RSS

Мартагдашгүй өдөр

Өнөөдөр энэ жилийн сүүлчийн өдөр. Хэзээ ч мартагдахааргүй гоё өдөр байнаа. Өглөө аягүй гоё дулаахан, бас утаагүй... Хэзээ 12 сарын 31-нд ийм гоё намрын анхны цас орж байгаа юм шиг дулаахан өдөр тохиож байлаа? Энэ өвөл Монголд бараг өвөл болсонгүй гэж хэлэхэд буруудахгүй байхаа. Хүйтэрсэнгүй. Гэхдээ ямартай ч яаж ийж байгаад шинэ жилээс өмнө цас орчихлоо шүү. Ёстой гоё.
Өчигдөр орой бас их гоё байсан. Охин бид 2 дулаахан болохоор нь алхаж хариад... Замаараа Централ Тауэрын урд байгаа цагаан баавгайны гэрээр оръё гэхээр нь оров. Мөсөн урцанд нь орж охины зургийг нэг хальт дарчихаад гараад ирсэн кк. Тэгэхгүй бол зөндөө олон хүн шаваад тух алдуулаад байсан юмаа. Гадаа гоё дулаахан болохоор аргагүй юм даа.
Гэртээ орж ирсэн чинь ширээн дээр охинд бэлэг тавьчихаж... Манай дүү л бололтой. Тэгсэн охин харсанаа дуу алдаад баярлаад "өвлийн өвөө иесэн байна ээжээ" гээд хашгирахаар нь би бас хөөргөөд "өө тийм байнашдээ" гэж дуу алдаад кк. Өчигдөр оройжин өвлийн өвөө гэрт ирээд бэлэг орхиод яваад өгчихсөн гэж баярлав.
Охины цэцэрлэг өдөр 12 цаг хүртэл ажиллана гэхээр нь өнөөдөр гэрт дүүтэй орхичихсон. Ажлаа тарангуут гялалзаж очоод салатаа хийгээд, буузаа жигнээд багахан хэмжээний ширээ засаад шинэ оноо угтана даа. Гэснээс охин өнөө орой заавал малгай өмсөж, лаа үлээнэ гээд байх юмаа ккк. Төрсөн өдрөөрөө малгай өмсөж, лаа үлээдэгшдээ гэхээр "үгүй тэе чинь тоотны малай, лаа мэдүү" гээд зөрүүдлээд байгаа. Торт идэхийн тулд заавал малгай өмсөж, лаа үлээх ёстой гээд ойлгочихож. Өдөр цайны цагаар төрсөн өдрийн малгай, лаа авахаас даа ккк. 
Урд шөнө ханиагаад олигтой унтаж чадаагүй. Өнөө шөнө шинэ оноо угтаж чадахнуу үгүй юу кк. Бага байхаасаа л 31-ний орой Монгол телевизээр Цэнхэр дэлгэц эсвэл Баярын мишээл үзэж Гомбосүрэн гуай өвөөтэй хамт 00.00 цагт шинэ оноо угтаж авчихаад үргэлжлүүлээд Оросын Центральное телевидение-гийн шинэ жилийн нэвтрүүлэг үзэж гурван цагаан морьтой орос Дед мороз, Снегурочкатай хамт үүрийн 05.00 цагт Москвагийн 00.00 цагаар дахиад шинэ он угтаж авсаар байгаад сурчихсан болохоор тэр заншлаараа л баярлахгүй бол шинэ жилийн баяр утгагүй болох юм шиг санагдаад байдаг юмаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өвлийн өвөө хаана байна?

Охин бид 2 саяхан манайд ирсэн Москвагийн мөсөн циркийн тоглолтыг үзсэн юм. Тэнд орос ардын үлгэрт гардаг шиг цасан цагаан хувцастай охидууд бүжиглээд... Охин хараад "өөөө цасан охин..." гээд уулга алдаад сүйд болсон юм. Жинхэнэ цасан охин харчихсан бөөн баяр. Үнэхээр гоё яг л үлгэрийн цасан гүнж шиг охидууд бүжиглэсэн л дээ. Жинхэнэ цасан охин, өвлийн өвгөн байдаг гэж итгэдэг нас нь болохоор би ч гэсэн цасан охид хараад баярлахад нь охиноосоо дутахгүй баярласан. Ер нь одоо маний насан дээр ирэхээрээ хүүхдээ баярлахыг харах шиг баярт үйл явдал байхгүй болдог юм бишүү бараг кк. 
Уржигдар банк бэлгээ өгнө гэж сонсоод охиноо орой цэцэрлэгээс нь авахдаа "өвлийн өвөө бэлэг авчирч өгнө гэсэн" гээд ам алдчихсан юм. Урьд жилүүдэд дандаа л өвлийн өвөө өрөөнүүдээр явж бэлэг тараадаг байсан болохоор бас тэгнэ байх гээд бодчихгүй юу. Тэгсэн байдаггүй... Охин надаас "өвлийн өвөө яачуу?" гэж нэхээд, би хэлэх үг олдохгүй сандарлаа кк. Нөгөө бэлэг тараах нь ч байхгүй, хүлээгээд ирэхгүй болохоор нь охиндоо арай гэж худлаа хэлж байж ажлаасаа гарлаа. Манай өрөөнийхөн бүгд нийлж байгаад "өвлийн өвөөгийн машин нь замдаа эвдэрчихээд ирж чадахаа больсон, яагаав нөгөө Маша өвлийн өвөөг ирж байхад нь онхолдуулчихдагшдээ, чи үзсэн биз дээ? Яг тийм юм бас замд нь таарсан гэнэ" гээд л бөөн юм ярьж байж арай гэж итгүүллээшд хахаха.
Өчигдөр өглөө гэрээсээ гарахдаа "ээжээ чи уутаа аваарай, өвлийн өвөө ирж бэлэг өгнө шүү" гэж авсан кк. Би мартчихсан зүгээр гарах гэж байсан чинь охин мартаагүй л байгаа юм чинь. Уут авахгүй бол өвөөгөөс бэлэг авч чадахаа больчихно гэж бас санаа нь зовсон юм шиг байгаа юм кк. Ашгүй өчигдөр орой банк бэлгээ өгч санаа амраалаа. Гэхдээ харамсалтай нь ямар ч өвлийн өвөө ирээгүй, зүгээр л ирээд бэлгээ авцгаа гээд л... Өрөөний залуу очиж бид хэдийн бэлгийг авчирч өгөөд л болоо. Яг тэр үеэр нь ашгүй охин өөр өрөө хэсээд явчихсан байсан юм. Охин орой цэцэрлэгээс тараад банкин дээр ирээд энэ хажуу хавийн өрөөгөөр хэсэж татвар авдаг юмаа хаха. Нөгөө хэд нь ч аягүй дуртай татвар өгнө. Мөнгөгүй болчихлоо гэнгүүтээ витамин авч тавьчихаад хэд хэдэн ширхэгээр нь өгч аргална зарим нь ккк. Өөр өрөө хэсэж татвараа аваад ирэх хооронд нь бэлэг ороод ирчихсэн... Орж ирээд бэлэг харангуутаа "Өвлийн өвөө хаанэйн?" гээд л шууд асуусан. "Сая орж ирж бэлэг оруулж өгчихөөд машинаа засна гээд яараад гараад явчихлаа" гэсэн чинь итгэчихэж байгаа юм чинь кк. Ямар ч байсан бэлгээ авсандаа санаа нь амарсан л даа. Гэхдээ л өвлийн өвөө ирээгүй гээд бас хошуугаа унжуулаад урвайгаад байнаа. "Өвлийн өвөө ирнэ биз дээ?" гээд л лавлаад асуугаад байгаа одоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би жаргалтай

Нэг мэдсэн чинь өнөө маргаашгүй он дуусах болчихсон байх юм даа. Амралтынхаа дутуу хоногийг эдэлж чадсангүй л харамсалтай юм боллоо. За яахав, яахав болношдээ, болж л таарнашд. Үнэндээ бол өглөө бүр маш хүндрэлтэйгээр сэрж байгаа ч гэсэн гүрийгээд л байгаа. Эргээд унтахад нойр сайхан гэдэг л болоод байна ойрд ккк. Өнгөрсөн 7 хоногт нэг удаа сэрүүлгээ ч сонсохгүй 8 цаг хүртэл нам унтаад... Гэхдээ л 8.40-д амжаад л цэцэрлэг дээр ирчихсэн шүү. Балрах шахсаншд кк. 
Өнөө орой охинд өдөр болгон үглээд нэхээд байгаа Барбиг нь авч өгөхөөс... Цэцэрлэгээс нь орой авахад л "ээж, аав, охин Бааби авий дэхүү", өглөө сэрээд л "ээж, аав, охин Бааби авий дэхүү" гээд бараг л цаг тутам хөхөөтэй цаг шиг донгодож байна. Орой гэртээ орохын өмнө заавал Наран кидс орно гэж хошуугаа унжуулдаг болсон. Гэртээ ороод гомдож орон дээр түрүүлгээ харж хэвтэнэ. Ёстой их юм болж байнаа бид 2. Залхааж байнашд намайг үнэндээ ккк.
Хоол хийдэг гал тогооны хэрэгсэл авахуулна гээд эртээр авахуулсан. Одоо орой болгон тайван суулгахгүй янз бүрийн хоол, кофе, цайгаар дайлаад намайг будаа болгож байгаашд бас хаха. Эртээр бас 2500-хан төгрөгтэй болчихсон байсан чинь 3500 төгрөгийн үнэтэй хөргөгчин дээр наалддаг соронзтой үсэг авна гэж уурлаад... Гэрийн гадаа байдаг бичиг хэргийн дэлгүүр рүү намайг чирж ороод нэхээд салдаггүй. Тэгсэн худалдагч нь намайг огт танихгүй байж нөгөө үсгийг нь өгсөнөө "дараа нь мөнгөтэй болохоороо өгчихөө" гээд... Би санаа зовсондоо байгаа 2500 төгрөгөө өгөөд гэртээ талхгүй орж байгаа юм чинь. Дараа нь цалин буухаар нь очиж 1000 төгрөгийг нь өгөнгөө нэмж соронзтой тоонууд бас авлаашд. Одоо хөргөгчин дээр бүгд наалттай, бас орой болгон хичээлээ давтъя гэж шалаад намайг урд нь аваачиж суулгачихаад "энэ ямая үсэг үү, энэ хэдийн тоов?" гэж байцаадаг ажилтай болсон ккк. 
Дээр нэг удаа Скай дотор байдаг Мир номын дэлгүүрт орсон чинь цаашаагаа дахиад хаалга гаргаад бэлэн хувцасны дэлгүүр нээчихэж... Гоё платьенууд харагдаад байхаар нь үзэх гээд орсон чинь охин аймаар уурласнаа "ээжээ ном үзий л даа" гээд намайг чирээд... Тэгсэн тэр дэлгүүрт байсан нэг ах "энэ ямар сайн охин бэ, номонд дуртай..." гэнээ ккк. Хөндлөнгийн хүмүүсээс лаг үнэлгээ авсаншд. 
Өнгөрсөн 7 хоногт би дээр үед хэрэглэж байсан нэг номоо хайгаад... Ээж, аавын хэрэглэж байсан хуучны 2 бор чемодан одоо болтол надад байдаг юм. Би зарим дэвтэр, номнуудаа тэнд хадгалдаг болохоор нандигнан хадгалдаг л даа. Соц үеийн хүмүүсийн хэрэглэдэг байсан тэр чемодан одоо он цаг улирах тусам улам нандин эд болох шинжтэй. Ээжийн бор авдар гэдэг  шиг л ккк. Царай муутай хуучны юм гээд шкафан дотор далд хадгалдаг юм. Тэгээд эртээр ном хайгаад ухахдаа анзаарсан чинь... Цаг хугацаа өнгөрөх тусам ховор бараа болж байгаа эд байналээшд. Тэнд охиныг хэдхэн сартай байхад нь том болоод уншиг гээд хэдэн хөөрхөн жижигхэн англи ном аваад хадгалчихсан байсан юм. Тэгээд мартчихсан байсан чинь эртээр охин олоод харчихсан. Одоо хэд хоноод л "ээжээ чи боё чимдаанаа ухаачээ, би номоо үзмээмайн..." гэж шаналгадаг ажилтай болсон бас ккк.


Янз бүрийн дуу, шүлэг сураад их хөөрхөн байгаа. Хүүхдийнхээ шүлэг уншаад, дуу дуулахыг нь сонсох ёстой хөөрхөн юмаа. Ёстой жинхэнэ таашаал өгдөг юм байна. Орой бол зурагтаар мэдээ харах ч эрхгүй, хамт хүүхдийн суваг үзээд л суудаг болж байнашд. Мэдээллээс ангид, хүүхдийн ертөнцөөр л амьдраад байх юм шиг байнашд нэг хэсэгтээ л кк. 
Орой унтаж өгөхгүй, өглөө сэрж өгөхгүй ёстой хэцүү. Том болох тусмаа өглөө сэрэхээ болиод байна. Би өөрөө бас тийм болохоор ойлгож байгаа ч гэсэн өглөө дуудахад сэрэхгүй болохоор нь уур хүрээд байгаа юм чинь кк. Нэг удаа уур хүрээд бөгс рүү нь хэд сайн алгадаад авсан чинь орой нь "ээжээ чи намайг ёстой аймаар зодсон тээ" гээд байсан хахаха. Тэрнээс хойш өглөө сэрээх тоолондоо "сэрэхгүй бол ээж нь яадаг билээ?" гэхээр нүдээ нээж чадахгүй ч байсан босоод л ирж байгаа. Тэгээд хувцаслуулаад гэрээс гарахдаа шууд тэврүүлээд л нам унтаад өгнөө. Унтаж байгаа хүүхэд тэвэрч явах чинь яг бул хар чулуу өргөж байгаа юм шиг кк.  Цэцэрлэг дээрээ ирчихээд өвөр дээр хэсэг унтаж байгаад сэрээд ордог болсоншд. Өнөө өглөө цэцэрлэг рүү орж явахдаа бүр гар өвдөөд... Хэдий болтол энэ бул хар чулууг ингэж өргөж зовох юм болоо гэж бодож явсанаа гэнэт муухай бодлоо өөрөөсөө зайлууллаашд кк. "Юун зовлон, энэ чинь жаргал байхгүй юу, үр хүүхэдгүй бол ийм олон хөгжилтэй асуудал, ийм зугаатай таашаалыг чи эдлэхгүйшд, цөг гэм чи..." гэж өөрийгөө дотроо тас загнаад ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амжилт дүүрэн жилийг ардаа орхиж байна

Завгүй өдрүүд л үргэлжилсээр... Яг одоо жоохоон зав гарах агшинд нь наашаа хальт орж ирлээ. Маргааш бас ажиллана гэж бодохоос уур хүрээд байна. Ядаж байхад уур хүрэхээр толгой, гар хөл бүгд хурдан ажилладаг гаж зохион байгуулалттай хүн болохоор сая ажлаа гялалзуулж дуусгачихаад хэсэг амсхийгээд сууж байнашд кк. 
Яг одоо бол би ажил хийж байгаа дүртэй аягүй чухал царайтай, хөмсөг бага зэрэг зангидаастай, захиралдаа жоохон жоохон хар яр хийгээстэй уцаартай хүн л сууж байна. Уур хүрээд байгаа юм чинь яахав дээ.
Ойрд ажил их, дээр нь санхүүгийн хямралд ороод их стресстэй байгаа кк. Намаржин шүдний эмнэлэгээр үйлчлүүлчихсэн чинь одоо болтол санхүүгийн хямралаас гарч чаддаггүйээ. Би л санхүүгийн хямралтай байгаад байгаа юм байх гэж бодсон чинь манай өрөөний хэд бас бүгд хямарчихсан байх юм. Яацарчихсан хорвоо вэ энэ чинь кккк. Ганцаараа биш гэдгээ мэдэнгүүтээ бас жоохон тайвшраад байнаа хаха. 
Дээр нь охин эртээр Номин ороод баахан Барби хүүхэлдэйн дунд орчихсоноосоо хойш орой болгон надаас "аав, ээж, охин Баеби авч өг" гэж шалаад ядаргаа болж байнаа. Цалин буухаар, мөнгөтэй болохоороо, баян болоод авч өгье л дээ гээд би өөдөөс нь гуйгаад, учирлаад, загнаад яагаад ч ойлгохгүй. Нэхээд л байна, нэхээд л байна, гандан буурахгүй өдөр болгон нэхэж байна. Хэзээ нэг баян болж энэ хүүхдийн хүслийг биелүүлэх юм мэдэхгүй кк. Нэг өдөр л авч өгч л таарах байх даа.
За, за гэнэт орж ирсэнээ баахан бүтэлгүй юм биччихдэг гэнээ кк. Бүтэлтэй юм зөндөө байгаа байгаа. Одоо удахгүй он дууслаа. Өнгөрч буй 2013 оныг эргээд дүгнэсэн чинь их амжилттай жил байнаа. Гол том зорилгуудаа хэрэгжүүлчихсэн юм байна. Өнгөрсөн оны эхэнд бодож төлөвлөж байсан бүх ажлууд бүтчихсэн байналээ. Амжилт дүүрэн жилийг ардаа орхиж байгаагаа мэдэх ч бас сайхан санагдаж байна шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охидын мөрөөдөл

Дунд сургуулиа төгсөөд конкурс өгөх гээд завгүй байсан үе. Төгсөх ангийн шалгалтуудаа өгч дуусаад, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ авчихаад өнөө маргаашгүй дээд сургуулийн шалгалт эхлэх гээд их л чухал царайлсан нөхдүүд ээж, аавдаа эрхлээд атамандаад явж байлаа. Өдөр шөнөгүй конкурсэнд бэлдэж байгаа их л завгүй, жигтэйхэн мундаг хүүхдүүд аан. 
Нэг найзынх маань Сансарт шинэ байранд ороод удаагүй байсан юм. Тэгээд бид 2 шалгалт эхлэхийн өмнөх хэдэн хоногт хамтдаа бэлдэх юм болов. 3 өрөө байрны нэг жижиг өрөөнд нь ороод хаалгаа тас хаагаад л сууна. Ээж нь хоол унд бэлдэж өгөөд л, бас хаанаасаа сонсчихсон юм мэдэхгүй, чихэр идэхээр толгой сайн ажилладаг гэсэн гээд бид 2-н дунд таваг дүүрэн чихэр тавиад өгчихнө. Бид 2-т хэн ч саад болохгүйг хичээнэ. Хаалга үүд хамаагүй онголзуулж орж ирэхгүй, зурагт чангалахгүй. 2 чухал этгээд шалгалтандаа бэлдээд завгүй байгаа учраас хахаха.
Тэр их итгэлийн хариуд бид 2 юу хийж сууж байсан гэж санаж байна? Айлын авгай нар дундаа данхтай цай тавиад хол ойрын хов жив базаж суудаг бол бид 2 тэнд тавагтай чихэр дундаа тавьчихаад ирээдүйгээ төсөөлсөн шиг л гоё гоё юм мөрөөдөөд ярьж сууж байлаашд кк. Одоо эргээд санахад тоогоо ч олигтой бодоогүй юм даг. Ярьсаар байгаад тавагтай чихрээ дуусгаад унтаад өгчихдөг байсан юм. Чихрийн цаасаа ч хогийн сав руу хийчихгүйшд. Таваг руу нь буцаагаад базаад хийчихнэ. Тэгээд сүүлдээ бөөн цаасан дундаас чихэр үлдэж үү гэж хайгаад ухаж өгнө. Маргааш нь ээж нь тавгийг дахиад л чихрээр дүүргэж өгнө. Бид 2 үндсэн ажлаа хийнэшд хаха. 
Тэр үед бид 2-н ярьж байсан яриа: Эхлээд дээд сургуульд орно. Мэргэжил эзэмшинэ. Сургуулиа төгсөөд гоё ажилтай болно. Гоё, ганган бүсгүйчүүд болно. Дараа нь нөхөрт гарна. Нөхөр бол мэдээж гоё залуу байх ёстой. Бас мэдлэг, боловсролоороо эхнэрээсээ илүү байна. Болоогүй их боломжийн албан тушаалтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр залуусыг бид 2 тоохгүй ккк. Тэгээд 2 хөөрхөн хүүхэдтэй болно. Хүү, охинтой болно. Их хүмүүжилтэй, авьяастай, царайлаг, хөөрхөн хүүхдүүдтэй болно гэж байгаа. Хүүхдүүдээ багаас нь онц сургана. Дунд сургуулийг нь алтан медальтай төгсгөөд шууд дээд сургуульд урилгаар оруулна. Ингэж конкурсэнд бэлдүүлж зовоохгүй. Хэрвээ нөхөр биднийг нэг л удаа гомдоох юм бол өршөөхгүй. Шууд сална. Хэн тэнэг юм шиг дээрэлхүүлээд л явж байдаг юм. Ёстой гай л байна. Тэр мууг ёстой хэнийг гомдоосныг нь мэдэртэл амьдарна. Хэний ч өмнө доошоо орохгүй, хэнд ч дээрэлхүүлэхгүй, өөрийнхөө хүчээр мундаг явна. Биднийг гомдоосон залуусыг нохойн гөлөг шиг номхроод уучлал гуйгаад иртэл нь...
Ингэж ярилцаж сууснаа мартдаггүй юм. Мартах ч арга байхгүй. Тэр үед ч, дараа нь ч бид 2 дандаа л ингэж ярилцдаг байсан юм. 
Одоо найз маань Солонгост хүүтэйгээ амьдарч байгаа. Би энд охинтойгоо. Хэний ч өмнө доошоо орохгүй гэдэг бардам зангийнхаа "буян"-аар хоёулаа амьдралын жаргал, зовлонг тэнцүү мэдрээд явж байна. Ажил, мэргэжил бол мэдээж ОК. Нөхөр, нэг нэг хүүхдүүд нь дутуу кк.
Өчигдөр охины аав ирээд ярилцаж сууж байгаад намайг "мундаг бүсгүй" гэж хэлэхэд нь би гэнэт ёстой сонин болсоон. Найзтайгаа ярьж, мөрөөдөж байсан яриа гэнэт санагдаад... Надаас өөр бүсгүйчүүд бол "мундаг бүсгүй" гэж магтуулахдаа баярлах байсан байх. Би баярлаагүй. Сэтгэл нээх сонин болоод огшоод ирсэн. Тэр үед яах гэж "намайг гомдоосон залууг номхортол нь мундаг амьдарна" гэж төлөвлөж, ярьж байсан юм болоо гэж бодонгуут... Шууд уйлсан. Үнэхээр биеэ барьж чадаагүй. Өөртөө ч юмуу, өөр хэн нэгэнд ч юмуу гомдмоор санагдаад... Тэр үед ярьж байсан зүйл өнөөдөр биеллээ олчихсон байнашд.
Эрэгтэй хүн үнэн мэдрэмжгүй, тэнэг. Биеэ барьж чадахгүй, уйлчихсан чинь "Чи чинь хаашаа юм бэ, архи уучихсан байсан юмуу?" гэж тэнэгтдэг юм даа.
Би хүслээ биелүүлчихсэн юм байна. Гоё сургуульд орсон. Гоё мэргэжил эзэмшсэн. Тэр мэргэжлээрээ л ажиллаж, хоолоо олж идэж байна. Эзэмшсэн мэргэжлийнхээ буянаар олон сайхан найз нөхөдтэй, боломжийн сайхан амьдралтай боллоо. Гоё дурсамжтай он жилүүдийг үдлээ. Гэхдээ энэ бүх хугацаанд ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч ирсэн гэж бодохоор гомдмоор...
Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр...
миний хажууд байхгүй байна.
Хэнд ч гологдохгүй гоё, мундаг бүсгүй байхын тулд эмэгтэй хүнд зохисон цэвэрхэн ажил хийнэ гэж ярьдаг байсан. Энэ ч үнэндээ юм мэдэхгүй тэр үеийн л яриа л даа. Харин одоо бол би мэргэжилдээ ч, ажилдаа ч чин сэтгэлээсээ дуртай. Энэ амьдралын ганц утга учир юм шиг л санаж явсан хотын төвийн 2 өрөө байрандаа би амьдарч байна. Би хүссэн, төлөвлөсөн, зорьсон, зүтгэсэн, авч чадсан.
Миний хүслээр болоогүй ганцхан зүйл бол хань ижил. Магад хүн бүр өөрт заяагдсан хувь тавилантай байдаг учраас миний хүслээр болоогүй байж болох юм. Гэхдээ яагаад???...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Энэ учиртай ертөнц

Дунд сургуулийн физикийн хичээл дээр "Дулаан нэг биеэс нөгөө биед шилждэг, шинээр үүсдэггүй, устдаггүй" гэж үзэж байхдаа би юу ч бодоогүй. Дараа нь Оптик гэдэг сэдэв үзэж байхдаа нэг удаа хүний нүд ер нь ямар учиртай эрхтэн юм болоо гэж бодоод өнгөрсөөн. Гэхдээ физикийн хичээл учраас тухайн үедээ тэгтлээ сонирхол татаагүй өнгөрсөн юм. 
Сүүлд аав минь таалал төгсөж тэнгэрт морилсон. Яг нэг жил таван хоногийн дараа дүүгийн хүү энэ хорвоод мэндэлсэн. Аав минь эргэж ирж байгаа гэдгийг дүүгийн зүүдэнд орж ирж хэлсэн л дээ. Хүүхэд мэдээж өөрийн ээж аавыг дуурайж төрнө. Нэг сонирхолтой зүйл нь зээ дүүгийн харц нь яг аавын харц... Аавын нүд эргээд төрчихсөн. "Нүд нь яг аавын нүд юмаа" гэсэн яриа болоод л өнгөрсөн тухайн үед.
Тэр цагаас хойш хэдхэн жилийн дараа би оросын нүдний мэс засалч эмч Э.Р.Мулдашевын цуврал номуудыг уншсан юм. Нүд, нүдний харцнаас эхлээд сонирхолдоо хөтлөгдөж явсаар байгаад бурхадын хотыг хайгаад эхэлдэг нөхөр.... Тэр хүний номнуудыг уншчихаад "нүд нээрээ ямар учиртай эрхтэн бэ?" гэж нэг бодогдсон шүү. Тэгээд дунд сургуулийн физикийн дэвтрээ гаргаж ирж нэг сөхөж үзсэн тохиолдол бий.
Сая хавар төрсөн өдрөөрөө ажлынхнаасаа Г.Мэнд-Ооёо гуайн "Гэгээнтэн" гэдэг ном бэлгэнд авсан юм. Хавар нэг уншсан. Сая ээлжийн амралтаараа 2 дахиа уншсан. Би номыг нэг л удаа уншдаг. Нэлээн хэдэн жилийн дараа мартсан хойноо дахиж сэргээж уншсан ганц хоёр ном бий. Гэтэл энэ номыг би хагас жилийн дотор 2 удаа уншчихсан. Онц сонирхолтойгоос гадна нэг уншаад ойлгох ухаан хүрэхгүй байсан юм. Үнэхээр гайхалтай ном. 
Энэ номыг нэлээн нухацтай л уншихгүй бол мөхөс миний ухаан хүрэхгүй байсан юмөө. Яагаад ч юм энэ номын зохиолч бол эгэл биш хүн гэж бодогдсон шүү. 
Гэгээрнэ гэж яг юу гэсэн утгатайг сайн ойлгодоггүй л байлаа. Тэгвэл энэ номыг уншсанаар гэгээрнэ гэдэг нь сэтгэл зүйгээ, оюун санаагаа удирдаж сурах юм байна гэсэн ойлголттой боллоо. Хүний оюун санаа бол үхэшгүй, дуусашгүй мөнх. Физикийн хичээл дээр үзсэнээр бол дулаан буюу дотоод энерги, бурхан шашны хэллэгээр бол сүнс. 
Бясалгал гэдэг нь гэгээрэлд хүрэх зам буюу оюун санаагаа удирдаж сурах хичээл гэмээр юмуу даа. Тэр дээр үеийн хутагт, хувилгаад чинь энгийн хүмүүсээс илүүтэй оюун санаагаа удирдаад сурчихсан эгэл биш хүмүүс байж. 
Энэ хорвоод амьдрах хугацаандаа үйлдсэн сайн, муу үйлийн үрээрээ энгийн хүмүүс ч гэсэн эргэж төрж байгаа. Гагцхүү тэрийгээ өөрсдөө мэддэггүй. Хойт, урд нас гэж үнэхээр байдаг бололтой. Энэ бие минь нэг удаагийнх, харин оюун санаа минь хэдэн зуун мянган жил ч оршин тогтносон гэдгийг бид таашгүй. Нүд сэтгэлийн илэрхийлэл гэдэг үг ч учиртай байх нь. Нүдээр хүний оюун санаа илэрхийлэгддэг гэх юмуу, харагддаг гэх юмуу нэг л учиртай болоод явчихлаа. Үүнийг нотлох зүйл бол хутагтын тахилч... Тэр мундаг гэгээрчихсэн хутагт өөрийнхөө эд зүйлийг хамгаалуулах хүнээ тамгалаад энэ хорвоод илгээдэг гэхээр... Миний хамгийн их гайхсан зүйл энэ. Магадгүй тэр гайхалтай түүхэн хүний талаар энэ цагийн бидэнд ойлгуулахаар томилогдсон хүн нь уг номын зохиогч байх. Гээд бодохоор эгэл биш хүмүүс заавал нэг үүрэг, зорилготой энэ дэлхийд илгээгддэг юм шиг...
Цаашаа бичих ухаан хүрэхгүй нь. Нэг л эвлэж өгөхгүй байна. Ерөөс сайн ойлгоогүй зүйлийнхээ талаар дэмийрчихсэн юм шиг санагдчихлаа, зогсоё ингээд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Юу ч гэмээр юм...

Ажил дээр блог, мессенжэр хаачихсан чинь бас утгагүй юмаа. Гэртээ компьютер дээр суудаггүй хүн чинь гэнэт блог руугаа ормоор санагдаад аргагүйн эрхэнд компьютер асаагаад сууж байнашд кк. 
Түрүүн ажлаасаа ирэнгүүтээ учиргүй гэрийн хөдөлмөр эрхлэвшд ккк. Гэрээ цэвэрлээд, маргааш өглөө босоод хоол хийх мах, ногоогоо бэлдэж хөргөгчинд хийж авчихаад санаа амраад сууж байна. Оройн хоол идэхгүйн тулд зориуд өглөө эрт босож гэрийн хоол хийж идчихээд ажилдаа яваад байгаа. Тэгэхгүй бол гэрийн хоол огт идэхээ больчих гээд байх юм. Гэснээс өчигдөр нетээс уншингуутаа өнөө өглөө 4 аяга ус уув. Их сайн, хамаг бие цэвэрлээд, эрүүлжүүлдэг юм байхаа. Туршаад л үзье. Амархан арга юм чинь...
Өнөөдөр нэг найзын маань төрсөн өдөр. Тэгсэн би мартчихаж. Өөрөө үдээс хойш над руу залгаж, төрсөн өдрөөр минь ч тоож ярьсангүй гэж гомдол мэдүүлэв. Мартчихсан юм чинь одоо яахав дээ ккк. Нас явах тусам хүний төрсөн өдөр битгий хэл өөрийнхөө төрсөн өдрийг үл тоож, мартдаг болоод байхад чинь... Яадгийн гэхгүй юу кк. Орой төрсөн өдөрт ир гэхээр нь очиж чадсангүйэээ. Хүүхэд харах хүнгүй яаж гарах вэ дээ. Гэснээс нээх сайхан гадуур гарч, пиво ч юмуу вино ч юмуу ууж найзуудтайгаа чалчих юмсан. Ойрд нээрээ энэ асуудлаар ёстой цангаж байгаа юм байна шүү кк. Хүүхэд харах хүнтэй байсан бол өдийд энд ингээд дэмийрээд биш, тэнд ресторанд сайхан идэж уугаад, чалчаад сууж байхгүй юу. Хайран юм...
За за бүр гараад явмаар санагдчихлаа. Тэгж байгаад нэг сайхан гарнаа. 
Нээрээ сониноос.... Өчигдөр манай банкин дээр хуучин хамт ажиллаж байсан нэг бүсгүйтэй тааралдаад... 
Одоогоос 5 - 6 жилийн өмнө санагдаж байна. Төрөөд ажилдаа орж ирсэн юм. Байж байгаад л хүүхэд өвдлөө гэдэг байсан л даа. Нэг удаа надад урьд нь эхнэртэй байсан залуутай суусан, нөхөр нь өмнөх эхнэрээсээ нэг охинтой гэж ярьсан юм. Тэгээд охин нь 5 настай гэж байлуу даа, жоохон л байсан юмдаг. Тэгснээ "охин нь аав дээрээ ирэхээр л манай хүү өвдөөд байх юм" гэхэд нь би юу гэж тийм юм байдаг юм, зүгээр тэгж таараад байдаг биз гээд тоогоогүй юм. 
- Гэхдээ л чи хүний юм булааж авч, дэмий юм хийсэн юм бишүү? гэхэд,
- Надтай суухдаа эхнэрээсээ салсан байсан юмаа, гэхдээ эхнэр нь салах дургүй байсан юм билээ. Бид 2 бие биендээ хайртай болохоор би ер тэр талаар боддоггүй юм гэж байсан юм.
Тэр яриа бид 2-н дунд тухайн үед болоод л өнгөрсөн. Би ч юм бодоогүй. Гэтэл уржигдар тааралдсан чинь нөгөө цоглог бүсгүй чинь бүр унтарчихсан явж байх юм. "Яав, ийв, юу болов, яагаад бүр царай алдчихаа вэ?" гэсэн чинь нэг хүчээр инээх аядаад... Хэсэг ярьж зогслоо. Нөхөр нь нас барчихсан, нөгөө хүүхэд нь цоо эрүүл биш, саажилттай гэнэ үү, жирийн биш хүүхдүүд явдаг сургуульд өгсөн гэнэ. Их л зовж яваа юм билээ. Сонсоод бүр сэтгэл хачин болчихсон. Яагаад ч юм нялх охин, эхнэрээ орхисон залуугийн үйлийн үрийг эхнэр, хүү 2 нь эдлээд явж байгаа юм байх даа гэж бодогдоод... Гэхдээ өөрт нь хэлсэнгүй. Тэгж бүр сэтгэлээр унагаад яахав дээ. Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн юм чинь. Гэхдээ л.... Үнэхээр үйлийн үр тэгж ирдэг бол нөхрийнх нь л үйлийн үр байх. Эсвэл хашир өөрөө эхнэрээс нь салгаж суучихаад өөрийнхөө үйлийн үрийг эдлээд сууж байгаа ч юм билүү. 
Ингээд л хүмүүсийн амьдралд тохиолдсон элдэв тохиолдлуудыг анзаараад л байхаар энэ амьдрал нээрээ сонион. Ядаж байхад би тийм элдэв долоон юмыг илүү анзаарч, хэрэгт дурлаж, юмны учрыг олох гэж ухаж төнхөж явдаг гаж зуршилтайг хэлэх үү... Гэхдээ л нээрээ сонин л байгаа биз дээ? Бүр бичиж тэмдэглэж үлдээхгүй бол санаа амарч өгөхгүй болохоор нь энд биччихлээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

10 дугаар сарын бороо

Өнгөрсөн 5 дахийн орой гэртээ орж ирэнгүүтээ охин гэнэт "ээжээ Налайх явъя" гэнгүүт нь надаа бас тийшээ явмаар санагдаад... 2-лаа шууд гараад автобусанд суугаад яваад өгсөн. Охин тийшээ явах их дуртай. Сүүлийн үед дандаа л "ээжээ цалин буугаад баян болохоороо Налайх явна шүү" гээд байдаг болчихоод байгаа юм кк. Тэнд одоохондоо шавааралдсан барилга баригдаагүй, байрны гадаа том тоглоомын талбайтай, гулгуур, савлуур гээд хүүхэд зугаацах боломжтой, бас агаар нь сайхан, дуу чимээ багатай болохоор хүүхэд хүртэл тэрнийг нь мэдрээд тэмүүлээд байдаг юм шиг байна. Залхуу хүрэхгүй бол амралтын өдөр болгоноор яваад чөлөөтэй гүйлгэж, харайлгаад тоглуулмаар л байх юм. Ийм бага насны хүүхдэд 4 чухал хэрэгцээ байдаг гэж манай нэг найз хэлсэн нээрээ. Гүйх, хашгирах, хайрлуулах... нөгөөдөх нь нь юу билээ дээ мартчихаж ккк. Тэгэхээр их чөлөөтэй орчин гарцаагүй хэрэгтэй юм шиг байгаа юм. 
Тэнд очиж баахан гадаа тоглууллаа. Гудамжаар нь тэнэлээ. Дэлгүүрүүдээр нь хэслээ. Хэсэж явж байхдаа зайрмаг аваад идчихсэн чинь хоолойг нь өвдүүлчихсэн. Зайрмаг идэж байхад нь балай юм шиг "хоолой нь өвдчихвий дээ" гэж гэнэт бодогдоод өнгөрсөн юм. Зурвасхан бодол толгойд орж ирээд, тэр дороо мартагдахаараа дараа нь дандаа биелчихдэг юмаа, нээх сонин. Ёрын бодол толгойд орж ирвэл үргэлжлүүлээд гоё болгож бодож сурах юмсан кк.
Бүтэн сайн өдөржин халуурлаа, хоолой нь идээлснээс болоод... Өчигдөр цэцэрлэгт нь явуулаагүй. Гашуун эмэнд дургүй хүүхдэд эм уулгах гэдэг ёстой тамын ажил юмаа. Гарцаагүй антибиотик уух шаардлагатай байдаг. Угаасаа юу ч идэж ууж чадахгүй байхад нь гашуун эм өгөх гэхээр бүр ууж өгөхгүй. Ганц балга сүү уусан ч бөөлжөөд байгаа хүүхдэд эм өгөх гэж дайн зарлалаашд. Сүүлдээ аргаа бараад "ангийнх нь маамаад эмийг нь өгөхөөс" гээд хэлчихсэн чинь аймаар харамч.... "Үгүй" гээд уурласнаа эмээ уучихсан хаха. Одоо аргыг нь олсон. Эмээ уухаар нь л "аая чи ямар мундаг юм бэ" гэж онгироож уулгасаар байгаад бие нь овоо дээрдээд санаа амраад сууж байна.
Яг одоо гадаа бороо ороод байна. 10 сард бороо орно гэдэг ч бас ховор тохиолдол шүү. Яг зуны үдэш юм шиг л шаагиад байна. Сая балкон дээр хальт гарсан чинь ёстой янзын байнаа. Өглөө бороо хэвээрээ байх болов уу, эсвэл цас болсон байх болов уу? Энэ харин одоохондоо оньсого.
Гэснээс зурагтаар Их Монголд Октоберфест эхэллээ гэсэн реклам явахаар л очиж пиво уумаар санагдаад байх юм кк. Дуусахаас нь өмнө нэг өдөр гарах боломж олдохнуу, үгүй юу кк. Хүүхэд харж өгөх хүн олдвол ч нэг орой гармаар л байна шүү. Бороо ороод, зурагтаар реклам яваад хүн гэгэлзүүлээд хаячих юмаа. За за унтъя, яршиг...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Тэвчээр бол ухааны илэрхийлэл

Бурхан надад ямар мундаг охин илгээснийг өчигдөр би бас дахин мэдэрлээ. Охиныхоо зориг, тэвчээрээр бахархаад өчигдөр ёстой охиныхоо өмнө бараг сөгдөвшд ккк. 
Би өөрөө багаасаа шүдээ гамгүй эдэлсэн болохоор шүд муутай. Бидний багад олигтой шүдний оо ч байгаагүй, шүдээ хэрхэн зөв угаахыг ч сайн зааж өгдөггүй байж шүд өвдөнгүүт л суга татаад хаячихдаг эмчилж мэддэггүй цаг үе байж. Тэрний үр дүнд өдгөө би шүд муутай, шүдний өвчин ямар хэцүүг ясандаа тултал мэдэрчихсэн хүн. Тийм болохоор охиныхоо шүдийг маш их хайрладаг, хорхой идүүлэхгүй юм шүү гэж хамаг анхаарлаа тавьдаг хүн.
Ойр ойрхон би шүдийг нь шалгадаг юм. Цэвэрхэн л байдаг байсан, уржигдар үзсэн чинь нэг араа нь хорхой идээд цоорчихож... Шууд л бараг ухаан алдлаа. Нэг хэсэг надаас төвөгшөөгөөд амаа ангайж үзүүлэхгүй байсан юм. Тэр хооронд хорхой идчихсэн юм байх даа, гайхсан гэж... "Би өөеөө шүдээ уваанаа" гээд байдаг болохоор нь сүүлийн үед зоргоор нь орхиод байсан чинь, ойлгомжтойшд яаж зөв угааж чадахав. Тэгээд хүүхдийн сүүн шүд паалангүй шахам байдаг болохоор маш хурдан идэгддэг гэнэшд.
Өчигдөр цэцэрлэгээс нь аваад шууд шүдний эмнэлэгт очив. Эмнэлгийн үүдэнд нэлээн сайн захилаа.
- Миний охин дараа нь өвдөж зовохгүйн тулд одоо шүдээ сайн эмчлүүлэх ёстой шүү за,
- За ээжээ
- Шүд нь өвдвөл дараа нь маш аймаар. Тийм болохоор одооны өвдөлтийг тэсээд даваад гараарай за юу, тэгвэл дараа нь миний охин жаргана.
- За ойлголоо, ээжээ
Бид 2-н дунд ийм яриа болсон хэдий ч би яаж чарлаж уйлах болоо гэж бодохоос яс хавталзаад л байлаа. Хажууд нэг 10 настай эрэгтэй хүүхэд уйлаад бөөн юм болоод эмч нар сүүлдээ мэдээ алдуулах тариа хийж эмчлэх гээд ч дийлэхгүй бөөн юм болоод байсан болохоор би бас охиноо уйлна гэдэгт бат итгэлтэй байсан.
Гэтэл гайхмаар... Ямар мундаг тэвчээр вэ? Уйлахгүй тэссээр байгаад шүдээ өрөмдүүлээд ломбодуулчихсан. Эмч зөөлөн гартай байлаа гэхэд, шүдний өрөм ямар аймаар хатуу билээ? Эмч нар гайхаад, би бүр их гайхаад кк... Нүднээсээ 2 том дусал нулимс л унагасан ккк. Уйлаагүй, хөдлөөгүй тас гүрийчихдэг юм даа. Амаа сайн ангайж чадахгүй байна гээд нэг эмч хэлийг нь халбагаар дарж байгаад нөгөө эмч нь эмчилгээ хийгээд... Бөөн юм болж байхад тэр бүхнийг тэсээд даваад гарах ёстой гэдгээ маш сайн ойлгочихсон байгаа юм даа. Ёстой сайн охин. Ямар их хайр хүрэвээ...
- За одоо боллоо гээд эмч татаад босгосон чинь өндийж ирээд нүднээсээ дуссан 2 ширхэг нулимсаа салфеткаар арчсанаа:
- Одоо миний шүд цэвэехэн гого болсон тэмээ? гэж үү нээх хөөрхөн...
Гэтэл хажууханд нөгөө 10 настай хүү алуулж байгаа гахай шиг чарлаад, тийчлээд бөөн юм болоод ээж нь аргаа бараад аавыг нь дуудаж ирүүлж байвал яахуу ккк. Аав нь ирээд ээжтэй нь нийлээд баахан ухуулга, сурталчилгаа хийгээд бөөн юм болсон хаха. Чи энэ жоохон охиныг хар л даа гээд миний охин руу заагаад л... Манай охин ч ёстой эр зоригийн дууль болсоон тэнд кк.
Миний охин гайхмаар тэвчээртэй юм байна. Тэвчээртэй, тэсвэртэй байна гэдэг ухаантайн шинж... Юмны учрыг ойлгож, хүлээж авч байгаа учраас сэтгэлээ удирдаж, захирч чадаж байна гэсэн үг. Би үнэхээр ухаантай охинтой юм байна. Өчигдөр намайг охиноо харж зовж, шаналах биш харин охиноороо бахархах, бахдах сэтгэл төрүүллээ.
Гэтэл би одоо болтол шүдний эмчид очихоороо зүрх үхээд, бараг уйлдагшдээ ккк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайхан амарч байна


Ойрд амралтаа авчихсан сайхан байнаа. Эхний 2 өдөр сэнсэртлээ гадуур гүйж хувийн ажлуудаа амжуулж авлаа. Гадуур юмны үнэ ямар ч аймаар болчихсон юм. Амралтаараа хэрэглэнэ гэж төлөвлөж үлдээсэн мөнгөө гадуур ажил хөөцөлдөж гүйсэн 2 өдрийн дотор 90%-г нь дуусгачихсан гэвэл яахав? Арай л, арай л байнаа нээрээ. Одоо яахав дээ, гүрийнэшд. 
Охиноо өглөө цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд өдөржин гэртээ ганцаараа тааваараа гэрээ цэвэрлээд, зурагтаа үзээд, нетээр тэнээд, номоо уншаад сайхан байнөө, сайхан байна. 
Дэлгүүр хэсэж яваад нэг хүүхдийн барааны дэлгүүрт яваад орсон чинь охины шүтээнүүд байж байна. Sanrio-н Hello Kitty бүтээгдэхүүнүүд байж байхаар нь шунал хөдлөөд хэдэн юм авчихсан. Бас баахан трико, малгай авав тэр дэлгүүрээс. Youtube үзээд л "ээжээ чи надаа энийг авч өгөөрэй" гээд байдаг болохоор нь авчихлаа. Гадуур бусад дэлгүүрүүдээр байдаг хужаа Hello Kitty-гээс шал өөр байналээ. Чанарын хувьд хамаагүй дээр. Япон, Солонгост үйлдвэрлэсэн. Гэм нь нетэд байдаг шиг олон төрлийнх байгаагүй. Цөөхөн хэдэн төрлийн л юм байсан.


Охин хараад бөөн баяр болсон. Эхний орой бөөн юм болж байгаад л өчигдрөөс мартагнаж эхэлж байх шиг байналээ. Толь самаа барьчихаад л "миний үс аймая дэбэлцэн (аймаар дэлбэрчихсэн) байнаа" гээд л байн байн үсээ самнаад байсан кк. Маргааш өглөө нь сэрэнгүүтээ шал нойрмог дэрэн дороосоо толь, самаа гаргаж ирэнгүүтээ "ээжээ миний үс аймая дэбэлцэн байнаа" гэснээ үсээ самнахад нь хичнээн инээд хүрэвээ хахаха. 
Хоолны саваа барьчихаад "энд нь будаа, энд нь мах хийгээд уул юу явнаа" гээд л үглээд суугаад байсан. Нээх мах иддэг ч юм шиг. Зажилж амтыг нь авангуутаа гаргаад хаячихдаг хүүхэд шүү дээ кк. 
Өчигдөр цэцэрлэгээс нь авсан чинь багш нь хүүхэд рүү кашаа халбагадаад цацсан гэж хов зөөв. "Пөөх бас тийм авир гарч байна уу?" гэж би гайхаад... Багшийнхаа хажууд юм хэлэхгүй байснаа гадаа гараад надаа "маамаа миний үснээс татаад байсын" гэж хэлж байна. Энэ хүүхдэд бас санаа сууж эхэлж байна шүү. Багшийнхаа хажууд юу ч хэлэхгүй байснаа гараад зөвхөн надад ямар учиртайг нь тайлбарлаж байнашд. Бас хүүхдэд дээрэлхүүлэхгүй үзэлцэж эхэлж байгаа юм байна. Би тэгэхээр нь юу ч хэлсэнгүй. Дотроо бол "зөв, болж байна" гэж бодож байлаа ккк. 
Орой би ном уншаад ухаан алдчихсан, манай дүү компьютераа ширтээд ухаан алдчихсан, охин тоглоод ухаан алдчихсан 3-уулаа л тус тусынхаа ажлыг хийгээд завгүй сууж байхад зурагт л ганцаараа тоох эзэнгүй гараад байж байсан юм. Гэв гэнэт охин "миний аав бас ийм буутай, миний аав бас ийм цэгийн дага (цэргийн дарга)" гээд хашгираад эхлэхээр нь харсан чинь үндэсний телевизээр хилийн цэргийнхний тухай нэг кино гарч байна. Энэ янзаараа бол цэцэрлэг дээрээ ангийнхаа хүүхдүүдэд "буутай, цэргийн дарга аавтай" гэж онгирдог байх гэж бодоод гэнэт инээд хүрэвшд кк. Айхтар золиг чинь аавыгаа хилийн цэргийн хүн гэдгийг бас мэдэж байна шүү.
Намайг гадуур тэнээд явж байх хойгуур өдөр цайны цагаараа намайг амарч байгаа гээд гэрт ирсэн юм байна л даа. Тэгсэн манай дүү ".... ах ирээд явсан. Формоо өмсчихөөрөө аймаар гоё сүртэй харагдаж байналээ. Ямар цолтой юм бэ?" гээд байнаа кк. Надаа л гоё харагддаг юм байх гэж бодсон чинь өөр хүмүүст ч гэсэн гоё харагддаг л юм байна гэхгүй юу ккк. За за олоод уншчихвал онгирчихно. Гэхдээ олж уншихгүй байхөө, намайг ингэж дэмийрч суудгийг мэдэх биш кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүслээ биелүүлцгээв

Хэд хоног мөнгөгүйдэж явж байгаад уржигдар орой нэг юм цалин дансанд орж аврагдавшд кк. Охин "ээжээ чи баян болохоороо надаа энийг авч өгөөрэй, ээжээ цалин буухаар 2-лаа тэрийг авна шүү..." гэх мэтчилэн их л олон юм мөрөөдөв хэд хоног. 
Өчигдөр ажил тараад охинд гутал харах санаатай хүүхдийн хувцасны дэлгүүр ороод... Таарах гутал байхгүй болохоор нь нэг бэлтгэлийн хувцас авчихъя гэж бодоод цамцыг нь өмсөөд үз гэсэн чинь "хэгүйэээ" (хэрэггүй ээ) гэчихээд хөдөлж өгдөггүй. Шилэн лангуун дотор байгаа нэг юмыг л ширтээд ухаан алга. Юу хараад байгаа юм бол гээд очоод харсан чинь Hello Kitty цаг хараад ухаан алдчихжээ хөөрхий кк. 
- Би чамд цаг биш бэлтгэлийн хувцас авч өгмөөр байнашдээ.
- Хэгүйээ ээжээ... гэснээ нүд нь цагнаас салж чаддаггүй.
- Чи цаг мэдэхгүйшд, цагаар яах гэсийн?
- ....
Тэгтэл худалдагч бүсгүй хажуунаас "ийм хөөрхөн бөгж бас байгаашд..." гээд бас Hello Kitty бөгж гаргаад ирэв. Арай хямдхан болохоор нь бөгж авч өгөөд аргалах санаатай үзүүлтэл шууд л хуруунд зүүгээд өг гэсэн кк. Цаг авахуулах санаатай байсан чинь дахиад дээр нь бөгж нэмэгдчихэв ккк. Би бэлтгэлийн хувцас, охин цаг авах хүсэлтэй байснаа бас дахиад бөгж авах хүсэл нэмэгдчихээр нь би барьцаад охиндоо трико авах хүсэл нэмэв хахаха. Тэгээд аргагүйн эрхэнд 2-лангийнх нь хүслийг биелүүлсээн. Би охинд хувцас авсан, охин өөртөө гоёл авсан, бүх төлбөрийг би хийсэн ккк. Хөгжилтэй л орой байлаа. 
Урьд орой нь "ээжээ 2-лаа цалингаа буухаар хуушуур авч иднэ шүү" гээд байсын нээх хөөрхөн. Өчигдөр тэгээд хуушуур авч өгье гэж бодож байснаа гэнэт төвөгшөөгөөд сануулаагүй өнгөрчихсөн. Охинд хаа хамаагүй хуушуур авч өгөлтэй биш, гаднаас авч өгч байснаас амралтын өдрөөр өөрөө хийж өгье гэж бодоод тэр хүслийг нь түр зуур мартуулчихсан кк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амьдрал мөнгөн дээр тогтдог уу?

Өмнөх сэдвээрээ үргэлжлүүлээд бичмээр санагдав кк.

Бага байхдаа "Амьдрал хайр дээр тогтдог" гэдэг дууг сонсчихоод "мөнгөгүй хайраар яаж амьдрах юм, амьдрал хайр дээр биш мөнгөн дээр л тогтож таарнашд" гэж найз охидтойгоо мэдэмхийрцгээдэг байв. Мөнгөгүй, гэртээ хоолгүй, хүүхдээ тэжээх мөнгөгүй бол тэгээд хоосон бие биенээ хайрлаад яаж амьдрах юм гэж ярилцахаар л нээрээ тийм юм шиг санагдаад тэрэндээ итгэцгээдэг байсан юм. 
Саяхан нэгэн гэр бүлийг хараад би амьдралд мөнгө ерөөс чухал биш юм байна гэж бодсоон. Үй зайгүй нэг найзын минь ах... Боловсролтой, соёлтой, эелдэг, даруухан, мундаг ажилтай, хамгийн гол нь мангар өндөр цалинтай. Бидний санаанд ч орохгүй өндөр цалинг авдаг. Монголд биш гадаадын авиакомпанид нисэгч учраас. Энд амьдардагчгүй. Би хараад бүр гайхаад байдаг юм. Хүний нүдэнд дулаахан, ядахдаа царай муутай биш, бүр эсрэгээр царайлаг, элдвийн муухай ааш зангүй, архи тамхи хэрэглэдэггүй... Ер нь бол гаднаас нь харахад хүний дээд. Баргийн эмэгтэйчүүдэд олдохгүй л залуу. Эхнэр нь бас их аятайхан бүсгүй. Хүү, охин 2-той. Гаднаас нь харахад бол маш сайхан, бүр дэндүү сайхан гэр бүл. 
Гэхдээ миний дотны найзын ах учраас тэр гэр бүлийн дотоод асуудлын талаар хов живийг дүү нь надад дандаа ярьдаг байсан тул сүүлийн хэдэн жил би энэ талаар мэдээлэл сайтай байгаа л даа кк. Үнэндээ гэр бүлийн аз жаргал тэнд байгаагүй. Тэднийд хангалттай мөнгө байсан, мөнгө нь улам л үржээд байна уу гэхээс хорогдохгүй. Тийм өндөр цалин авч байгаа юм чинь.... 
Тэр гэр бүлд байсан сул тал нь чухам юу байсан юм бол би бодоод олдоггүй юм. Найзаасаа сонсоход байнга л хэрүүлтэй... Тэр хэрүүл нь манай найзын хувьд ноцтой асуудлуудынх нь нэг болчихноо ядаж байхад кк. Хэдэн жил гэр бүлийн аз жаргал гэж юу ч мэдрэхгүй шахуу байсаар байгаад саяхан салалтаар өндөрлөсөн. Амархан ч салаагүй. Хүүхдүүдээ булаацалдаж бөөн юм болсон.
Эндээс харахад мөнгө чухал бишээ. Мөнгө харин аливаа гэр бүлийн хэрүүлийн гол сэдэв байх. Мөнгөгүй бол мөнгөгүй, амьдрал хэцүү байна гэж хэрэлдсээр байгаад сална. Мөнгөтэй бол юунаас болж хэрэлддэг юм бол????? Мөнгөтэй л бол амьдрал ОК юм шиг л санагдаад байдаг. Гэтэл тийм биш бололтой юмаа.
Амьдрал тэгээд яг юун дээр тогтох вэ? Бие биендээ итгэх итгэл, хүлээцтэй, тэвчээртэй, ухаалаг зан... гээд л тоочоод байвал урсаж өгөх байх. Тэр бүхэн зөвхөн бие биенээ гэсэн сэтгэлээс л үүдэлтэй байх. Дургүйд хүчгүй гэгчээр сэтгэлгүй бол тэгээд бусад нь байхгүй гэсэн үг.
Эцсийн эцэст дээд тэнгэрээс хүн бүр өөрийн үүрэг рольтой, томилолттой ирдэг гэж үнэн байх. Тэр битгий хэл хэнтэй хамт амьдрах ёстой, ямар хүмүүстэй учрах ёстой, ямар хувь тавилангаар замнах ёстой гэх мэтчилэн бүгд зурагдсан байдаг гэдэг нь үнэн байхөө, үнэн байх. Сүүлийн үед ер нь учир мэдэх хүмүүс бүгд л иймэрхүү юм ярьдаг болж. Тэгэхээр хувь заяагаа би өөрөө залуурдана гэж амьдралд ам гарахгүйгээр чимээгүйхэн, эвтэйхэн шиг амьдралын жамыг дагах газар нь дагаад, эвгүйхэн газар нь эвийг нь олж сөрөөд алхмаар юм шиг байгаа юм кк. Сөгдөж, бууж өгч л болохгүй. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амьдрал жинхэнэ хайр дээр тогтдог

        Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
        Яаж чи ингэж өөрчилж чадав аа?
гэдэг дуу өглөө сонсчихсон чинь аялагдаад салдаггүй ээ. Гэснээс нээрээ би энэ сэдвээр бичнэ гэж өмнөх нэг бичлэг дээрээ ам алдсаншд.
Нэлээн олон хосоос анзаарсан нэг зүйл бол эр хүн хайртай бүсгүйтэйгээ хамт байхдаа тэр бүсгүйнхээ төлөө өөрчлөгдөж чаддаг бол эмэгтэй хүн өөртөө таалагддаг залуугаар хайрлуулж, хамтдаа байхдаа хамгаас илүү жаргалтай байдаг юм шиг санагдсан. Хүний амьдралд маш олон учралууд заяадаг ч жинхэнэ хайр ганцхан заяагддаг юм шигээ... Тэр ганцхан заяагддаг жинхэнэ хайртайгаа азтай нэг нь эрт учраад нэг насандаа жаргадаг бол азгүй нэг нь насандаа ч учирдаггүй юм шиг... Харин азтай ч юм шиг, азгүй ч юм шиг нөхдүүд оройтож учирдаг ч юм шиг ккк.
Нэг найз маань олон залуусын хайрыг булааж явсан хөөрхөн бүсгүй бий. Гэхдээ нөхөртэйгөө хамт байхдаа тийм ч жаргалтай байгаагүй. Нялх хүүхэдтэй нөхрөөсөө салаад нэг хэсэг нэлээн зовсон. Тэгж байгаад нэлээн хүүхэмсэг нэгэн залуутай учирчихав. Залууг нь би сайн мэддэг байсан учир тийм ч таатай хүлээж аваагүй. Тэр залуугийн олон учралуудын нэг нь болоод л өнгөрөх байх гэж бодож байсан. Гэвч... Одоо 7 жил болчихлоо. Энэ хугацаанд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйлийг би олж харсан. Хоёр биендээ арай дэндүү хайртай. Тэр залуугийн манай найзад хандаж байгаа хандлага, харж байгаа харц, тавьж байгаа анхаарал халамж үнэхээр өөр, бүр үг бүр нь, үйлдэл бүр нь чин сэтгэлээсээ. Манай найз түүнтэй учирсанаас хойш бас л өөр болсон дөө. "Хүнээр хайрлуулах, хүнийг хайрлах гэдэг чинь л хамгийн аз жаргалтай болгодог зүйл байна, жинхэнэ хайр хүнийг өөдрөг болгодог учраас хүн тэр чинээгээр өөдөлж дэвжиж, сэтгэл санаагаа дагаад ажил үйлс ч бүтэмжтэй, бүх юм сайхан болдог юм байна" гэж ярьдаг юм одоо. Гайхмаар нь тэр хүүхэмсэг залуу одоо тийм биш кк. Жинхэнэ хайр хүмүүнийг хүмүүжүүлдэг бололтой. Эсвэл хүн жинхэнэ хайраа хайгаад олон учралтай тохиолддог юм болов уу? За за мэдэхгүй цус...
Дээрх найзын маань нэг ангид сурч байсан бас нэг бүсгүй 2 хүүхэдтэй, нэлээн шаггүй бизнесмэн нөхөртэй элэг бүтэн амьдралтай байж байгаад нэг л өдөр нөхөртөө хөөгдөөд бараг л гудамжинд гарсан гэнэ. Нөхөр, хүүхдүүддээ дэндүү халамжтай нэгэн байж. Нөхөр нь хангалттай мөнгө олдог байсан учраас ажил хийдэггүй, гэрийн ажлаа хийгээд нөхөр хүүхдүүдийнхээ хоол ундыг хийгээд, хувцас хунарыг угааж цэвэрлээд ар гэрийнхээ асуудлыг бүрэн хариуцаад явдаг байж л дээ. Харамсалтай нь нөхөр нь тэр хайр халамжийг даагаагүй, мөнгөтэй чадалтай учраас маш олон хүүхнүүдтэй орооцолддог, явдалтай нэгэн байсан гэнэ. Тэр болгоныг нь тэвчдэг, тэр битгий хэл өөр хүүхэнтэй буудалд согтуу байна, машинаа барьж чадахгүй нь гэхэд нь очиж авдаг хүлцэнгүй нэгэн байсан гэж байгаа юм даа. Нөхөр нь нэг л өдөр өөр бүсгүйд хайртай болсон гээд хөөгөөд явуулсан байгаа юм. Би найзаараа дамжуулаад эчнээ танил болохоор яг тэр үеийг нь сайн мэддэг юм. Маш их стресст орсон хүн аягүй сонин юм байналээшд. Нэг удаа тааралдаад мэндэлсэн чинь намайг танихгүй "хэн билээ?" гэж гайхаад... Яг тэр үед над руу харсан харц нь хэт ядарсан, бүүр сэтгэлээр унасан шинжтэй байсан юм. Дараа нь найздаа тэр тухай хэлсэн чинь нөхрөөсөө салаад маш их стресстэй байгаа гэж хэлээд би учрыг нь ойлгосон л доо. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг хойно... Одоо бол тэр үе мартагдаад, тэр бүсгүй шал өөр болсон л доо хэвэндээ ороод. Сонирхолтой нь нөхөртэй нь суусан бүсгүй жинхэнэ хайр нь байсан байх, эхнэрээ хөөгөөд явуулсан залуу өөрчлөгдөөд төрөл арилжсан гэсэн. Үзэл бодол нь, амьдралын хэв маяг нь одоо шал өөр гэсэн. Их зөв залуу болсон юм байх. Өөрийнхөө бурууг ойлгоод экс эхнэртээ 2 өрөө байр авч өгөөд, бүрэн тохижуулж өгсөн гэнэ. Хоёр хүүхдийнхээ бүх асуудлыг шийддэг, тэр битгий хэл гэртээ хоолоо хийдэг, гэрийн ажлаа хийлцэж эхнэртээ тусладаг халамжтай, хүмүүжилтэй гэрийн эзэн болсон байна гэнэшд. Нөгөө хүүхэмсэг залуу бас л хүмүүжлийн замаар замначихсан ккк.
За за цааш нь бичихээс залхуу хүрчихлээ. Ер нь ингээд бодохоор цаанаасаа заяагдсан тавилан, арга билгийн зохицол гэж үнэхээр байдаг байх гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй тохиолдлууд энэ амьдралд зөндөө л байна дөө. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Утгагүй инээд

Өнөөдөр Баасан гариг гэж бодохоос сайхан санагдаад байх юм. Тэр тусмаа цалин буух өдөр гэж байгаа. Баасан гаригт цалин буух хамгийн гоёшд кк. Гэхдээ сарын сүүлийн цалин болохоор татвараа суутгуулна, бас баахан хэрэглээний зардлаа төлнө шүү дээ. Бас цэцэрлэг сургуулийн бэлтгэл... Өө хөөрхий нээрээ бөөн зардал хүлээж байгаа юм байнашд. Нээх яаран баярлах ч болоогүй л юм байна кккк. 
Өчигдөр хамт ажиллаж байсан нэг бүсгүй хүнээр байрандаа засвар хийлгэх гэж мөнгө өгөөд хулхидуулчихлаа гээд... Нөгөө хүн нь утсаа салгаад бултаад алга болчихсон. Цагдаад гомдол гаргасан чинь шүүхэд өг гээд хүлээж авахгүй. Шүүхэд өгөх гэсээр байтал улам хугацаа алдах гээд байна, таньдаг цагдаагийн хүн байна уу гээд байсан юм. Тэгээд "би хүнд мөнгөө алдчихлаашдээ, одоо яах вэээ?" гээд л учиргүй инээгээд байгаа юм даа.
Тэгэхээр нь орой охины ааваас асуух гээд залгасан юм. Тэгсэн мангар чинь намайг залгахаар учиргүй айж гэнээ. Толгойд нь шууд л ямар нэгэн муу юм болж гэж бодогдсон гэж балайраад... "Яагаад балайраад байгаан?" гэсэн чинь "Тэгэхгүй яах юм, чи ямар над руу залгадаг биш, залгадаггүй хүн залгахаар чинь ямар нэгэн асуудал гараад л залгаж байна гэж ойлгоношд" гэж авдаг юм даа. Бодсон чинь нээрээ дандаа тэр над руу залгадаг юм байналээ хахаха. Тэгснээ "за за та хоёр минь л сайн бол бусад нь яахавээ" гэснээ нөгөө мөнгөө хулхидуулсан бүсгүйн тухай сонсчихоод "Шал тэнэг байхаа, тийм их мөнгө хүнд зүгээр өгчихдөг" гээд учиргүй шоолоод инээгээд байгаа юм даа кк.
Энэ тийм инээдтэй хэрэг юм уу, эсвэл энэ хүмүүс галзуурчихсан юмуу? Хахаха ингээд бичсэн чинь миний бас инээд хүрээд эхэллээшдээ. Энэ ерөөс их инээдтэй хэрэг болж таарлаа гэхгүй юу ккк. За за би бас галзуучуудын эгнээнд элсээд яахав, больё чи минь... Үүнийг уншсан таны ч инээд хүрэх байх даа аягүй бол кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдээ дамжуулагч охин

Балга кофе ч уух завгүй бачим их ажилтай өдрүүд үргэлжилсээр... Өнөөдөржин ажилд дарагдаж, дарагдаж түрүүхэн гялс гарч гүйж охиноо цэцэрлэгт нь бүртгүүлээд амжчихлаа. Одоо жоохон толгойгоо амрааж энд хэсэг сатааръя даа, энэ чинь. Ядаж 5 минут кофе уунгаа, энд дэмийрч, тархи толгойгоо амраая. Тэгэхээр цаашаа ажлаа хийхэд илүү үр бүтээлтэй байгаа юм шиг санагдаад байдаг юм. 
Гадаа бүүдийгээд, тэнгэр дуугараад л байна. Гэснээс өчигдөр орой ямар аймаар тэнгэр дуугарваа. Яг сайхан зүүрмэглэж байтал тас няс буугаад явчихсан. Сая мэдээ хальт гарчиглангаа Зайсангийн тийшээ аянга буусан гэж мэдлээшд. Байшин майшин дэлбэрээд, нураад уначихвуу л гэж бодсоншд би ккк. 
Өчигдөр охиноо бүртгүүлэх гэсэн чинь зураг байхгүй гээд бүртгүүлж амжаагүй. Бас заавал хавтас авчир гээд... Орой ажил тарангуут очиж нойрмог шахуу байхад нь авч гараад зургийг нь авахуулсан чинь гилжийгээд, шамбийгаад, гэдийгээд ер томоотой зогсож өгдөггүй. Үгэнд орохгүй, номхон зогсохгүй байхаар нь тэр чигт нь гилжийсэн, гэдийсэн, шамбийсан зургийг нь авчихсан кк. Өнөөдөр бүртгэж байсан багш нь тэр зургийг харсанаа "хүүеээ, ямар хөөрхөн охин бэ" гэнээ. Уруулаа шамбийлгаад муруй уруултай гарчихсан, нээх инээдтэй зураг кк.
Одоо яг худлаа ярьдаг үе дээрээ ирээд байх шиг байнаа. Байнга худлаа утсаар ярьж тоголдог болчихоод байгаа. Яг жинхэнээсээ утсаар ярьж байгаа юм шиг яринаа. Аавтайгаа байнга шахуу ярьж тоглох юм. Тэгээд миний тухай бол бүгдийг яринашдээ. Ер нь яваандаа аавтайгаа жинхэнээсээ утсаар ярихдаа миний тухай мэдээллийг тэр чигт нь дамжуулах шинжтэй. 
- Байна уу, ааваа
- ... (пауз)
- Тийн
- ... (пауз)
- Болоо айяаг авчяаад, ээж уугаад бөөжөөд...(Болороо айраг авчраад, ээж уугаад бөөлжөөд)
- ... (пауз)
- Тийн. Ээж шүд нь ёоёо болоод, эмлэг яваад, шүдээ авкуулаад... (би шүдээ авахуулаагүй, эмчлүүлсэн байхгүй юу уг нь)
- ... (пауз) 
- Аанха, тийн. 
- ... (пауз)
-Ааваа чамд буу байгаа биз дээ? Чи надаа буу аваж өгөөеэй за ву...
гээл ярьж өгч байгаа юм чинь. Яриаг нь сонсоод л байсан чинь миний талаар бол огт худлаа ярихгүй байнаа. Аль дээр үеийн юмыг хүртэл мартаагүй яриад байгаа юм чинь ккк. Энэ байдлаараа бол яваандаа "мэргэн буудагч Яник, мэдээ хүргэгч Шарик" гээд ах нар дээр үед дуулдаг байсан шиг мэдээ хүргэгч болох юмуу хаашаа юм.
Өнгөрсөн бүтэн сайнд бас үүдэнд сандлаа тавьж зогсож байгаад л домофоны аппаратаар аавтайгаа ярьж өгсөн. Яг жинхэнээсээ ярьж байгаа юм шиг л яриад байнаа нээх сонин. Яриад дуусахаар нь би:
- Чи сая хэнтэй ярив?
- Аавтай...
- Юу ярив та 2?
- Өвөөг асуугаад...
- Яах гэж?
- Өвөө дөхүүл гаяцан инээ... (Өвөө дэлгүүр гарчихсан гэнээ)
гэж авдаг юм даа хахаха.
Гэснээс аавтайгаа ярьж, ярьж байснаа "Ааваа сайн яваарай" гэж үү... Аав нь удахгүй хол томилогдчих юм биш биз дээ.
Энэ зун би ажил ихтэй, охиноо бас л агаарт гаргаж амжаагүй, худлаа мөрөөдсөөр байгаад таарсан. Нэг найзтайгаа хамт 2 хүүхдээ аваад сувилалд явах байсан юм уг нь. Би амжихгүй болоод, найз маань ганцаархнаа охиноо аваад яваад өгсөн. Би нээрээ жилийн жилд зун амарч амжихгүй ёстой сонион. 
Зунжин охин гэртээ, өөрийгөө саатуулж тоглож л их сайн сурах шиг боллоо. Бас хэл яриа нь хамаагүй зүгширсэн. Хүүхэд яг ийм үе дээрээ л хамгийн эгдүүтэй байдаг юм байна.
Гар утсыг минь эдэлж өгнө. Аймаар юутүүбчин болчихсон. Hello Kitty, Kinder surprise... гээд зөндөө олон юм үзэх юмаа. Тэр Hello Kitty-г тийм олон кинотой, тийм олон хөөрхөн дуунуудтай гэдгийг би одоо л мэддэг болж байнашд ккк. Өнөө өглөө гэрээсээ гарах гэсэн чинь "ээжээ чи том утсаа үлдээгээрэй, том утсаа үлдээ чи..." гээд л тушаагаад байсан. Сонсоогүй царайлаад л гараад явчихсан кк. Бас том дэлгэцтэй утсыг авч үлдэж, өдөржингөө юутүүбдэх санаатай айн... Таалагдсан тоглоомоо гар утсанд шууд татаад суулгачихнаа. Энэ орчин үеийн хүүхдүүд нээрээ хөгжлийн хурдтай зэрэгцээд л тархи толгой нь хөгжчих шинжтэй юмаа. Тэр тоглоом татаж байгаа, юутүүбээр бичлэг хайж олж байгаа энэтэр нь бүр хэзээний юм шиг... Угаасаа л тэр бүхнийг мэддэг чаддаг төрчихсөн ч юмуу ёстой сонин.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амжилттай яваа эр хүний ард ухаалаг бүсгүй байдаг

Уулзаагүй удсан нэг найз маань ярив. Гэр ахуйн жижиг бараа оруулж ирж байгаа гээд надад тэрнээсээ бэлэглэнэ гэж нэлээн дээр хэлж байсныг нь би мартчихаж. Тэгсэн өнгөрсөн амралтын өдрөөр над руу залгаад "хүн үнэгүй юм өгнө гээд байхад ирж авдаггүй юмуу, ажил дээр хүрээд ир" гэж дуудав. Бэлгэнд дургүй хэн байхав дээ кк, давхиад очдог юм байгаа биз дээ. Гоё хогийн шүүр, шалны хувин, мод, аяга угаах хэдэн төрлийн пролон, плитка, плита, аяга арчих зориулалтын алчуурууд, бээлий гээд баахан гоё юмтай боловшд кк. Алчуураа баздаг зориулалтын хувинтай болчихсон чинь гараа норгохгүйгээр шалаа угаах боломжтой болчихсон, ёстой гоё ккк. 
За тэр ч яахав. Оруулж ирж байгаа барааг нь сонирхонгоо баахан буу халж суусан юм. Хааяа нэг утсаар л ярихаас өөрөөр тухтай уулзаагүй удсан болохоор ажил амьдрал, ойр зуурын асуудал ярьж сууж байгаад сонин сэдэв рүү орчихсон юм.
Хашир өмнөх эхнэрээсээ салаад одоогийн эхнэртэйгээ суугаад 3 жил гаран болж байгаа байхаа. Өмнөх эхнэртэйгээ байхдаа яахав дажгүй л амьдралтай байсан л даа. Гэхдээ л бас ажил, амьдрал нь асуудал ихтэй, дээр нь сэтгэл санаа нь ч тийм тогтвортой биш, архи, тамхи ч хэрэглэчихдэг, эхнэр хүүхэдтэй байж томоогүй нэгэн байлаа. Тэрнээсээ болж надад тэнэг мангар, завхай замбараагүйгээрээ дуудуулаад л явдаг байвшд. Тэгж явахдаа нэгэн бүсгүйд сэтгэл алдраад... Нэлээн удаан тэрэнтэйгээ нууцаар уулздаг байсан юм. Тэрнийгээ надаа хэлдэг болохоор би тэр бүсгүйг нь хараагүй ч гэсэн мэддэг байсан юм. Тэгээд би эхнэрийг нь Нансалмаа, тэр бүсгүйг нь Хоролмаа гэж нэрлэчихээд бид 2 тэр нэрээр нь нөгөө 2-нх нь тухай ярьдаг байлаашд хахаха. Олон хавар нэгэндээ гэгчээр тэгж явж байгаад нэг л өдөр эхнэртээ баригдчихав. Тэгээд л тэр 2-н хооронд хэрүүл эхэлсэн, нөгөөх маань нэгэнт ил болсон юм чинь гээд шууд цайрсан л даа. Гэрээсээ оргох нь ч ихсээд ирсэн юм шиг байгаа юм. Нэг л өдөр эхнэрээсээ салахаар шийдсэнээ надад дуулгав. "Битгий тэнэгтээд бай чи" гэж би уурлаад... Нөгөөх чинь "Чи бас ингэж хэлээд байхдаа яадаг юм. Ойр дотны бүх хүмүүс намайг эсэргүүцээд байна. Би яагаад ингэж сэтгэл хангалуун биш амьдрах ёстой юм. Ганц удаа амьдрах юм чинь би жаргамаар байнашд" гэж намайг загнав. Хэн ч тэрний гэр бүл салалт, дахин гэрлэлтийг зөвшөөрөөгүй эсэргүүцсэн ч гэсэн тэр дийлсэн. Дийлэх шалтгаан нь бас экс эхнэрийнх нь шийдвэр байсан юм. Нөгөө бүсгүйтэй нь хамт дуудаж уулзаад "Нэгэнт асуудал ийм дээрээ тулсан юм чинь 3-лаа хамтдаа ярилцъя. Чи чимээгүй хувцсаа аваад яв, харин хүүхдүүд бага учраас нэг хэсэгтээ мэдэгдэхгүй зохицуулъя. Том болоод учир ойлгоцгооно биз. Миний хажууд тогтохгүй болсон сэтгэлийг би тогтоож барих гээд ч яахав" гэж хэлсэн юм байхаа. Тэгээд л эргэлт буцалтгүй салахаар шийдвэр гаргасан. Тэрнээс хойш бид 2 хааяа нэг утсаар ойр зуурын юм ярихаас өөрөөр тухтай уулзаагүй удсан юм.
Харин сая уулзсан чинь нөгөөх маань нэг л өөр болчихжээ. Өнгө зүс ороод, урьдны хааяа нэг дампуурдаг залуу биш болчихож... Хүүхдүүдээ өөр дээрээ авчихсан, дахиад хүүхэдтэй болчихсон, ажил үйлс нь ч өөдрөг. Архи тамхи огт хэрэглэхээ больчихсон, үзэл бодол нь ч өөр болчихсон, ер нь л зөв хүн болчихжээ. Нээрээ хавар надад зөв хооллолтын талаар зөвөлгөө өгсөн юм байнашд. Мэйлээр бичээд явуулсан байсан юм кк.  Найзыгаа хараад "Амжилттай яваа эр хүний ард ухаалаг бүсгүй байдаг" ч билүү нэг үг байдаг даа. Надаа тэр үг санагдсаан. 
- Би одоо эхнэрийг чинь Хоролмаа гэж нэрлэхээ болилоо, чи үнэхээр өөр болсон байна гэж хэлсэн чинь найз маань,
- Цаанаасаа заяагдсан, зохицсон хосууд байдаг гэдэгт би лав итгэх болсон. Бид 2 их л зохицдаг юм шиг байгаа юм, ажил амьдрал өөрөө л санаснаар болоод өөдрөг, бүтэмжтэй гоё байна. Нэгэнт зохицохгүй байгаа хүнтэй хамт амьдарч бие биенээ зовоож, стрессдэж амьдарч байснаас эртхэн бид хэд шиг учир зүйгээ олоод ингээд явбал дээр байгаа биз дээ гэнээ.
- Тийм юм шиг байна гэсэн чинь,
- Чи тухайн үед намайг юу гэж загнаж байлаа, одоо л ойлгов уу чи гэж ам асуувшд кк.
Чин сэтгэлээсээ бие биенийгээ хайрлах хайр амьдралыг гэгээлэг, өөдрөг болгодог юм шиг санагдсан.
За би энэ талаар бас нэг жишээ дараа нь завтай болохоороо бичнээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охиноо санаад байна

Өнөөдөр амралтын өдөр... Гэвч удирдлагаас амралтын өдрүүдэд ажилла гэсэн лүндэн буулгасан. Ийм зуны дэлгэр цагт, тэгээд амралтын өдрөөр ажил дээрээ байх чинь ёстой утгагүй юмаа. Дургүйд хүчгүй гэгч л болж байна. Охинтойгоо хамт амрах завшаан олдохгүй байгаад л бүр уур хүрээд байна. 
Ээлжийн амралт бол бүр өнгөрсөн. Ойрын 2 сардаа амруулахгүй ажил ихтэй юм гэсэн. Охиноо агаарт гаргах ч бүр өнгөрсөөн. 
Амралтын өдөр гэж бодохоос ажил хийх тэнхээ алга. Өглөө 5.30-д босож Богд уул руу алхчихаад гэртээ ирж усанд орчихоод ажил дээрээ ирлээшд. Хагас сайн өдөр уул руу явахгүй л бол сэтгэл хоргодоод нэг л зүйл дутуу санагдаад байдаг болчихлоо. Тэгээд өглөө хар үүрээр босож хүслээ гүйцээчихээд ирлээ. 
Амрахгүй ажиллана гэхээр нь өчигдөр орой бууз чимхэж хөлдөөж орхих санаатай зогсож байсан чинь охин хажуугаар орж ирээд юм хийлгэдэггүй. Тэгэхээр нь:
- Миний охин том болоод гоё хоол хийдэг хүн болох уу? гэсэн чинь,
- Үгүй ээ би хүн болку, би миний охин л байна 
гэж авдаг юм даа ккк. 
Өчигдөр өдөр бас ажил дээрээ сууж байхдаа охинтой утсаар ярьсан чинь:
- Байна уу, ээжээ би зугаа зужийн (зургаа зурж байна)
- Өө тийм үү, ямар мундаг юм бэ...
- Тийн, чи энийг хае даа (энийг хар даа)
гэж авсан хаха. Утасны цаанаас зургаа үзүүлэх юм гэнэ дээ. 
Хэл нь улам л зүгшрээд улам л олон юм яриад... Ид хөөрхөн хайр татам үе дээрээ байгаа болохоор болж л өгвөл охинтойгоо баймаар санагдаад байхад ажил ихтэй хясах юм даа. 
Наадмаар манай нэг найз айраг авчирч өгөхөөр нь жоохон уучихсан чинь би бөөлжөөд... Тэрнээсээ болоод нэг өдөржин хэвтчихсэн юм. Хэд хоногийн дараа зурагтын мэдээгээр айраг цагаан идээ энэтэр гээд л ярьж байсан чинь охин:
- Ээжээ чи айеаг ууж болку шүү...
- Яаж байгаан?
- Айеаг уухааяаа яадаг билээ чи?
гээд аягүй ноцтой анхааруулсан байдалтай над руу харсаншд хахаха. Би үхтлээ инээгээд....
Одоо айраг гэдэг үг л сонсох юм бол "ээжээ чи ууж болку шүү" гээд л анхааруулаад байдаг болсон. 
Нээрээ өнгөрсөн хагас сайнд хамт гадуур баахан явсан юм. Гэрээс гараад явж байснаа:
- Ээжээ оёлаа сүбаадын табаа охуу? (2-лаа Сүхбаатарын талбай орох уу)
- Тийм нэртэй талбай одоо байхгүй болсоншдээ миний охион
- Айййн??? гээд л нүд нь учиргүй том болж ирээд л гайхдаг байгаа нээх хөөрхөн кк. 
Тэгээд талбай дээр ирсэнээ:
- Ээжээ хумь божийн зугий нь авий (хурим болж байна, зургийг нь авъя) гэж үү ккк.
Охины аясаар сажлаад л залхуутай нь аргагүй хөлөө зөөж ядаад явж байсан чинь бас "ээжээ чи ингэж явж болку" гэж загнасаншд. Би их муухай явж харагдсан юм шиг байгаан. Энэ янзаараа удахгүй үйлдэл бүрийг минь шүүмжлэхнээ кк.
Ёоо за за ингээд зогсоё, охиноо санаад байна...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Богд уулын савдагтай учрав

Шөнөжин нээх сонин зүүд зүүдэлчихлээ. Үйл явдал нь эмх цэгцтэй, яг кино шиг... Эвгүй зүүд ч юм шиг, сонирхолтой зүүд ч юм шиг кк. 
Богд ууланд байнаа. Шажинхурахад, яг бага байхад гардаг байсан лагерийн байшиндаа... Аав ээж гэртээ хоол унд хийгээд л, яг хүүхэд насны үеийн дүр зураг тодоос тод харагдсан. Би тэгсэн чинь одоо хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ гэрийнхээ зүүн талын уул өөд л гараад байна. Нэг том цагаан чулуу барьчихсан. "Энэ уулнаас авсан чулуу, би үргэлж биедээ авч явдаг юм" гээд яриад яваад байх юм. Ажлынхантайгаа чалчаад уул өөд өгсөж явсанаа гэнэт нөгөө чулуугаа гараасаа алдаад... Уулын уруу өнхөрч буухыг нь араас нь харж байгаад яг нэг том цагаан хадны хажууд унахад нь алдахгүй харж тогтоож авч байгаад чулуугаа авах гээд буцаад буув. Чулууныхаа хажууд аягүй ойрхон очиж явсан чинь гэнэт гарнаас нэг чанга гар барьж аваад, намайг хойш нь түлхээд... Аймаар цочоод харсан чинь юу ч байхгүй, хий үзэгдэл. Яанаа Богд уулын савдаг байна гээд би айгаад эргээд зугатаасан хахаха. Надтай хамт явж байсан хүмүүс бүгд бужигналдаад уулнаас буугаад... Үнэн хөгжилтэй. Яг тэр гарнаас нэг өөр бахим гар барих мөч ёстой эвгүйээ, яг үнэнээсээ болсон процесс шиг, ёстой дотор арзаймаар эвгүй санагдаад байна одоо болтол. Тэр нээрээ Богд уулын савдаг байсан байхаа гэхгүй юу хахаха.
Богд уулын савдаг байхдаа яахав дээ, сэрчихээд бүр инээд хүрээд... Гэхдээ сэрснийхээ дараа би Богд уулнаас хамаагүй чулуу авч болохгүй юм болов уу гэж бодсон. Ойрд уруу татагдаж хамт явах хүн олдвол Шажинхурах руу явж гүзээлзгэнэ түүе гэж бодоод байсан юм. Тэгж  их бодсоноосоо болоод тийм зүүд зүүдэлсэн юм болов уу? Эсвэл Шажинхурах руу чи ирэх хэрэггүй гэж надад хэлээд байгаа юм болов уу? Эсвэл Богд ууланд алхаж явахдаа нэг чулуу ч хөндөж болохгүй шүү гэж сануулаад байгаа ч юм шиг. Өглөө зүүднийхээ учрыг олох гэж ажил дээрээ иртлээ бодож бясалгалаа кк.
Өчигдөр би "Случайностей не существует — все на этом свете либо испытание, либо наказание, либо награда, либо предвестие. © Вольтер" (Энэ ертөнцөд тохиолдол гэж байдаггүй, бүгд сорилт, шийтгэл, шагнал эсвэл урьдчилж хэлж буй зөн, шинж тэмдэг байдаг) гэсэн жиргээ олж уншсан юм. Тэрнээс болоод л энэ зүүдний учрыг олох гээд мунгинаад байгаа юм байлгүй кк. За за ямар ч байсан зүүдэндээ ч болтугай Богд уулын савдагтай учирчихлаа ккк. Адал явдалд дуртай хүн адал явдалтай л зүүд зүүдлэх юм дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зуны өдрүүдэд

Сүнгэнэтэл ажлаа хиймээр сайхан өдөр байна. Хурц наргүй бүрхэг, хүйтэн ч биш, дув дулаахан ч биш, гэхдээ дулаахандуу кк. Өрөөний температур яг сайхан таарчихсан. Бас манай өрөөнийхөн амрах нь амраад, гадуур ажилтай нь гадагшаа гараад, одоо энэ өрөөнд 2 хүн л сууж байна. Нэг нь би. Тэгэхээр сайхан нам гүм, тааламжтай орчин бүрэлдэж байнашд. Яг ийм үед толгой ёстой сайхан ажилладаг юм.
Сайхан ажлаа хийж сууж байснаа гэнэт банштай цай уумаар санагдаад ккк. Сэмхэн гараад Берлинбургер ороод амжуулчихаад ирлээшд. Тэгээд орж ирэнгүүтээ энд саатан тухалмаар санагдаад... Юун нөгөө ажил хийх их урам зориг чинь замхраад алга болсөөн. 
Ер нь өдийд ажил хийдэг монгол хүн байдаг юмуу? Бүгд л амралтаа аваад хөдөө гадаа найр наадам хэсэж алга болоод, ажилтай хэд нь амралтын байдалтай налайж ажилласан дүр үзүүлээд л таардагшд. Би ч гэсэн юунаас нь дутахав дээ кк. 
Охиноо агаарт гаргаж чадахгүй, зунжин гэрээс нь гаргаж чадахгүй жоохон онцгүй байнаа. Нэг уул руу явахдаа дагуулаад явчихсан чинь ялаа, эрвээхэйнээс айгаад "ээжээ энд баба байна, гэртээ харий" гэж уйлаад, бөөн юм болов. Уйлуулаад хүчээр аваад явсан, өөр арга байгаагүй. Мөрөө тас хавччихаад хөдөлж өгөхгүй зогсоод байхаар нь уур хүрээд орхиод яваад өгсөн чинь эрвээхэйнээс айсандаа араас гүйгээд ирж байгаа юм чинь. Охиноо жоохон стрессдүүлчихсэн. Тэгээд саравчтай малгайн дээрээс нь цамцных нь юүдэнг өмсгөөд, нарны шилийг нь зүүлгээд ханцуйг нь татаж гарыг нь далд хийгээд  кинонд гардаг тагнуул, туршуул шиг  дүртэй болгож аваад үүрээд уул өөд өгслөөшд кк. 
Тэгсэн чинь замд нэг ах тааралдаад ийм жоохон хүүхэд уул руу хамаагүй гаргаж болдоггүй гээд... Ямар учиртай юм гэхээр болдоггүй ээ л гээд байсан. Бас нэг учир начир байдаг юм байлгүй дээ. Гэртээ ирээд иогын ном санаандгүй харж байсан чинь 12 хүртэлх насны хүүхдийг булчин шөрмөсийг нь хамаагүй ажиллуулж болохгүй гэнэ. 12 нас хүртлээ хүүхэд идэвхигүй сул байх ёстой гэнэ. Тэгээд ер нь дахиж тэгж хамаагүй уул руу авч явахгүй гэж шийдсэн. Харах хүнтэй бол уулын бэлд, горхины хажууд охинтойгоо үлдээчихээд өөрөө уул өөд гарчихаад бууж ирээд байвал их аятайхан байнаа. Тэгэхгүй бол энэ хүүхэд байгал дэлхийгээсээ тасраад байшингаас өөр юм мэдэхгүй хүүхэд боллоошд, яанаа.Үсрээд л байрны гадаа байдаг гулгуураас цааш хэтрэхгүй хүүхэд боллоо.
Өнгөрсөн амралтын өдрөөр парк ороод... 6 сард парк ороод 8 тоглоомын эрхтэй багцын билет авсан чинь 4 тоглоомон дээр тоглоод л өөр тоглох тоглоом олдохгүй байвал яахуу? Манай парк үнэн өрөвдөлтэй жижигхэн болчихсон юм байналээ. Бидний багад бол өөр байсан даа. Том хүүхдийн, жижиг хүүхдийн тоглооомтой 2 хэсэг байсан биз дээ.  Одоо тэгсэн бөгс эргэх зайгүй шахам жижигхээн талбайд хэдхэн ширхэг тоглоом... Үнэхээр өрөвдөлтэй, хөгийн парк болсоныг нь тэгж мэдрэв. Тэгээд дахиад нөгөө 4 тоглоомон дээрээ тоглуулаад дуусгадаг юмуу гэж бодсон чинь нэг охин харин "1 сарын хугацаатай байдаг юмаа, сардаа хүчинтэй болохоор та дараа ирж болно" гэнэ. Тэгэхээр нь үүдэнд нь очиж дахиж лавлаж асууж байгаад паркаас гарсан юм. Тэр билетээрээ дахиж очиж тоголж байгаа нь тэр... 3 настан тоглох боломжтой тоглоом нь морин тойруулга, мэлхий, динозавр. Тэгээд л болоо. Агаарын дугуйн дээр би өөрөө авч суугаад тэгээд гүйцээ. Арай ч дээ, хайран парк гээд өөрийн эрхгүй халагласаан. Бидний үед зөндөө тоглоом байсан юм байнаа. Одоо энэ парк хуучин паркийн газрын 4/1-д нь байж чадаж байна уу, үгүй юу? Эргэлзээтэй. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Уулчин болсон нь

Сүүлийн үед энэ блогоор шагайхаас залхуу хүрээд байдаг болчихсон. Тэгж байгаад л гэнэт бичмээр санагдаад эхэлнэ. Бичмээр санагдаад ийшээ орж ирээд л залхуу хүрээд буцаад л гарчихна. Ёстой нэг учир нь олдохгүй хүмүүний ааш гээч нь энэ байх даа. Намайг чимээгүй болчихоор зарим нь гайхаад утасдаж байналээшд ккк. Ажил ихтэй болохоор ч блог манатай л болох юм дөө.
Ойрд амралтын өдөр болгоноор Богд уул руу алхаж байгаа. Хөдөлгөөний дутагдлаас болоод хөшиж чилээд ядаргаатай юм. Уул руу алхсан чинь харин их кайфтай гоё байгаашд. Юун фитнесст явах, юун зааланд дасгал хийх... Тэрнээс чинь шаал өөр, үнэн гоё кк. Ой модон дунд хөхөө донгодох, горхи шоржигнон урсахыг сонсоод, гоё гоё өнгө өнгийн цэцэг дэлгэрсэнийг, хааяа нэг үзэгдэх модноос мод дамжин гүйх хөөрхөн хэрэмийг хараад,  хүчилтөрөгчөөр амьсгалаад ой модны гоё тансаг үнэрт уул өөд өгсөөд алхахаар сэтгэл сэргээд үнэхээр таатай юм билээ. Тэгж явахад хэрээ гуагалах хүртэл гоё сонсогдож байгаа юм чинь кк. 
Хүмүүс уул руу зөндөө явдаг юм байна. Бүр жим гарчихсан. Гадаад хүмүүс ч их явах юм. Өглөө эрт явахад л өөдөөс зарим нь бууж ирж байна. Эртхэн ийм зам байдгийг мэдээд, эртхэн л явж байхгүй гэж бодоод харамсаад байгаашд кк. Лучше поздно, чем никогда. Одоо байнга уул руу алхаж байна гэж бодоод байгаа. Өглөө 5.30 цагт охиноо унтаж байхад гараад л 10 цаг өнгөрөөд сэрж байхад нь ороод ирнэ. Ууц нуруу хөшөөд чилээд байсан чинь уул руу 3 алхаад л гайгүй болчихсоон. Эрүүл агаар, хөдөлгөөн хослоод эм болж байна. 
Гар утсаараа цэцэгний зураг аваад л алхаад байгаа би. Багадаа гоё цэцэг харахаар шууд тасдаад авчихдаг байсан бол одоо зургийг нь авч кайф авдаг болчихсон байнашд. Аппарат үүрсэн залуучууд зураг дараад л яваад байдаг юм байналэ. Зураг авах ч бас урлаг юм шиг байгаа юмаа.  Би бол чиглүүлээд л дарчихаж байгаа юм чинь кк. Юун тэр гэрэл сүүдрийг нь тааруулах, донжийг нь олж дарах... Аялаад л, зураг аваад явах хоббитой хүмүүс их байдаг юм байна. Их гоё хобби юмаа.
Богд ууланд бага насны минь зуны амралтууд өнгөрсөн болохоор тэр олон өнгийн цэцэгс, гүзээлзгэнийн навч, нохойн хошууны бут, хад асга харахаар хүүхэд насны минь дурсамж сэргээд, яг зуны амралт эхлээд лагерьтаа оччихоод ойд тэнэж яваа юм шиг гоё санагдаад байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өглөөний паян

- Миний охин нохойтой гутлаа өмсчих, гадаа сэрүүхэн байх шиг байна.
- Нохойтой гутал хаанайгаан?
- Тэр үүдэнд байнашдээ, ягаан...
- Энэ чинь заантай...
- Өө тийм үү, нээрээ заан юм байнашд. Миний охин заантай гутлаа өмсчих...
- Гүүүү би нохойтой гутал өмсөнө. Надаа нохойтой гутал өг.... гээд уурлачихдаг юм даа хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Анхны бороо

Анхны бороо, сэнгэнэсэн агаар, тааламжтай үнэр... Ёстой гоё өглөө байна. Өглөө охин сэрэхгүй болохоор нь "бороо орж байна" гээд хэлчихсэн чинь "би би би би хаяы" (би харъя) гээд огло үсрээд босоод ирсэн. Цонхоор харсанаа "хая гутаа өмсөө явы тэмээ" (хар гутлаа өмсөөд явъя) гэнэ кк. Хар усны гутал байдаг юм, тэгээд бороо орсон болохоор усны гутлаа өмсөнө гэж бодож л дээ. 
Урд шөнө твиттерт нэг буриад бүсгүй Улаан-Үдэд бороо ороод гоё байна гээд л бичээд байсан. Өнөөдөр УБ-т орох байх гэж бодсон чинь яг л орлоо шүү. Өглөө автобусанд орсон чинь "Айзам-2" хамтлагийн "Анхны бороо" гэдэг дуу яваад... Нээх гоё санагдсаан. ФМ-үүд сэтгэл нь хөдлөөд бороо гэдэг үг орсон бараг бүх дууг явуулж байх шиг байналээ кк.
Өчигдөр охин бас нэг хэрэг мандаагаад... Орой авах гээд орсон чинь нэг цагаан сандаал өмсчихсөн зогсож байна. Цоо шинэ, бас гялалзсан чимэг, зүүлттэй ганган сандаал байнаа. Тэгсэн багш нь бүр инээд нь хүрчихсэн:
- Өдөр энэ охины сандаалыг булааж авч өмсчихөөд ер тайлахгүй байгаа юм, би бүр аргаа барчихлаа гэчихсэн нэг хөл нүцгэн охин руу зааж байна.
Нөгөө охин нь ч ямар амгалан юм, хөл нүцгэн тоглоод сууж байгаа юм чинь хаха. Охин тапочкаа голоод ангийнхаа нэг буланд аваачаад тавьчихсан байгаа юм даа. Тэгээд хүүхдийн юм булааж авч өмсөөд, мангар дээрэлхүү аан...
Хувцсыг нь солиод нөгөө охины сандаалыг өмсгөсөн чинь надад уурлаад баахан уйлав. Буцаагаад өгчихөөр уур нь хүрч байгаа юм байлгүй. Яахаараа, хэнийгээ дуурайхаараа ийм атаман болчихдог байнаа ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Айдаст автуулсан хэдэн хором

Өчигдөр ёстой айснаасаа болоод яг галзуурах шахав. Ёоох, одоо эргээд бодохоос бүр хамаг биений хүйтэн хөлс чийхраад байна. Аймаар...
Охин ойрд хөлд нь хий орчихсон юм шиг сав л хийвэл хар хурдаараа гүйгээд байдаг болчихсон юм. Үнэн ядаргаатай, цэцэрлэгээс нь авах гээд очихоор гүйж гарч ирэнгүүтээ коридороор гүйгээд тоглож өгнө. Чилээд байдаг юмуу хаашаа юм. Арай гэж хувцсыг нь өмсүүлж байгаа юм чинь... Өчигдөр бас баахан наашаа цаашаа гүйж намайг чангалж байгаад хувцсаа өмссөн. 
Ажил дээр ирэнгүүтээ "би би би өөеөө" гээд л шатны өөд, уруу бас өөрөө гарч, буух гэж үзчихнэ. Намайг компьютераа унтраагаад гарч ирэх хооронд гялс түрүүлж гарч гүйгээд шатны уруу өөрөө бууж байгаад харуул ахыг цочоож, цус харвуулах шахав кк. Манай шат тахиралдсан болохоор доошоо буухад нээх эвгүй толгой эргэмээр жоохон эвгүй л дээ. Тэрийг мэдэх болохоор харуул ах охиныг ойччих вий гэсэндээ айгаад тэгж дуу алдсан байх. "Хүүе ээ, ойчно, зогс чи..." гээд л чанга дуугарсан чинь охин бас цочоод дороо зогсов кк. Тэр дуунаар би гүйж ирж хөтөлж буулгавшд. "Ёоо ганцаараа шатаар бууж байгааг нь гэнэт харсан чинь зүрх рүү ёг гээд явчихлаа" гэж үү, нээх хөөрхөн кк.
Гадаа гоё байвал бид хоёр сайхан алхдаг юм. Өчигдөр бас дулаахан байсан болохоор алхаад явж байсан чинь талбайн хажууд ирэнгүүтээ "ээжээ табаа явий" гээд л шууд талбай руу гүйчихдэг байгаа. Гүйцэгдэхгүй алга болж байгаа юм чинь. Зогсолтгүй гүйгээд, хааяа нэг над руу эргэж харж инээчихээд л гүйсээр байгаад Чингисийн хөшөөний шатаар өгсөөд гараад явчихаж байгаа юм даа. Тэгж байж нэг санаа нь амраад буцаж бууж ирэхээр нь бушуухан тэврээд авсан. Төвөг зүгээр...
Гэрийн хажууханд байдаг Хадгаламж банкаар оров. Намайг гүйлгээ хийлгэх гээд зогсож байхад сандал дээр авирч босож зогсоод л, эсвэл бүр сандал дээр хэвтээд л янз бүр болоод байхаар нь "томоотой суу, ойчно" гэж хэлчихээд теллер лүү харж гүйлгээ хийлгэчихээд эргээд харсан чинь охин байхгүй... Заалаар тойруулаад харсан харагддаггүй. Үүдэнд сууж байсан харуулаас:
- Сая энд байсан жоохон охин яасан бэ?
- Мэдэхгүй, юун охин??? гэж мэдрэлтдэг юм даа.
- Сая энд ягаан курткатай жоохон охин байсан чи хараагүй юм уу?
- Үгүй, анзаараагүй...
- Мал юм уу чи, юугаа харж суудаг юм... гээд л би өөрийн эрхгүй хашгираад гараад гүйсэн чинь гадаа байхгүй.
Ойр хавьд огт байхгүй. Үүдэнд зогсож байсан хүмүүсээс асуусан чинь бүгд хараагүй, анзаараагүй. Ёоо ёстой газар цөмөрч, галав юулэхээс илүү аймшигтай болов. Гадаа зогсож байсан хүмүүс анзаараагүйн бол дотор байгаа юм болов уу гээд эргэж гүйж ороод харсан огт байхгүй. Харуул залуу руу шууд хашгираад, загнаад:
- Хурдан камераа шүүгээчээ новшоо, үхсэндээ хөдөлж ядаад байгаа юм. Миний хүүхэд алга болчлоошд. Жоохон хүүхэд харах хүнгүй гарч явахад анзаарахгүй юм бол чи энд юугаа хийж зогсдог юм... гээд л чаралчихсөөн.
Өөрийн ухаангүй шахам болж байгаа юм чинь. Юун өөрийгөө хянах, тэрүүхэн хооронд хорвоогийн бүх аймшигт бодол толгойд орж ирээд, зүрх хаагдахад бараг ганцхан хором дутуу болж байгаа юм чинь.
- Одоохон камер шүүх гэж л байнашдээ, камер шүүдэг хүн яг одоо алга гэнээ харуул залуу. Жоохон хүүхэд алга болчихлоо гэхэд цочирдож байгаа ч юм алга. Ёстой малнууд...
Нэгэнт дотор байхгүй юм чинь энэ камераа шүүж байг гэж бодоод буцаад гараад... Банкны үүдэнд зогсож байсан нэг ах "Хүн амьтан аваад явчихсан юм биш биз дээ? Бушуухан автобусны буудал руу гүй" гэж айлгаад... Яг автобусны буудал руу гүйх гэж байсан нэг хэдэн эгч нар "Сая энүүгээр нэг ягаан курткатай жоохоон хүүхэд гүйсэн, ийшээ гүйгээд явчихсан..." гээд гэрийн тийшээ зааж байна. Заасан зүг рүү нь хар хурдаараа гүйгээд 2 байшин тойроод байрныхаа гадаа ирсэн чинь харагддаггүй... Хүнсний захаас гарч ирж байгаа баахан хүмүүс л харагдсан.
Айсандаа яг зүрх хаагдаж үхдэгийн даваан дээр.... Ёооооох, орцны үүдэнд инээгээд зогсож байвал яах уу? Харангуутаа ёстой хамаг айдас сад тавиад хамаг чадлаараа өөрийн эрхгүй орилдог юм байналээшд кк. "Яагаад ганцаараа явж байгаа юм бэ чи" гээд  тэр хавийн байшингуудыг цуурайтаж, доргитол нь хашгираад охиноо загнаад нэг сайн гөвөөд авлаашд. Нөгөөх нь гайхаад, цочоод, уйлаад... Тэр чигт нь чирээд л гэр лүүгээ ороод хамаг айдас, уураа гаргаад ёстой зад загнасан. Хашгираад загнахаар гайхаад чив чимээгүй суучихаж байнаа бас. Ямар хэрэг тарьсанаа ойлгохчгүй байгаа юм чинь.
Тэгж нэг хүүхдээ алга болгох ямар аймшигтай байдгийг бие, сэтгэл, зүрхээрээ мэдэрч нэгэн оройг аймшигт адал явдлаар дүүрэн өнгөрөөвшд. Оройжин бодогдоод бүр тайвширч чадахгүй байгаа юм чинь. Одоо хаширсан, тас зуураад л яваад байхгүй бол ид хөдөлгөөнтэй үедээ ёстой осолтой юм байна.
Овоо тайвшраад хоолоо хийчихээд, зурагт үзэхээр диван дээр тухалж авсан. Охин аль хэдийн надад загнуулсанаа мартчихсан, дуулдаг номоо чарлуулаад диван дээр тухлаад сууж байсан юм. Тэгэхээр нь:
- Ээждээ удирдлага аваад өг дөө гэсэн чинь
- Эээжэээээ, би завгүйэйншдэээ... гэж үү хахаха. Ёстой сайхан хэнэггүй сууж байгаа юмаа харин ч нэг...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дууууууунд дуртай болжээ...

Өнөөдрөөс л овоо зуны уур амьсгалыг мэдэрч эхэлж байна. Гадаа ч ёстой гоё байна даа.  Нээрээ майн баяр юм чинь аргагүй ч юмуу кк. Бушуухан тараад охиноо аваад гэр хүртлээ алхах минь...Ийм сайхан өдөр хажууд шулганах охиноо дагуулаад алхах шиг сайхан юм энэ хорвоо дэлхий дээр алга даа гэхгүй юу ккк.
Уржигдар амраад... Өдөр нь охинтой гэрийн ойр хавиар жоохон явсан юм. Тэгсэн маргааш өглөө нь цэцэрлэг рүүгээ явж байхдаа "энүүгээе явсан тэмээ" гээд л заагаад яриад байсан. Явсан газруудаа юун ч сайн тогтоодог юм. 
Тэр битгий хэл жилийн өмнө л Интерном руу дагуулж орж байсан,  тэгсэн уржигдар оронгуутаа алга болчихсон. Гайхаад хайгаад байсан чинь шууд чигээрээ гүйгээд хүүхдийн номын тасагт нь орчихсон явж байдаг байгаа. Хүүхдийн номнууд тэнд байдаг гэдгийг мартаагүй байнашд. Өнгөрсөн бүтэн сайнд бас Мир номын дэлгүүрт ороод худалдагчаас нь ярьдаг цагаан толгойд нь ямар батарей авах уу гэж асуухын хооронд л сүнгэнэтэл хэдэн үнэтэй ном шүүрч аваад тэргэнцэр дээр тавих гээд үзэж байналээ. Тоолдог хэд нь хэмжээтэй гэдгийг яаж ч хэлээд ойлгохгүй байгаа юм чинь. Ядаж байхад тэр авсан номнууд нь дандаа л 50000-с дээш үнэтэй ярьдаг, дуулдаг номнууд кк. Арай гэж аргалж байж нэг хямдхан гэрэлтүүлж зураг зурдаг прожектор авлаашд. Тэр хүүхдийн дураар ном авах чадал одоохондоо алга.
Зээлээ төлөөд эхэлсэн болохоор одоо тооцоотой амьдрахгүй бол болохгүй. Тооцоотой байна гээд хичээгээд байхад л охин намайг бас дийлэх юмаа. Интерномд орчихоод гарч өгөхгүй "чи надаа энийг авч өг зааву" (за юу гэхийг зааву гэдгийн хаха) гэж гүрийсээр байгаад My Discovery House гээд бас нэг чарласан байшин авахуулчихсөөн. Нэлээн хэдэн дуулдаг, ярьдаг ном, компьютер, тоглоомтой болж байна.
Ярьдаг цагаан толгойныхоо дууг тавьчаад дагаж дуулаад байнаа нээх хөөрхөн. Англи цагаан толгойг сонсголоороо зүглүүлээд л дуулж өгч байна. Эй би си би ий би би эйж ай жэй бэ ий би би .... гээд л хахаха. 
Дуулдаг номныхоо хөгжмийг хаа хамаагүй дараад л дуулаад байхыг нь сонссон чинь бас овоо хэдэн дуу мэддэг болчихжээ. Одоохондоо ч тас солгой хоолойтой... Ямар ч байсан дуунд  их дуртай, бас дагаж дуулаад байх нь хөөрхөн юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Генийн тухай ойлголт

 
Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромосомыг энэ тэнцүүгээр хүүхэд хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.

Өчүүхэн жишээ хэлэхэд таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:

  • 1. Яс, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
  • 2. Ах дүү, төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх
  • 3. Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)

Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн тодор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл чийрэг чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.
http://www.urgiinbichig.mn/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гэрлэлтийн гэрээ хийчихлээ

гэвэл яах уу ккк. Твиттер дээрээс нэг ийм зураг үзээд:

Хөөрхөн байгаа биз дээ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Dancing Queen

Өчигдөр охиноо цэцэрлэгээс нь авах гээд орсон чинь намайг харах ч сөхөөгүй бүжиглэж өгч байнаа. Үнэн инээдтэй. Багш нь өөрийнхөө сонсох дуртай дуунуудыг тавьсан бололтой. Ангид нь 80-д оны диско аянууд хангинаж өгч байна. ABBA, Boney M, Fancy, Ricchi e Poveri, Sandra гэх мэт... 
Хүүхдүүд тараад цөөхөн хэдэн хүүхэд үлдчихсэн, зарим нь ширээнийхээ ард суучихсан, ганц нэг нь тоглоомоор тоглоод газар суучихаж. Харин манай охин нэг охинтой хамт голд нь сарвайтал бүжиглэж өгч байдаг байгаа кк.
Цоглог хэмнэлтэй хөгжим сонсоод сэтгэл нь их хөөрсөн бололтой, яаж бүжиглэж байгаагаа ч мэдэх ухаан алга. Платьеныхаа хормойг дэрвийлгэж дороо эргэлдэж байна, үсэрч байна, тэгснээ газар өнхрөөд дээшээ харж хэвтээд дугуй унаж байгаа юм шиг хөлөө сарвалзуулж ч байх шиг хаха. Бүр ухаан алгаа.
Багш нь чанга дуудаж байж нэг юм намайг хараад гүйж ирэвшд кк. Нөгөө охины ээж бас надтай зэрэгцэж орж ирээд 2 бүжигчин охиныг авч, ангид болж байсан диског өндөрлүүлэв.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Playing love

Гадаа нээх гоё хөвсийсөн цастай, дулаахан, ёстой гоё өглөө байнаа. Хэдэн жилийн өмнө Алматад нэг очиж үзэхэд яг ийм цастай, дулаахан, атаархмаар гоё уур амьсгалтай байж билээ. Өнөө өглөө гараад явж байхдаа Алматад очиж байснаа эргэж саналаашд. 
Охин өчигдөр орой усанд оруулах гэж байтал 20 цагийн үед унтчихсан. Тэгэхээр нь сэрээгээгүй тэр чигт нь унтуулаад, далимд нь ганц орой эрт унтая гэж бодоод 22 цагийн үед орондоо ороод л нам... Нээх гоё унтаж байсан чинь дуу хангинаад л байсан. Тэгсэн утас дуугарч байсныг ч ойлгохгүй мансуураад унтаж байналээшд. Дахиад л дуугараад байхаар нь арай гэж сэрээд утсаа авсан чинь охины аав... Ганц өдөр эрт унтаж сайхан амрах төлөвлөгөөг минь ингээд л нураачихаж байгаа байхгүй юу. Хэд дахин залгаваа, зүгээр. Нойрмоглоод юу ярьснаа ч санахгүй байнашд. Би очлоо шүү гээд байх шиг байсан. Би маргааш ажилтай унтаж амармаар байнашд гэхээр би маргааш ажилгүй юм чинь ч гэж байх шиг, сайхан гар шүү бас. Охинд хоол хийж өгсөн үү, чи ер нь хүүхдэд хоол хийж өгдөг үү, чи хүүхэд өлсгөөд байдаг юм биш биз дээ ч гэлүү нэг тиймэрхүү юм яриад загнаад байсныг бүүр түүрхэн санаж байна. Яагаад тийм юм яриад байсан юм болоо? Урьд өдөр нь ирчихээд өглөө намайг гараад талх, сүү аваад ороод  ирэх хооронд гэртээ харьж унтлаа гээд босоод явчихсан юм. Нээх тэнэг. Тэгээд намайг ямар хоол хийсэн бол гэж шалгаж байгаа царай нь юм байлгүй кк. Дуртай юм бол өөрөө ирээд охиндоо хоол хийж өгөх хэрэгтэйшд. Би тэрэн шиг хоол хийж чадах биш. За тэр ч яахав хайран сайхан нойрыг минь яйрин болгосонд нь л харамсаад байх юм кк. Нэг ч сэрэхгүй нам унтсан бол сайхан байхгүй юу. 
Хагас сайнд нээрээ Морин хуурын чуулгын концерт үзээд... Playing love 3 гээд. Гоё байлаа. Гоё хөгжим сонсож, эрч хүч авсан. Амьд тоглолт үзэхээр шал өөр байдаг юмаа. Нэг л тийм энергичный, их гоё мэдрэмж, таашаал өгдөг. Хөгжим, зурагтнаас бүр шал өөр байдаг юм. Зурагт радиогоор гоё хөгжим сонсоод уярдаг л даа. Гэхдээ яг хөгжимчид нь тоглож байхад хажууд нь байгаад сонсохоор бүр тэрнээс илүү их сэтгэл хөдөлж, огшиж уярдаг юм. Тэгэхээр яалтчгүй амьд хөгжмийн энерги гэж нэг юм байгаад байгаа юм даа. Магадгүй тоглож байгаа хүмүүсийн сэтгэл, хөгжмийн аялгуу хэмнэл, долгионтой нийлээд илүү их эрч хүч, энерги үүсгэдэг байхаа. Би болж л өгвөл амьд хөгжмийн концерт үзэх дуртай болчихоод байгаа. Болж өгвөл сардаа нэг удаа ийм тоглолт үзчихээд байвал стрессд бага өртөх магадлалтай гэж дүгнээд байгаашд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зураг амилдаг уу?

Маша баавгай гар утсаар үзээд орой унтаж өгөхгүй, өглөө босож өгөхгүй ёстой ядаргаа болж байнаа. Өчигдөр орой утсаа цэнэглэж байна гээд орны хөлний тэнд байдаг залгуурт утсаа залгачихаад унтуулах санаатай байсан чинь шууд дэрээ орны хөлд аваачиж тавингуутаа утас бариад хэвтчихдэг байнашд. Боль гэхээр ёстой яагаад ч дийлдэхгүй байнаа. Өөрийнхөө хийнэ гэсэн юмыг заавал хийж байж сална. 
Одоо сүүлийн үед хувцас голоод балалж байна. Заавал дэрэвгэр хормойтой платье өмсөнө. Ангийнх нь охидууд бүгд тэгж байна. Дөнгөж 3 настай байж гангалахаа мэдээд байнашд. Гэрт бол байнга гоёлын платьетай байдаг болсон кк. Энгэр лүүгээ сүү тарагаа асгаж халтайчихаад л нэг л ганган платьетай охин л гүйгээд байна. Тапочки өмсөхгүй ботинк туфль өмсөнө гэж уурлаж байна. Энэ зун ч урьдных шигээ хамаагүй хувцас өмсгөөд аваад гарч болохоо болих бололтой кк. 
Өчигдөр сэтгүүл дээр гарах зургийг нь багш нь өгөөд... Нээх хөөрхөн гарсан байналээ. Орой гэрт очоод зургийг нь харж байснаа би: "Миний охины уруул нь яг аавынх нь, хамар нь харин ээжийнх нь юм шиг байнаа" гэсэн чинь "Үгүй энэ миний хамая, миний уюул за юу.  Энэ аавых биш. Ээжийн хамая энэйн" гэж уурлаад миний хамар луу заасаншд хахаха.
Гэснээс... Одоогоос 4 жилийн өмнө манай дүү хаалга онгойлгох гэж хүчтэй түлхээд унтлагын өрөөний хаалганы шилийг цуулчихсан юм. Тэгээд тэрнийгээ далдлах гээд сэтгүүл дээрээс нээх муухай будмал эмэгтэйн зураг аваад наачихсан байсан юм. Би тэрнийг харж цочоод, уурлаад кк... Тэгсэн "энэ болох уу?" гэснээ нөгөө урсан сэтгүүл дээрээсээ нэг хөөрхөн бяцхан балеринагийн зураг үзүүлэв. Тэр хөөрхөн охины зураг надад таалагдаад хаалган дээр наачихсан байсан юм.
Сүүлд охинтой болсон хойно нээх сонин, яагаад ч юм  тэр зураг надад охин дуудсан юм шиг санагдаад би найзууддаа ярьдаг байлаа. Зүгээр л надад тэгж санагдаад байдаг болохоор л дэмий юм ярьж байхгүй юу... Гэтэл өчигдөр охиныхоо зургийг хараад сууж байснаа би гэнэт аймаар гайхсаан. Миний охины зураг авахуулахдаа өмссөн хувцас нь, зогсож байгаа байдал нь яг тэр охин. Надад тэр зураг амилаад миний охин болчихсон юм шиг санагдсан. Магадгүй тэр зураг охиныг минь дуудсан гэдэг далд зөн совин үнэн байх магадлалтай ч юм шиг санагдсан шүү.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цирк үзэв

Олон улсын цирк ирсэн гэхээр нь охиндоо үзүүлье гэж бодоод ажил дээрээ яриад сууж байсан  юм. "Билет нь олдохгүй байгаа, шагаар 50000 хүрч байгаа гэнэ" гэсэн яриа бид хэдийн дунд өрнөөд сууж байсан чинь нөгөө өрөөнөөс манай нэг ажилтан орж ирээд "Манай дүү циркт ажилладаг, би аваад өгье" гээд... Тэгээд л ОК. Охины ажил ингээд л өөрөө бүтээд байдаг байхгүй юу. Хагас сайн өдрийн билет захиж авахуулаад...
Суудалгүй билет болохоор эрт очихгүй бол суудал олдохгүй шүү гэж хүмүүс захиад байхаар нь цагийн өмнө очлоо. Тэгсэн чинь 7 цагт эхлэх ёстой байхад 6 цагт цирк пиг дүүрэн болчихсон байгаа юм чинь... Манайхан нээрээ циркээр ёстой ангаж, цангачихсан байгаа юм байналэ. Аргагүйшд сүүлийн хэдэн жил цирк гэдэг юмыг бараг мартах шахаад байхад. 
Охин гэрээсээ гараад л унтчихсан. Цирк дээр оччихоод унтаад л байсан. Яанаа сэрээд уурлаад, уйлахвий гэж санаа зовоод сууж байсан чинь яг цирк эхлэнгүүт цочоод сэрсэнээ гайхаад... Ангайгаад томоотой суучихсан кк. Хамгийн эхэнд манай дээс тоглодог залуус гарч ирээд... Ямар ч хөдөлгөөнгүй сууж байгаад үзсэншд.
Цирк дотор циркийн нэмэгдэлтэй шаар, тоглоом зараад, тэрнээс нь бас авахгүй бол болохгүй байлаа. Зүгээр л нэг нарийхан урт шаар 1500 төгрөг, зурагтай бөмбөлөг 5000, гэрэлтдэг дохиур 2500 төгрөг гээд хажуугаар намайг шатаах юмнууд зөндөө явж байгаа юм чинь. За тэр ч яахав. 
Цирк үнэхээр гайхалтай байлаа. Охин гайхаж, миний сэтгэл хөдөлж... Бага насны дурсамж сэргээд, сэдрээд үргэлжлүүлээд Лениний музей, тэгээд дараа нь Ялалт кинотеатр ормоор санагдавшд кккк.
"Ойла цик үзцэн тэмээ? Алиачич шааяаа хагацан тэмээ" (2-лаа цирк үзсэн тиймээ? Алиалагч шаараа хагалчихсан тиймээ) гээд л яриад байгаа. Өнөө өглөө хүртэл босоод л тэгж ярьж байналээ. Цирк их л гоё сэтгэгдэл үлдээсэн бололтой.
Өчигдөр гадаа муухай болохоор нь гэрээсээ гарахгүй гэж бодоод сууж байсан чинь багш нь залгаад... Ангийнхаа хэдэн охины зургийг сэтгүүлийн нүүрэн дээр гаргана гэнээ. Хөлдөж үхэх шахан хүүхдээ тэврээд зургийн студи руу явлаа. Бөөн юм болж байж зургаа авахуулсан. Нэг жижигхэн охин зургаа авахуулахгүй гэж уйлаад... Гэхдээ ёстой хөөрхөн зураг авахуулсан. Одоо сэтгүүл дээр яаж гарахыг нь л харах үлдлээ.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гэр дэлбэлэгчид

Дүүгийн охин ирчихсэн чинь гэр байнга дэлбэрээстэй болчихлоо. Ёстой дэлбэлж өгөх юмаа. Манай охин арай ч тэгж талаар нэг хамаг юмаа тараадаггүй дээ. Ядаргаатай санагдаж байнашд сүүлдээ. Өөрийн эрхгүй ааш хөдлөөд байгаа юм чинь. Ядаж байхад би чинь их "сайхан ааштай" хүн шүү дээ кк. 
Хоёр жоохон хүүхэд нэг гэрт байх ч бас асуудалтай юм байна шүү. Харсан юмаа булаацалдаад л уйлалдчихна. Охины минь компьютер, дуулдаг ном зэргийг нь булаацалдаад сүйд болж байна.
Гэхдээ хамт тоглохоороо бас их хөөрхөөн. Дүүгийн охин хөгжимчин, бүжигчний хүүхэд гэсэндээ хөгжим сонсвуу үгүй юу толгойгоо дохиод л бөнжигнөөд л бүжиглээд эхэлнээ, ёстой хөөрхөн. Хөгжим сонссон бол тэгээд л өнгөрөө. Ойр орчинд нь юу болох хамаагүй бүжиглээд л бүжиглээд л... Манай охин бас дутахгүй бүжиглэж байнаа. 
Өчигдөр орой Dream TV-р Бонго ч билүү хүүхэлдэйгээ үзээд дагаад дуулж бүжиглээд сүйд боллоо манай хоёр. Платьеныхаа хормойг бариад л бүжиглэж өгч байнаа. Тэгснээ эргэлдээд л хормойгоо дэрвэхийг харж баясаад... Охидууд тэгээд платье өмсөхөөрөө цэцэг шиг, дуулаад бүжиглэхээрээ цэцэг дэлгэрч байгаа юм шиг болчих юмаа ккк. 
Гэснээс нээрээ хэд хоногийн өмнө охин Маша, баавгайгийн "Хит сезона" гэдэг ангийг нь гар утаснаас үзээд л байсан юм. Дууг нь аймаар чангалчихсан... Нэг харсан чинь яг рокер шиг толгойгоо савчуулаад бүжиглээд өгч байдаг байгаа. Яг Машагийн дарж байгаа гитарын аянд тааруулаад хахаха. Аймаар инээд хүрээд би түсхийтэл инээчихсэн чинь больчихсон ичээд... Үнэн хөгжилтэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шинэхэн цас, шинэ хүн

Өчигдөр орой хамт ажиллаж байсан нэг бүсгүй тоглолт үзье гэж уриад...  Нэг зээлдэгч нь урилга өгсөн юм гэнээ. Сити дээд сургуулийн оюутнуудын тавьсан рок мюзикл. JesusChrist superstar гэдэг нэрийг нь харчаад жоохон голонгуй үзсэн чинь бас яахав ээ дажгүй л юм билээ. Дуунууд нь ямар ч гоё юм. 
Тоглолт үзээд гарч ирсэн чинь нээх гоё цас орж байхаар нь гэр хүртлээ буу халаад алхлаа. Өглөө цастай, дулаахан ёстой гоё байлаа. Өнөөдөр даарахгүй, бие жихүүцэхгүй аятайхан байх чинь.
Гэснээс өчигдөр орой гэнэт нэг багын найз руугаа яримаар санагдаад... Яриагүй нэлээн удсан юмаа. Тэгсэн өнөө гайхал чинь өөдөөс "Би дөнгөж төрчихөөд байж байна" гэж авдаг юм даа. "Юу вэ, тоглоод байгаа юм уу?" гэсэн чинь "Тоглоогүй ээ, охинтой болчихлоо. Өнөөдөр төрөөд одоо эмнэлэгт байна" гэнэ. Би бараг л шоконд орлоошд кк. Жирэмсэн гэдгээ ч хэлээгүй байсан болохоор аргагүйшдээ. Ёстой сайхан хэнэггүй гар хаха. "Бас дахиад л охин юмуу?" гэж хэлэнгүүтээ гэнэт санаа зовлоо. Хүүхдийн заяа гомдох байгаа даа, бурхан минь. 
Тэгснээ бас нэг багын найз руугаа бушуухан залгаад кк... Сонирхолтой мэдээ дуулгах гээд яарч байгаа юм чинь хаха. 
- Хүүе ээ, чи нэг сонин мэдээ сонссон уу?
- Ямар?
- Ойрд Баагийтай ярьсан уу?
- Аан. Саяхан ярьсан чинь декретээ авна ч гэх шиг сонин юм яриад, би гайхаад...
- Төрчихсөн байна гэнээ
- Хүүе ээ тийм үү? 
- Үнэн юм байна тээ, би сайн итгэж өгөхгүй л байна. 
- Харин тиймээ, би бас декрет гэхээр нь гайхаад. Тэгээд төрсөн нь үнэн юм уу? Ийм хурдан уу?
- Охинтой боллоо гэнээ
- Бас дахиад охин уу? гээд манай нөгөө найз голохнээ шууд хүний хүүхдийг кк. 
- За боль боль, битгий тэгж хэл, би бас тэгээд хэлчихлээ балай юм шиг.
- Харин тиймээ
Нэг иймэрхүү яриа бид 2-н дунд болоод... Хөөрхий шинээр хорвоод мэндэлсэн хүний үрийн хүйсийг голж тэнэгтдэг гэж байнашд. Дандаа хүүтэй байснаас дандаа охинтой байсан нь хамаагүй дээр л дээ. Яахав манай хүний санаа нэг хүүтэй болох л санаатай байсан байх. Охидууд томроод ирэхээрээ халамжтай юм чинь яадаг юм дандаа охинтой болоход кк. Шинэхэн цастай хамт ирж байгаа шинэ хүн гэртээ аз жаргал, сайн сайхан бүхнийг авчирнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сахилгагүй охид

Даараад байгаа юм уу, халуураад байгаа юм уу? Мэдэхгүй ээ, хамаг бие арзайгаад, жихүүцээд нэг л биш... Ажлаа хийж чадахгүй, бээвийгээд сууж байна би кк. Манай өрөө угаасаа өглөөгүүр сэрүүхэн байдаг юм. Өнөөдөр гадаа бүрхэг бүр ч онцгүй байнаа. 
Хэд хоногийн өмнө охин намайг халууруулж тоглоод байсан, тэр нь биелэх гээд байгаа юм биш дээ? За за муу ёр. Түй түй түй...
"Ээжээ халууяадын" (ээж халуураад байна) гээд халууны шил бариад л над руу гүйгээд ирнэ. 
- Хөөе тайван байгаарай, би халуураагүй зүгээр байна шүү гэхээр:
- Гүү, чи халуучийн (үгүй чи халуурч байна) гээд л халууны шилээ миний суга руу шургуулчихаад нүд нь гэрэлтээд л нүүрэнд нь дүүрэн инээмсэглэл тодроод бөөн баяр баясгалан намайг хараад халууны шилний сигнал дуугарахыг хүлээгээд суучихаж байгаа юм чинь хаха.
Хэд дахин миний халууныг хэмжив. 
Өнгөрсөн амралтын өдрөөр дүү охинтойгоо ирсэн юм. Ой 7 сартай охин... Тэгсэн манай 2 нийлэнгүүтээ гэрийг минь нураах шахдаг байнашд. Ганц ганцаараа байхдаа гайгүй байдаг хүүхдүүд чинь нийлэхээрээ онгироод бүр аймаар сахилгагүйтдэг юм байна. Обой, орны толгой, хөргөгч гээд зургийн харандаа гарч болох юу л байна бүгдээрэн дээр нь өнгийн харандаагаар сараачиж өгсөн. Ёстой балай. Араас нь мөшгиж явж арчиж байснаа сүүлдээ залхуу хүрээд орхисон. 
Өчигдөр цэцэрлэгээсээ ирээд дүүгийнхээ сараачсаныг олж харчихаад "энд бас баба болчиж" гээд л алчуур бариад арчиж яваа харагдсан. Арчих ч гэж дээ кк. Алчуураар дээгүүр нь хөнгөхөн илээд л явж байгаа юм чинь. Хамт байхдаа нийлж сараачаад байсан байж, ганцаараа болонгуутаа нээх худлаа номын царайлж гэнэ. 
Орой унтаж өгөхгүй, өглөө босож өгөхгүй, ойрд бид 2-н асуудал маш хурцадмал байдалтай байгаа хахаха. Унтах болохоор л "номоо унший" гээд ном бариад хэвтчихнэ. Тэгснээ "чи надаа үлэг яжь өг" (чи надад үлгэр ярьж өг) гээд шалаад хэвтчихнэ. Тэгээд би нөгөө номыг нь уншиж өгнө. Толгой дохиод л дуулгавартай нь аргагүй сонсож байгаад нэг юм унтах юм. Нэг нь үлгэр ярьсан болж, нөгөө нь сонссон болж байтал цаг их оройтчих юм. Тэгээд өглөө нэг нь босгох гэж, нөгөө нь босох гэж бөөн хэрүүл болж байгаа юм чинь кк. Эрт унтуулж, эрт босгож л хэвшүүлмээр байх юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS