй хүлээгээд авчихсан юм шиг байгаа юм. Арай ч хүүхэд зодохгүй байхөө багш нь.
Өчигдөр өглөө нэг найзынхаа машинд дайгдаад... Машинаас буугаад охиноо тэврээд цэцэрлэг рүү орсон юм. Тэгсэн найзын 7 настай хүү нь:
- Хөлд орчихоод ээжээрээ тэврүүлээд л... гэж гэнэ миний охиныг. Тэгэхээр нь ээж нь:
- Жоохон юм чинь гэсэн чинь,
- Би бас танд ингэж тэврүүлдэг байсан уу?
- Тийшдээ
- Би ч муу ээжийгээ их л зовоодог байж дээ гээд санаа алдсан гэнээ хаха. 
Миний охин хэзээ ингэж хэлэх бол доо? Дээр бас охиноо тэврээд орсон чинь дүүгийн хүүхэд:
- Ээжээ би танаар хэд хүртлээ тэврүүлсэн? гэнээ. Ээж нь тэгсэн:
- 5 нас хүртлээ тэврүүлсэншд. 
- Пээ тийм үү гээд инээснээ, Би бас зовоодог байжээ гэж байсан. 
Хүүхдүүд ингэж хэлээд байхыг бодоход би охиноо тэврээд явахаараа их л ядарсан харагддаг юм байх даа... Нээх өрөвдөлтэй харагддаг юм шиг байнаа кк. Заримдаа ч машин авчихмаар санагддаг юм. Гараш байхгүй гэж бодохоор, бас машин барина гэж бодохоос айгаад байдаг болохоор машин авах гэж их хүчлэхгүй юм даа. Мөнгөтэй бол гараш худалдаж аваад, машин худалдаж аваад дараа нь хэд хоног жолооны багш хөлслөөд дадлага хийчихмээр л байна. Даанч мөнгө байхгүй гэхгүй юу хахаха.  Морьтой ч болоосой гэдэг шиг нээрээ мөнгөтэй ч болоосой кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэд гэмээнэ хүүхэд билээ, хүүхэд үнэндээ... кк

Өглөө бүр мэйлээ шалгахдаа Фэйсбүүкийн мэйлийг би шууд устгачихдаг юм. Өнөөдөр харин онц сонирхолтой мэйл ирсэн байсан учраас хэрэг болгон Фэйсбүүк рүү нэвтрээд... Америкад байгаа хуурай дүү гэх юм уу дүү найз гэх юмуу? Нэгэн үе хамт ажиллаж байсан учраас үй зайгүй болсон нэгэн бүсгүй бий. Америкад мастер хамгаалахаар яваад америк залуутай гэрлээд тэнд ажиллаж амьдардаг болсон болохоор одоо ч цахим харилцаатай л болж... 
Шинээр зураг оруулсан гэхээр нь бөөн дур ороод үзсэн чинь нээх хөөрхөн цондойсон зурагнуудаа тавьчихаж кк. Бүр өмнөөс нь баярлачихлаа. Монголоор бол бараг оройтож төрөх нь, америкаар бол яг л цагтаа төрөх гэж байгаа байх. Манайхан нээх яагаачгүй эрт хүүхэд гаргаж, амьдрал зохиох гээд яарчихнаа кк. Европт бол 40 наснаас амьдрал эхэлдэг гэдэг гээ биз дээ? Европоор бол цаадах чинь бас эрт төрөх гэж байгаа юм байна гээд байхгүй юу кккк. За энэ дэмийрэх ч яахав. Ямар ч байсан өнөө өглөө гоё баяртай мэдээтэй өглөө байлаа. Бэйбиг нь төрөхөөр бэлэг явуулнаа. Манайхаас баян улсын иргэнд одоо юу бэлэглэвэл зохилтой юм бол доо аан кк.
Өчигдөр охиноо цэцэрлэгээс нь 30-аад минутын өмнө авлаа. Өглөө уйлаад орсон болохоор нь санаа зовоод... Багшаас нь өдөр гайгүй юу гэсэн гайгүй л гэж байналээ. Асрагч багш нь хажууд ирсэнээ намуухнаар "Манай энэ багш хүүхдүүдэд бас арай л ширүүдээд байх юмаа, нялх юмнуудшдээ битгий гээд би үглээд л байдаг юм" гэнээ. Сая шинээр ирж байгаа багш юм байналээ. Урьд нь өнчин, ядуу хүүдүүдийн цэцэрлэг ч гэлүү, мэдэхгүй ээ нэг тийм эмзэг давхаргынханы хүүхдийн цэцэрлэг ч гэлүү, 24 цагийн цэцэрлэгт ажиллаж байсан гээд яриад байсан. "Энэ цэцэрлэгийн хүүхдүүд, ээж аав нар нь шал өөр юмөө" гээд л байсан. Бодвол тэр эцэг эх нь бага хайхардаг хүүхдүүдтэй ажилладаг байсан болохоор тэгж хүүхэд их загнаад сурчихсан юм байлгүй. Ээж аав нарыг харахаараа нял нял гээд л байдаг. Өдөр хүүхэд загнадаг юм байна л даа. Хамгийн гол нь тэр авгайн хүүхэд загнахаас илүү энэ хүүхдүүд тэгж хүн загнах ёстой гээд хүн загнасан, аашилсан хүмүүс болж хүмүүжицгээх нь байнашд. Манай охин "жи яагаадаа аааан" гэж дуугаа өндөрсгөж ирээд л загнаад байдаг болсон. Дээр эцэг эхийн хурал дээр ч гэсэн ээж нар бүгд л тэгж гомдоллоод байсан. Багш авгайд нь нэг хэлэхээс... Хүүхдийн хажууд битгий чарлаад, загнаад бай гэж... 
Нялх гэлтгүй энэ хүүхдүүд чинь ёстой айхтар. 2 настай охин багшийгаа "яасан удаан юм бэ, хурдлаач" гэж загнаж байна гэнэшд. Өчигдөр асрагч багш нь тэгж байналээ. Бодвол тэр охины ээж нь их хурдан, ажилсаг байх ккк. Бас нэг арай том ангийн хүүхэд байх, өглөө ирсэнээ "за багш минь би жоохон унтаатахъя, аав ээж 2 шөнөжин хэрэлдээд унтуулсангүй" гэж авсан гэсэн хаха. Бурхан минь, хүүхдийн хажууд үг хэлээ цэнэж, үйл хөдлөлөө хянаж байхгүй бол ямар ч бодож санах юмгүйгээр л мэдээллийг цааш нь дамжуулна шүү. Осолтой кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охин хов зөөв

Нэг найз аарцаг, нурууны бариа заслын эмнэлэгт цаг авчихлаа гээд хагас сайнд хамт очиж бариулав. Цагаан сарын боовны гурил нухаж байгаа аятай нухаад, базаад хаячихдаг байнашд. Блок гаргаж байна гээд хүзүүг минь тас хийтэл мушгиад... Ёоо сүүлдээ инээд хүрээд... Гэхдээ яг нуруу хүзүүгээ бариулахад мөн ч тааламжтай байлаа. Хүзүү, нуруу л хөшдөг гэж бодсон чинь бүх бие минь тэр чигтээ хөшчихсөн байдаг юм байнашд. Хөлний ул хүртэл... Массаж хийлгэж байхад хичнээн сайхан байваа кк. Одоо гэхдээ хүзүү хөшөөд л сууж байна. Дараагийн хагас сайнд л очиж бариулахаас... Ажлын өдрөөр зав гарах биш. 
Массаж хийлгээд нэг жоохон хүзүү, нуруу гайгүй болоод гэртээ ирсэн чинь охин  шулганаад нэг юм яриад байна. Гэв гэнэт өнөөх чинь хов зөөв. Багш нь гайгүй л юм шиг байдаг даа уг нь. 
- Баш нь баш нь жи яагаадаа ааан тэшэн. (Багш нь чи яагаад байгаан аан тэгсэн)
- Юу гэнээ, яасан гэнээ?
- Баш нь бай бай тэшэн (Багш нь бай бай тэгсэн)
- Тийм үү, үнэн юм уу?
- Зийн
- Чи үнэн яриад байгаа юм уу?
- Чийн (Тийн гэхийг заримдаа Зийн, заримдаа Чийн гээд янз бүр хэлнээ кк)
Ангийнх нь багш нь ер нь нэлээн загнадаг юм шиг байгаа юм хүүхдүүдийг. Би тэгээд нээх тоогоогүй. Тэгсэн манай найз гэрт орж ирсэн чинь бас энийг яриад хов зөөгөөд... 
Өнөө өглөө их дургүй сэрээд арай гэж хувцсаа өмсөөд цэцэрлэг дээрээ ирсэн. Тэгээд хувцсаа солихгүй "гэдээ аяий (гэртээ харий)" гэж орилоод бөөн юм боловшд. Багш нь "юу болоо вэ та 2 чинь?" гэхээр нь хэлсэн бүгдийг нь л хэлчихлээ. "Өө юу гэж дээ, эд нар чинь айхтар бүгдийг яринашд, юу гэж би зодох юм..." гээд тэврээд орсон. Арай ч зодоогүй байх л даа. Багш нь хүүхэд зодохоор ч хүн биш. Зүгээр л үймүүлээд байвал "бай бай гэнэ шүү" гэж айлгасан байх. Тэрэнд нь манай охин итгэчихсэн юм байлгүй. Баргийн юмнаас айдаггүй, хэнэггүй хүүхэд дээ уг нь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нэг л хачин

Нэг бол ааруул мэрээд нялхраад суумаар, нэг бол дарс шимээд эмэгтэйлэг суумаар... Нэг л хачин. Гадаа нээх сонин хуйсганасан, бүүдийсэн байгаа болохоор би бас дагаад хачин болоод байх шиг байна. Цонх руу харахаар л баригдаж байгаа өндөр барилгын дээврийг бүтээсэн саарал даавуу хөвсөлзөөд, хүйт даагаад байх юм. Гадаа муухай байх шиг байнаа. Хурдан харьж, гэрээ цэвэрлэх юмсан гэж гажигтахгүй юу кк.
Өчигдөр орой охин дууны номоо бариад сууж байхаар нь В үсгийг заагаад :
- Энэ ямар үсэг вэ? гэсэн чинь
- Үгүй В биш гэж уурлаад, инээд хүргээд хаячихсан.
Өглөө сэрүүлэг дуугарангуут цочиж сэрсэнээ уйлаад, шууд босоод тавчикаа углаад гүйх гэж байнаа. Намайг босоод явчихсан гэж бодсон юм байлгүй. "Ээж нь энд байнаа, босоогүй байна" гэсэн чинь эргэж хараад намайг харснаа тайвшраад буцаад унтаад өгсөн. Дараа нь намайг боссоны дараа сэрчихээд үс нь өрвийчихсөн, нүдээ ч бүрэн нээж чадаагүй нойрмог юм унтлагын өмднийхөө карманд 2 гараа хийчихээд уйлагнаад ирж байгаа юм даа. Хичнээн инээдтай харагдаваа ккк. 
За за инээдтэй юм бодоод, бичээд, сэтгэлээ сэргээх гэхээр л тэр нэг том саарал даавуу зэвүүн харагдаад хачин болгоод байх юм. Гарч атаманаа авчрахаас...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хаамбага

Өнөө өглөө жоохон оройтож гарсан болохоор 08 цаг өнгөрөөж ажил дээр ирлээ. Ашгүй нөгөө халуун талх онгойчихсон, алимтай пирог аваад идчихсэн чинь сайхан ааш хөдлөөд сууж байна.
Гэснээс нээрээ өчигдөр гадаа дулаахан байхаар нь охин бид 2 замаараа дэлгүүр хэсээд алхлаа. Тэгсэн Сонор плазагийн дээшээ заагаад,
- Хаамбага гээд байх юм. 
- Юу гэнээ миний охин?
- Хаамбага гээд заагаад байгаа зүг рүү нь харсан чинь Хаанбанкны лого байна. Сарын өмнө шахуу заагаад Монгол гээд байхаар нь "үгүй ээ энэ чинь Хаанбанк гэж байгаа байхгүй юу" гээд нэг хэлсэн юм. Төрийн далбаа, МАН-ын логог харахаараа л Монгол гээд байдаг юм манай охин. Тэгснээ нов ногоон ХААН банкны логог бас Монгол гээд байхаар нь тайлбарлаад хэлсэн чинь тогтоочихож.  Сүүлийн үед бид 2 өглөө аз таарвал таксидаад, азгүйтвэл автобусдаад, орой бол яаж ийж байгаад таксидаад байгаа болохоор тэр логог хараагүй юм байна. Өчигдөр харсанаа харин нээх хөөрхөн Хаамбага гээд ккк...
- Аан, ХААН банк уу?
- Зийн. (Тийн гэхийн Зийн гэж хэлдэг юм нээх инээдтэй)
Сарын өмнө бас нэг удаа:
- Жижий абаа аанэйн?
- Юу юм бэ бас?
- Жижий абаа аваад өгөө....
- Юуууу?
- Жижий абаа... Тэе тэеэйн гэснээ халбага руу зааж байна.
- Аан жижиг халбага уу?
- Зийн гээд толгой дохиод ккк
Охиныхоо шулганахыг ойлгохгүй заримдаа балрах юмаа. Тод яриулж сургах гээд үсэгнүүдийг нэг нэгээр нь хэлээд өгчихсөн чинь үсгээ цээжилчихээд үгээ тод хэлэхгүй юмаа нээх сонин. Тэмдэг гэхийг тэмэг гэдэг байснаа одоо овоо дэвшилттэй тэндэг гээд байгаа кк. "Зөөлөн дэндэг, адууын тэндэг" гээд... Зөөлөн гэхдээ д гэж зөөллөж хэлээд, хатуу гэхдээ т гэж хатууруулж хэлээд байгаа юмуу хаашаа юм. К, П, Ф, Щ үсгүүдийг хамгийн тод хэлнээ. Монгол хэлэнд хамгийн бага хэрэглэгддэг үсгүүд шүү кк. За тэгээд ер нь үсэг хэлэх амархан, үг хэлэх хэцүү байдаг юм шиг байгаа юм. Ямар ч байсан орой Маамуу наашир-ыг овоо дуулаад байдаг болчихоод байгаа. Аягүй дуулдаг байснаа бодвол аятай, дахилтыг нь бүтэн дуулаад байгаа.
Өнгөрсөн хагас сайнд Киндер сюрприз авч өг гэж нэхээд байхаар нь аваад өгсөн чинь дотроос нь жижигхэн цагаан жийп гарч ирсэн юм. Тэр машинаа хэдэн өдөр тас атгаад, миний машин гээд хайр зарлаад бөөн юм болов. Өглөө болгон цэцэрлэгтээ авч орно. Багш нь унтахад нь аваад нэг газар тавьчихна. Орой явахдаа л "миний машииииииин" гээд л хайгаад уйлагначихна. Тэгээд л тас атгаад гэр лүүгээ... Хэдэн өдөр тэгж явж байгаад уржигдар цэцэрлэг дээрээ хувцсаа өмсөж байхдаа унагаагаад... Унагааснаа ч анзаарахгүй мартчихсан. Нэг хүүхэд үсээ авахуулсан гээд хүүхдүүдэд ууттай үрлэн чихэр, ном бэлэглэсэн байсан юм. Чихрээ барих гэж ухаан алдаж байгаад машинаа унагаагаад мартчихсан кк. "Одоо өнгөрсөөн, маамаа аваад явчихсан" гээд хэлчихсэн чинь яасан ч мартдаггүй юм, "миний машин, миний машиныг маамаа авцан..." гээд оройжин, маргааш өглөөжин гонгинолоо кк. Багш нь "өөө эд нар чинь чөтгөр чөтгөр, мартахгүй" гээд шоолоод байсан.
Өчигдөр дахиад шоколад авч өгсөн чинь дотроос нь нэг чиргүүлтэй трактор гараад ирсэн чинь тоож тоглохгүй байналээ. Бас жийп, трактор хоёроо ялгаад байгаа юм шиг байгаа юмаа ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охид гэж... уянгалаг, энхрийхэн, үзэсгэлэнт ертөнц юм даа


Don & Glenn ( Le cercle de vie / Yamaha Psr... 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөгжилтэй хөөрхөн дуу


Жозефина-Приключения Калле-сыщика

 
Багадаа үзэж, дуунд нь дурладаг байсан нэг киногоо олчихлоо. Мөрдөгч Каллегийн адал явдал гээд... Энэ киног анх үзэж байхад ямар ч байсан энэ охин надаас эгч байсан юмдаг. Дууных нь ая нь их таалагддаг болохоор сонсох дуртай дуунуудын минь нэг байлаа.   

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш

Бас л 07.55 цагт орж ирлээ. Гоё халуун талх авна гээд бодчихсон байсан чинь хаалттай. 8 цагт онгойх юм байна. Уг нь 7.30 гэхэд л онгойчихсон харагддаг байсан. Одоо хүйтрээд 8 цагт онгойдог болсон юм байх даа.
Тав дахь өдрийн орой ажлынхан гадагшаа гараад... Архидаад гэхгүй юу кк.  Виски уусаан, архи уугаагүй. Өрөөндөө дуугарах ч завгүй байдаг хүмүүс чинь ам уралдан буу халцгаалаа. Идсэн хоол гоё байгаагүй. Гэвч хоолоо ч голох завгүй элдэв долоон юм чалчаад гоё байлаашд. 1-р хороололд нэг харилцагчийн ресторанд очоод ВИП өрөөнд нь ороод тухлаад суучихсан юм.
Хагас сайны өглөө дүү ном уншуулъя гээд дуудахаар нь Налайх ороод... Сайн номун хийд гэдэгт нь орж үзэв. Зун очоод гадаа нь салхилж сууж байгаад явсан болохоос дотор нь орж үзээгүй байсан юм. Сүүлийн үеийн хийд болохоор их тохилог юмаа. Паркетан шалтай, ханандаа Grundig LED телевизтэй. Дотроо хүнсний дэлгүүртэй, 00-той. 00-д нь орж үзсэн чинь цэв цэвэрхэн, яг айлын 00 шиг. Ёстой дажгүй юм байналээ, их таалагдсан. 
Түвд ламаар ном уншуулав. Ганданд уншуулахад лам нар нь хэд шулганаад л болсон гэдэгшд. Тэгсэн тэр түвд лам номыг чин сэтгэлээсээ, бүтнээр нь уншиж өгдөг юм байна. Бүрэн бүтнээр нь уншихаар ямар ч удаан уншдаг юм. Сүүлдээ чилж байгаа юм чинь кк.
Орой гэртээ ирээд бүр ядраад болдоггүй. Өмнөх орой нь архидчихаар аргагүйшд.  Тэгээд маргааш өглөө нь олигтой унтаж чадаагүй болохоор... Одоо болтол ядаргаа арилахгүй байнашд.  Нээх сайхан унтмаар л санагдаад байна. 
Хагас сайны орой бүр ядраад яг сайхан унтах гээд хэвтсэн чинь охины аав утасдаад... Ямар хоол хийсэн, хоол байгаа юу очвол? гэнээ. Байхгүй гэсэн чинь "залхуу, өөрөөсөө юм харамладаг, гэртээ байнга сайхан хоолтой байж чаддаггүй" гээд загнаж өгч байна. Тэрнийг би хэзээ ирнэ гээд хоол хийгээд сууж байдаг юм. Тэрэнд битгий хэл өөртөө хоол хийж идэхээсээ залхуурдаг хүн чинь... Ёстой гай л байна. Албан ёсоор манай гэрт амьдардаг бол яаж ийгээд нэг хоол хийгээд л тавинашд. Үгүй ээ яахав ээ, миний дутагдлыг шууд хэлээд загнадаг занд нь би дуртай. Өөриймсөг. Хэлэхгүй худлаа манж зан гаргаад яваад байдаг хүмүүс бол жинхэнэ хорчин гарууд байхгүй юу. Бас ингээд өөрийнхөө дутагдлыг хэн нэгнээс сонсоод хааяа ч гэсэн өөртөө дүгнэлт хийхэд гэмгүйшд. Гэхдээ ер нь хоол моол хийх асуудал дээр бол би ч засрахгүй этгээд дээ. Тэгээд тэр өөрөө сайн хоол хийдэг, хоол голдог этгээдэд бол бүр ч хоол хийж өгөхөөсөө эмээж байна кк. Дуртай юм бол өөрөө ирээд хоол хийгээд иднэ биз.
Би ер нь тийм хоол унд сайтай, ажилсаг төрлийн эмэгтэй биш шүү дээ. Баян болоод гэрийн үйлчлэгчтэй болоод амар сайхандаа жаргах юмсан гэж мөрөөддөг залхуу эмэгтэй кк. Гэснээс нээрээ гэрийн үйлчлэгчтэй болж жаргах юмсан. Өглөө босоход өглөөний цай бэлэн. Сайхан унтаж босоод л өглөөний цайгаа уучихаад л ажилдаа явна. Гэрийн үйлчлэгч охиныг цэцэрлэгт нь хүргэж өгнө. Би ганцаараа сайхан тааваараа ажилдаа очно. Орой охиныг бас л гэрийн үйлчлэгч аваад, гэрт сайхан оройн хоол хийгээд тавьчихна. Өдрийн цагаар гэрийг бол гялалзтал нь цэвэрлэчихсэн. Би ажлаа тараад тухтай нь аргагүй дэлгүүр хэснэ, эсвэл фитнесстээ яваад яарч сандралгүй гэртээ ирнэ. Хааяа нэг найз нөхөдтэйгээ сайхан пиав уугаад, чалчаад сууна. Гэртээ ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн, охин харах хүнтэй. Санаа зовох юм юу ч байхгүй. Сэтгэл амар зурагт харж хэвтэж байгаад унтаад өгнө. Амралтын өдрөөр унтаж унтаж байгаад босоод охиноо дагуулаад салхинд гарна. Жоохон том болоод ирэхээр нь кино театр явна. 
Ёоох, сайхан мөрөөдсөн чинь бүр мөрөөдөлдөө атаархчихлаа хахаха. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй болохоор одоо мөрөөдөөд л сууж байхаас даа. Би хэзээ ч баяжиж, хэзээ ч гэрийн үйлчлэгчтэй болох юм бүү мэд ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё дуу, гоё дурсамж


Весёлые ребята - Розовые розы

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё халуун талхтай өглөө

Охины багш нэг булан тохижуул гэсэн даалгавар өгчихлөө. Одоо тэр даалгаврыг нь биелүүлэхээс өөр яахав дээ. Улсын цэцэрлэг болоод тэр юмуу байнга л нэг юм нэхчих юмаа. Тэгж байгаад гайгүй болох байгаа гэж бодоод л сууж байна. Хаа очиж хоол сайтай цэцэрлэг байна. Хүмүүс цэцэрлэгийн хүүхэд өлслөө, цангалаа л гэх юм. Манай охин их л цатгалан ирэх юм. Орой гэртээ хоол идэхгүй, харин "зайрам идий, жийжээ идий" гээд амттан нэхэхээ л мэдэх юм даа. Хоол хийгээд өгөхөөр ганц хоёр халбагадаад л орхичихно.
Өчигдөр орой нээх мундаг 21 цагт унтах гээд хэвтсэн чинь.... Нойр алга болчихсон. Хаачсан юм бүү мэд, хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан хахаха. Гайхал нойрыг хүлээсээр байгаад эрт унтах төлөвлөгөө будаа болчихсоон кк. Өглөө босдог цагтаа босохоос өөр аргагүй болж байгаа юм чинь. Эрт гараад байгаа болохоор өглөө хоол хийж амжихгүй, тэгээд өлсөөд байх юмаа хар үүрээр кккк. 
Сая охины цэцэрлэгийн хажуугийн френч бэйкери орсон чинь гоё шинэ халуун талх байдаг юм байна. Эзэн нь франц залуу байна. Үйлчлүүлэгчид нь дандаа гадаад хүмүүс байгаа харагдсан. 2-3 хүн л сууж байсан л даа. Би ороод зориуд монголоор ярьсан чинь өөдөөс овоо монголоор мөнгөн дүнгээ хэлчихэж байнаа. Монголд байгаа гадныхан монголоор ярих нь ер нь ховор шүү. Даварчихсан. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол монголоор л ярих ёстой гэж би үздэг. Бид нар гадагшаа явахаараа гадаад хэлээр нь л ярина, тэд нар манайд ирсэн ч бас л гадаад хэлээр нь л ярина. Ер нь тийм доошоо орчихсон юм гэж юу байдаг юм. Зун нэг удаа гудамжинд шорлог зарж байсан узбек залууг би "монголоор ярь чи" гээд монгол хэлээрээ загнаад хаячихсаншд кк. Ойлгоогүй биз аягүй бол.
Гоё шоколадтай халуун талх аваад, өрөөндөө орж ирээд сайхан халуун кофе найруулж аваад идсэн чинь сайхан болчихлоо. Тэгээд энд нээх сайхан ааштай хүн бичээд сууж байнашд кк. Одоо тийшээ өглөө болгон орсоон.  
Сая дүү оюутны 70 мянган төгрөгөө авах аппликейшн бөглөж байна гээд мессеж бичиж байна. Ашгүй тэр хүүхэд баяжих нь кк. Оюутан боллоо, хичээлээ хийе гэхээсээ илүү тэр 70 мянгаа хэзээ өгөх юм болоо гэчих юмаа. Бүтэхгүй ээ энэ манай дүү. Нэг удаа харин "сайн сурвал нэмэлт стипенд авах юм байналээ, хичээлдээ сайн байнаа" гэж дуугарсан юм байна шүү. Мөнгө өгөхгүй бол ер нь сурах сонирхол алгаа аан. Мөнгө л жоохон хөшүүрэг болж байгаа бололтой.
Өчигдөр охиноо авч байсан чинь ангийнх нь нэг маамаа ээж нь хувцсыг нь өмсүүлэх гэсэн чинь "пидаа чинь" гэж авсан хахахаха. Ээж бид 2 нь зэрэг "юу гэнээээ?" гэж дуу алдаад ккк. Ёстой нүд орой дээр гарлаашд. "Эдний ангид л нэг элдвийн үг хэлдэг хүүхэд байнаа" гээд л ээж нь үглээд байсан. Хүүхэд нээрээ муухай үг хэлж байгаа нь хүртэл хөөрхөн байх юмаа ккккк.
За за ажлаа хийе. Өнөөдөр чинь Балжка, Далжка, Дашка, Машкатай өдөр нь юм гэсэн кк. Маргааш урамшуулалт цалин дансанд орно. Гоё гоё.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дараа төрөл

Өглөө эрт орж ирээд Галаарид гуайн блогоор орж сонирхолтой бичлэг нэмэгдсэн байна уу гэж хэрэгт дурлав. Гэнэт дээр уншиж байсан нэг бичлэгийг нь дахиж уншмаар санагдаад... Уншаад бүр баярлачихлаа. Энд дараад орж уншиж үзээрэй.
Төрөл дээшилж амьдрах
Төр түмний төлөө сайн үрс төрөх нь 
гэдэг 2 мөрөнд бүр сэтгэл хөдөлчихлөө. Миний охин чинь цагаан бар жилийн бар сард төрсөн болохоор... Эмчийн хэлсэн хугацаа бол бар жилийн, бар сарын, бар өдөр байсан юм. Гэхдээ би кесарев хагалгаагаар наана нь хонь өдөр охиноо гаргаад авчихсан юм дөө. Уг нь бол би нохой өдөр хагалгаанд орох төлөвлөгөө гаргаад эмчид үзүүлэх гээд очсон чинь "одоо төрчихөө" гээд хагалгаанд оруулчихаж билээ кк. Тэр үед хүүхдээ хүлээгээд л монгол календарь уншаад л суудаг байж. Өөр юугаа ч хийхэв. 
Учиргүй том тод тэмдэгтэй хүүхэд төрж билээ. Эмч нар дөнгөж төрөнгүүт нь нэгд нэгэнгүй хардаг юм байналээ. Тэр тэмдэгийг нь хүртэл хэлж байсан. "Ийм сонин мэнгэтэй юм байна" гээд хэлэхээр нь харсан чинь мэнгэ биш тэмдэг байсаан. Эргээд ирэхэд нь танихгүй өнгөрчих вий гэсэн шинжтэй  багсаар зурсан юм шиг мөр байсан. Одоо анх байснаа бодвол бага зэрэг бүдгэрээд байгаа. Би ядаж байхад элдэв долоон юм уншиж, сонирхож байдаг болохоор тэр тэмдгийг урьд насных нь тэмдэг байна гээд л итгэчихсэн. Бас нэг хөөгөөр тавьсан бололтой долоовор хурууны оромтой тэмдэгтэй. Миний охин хаанаас намайг зорьж ирсэн юм бол доо? гэж би их сонирхдог юм.
Аавд нь хэлсэн чинь "ямар хүний сүнс юм бол доо?" гэчихээд дараа нь "тийм юм байдаггүй юм, хүн үхсэн л бол гулууз болдог" гээд байгаа юм даа. Тэр бол мэдээжшд. Энэ махан бие нэг удаагийнх, энергин бие бол хэдэн зуу, мянган жилийн настай юм чинь. Данзанравжаа хутагт, түүний тахилчийн тухай уншихад бол итгэхгүй байхын аргагүй л юм билээ. Амьдрал дээр ч зөндөө л олон баримттай учирлаа. Хүний сүнс 49 хоногийн дотор дараа төрлөө олдог бөгөөд өмнөх амьдралаа эргэж санадаггүй гэж буддын шашин үздэгшд.
Манай дүүгийн бага хүү нь бол яг манай аав. Хүүхдийн царай төрх бол аав, ээжийгээ хольж дуурайгаад төрдөг л дөө. Харин нүдний харц нь бол яг манай аавын харц байдаг юмаа, их сонин. Ааш зан нь, сонирхол нь лав яг байдаг юм байналээ. Идэх дуртай юм нь хүртэл... Яг манай аав шиг аягүй цуунд дуртай хүүхэд. Үнэн сонирхолтой. Аав хоолондоо цуу бараг хэтрүүлж хийх гээд байдаг байсан чинь манай дүү багадаа "цуу ёстой гоё" гээд уух гээд байсан гээд бод доо. Ер нь маш олон зүйлээр аавын хойт дүр гэдэг нь бол бидэнд нотлогдчихоод байгаа хүүхэд. Их буянтай хүн үр хүүхэддээ эргэж төрдөг юм гэнэлээ. Аав минь ч аргагүй буянтай хүн л дээ. 
За юу ч биччихэв дээ кк, энэхүү бичлэгээ ингээд жаргаая даа гэхгүй юу.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эртэч шувуухай

Өглөө 7.55-д ажил дээрээ орж ирж байнашд. Аймаар мундаг эртэч аан кк. Энэ завшааныг ашиглаад блогтойгоо найзалж суух минь. Гоё хөгжим сонсоод, өрөөндөө ганцаараа суух чинь ямар гоё юм бэ?
Цэцэрлэгт охиноо хүргэж өгөх шаардлагаас болоод амьдралын хэмнэлд өөрчлөлт ороод байна. Орой эрт унтаж, өглөө эрт босох. Эрт унтаад сайхан амарчихвал их гоё бие хөнгөн, сэтгэл санаа өөдрөг байдаг юм байнашд. Урьд нь оройжин зурагт үзээд, шөнийн кино үзээд, өглөө арай гэж нэг юм босоод ажилдаа ирдэг байсан. Яаж тийм хүнд нөхцөлд амьдарч байсан юм болоо гэж одоо гайхаж байнаа. Өглөө босох ёстой там байдаг байж билээ. Ойрд эрт унтаад, эрт босоод байсан чинь аягүй гоё амарч байна. Зурагтаар кино үзэхээ больсоон. Мэдээ харж байгаад л унтаад өгдөг болсон. Бас зүгээр байхгүйээ, орондоо оронгуутаа утсаараа хэдэн минут твиттерээр нэг шагайчихаад унтанашд. Тэгэхгүй бол бас нойр хүрэхгүй кк. 
Твиттер гэж бас нэг хүчтэй соронзон орон байнаа кк. Цахим хамт олон л гэсэн үг юм даа бараг. Хэн юу гэж жиргэж байгаа бол гэж хармаар санагдаад болохгүй юмаа. Гоё сонирхолтой орон зай. 
Гэрээ байгуулна гэсэн такси утсаа авахгүй муриад алга болсон. Ойрхон газар гээд больсон л доо тэр. Хүргэнийхээ хамаатны нэг таксинд явдаг залуугаар ойрдоо өглөө хүргүүлж байна. Түнтийсэн хувцастай охиноо тэврээд явна гэдэг хүйтрэх тусам улам хүнд болж байгаа болохоор такси л олохгүй бол болохгүй болж байна. Арай гайгүй дулаахан үед бол автобус зүгээр юм байналээ. Одоо зөвхөн 1-р эгнээгээр явж байгаа болохоор  таксинаасаа автобус нь илүү хурдан болчихсон юм байна. Ид хүйтэн өвлийг л давчихвал дандаа автобусдана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэртэй тэргүй охиноо тэврээд орохоор шууд суудал тавьж өг гээд л суулгачихдаг юм чинь бид хоёрыг кккк. Хямдхан бас хурдан амар. Өвөл бол хэцүү хэцүү. Автобусны буудал хүрэх гэж, хүрсэн хойноо хүлээх гэж хөлдөх байлгүй. Манай өвөл хүйтэн юм чинь. 
Өнгөрсөн долоо хоногт охины цэцэрлэг эцэг эхийн хурал хийгээд... Тэгсэн чинь нэлээн олон ээж нар "Багшаа манай хүүхэд хүн загнаад байдаг болчихлоо. Та л тэгж загнадаг юм шиг байна" гэж байнашд. Манай охин ч ганцаараа хүн загнадаг болоогүй юм байна. Бүгд л "Жи яагаадааан айн" гэдэг болчихож хахаха. Эсвэл хүүхэд энэ насан дээрээ ингэж хүн загнадаг юм болов уу? Удахгүй худлаа ярьдаг үе нь эхэлнээ. Нээх хөөрхөөн худлаа яриад эхлэхээрээ кк. Хэзээний юм шиг л ярьдаг юм байналээ. Өмнөх амьдралаа ярьдаг ч юм шиг. Манай дүүгийн бага нь лав 3 настайдаа яг аавын тухай манай аав өөрөө ярьж байгаа юм шиг ярьсан гэсэн. Бас нэг найзын зээ дүү нь хэдэн жилийн өмнө хүнд өвчнөөр өнгөрсөн эгчийнх нь тухай ярьж эмээ өвөөгөө, эгч нараа уйлуулсан гэж байгаа. Тэгэхээр хүүхдийг 3 настайд нь их сайн анзаарч, яриаг нь сайн ойлгож сонсох хэрэгтэй юм байна гэж бодоод байгаашд. Магадгүй хамгийн сонирхолтой нас нь байх. 
За за манайхан өрөөндөө орж ирээд эхэллээ. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амьдралын ээдрээ

Уг нь би юу ч бичихгүй гэж бодсон чинь намайг өдөөн хатгаад зүгээр суулгахгүй байна. Бүр бичмээр санагдчихлаа.
Сая нэг хамт ажиллаж байсан бүсгүйтэй чатлаад... Нөхрөөсөө болж бөөн стресс. Угаасаа сүүлийн хагас жил энэ асуудалтай зууралдаж байгаа юм. Нөхөр нь өөр эмэгтэйтэй учир ургуулаад, тэдний гэр бүлд хэрүүлийн алимны мод ургуулчихсан.  Охин нь миний охинтой яг чацуу болохоор бид 2 их дотно байдаг юм. Анх надаа яриад уйлахаар нь би "охиноо бодоод тэвч, итгэ, хүлээ тэгвэл бүх юм сайхан болно" л гээд байлаа. Тэгээд бас тэр муу шулам санаатай эмэгтэйд нөхрөө битгий алд гээд л өөрөө нээх лаг юм шиг л зөвөлгөө өгөөд байлаашд. Биш юм байнаа тэгсэн. Нөхрийнхөө сэтгэл санааг тогтоож барих гэж эхлээд баахан ламдсан. Дараа нь баахан бөөдсөн. Тэрэн шиг худлаа юм байдаггүй л юм байна. 
Сая дахиад энэ асуудлаа ярихаар нь гэнэт уур хүрээд явчихлаа. Хамгийн сонирхолтой нь нөхөртэй нь зууралдаад байгаа эмэгтэй манай хүнээс миа. Чухам юунд нь болдог юм бүү мэд. Нэгэнт явсан сэтгэл яагаад ч эргэж ирдэггүй юм шиг байна.  Байнгын сэтгэлийн дарамттай ийм утгагүй амьдралаар яах юм бэ? Одоо наадхаа хая, сал гэсэн зөвөлгөө өгчихлөө. Тэр хогийн амьтныг орхи, өөрийгөө бод, охиноо бод, мөнгө, цаг заваа өөртөө, охиндоо зориул гэлээ. Угаасаа би аль эртний л нөхөртөө анхаарал тавьж стрессдэлгүй, өөрийгөө бод гэж хэлээд байсан юм. Үгэнд орохгүй, нөхрөө том хүү нь аятай л бөөцийлөөд байдаг юм. Хүний хайр даахгүй новшийг одоо үнсэнд хаясан шалз шиг хаях хэрэгтэйшд. Бүр уур хүрчихлээ зүгээр. 
Хэд хоногийн өмнө 10 жилийн ангийн нэг найз маань утасдлаа. Ээждээ байр авч өгөхгүй бол болохоо байлаа гэнэ. Яав, юу болов? гэсэн чинь ээжтэй нь хамт амьдардаг бага дүүгийнх нь эхнэр "ээжээсээ тусдаа амьдрах юм бол чамтай амьдарна" гээд яваад өгчихсөнөөс болоод тэр тэнэг нь ээжийгээ гэрээсээ хөөгөөд байна гэнэ. Юу гэсэн үг вэ энэ чинь одоо аан? Хорвоо нээрээ тэнэгүүдээр дүүрэн юмаа. Эхийг нь ад үзэж байгаа эмэгтэйд өөрийг нь хайрлах чин сэтгэл байна уу, бас бодож үзмээр л асуудал. Үнэхээр хайртай бол хайртай хүнийхээ хамгийн хайртай хүнийг ад үзэх сэтгэл хаанаас гарах уу? Миний ухаан хүрч ухаж ойлгохгүй байна. Би өөрөө аав ээжийнхээ мөнх бусыг үзчихсэн болохоор тэр эрхэм хүмүүсийн үнэ цэнийг мэднэ. Тийм аймшгийн, тийм мулгуу бодол надаас лав хэзээ ч гарахгүй. Яахав хадам ээж нь эмэгтэй хүн  л болсон хойно ааштай, сэтгэлд нь нийцэх нийцэхгүй юм зөндөө л байгаа болохоор янз бүрийн ааш гаргадаг л байх. Гэлээ гээд өөрөө эхгүй юм шиг, өөрөө эх болоод дараа нь хадам ээж болохгүй юм шиг тэгж аашлаж болохгүй л дээ. Юм ээлжтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг зовоож байсан зовлон хүнд өөрт нь заавал ирдэг. Олон жишээ амьдрал дээрээс харлаа.
Энэ дэлхийгээр нэг дүүрчихсэн залуугийн эсвэл бүсгүйгийн жишээ зөндөө л байна. Тэр болгоныг тоочоод байвал барагдахгүй. Миний эргэн тойронд зөндөө л жишээ байна. Амьдрал угаасаа л ээдрээтэй байж л учир утгатай болдог ч юм шиг. 
Сонирхуулахад хүнд заавал учрах ёстой заяаны болон зуурдын хань, найз нөхөд байдаг юм гэнэлээ. Хувьтай нь заяаны ханьтайгаа учирдаг бол, хувьгүй нь зуурдынхтайгаа учирч зовдог юм байх. Зуурдынх нь хэсэгхэн хугацааны жаргал бэлэглээд зовлонд унагаад оддог бол заяаных нь учирч өгөхгүй зовоож байгаад учрахаараа амьдралыг утга учиртай жаргалтай болгодог юм гэнэ. Үнэхээр хувьтай хүн бол заяаны хань, найз нөхөдтэйгөө зовлон багатай шууд учирдаг юм байхаа. За за би сайн тайлбарлаж чадахгүй нь. Шүгдэнг уншиж байхад л нэг иймэрхүү утга санаатай юм ойлгож авсан юм. Юутай ч миний бичлэгийн баатрууд зуурдын ханьтайгаа учраад, үйлээ үзэж яваа юм шиг байна. Яаж ч болохгүй сэтгэлийг нээрээ яалтай ч билээ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Анхны цас

Ингээд хүйтэрчихдэг юм байжээ. Өчигдөр хүйтрэнэ гэсэн бэлтгэлтэй байсан чинь хүйтрээгүй. Өнөөдөр нормальный өдөр болох байх гээд гараад ирсэн чинь нэлээн хүйтэрчихэж. Жоохон цас хаялмар болж байна. Охиноо сэрээж, хувцаслах гэдэг том асуудалтайгаа зууралдаж байгаад цонхоор шагайх ч зав гараагүй. Яарч байсан болохоор эргэж орж дулаан хувцаслах бүр ч зав байгаагүй. Одоо гадаа цас ороод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг харагдаад байх юм. Нэг харахад нэвсийтэл дарчихсан байхвий. 
Өчигдөр Интерномд сонгодог зохиолууд 30-80% хямдрал зарласан гээд байхаар нь шунал хөдлөөд очсон чинь надаа лав авах ном олдоогүй. Шинээр гарсан нэг ном авах гэснээ больчихлоо. Охиндоо хөгжилтэй сампин, альбом авчихсан. Харсан, авмаар санагдсан болгоноо авахгүй тэвчиж сурах гээд л ядаад байна. Ном авчихвал ч авчихмаар л байсан л даа. Гэхдээ хүйтэрч байгаа болохоор өвлийн бэлтгэлээ базаая гээд нэг гараараа нөгөө гараа бариад тэвчээд өнгөрлөө кк. 
Юмны үнэ цалинг минь хол хаяад давхичихаар төлбөрийн чадвар буурчихаад байх юмаа. Өнгөрсөн бүтэн сайнд хүнсний захаас сүү авах гэсэн үнэ нь өсчихсөн байхаар нь 5 ш авдаг байснаа болиод 3 ш сүү авлаа. Өндөг авах гэсэн бас үнэ нь өсчихсөн байхаар нь "за за эгчээ би 9 ш өндөг авъя" гэсэн чинь намайг өрөвдсөн үү, яасан "за яахав, хуучин үнээр нь ав" гэснээ 10 ш өндөг өгч гялайлгав ккк. Илүү төлөх мөнгө байхгүй юм чинь одоо хэрэглээгээ танаж, бүсээ чангалахаас өөр яахав дээ. Гэснээс цалин олигтойхон нэмэгдээсэй. 
За за гадаа хүйтрээд, юмны үнэ өсөөд... Энд юм бичих хүсэл алга болчихлоо.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бяцхан тоть

Сая охиноо цэцэрлэгт нь өгөхдөө багшид нь хэлсэн үгнийх нь талаар хов хүргэв. "Пээ яанаа, манай ангид нэг аймаар сахилгагүй шар банди байгаа. Хэлэхгүй үг байхгүй. Ёстой бужигнуулж өгдөг юм. Тэрнээс л сурч дээ" гэнээ ккк. Дөнгөж 2 настай хүүхэд л байлгүй бодвол. Үсрээд л 3 настай биз. Тэгээд ингэж ярихаар чинь одоо яанаа аан. Гэрт нь их л түгээмэл хэрэглэгддэг үгнүүд байна даа, бурхан минь. Дээрээ ах нартай хүүхэд байх. Нөгөөдүүл нь бодвол дунд сургуулийн, бас тэрүүхэндээ хулиганууд аан кк. Хүүхэд бол юугаа ч ойлгохгүй л шууд дуурайж байгаа. 
Хүүхэд нээрээ яг тоть л гэсэн үг. Яг намайг дуурайж нүүрээ будна. Хөмсөгийг нь будсан дүр үзүүлээд багсаар хөнгөхөн нэг хоёр дараад өгчихөөр баярлаад л айлгүйтнэ шүү дээ. Толины өмнө эргэлдэж байгаа нь бас цаанаа донжтой. Эмэгтэй хүүхэд гэсэндээ бас өөр шүү. Эгц нэг харна, эргээд толгойгоо гилжийлгэж байгаад нуруугаа нэг харна. Баруун, зүүн 2 талаараа эргэж, өөрийгөө хажуу талаас нь, бас нуруугаа харнашдээ кк. Бодвол би тэгж хардаг юм болов уу? Өөрийгөө яаж тольддогийг нээрээ анзаардаггүй юм байнашд. 
Ном бариад түрүүлгээ хараад, хөлөө гозгонуулаад хэвтэнэ. Нээх сүрхий ном уншиж байгаа юм шиг. Би заримдаа тэгээд хэвтчихдэг юм. Тэгэхээр яг тэгж хэвтэх ёстой л гэж боддог юм шиг байгаа юм. Багадаа би байнга ном уншдаг ахыгаа дуурайгаад номыг заавал унших ёстой, тэр тусмаа хэвтэж унших ёстой гэж ойлгоод дуурайгаад сурчихсан шиг л юм болох гээд байх шиг байна.
Би диван дээр завилаад суучихдаг юм. Яг намайг дуурайгаад бас завилж суугаад зурагт үзнэшдээ, кк нээх хөөрхөн. Нэг жижигхэн хөл завилаад суухаараа нээх инээдтэй харагдахыг нь яанаа. 
Заримдаа би диван дээр суугаад өвдгөн дээрээ дэр тавиад, дэрэн дээрээ хатуу хавтастай ном, дээр нь дэвтэр тавьж байгаад юм бичээд суух дуртай. Охин намайг дуурайж суух гээд үзчихнээ. Би тэгж суулгах дургүй. Буруу зуршилтай болчихно гээд... Ширээн дээрээ зөв суу гээд бөөн хэрүүл болно шүү дээ. Охин намайг дуурайж суух гээд, би ширээн дээр нь суулгах гээд бяцхан дайн болноо бид хоёрын хооронд кк. Одоо болж өгвөл хажууд нь тэгж суухгүйг хичээгээд байгаа. Зурагт харангаа тэгж суугаад юм бичмээр л санагдаад байдаг юм.
Хүүхдийн дэргэд нээрээ өөрийгөө сайн цэнэж байхгүй бол... Ааш зан нь цаанаасаа аав ээжийнхээ генээс өвлөж авсан төрмөл, харин дадал зуршил бол яг өсөж байгаа орчиноосоо шалтгаалдаг юм байна гэж ойлгоод байгаа. Миний охиноос тэгж ажиглагдаад байгаа учраас. Гэвч тэгээд хажууд нь дандаа номын царайлж чадахгүй хэцүү юмаа кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цэцэрлэгээс сурч буй эрдэм

Тав дахь өдрийн орой гэнэт Налайх явмаар санагдаад... Ажлаа тараад гэртээ харьж хувцсаа солингуутаа буцаад гараад автобусанд суугаад жирийчихсэн. Налайхын автобуснууд бүгд зурагттай болчихож тэгсэн. Янз бүрийн клип, хошин шог гараад бас зүгээр юм байна. Даанч 5 дахийн орой болохоор ажил, сургуулиасаа тарсан хүмүүс пиг болохоор юун зурагт үзэж тухлахтай манатай л байлаа. Хагас сайнд буцах замдаа хүн сэлүүхэн харин сайхан зурагт үзэж явлаашд. За тэр ч яахав. 
Тэнд очоод охин 2 агаатайгаа тоглож байхдаа цэцэрлэгт сурсан эрдмээ ил гаргав. Нөгөө 2-ыг "Жи яадаан ай?" гээд л загнаад байх юм. Багшийгаа дуурайж байгаа юм байлгүй. Тэгснээ гэнэт "Бидий ужаадай" гэж авдаг юм даа хаха. Бид хэдийн нүд орой дээрээ гараад "сая юу гэж хэлсэн бэ?" гээд чихэндээ итгэхгүй дахин лавлаж асуулаа. Агаа нь тэгсэн:
- Юу гэнээ? гэсэн чинь, 
- Бидий ужаадай гэж байна. 
- Аааааан? Битгий хуцаад бай гэсэн үү чи?
- Бидий хужаадай гээд засаж хэлээд байнаа тэгсэн хахаххахаха.
Бид хэд шоолоод инээлдсэн чинь:
-Алышоо гэж байнашд. 
Дахиад л чих сортойж, нүд орой дээрээ гарав. Хэлж байгаа үгнийхээ ч утгыг ойлгохгүй байж аан ккк. Надтай тийм юм ярьдаггүй байж 2 агаагаа бол загнаад дарамталж өгч байнаа. Багш нь ангидаа атаман гээд байсан яг үнэн юм байна л даа. Ангийнхаа хүүхдүүдэд тэгээд л атамандаж байдаг шинжтэй кк. 
Аавд нь хэлсэн чинь "гоёшдээ" гээд баясаад байгаа юм даа. Эгдүүтэй санагдсан биз. 
Иймэрхүү эрдэм цэцэрлэгээсээ сураад байвал ч яваандаа дэмий л байх даа. Жоохон томроод учрыг нь ойлгоод эхлэхээрээ гайгүй болох байгаа. Одоохондоо ч хөөрхөн л байна кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Банк, банкир

Өнөөдрийн дуулиан шуугианы эзнээр экс ерөнхийлөгчийн хүү тодорчихлоо. Мэдээллийн сайтууд, твиттер, фэйсбүүк... Боломжтой бүх сувгаар шуугицгааж байна. Энд насаараа банкинд ажилласан, тэтгэвэрт гарах дөхсөн настай, өрөөний эгч уурлаад, гарч жагсая гээд байна ккк.
Үгүй ээ нээрээ, ерөнхийлөгчийн хүү ерөнхийлөгч л байх хувьтай байдаг юм байна л даа. Мундаг аавын хүүхэд шууд мундаг албан тушаалаас гараагаа эхэлдэг бол жирийн аавын хүүхэд шууд жижиг ажлаас гараагаа эхэлдэг юм байна. Гэв гэнэт аймаар атаархсан хахаха.
Банк, банкир гэснээс... Банкны мэргэжил эзэмших замыг минь хөөрхий муу аав минь л зааж өгсөн юм. Дунд сургуулийн нэг мангар охин ямар мэргэжил эзэмшихээ ч мэдэхгүй, нэг л их дээд сургуулийн оюутан болохоо мөрөөдсөн, тоо бодож, конкурсэнд бэлдээд гүйж байхдаа банк гэж юу ч байдгийг мэддэгчгүй явлаа. Техникийн их сургуульд ямар ч хамаагүй ангид орно гэчихсэн л гүйж явсан шүү дээ.
Одоо эргээд бодоход ямар азаар 10-р ангиа төгсөнгүүтээ конкурс өгөөд, дээд сургуульд тэнцээгүй юм гэж боддогшд.  Ямар ч хамаагүй нэг ангид тэнцээд орчихсон байсан бол өдийд ямар ажилтай, хаана юугаа хийж явах байсан болоо? Олон эрэгтэй оюутнуудтай сургууль болохоор яагаачгүй эрт нэг хар юмтай суугаад баахан хүүхэд гаргачихсан, тэгснээ нээх олигтой ажил хийж гийгүүлсэн юмгүй навсайсан авгай болчихсон явж байх байсан болов уу? Ёоо төсөөлөөд бодсон чинь бүр инээд хүрчихлээ. Угаасаа тийм юм болох ёсгүй байсан байх л даа. Цаанаасаа заяагдсан тавилангаараа л би тэр үед дээд сургуульд тэнцээгүй байх.
Тэгээд яасан? Аав намайг банкинд мөнгө тоологчоор ажилд оруулчихсан. Ажил хийж үзлээ, цалин авлаа. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөний амтыг, үнэ цэнийг мэдэрлээ. Хамгийн чухал нь би ямар мэргэжил эзэмших хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авсан. Тэгээд л эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дээд сургуульд орохоор бэлдэж эхэлсэн дээ.
Банк санхүүгийн ангид орж суралцлаа. Тухайн салбарынхаа хамгийн жижиг ажлаас ажлын гараагаа эхэлчихсэн болохоор сурахад сонирхолтой, урамтай, бас гоё байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл миний амьдрал зөвхөн банктай л холбогдчихож кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Орос хэлний баяр

Монгол-Оросын найрамдлын өдрүүд эхэллээ гэсэн мэдээ уншсан чинь хүүхэд байхдаа оролцдог байсан орос хэлний баяр санаанд орчихлоо. Гоё байжээ нээрээ. Жил бүрийн хавар 5 сард, намар 10 сард орос хэлний баяр болдог байсан юм. 
Энэ баярын өдрөөр оросоор шүлэг уншина, дуулна, бас оросоор бүжиглэнэ кк. Баярт бэлдэх гоё. Баярт оролцоод түрүүлэх бүр гоё. Бүүр хамгийн гоё нь ДСНК-д очиж кафетерийд нь ороод орос тогоочийн хоол идэх ккк. Багаараа түрүүлчихээд ДСНК-д очингуутаа хувцсаа өлгүүлээд л кафетерий руу гүйгээд орчихдог байлаа бид нар. 
Хүүхэд насны минь жаргалтай өдрүүдийн нэгээхэн хэсэг нь мэдээж энэ баяр байсан л даа. Манай сургуулийн баг дандаа дүүрэгтээ түрүүлдэг байсан юм.  Манай сургууль бол Налайх дүүргийн Алтангадас одонт 10 жилийн 1-р дунд сургууль. Орос хэлний баярт оролцдог хүүхдүүдийн ихэнхи нь бас манай байрны хүүхдүүд байдаг байлаашд. Тухайн үедээ манай байр чинь дарга нарын байр байсан юм чинь кк. Дандаа орос хэлэндээ сайн хүүхдүүд байдаг байсан юм. 
Тэгээд тэмцээндээ түрүүлчихээд Зөвлөлтийн 6-р сургууль дээр багаараа очно. Городокод байдаг орос сургууль. Тэнд бас манай байрны зарим хүүхдүүд сурдаг байсан юм. 
Дүүрэгтээ түрүүлсэн болохоор ДСНК-д очиж Нийслэлийн орос хэлний баярт оролцдог байлаа. Байнга түрүүлдэг болохоор жил бүрийн хавар, намар энэ баярт оролцоно. Наадмын хуушуур гэдэг шиг ДСНК-д очиж орос хоол идэж байж л сая нэг орос хэлний баяр бүрэн утгаараа болсон юм шиг сэтгэл ханадаг байлаа шүү дээ хаха. 
Нэг удаа манай автобус жоохон оройтож хөдлөөд бид нар хоол идэх завдалгүй баяртаа орлоо. Баяр дуусаад гараад ирсэн чинь кафетерий хаачихсан. Хүүхдүүд бүгд гонсойгоод, бас ходоод нь хоржигноод ккк. Буцах замдаа орос багш нар "Яагаад уйтгартай царайлчихав, дуулцгаа" гээд байдаг. Ходоод нь хоржигносон, бас орос тогоочийн амттай хоол идэж амжаагүйдээ харамссан хүүхдүүд дуулдаггүй ээ. Тэгж байснаа хэн нэгнийх нь санаачилгаар ингэж дуулсан юм:
  Залуучууд бидэнд, залуучууд бидэнд
  Талх хиам хэрэгтэй
  Залуучууд бид нар, залуучууд бид нар
  Маш их өлсөж байна
  Талх хиам, гөөхий, печенье... гээд баахан идэх юм нэрлээд дуулаад байсан хаха. 
Энэ дууны жинхэнэ нь:
  Залуучууд бидэнд, залуучууд бидэнд 
  Энхтайван хэрэгтэй
  Залуучууд бид нар, залуучууд бид нар
  Тайван амьдрах эрхтэй
  Энхтайван, мир, фредн, пийс... гэдэг дуу байсан санагдаад байнаа. Бас оросоор дуулдаг байсан юм.
Орос багш нар ямар монгол хэл мэдэх биш. Бид нарыг тэгж дуулж байна гэж огт мэдэхгүй байгаа юм чинь кк. 
Нэг намар дандаа түрүүлдэгтээ эрдсэн ч юмуу, баярын бэлтгэлдээ бид нар их идэвхи муутай оролцоод... Тэрний үр дүнд 2-р байранд орж нэг их гонсойцгоож билээ. Дараа хавраас нь эхлээд дахиад түрүүлээд эхэлсэн л дээ.
За тэгээд тэр үед орос хэлний баярт дуулж байсан дуунаасаа нэгийг нь оруулаад сайхан цагийг дурсъя даа. 


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэн болох бол?

Өглөө охиноо цэцэрлэгт нь оруулж өгсөн чинь багш нь:
- Манай энэ аягүй атаманшд гэнээ.
- Яаж байна? гэсэн чинь,
- Одоо жоохон байж байгаад л даргын ажил хийгээд эхэлнэ шүү дээ. Хүүхдүүдийн дунд ороод л "Чи бос, чи суу" гээд хүүхдүүдийг командлаад, зохион байгуулаад гүйчихдэг юм гэнэ шүү ккк. 
Уржигдар ч билүү орой авахад анги дотроо нэг жижигхэн гулгуур дээр хүүхдүүд гулгаж байсан юм. Манай охин л тэр дунд нь "Ход, ходоочээ" гээд зандраад байгаа харагдсан юм. Өөрөө гулгах гээд кк.
Манай охин пээдийгээд л дээшээ хараад анги руугаа ордог юм. Өнөө өглөө тэгсэн манай охиноос арай биерхүү нэг хүү "Ээжээ намайг маамаа зодсон, битгий ийшээ оруулаач" гээд уйлаад байх юм. Би тэгэхээр нь охиноосоо "Миний охиныг маамаа зоддог уу?" гэсэн чинь "Үгүй" гэчихээд анги руугаа яваад орчихож байгаа юм даа.  Маамаад зодуулдаг шинж ер алгаа кк. Ангид нь нэг зодоонч шар хүү байгаа гэсэн. Хэд хоногийн өмнө нэг данхайсан толгойтой, нусаа гоожуулсан шар хүүг бас нэг хүү харангуутаа "Ааваа энэ намайг зоддог" гээд аавдаа ховлоод байсан, нээх хөөрхөн ккк.
Манай охин аавыгаа дуурайсан онгироо зантай хог байна л даа хаха. Худлаа пээдийгээд, том том дуугараад аан. Том болоод цэргийн дарга болно гэж томорвол би яанаа кк. Үгүй гэх газаргүйшд. Хүүхэд ер нь ихэвчлэн аавынхаа юмуу ээжийнхээ мэргэжлийг өвлөдөг. Миний мэргэжлийг өвлөж авах болов уу гэж би боддог юм уг нь. Яагаад гэхээр намайг дагаад багаасаа л банк гэж мэдэж өснө. Одоо өдөр болгон цэцэрлэгээ тараад ажил дээр ирдэг. Цаашдаа ч байнга манай ажил дээр ирэх нь тодорхой. Ямар цэцэрлэгээс нь аваад гэр лүү нь аваад явах эмээ, өвөө байгаа биш. Агаа нь одоо оюутан болсон гээд тоож авахаа больсон. 
Эмчийн хүүхэд эмч, жүжигчний хүүхэд жүжигчин болсон байх нь зөндөө. Багаасаа тухайн мэргэжлийг мэдэрч өсдөг болохоор дуртай болдог байх. Бас зарим нь өөрөө сонирхдоггүй ч гэсэн тухайн салбар дахь аав, ээжийнхээ нөлөөгөөр мэргэжил эзэмших тохиолдол байгаа л даа. Миний охин том болоод чухам ямар мэргэжил сонгох юм болоо? Гэв гэнэт хаа холын юм бодогдоод эхлэх чинь кк. Хэн болох бол доо нээрээ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шинэ зорилго

Цээж бодолтын дэлхийн аварга монгол залуу боллоо гэсэн мэдээ уншлаа. Толгойд гэнэт нэгэн бодол зурс хийгээд... Сонирхол татагдаад энэ талаар цааш нь мэдээлэл хайгаад... Оюуны спорт... Охиноо энэ спортоор хичээллүүлье гэсэн шийдвэр гаргаад сууж байна. Бурхан цаанаас нь харж үзээд, боломж олгоод байгаа ч юм шиг санагдчихлаа. Монголын оюун ухааны академи гэдэг нь манай гэрийн хажууханд байдаг юм байна. Нэг өдөр ажил болгож очиж сонирхоё байз.
Ой тогтоолт сайтай байгааг нь замхруулахгүй, улам хөгжүүлэх нь чухал байна. Магадгүй хэзээ нэгэн цагт миний охин Дэлхийн оюуны олимпийн аварга болох хувь тавилан хүлээж байгаа ч юм билүү кк. Гоё өөдрөг юм мөрөөдье л дөө энэ чинь. Алийн болгон ахуйн шинжтэй жижигхэн хүслүүддээ түүртэж, өчүүхэн эд юмны төлөө зүтгэж амьдрах юм бэ? Ерөөсөө л охиноо оюуны спортоор хичээллүүлж амжилтанд хүргэнэ гэсэн том зорилго өмнөө тавихаар шийдлээ. Зорилгоо тавьчихлаа. Блогтоо бичээд үлдээчихлээ. Одоо ажил болгох л үлдлээ. Охиныхоо энэ хурдан юм тогтоодог сайн ой тогтоолтыг нь чулуу болгоноо кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS