Монгол-Оросын найрамдлын өдрүүд эхэллээ гэсэн мэдээ уншсан чинь хүүхэд байхдаа оролцдог байсан орос хэлний баяр санаанд орчихлоо. Гоё байжээ нээрээ. Жил бүрийн хавар 5 сард, намар 10 сард орос хэлний баяр болдог байсан юм.
Энэ баярын өдрөөр оросоор шүлэг уншина, дуулна, бас оросоор бүжиглэнэ кк. Баярт бэлдэх гоё. Баярт оролцоод түрүүлэх бүр гоё. Бүүр хамгийн гоё нь ДСНК-д очиж кафетерийд нь ороод орос тогоочийн хоол идэх ккк. Багаараа түрүүлчихээд ДСНК-д очингуутаа хувцсаа өлгүүлээд л кафетерий руу гүйгээд орчихдог байлаа бид нар.
Хүүхэд насны минь жаргалтай өдрүүдийн нэгээхэн хэсэг нь мэдээж энэ баяр байсан л даа. Манай сургуулийн баг дандаа дүүрэгтээ түрүүлдэг байсан юм. Манай сургууль бол Налайх дүүргийн Алтангадас одонт 10 жилийн 1-р дунд сургууль. Орос хэлний баярт оролцдог хүүхдүүдийн ихэнхи нь бас манай байрны хүүхдүүд байдаг байлаашд. Тухайн үедээ манай байр чинь дарга нарын байр байсан юм чинь кк. Дандаа орос хэлэндээ сайн хүүхдүүд байдаг байсан юм.
Тэгээд тэмцээндээ түрүүлчихээд Зөвлөлтийн 6-р сургууль дээр багаараа очно. Городокод байдаг орос сургууль. Тэнд бас манай байрны зарим хүүхдүүд сурдаг байсан юм.
Дүүрэгтээ түрүүлсэн болохоор ДСНК-д очиж Нийслэлийн орос хэлний баярт оролцдог байлаа. Байнга түрүүлдэг болохоор жил бүрийн хавар, намар энэ баярт оролцоно. Наадмын хуушуур гэдэг шиг ДСНК-д очиж орос хоол идэж байж л сая нэг орос хэлний баяр бүрэн утгаараа болсон юм шиг сэтгэл ханадаг байлаа шүү дээ хаха.
Нэг удаа манай автобус жоохон оройтож хөдлөөд бид нар хоол идэх завдалгүй баяртаа орлоо. Баяр дуусаад гараад ирсэн чинь кафетерий хаачихсан. Хүүхдүүд бүгд гонсойгоод, бас ходоод нь хоржигноод ккк. Буцах замдаа орос багш нар "Яагаад уйтгартай царайлчихав, дуулцгаа" гээд байдаг. Ходоод нь хоржигносон, бас орос тогоочийн амттай хоол идэж амжаагүйдээ харамссан хүүхдүүд дуулдаггүй ээ. Тэгж байснаа хэн нэгнийх нь санаачилгаар ингэж дуулсан юм:
Залуучууд бидэнд, залуучууд бидэнд
Талх хиам хэрэгтэй
Залуучууд бид нар, залуучууд бид нар
Маш их өлсөж байна
Талх хиам, гөөхий, печенье... гээд баахан идэх юм нэрлээд дуулаад байсан хаха.
Энэ дууны жинхэнэ нь:
Залуучууд бидэнд, залуучууд бидэнд
Энхтайван хэрэгтэй
Залуучууд бид нар, залуучууд бид нар
Тайван амьдрах эрхтэй
Энхтайван, мир, фредн, пийс... гэдэг дуу байсан санагдаад байнаа. Бас оросоор дуулдаг байсан юм.
Орос багш нар ямар монгол хэл мэдэх биш. Бид нарыг тэгж дуулж байна гэж огт мэдэхгүй байгаа юм чинь кк.
Нэг намар дандаа түрүүлдэгтээ эрдсэн ч юмуу, баярын бэлтгэлдээ бид нар их идэвхи муутай оролцоод... Тэрний үр дүнд 2-р байранд орж нэг их гонсойцгоож билээ. Дараа хавраас нь эхлээд дахиад түрүүлээд эхэлсэн л дээ.
За тэгээд тэр үед орос хэлний баярт дуулж байсан дуунаасаа нэгийг нь оруулаад сайхан цагийг дурсъя даа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment