Сая Их дэлгүүрт явж байгаад хүүхдийн баяр болох гэж байгааг анзааравшд. Тэгээд урьд нь нэг хүүхэд насныхаа талаар бичиж байснаа санаад сая гаргаж ирээд уншсан чинь гоё санагдчихлаа. Үүнийг бичсэнээс хойш хэдхэн хоногийн дараа хүнсний 50-р дэлгүүрээс охиныхоо ааваар туулайн бөөр гэдэг самраа авахуулж идэж байлаа ккк...
2009 оны 6 сарын 2-нд ийнхүү бичиж байжээ:
Хүүхдийн баяр болоод өнгөрсөн чинь хүүхэд насаа
санагалзаад, гэгэлзээд сууж байна. Өнгөрсөн өдрүүдэд Россия сувгийг л үзэж
өнжлөө. Хүүхдийн баяр болоод дандаа хүүхдийн баярын концерт гараад ёстой гоё
байлаа. Багадаа сонсдог байсан, дуулдаг байсан дуунуудаа сонсоод бүүр сэтгэл
хөдөлчихлөө. Субботный вечер программаар Ю.Энтин, Е.Крылатов хоёр гарсан чинь
аягүй хөгшин болчихсон байна лээ. “Бидний зохиосон “Крылатые качели” гэдэг дуу
40 жил дуулагдаж байна, одоо миний ач хүртэл аялаад л явж байдаг” гэж ярьж
байсан. Тэгээд тэр дууг Ассорти хамтлагийн бүсгүйчүүд дуулаад... Үнэхээр их
сэтгэл хөдөлсөн. Хүүхэд нас минь оросуудтай, орос дуутай цаг үед өнгөрсөн
болохоор аргачгүй биз.
Цаг хугацааны машин гэж үнэхээр байдаг бол ганцхан өдөр
хүүхэд насандаа эргээд нэг очихсон. Миний хүүхэд нас өнгөрсөн зуунд,
социализмын үед өнгөрсөн болохоор одоо үетэй харьцуулахад буурай хөгжилтэй л
байсан үе л дээ. Гэхдээ л жаргалтай гоё байсан. Хүүхэд насаа дурсаад бичээд суухаар ямар
жаргалтай болж байна гээч?
Жоохон байхдаа бороо орохоор л усны гутал, борооны цуваа
өмсөж гараад л бөөн баяр гүйдэг байж. Тэр үед өмсдөг байсан тод өнгийн борооны
цувны үнэр нь одоо ч үнэртэх шиг санагдаж байна. Тэгээд л “Бороо бороо ороорой,
оросын маамуу ирээрэй” гэдэг борооны сүлд дуугаа дуулаад л ус, шавхай туучаад л
гүйнэ шүү дээ. Тэгээд дуулаад гүйж байхад нь оросын маамуунууд хажууханд байж л
байна, эсвэл хажуугийн байрнаас, хажуугийн орцноос гарч ирж л байна. Дуудаад
байсан мөртлөө шаал тоохгүйшд. Зүгээр л бороо орохоор л тэгж дуулах ёстой гээд
бодчихсон байдаг юм шиг байгаан. Тэгээд бас болоогүй зарим нэг оросын маамууг
харахаараа “эй кампаан, ты дурак” гээд л мэддэг ганц үгээ хэлнэшдээ. Тэгэхээр
нөгөөдүүл нь мөчөөгөө өгөхгүй бас өөдөөс нэг юм хэлнэ, тэгэхээр нь л элдээд
хөөчихнөшд. Зодох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм бүү мэд. Гэхдээ бас
дандаа орос хүүхдүүдтэй муур хулгана болоод байдаггүй байлаа. Хааяа нэг сайхан
ааштай байхдаа “иди сюда, играем” гээд л дууддаг байсан. Зарим нэг орос
хүүхдүүдэд хоч өгчихнөө. Аальгүй Марина, мангар Лена, оцон Ира, галзуу Оксана,
бүдүүн Нина, хөөрхөн Света гэх мэтчилэн. Аальгүй Марина гээд нэг шинэхэн нялх
ногоо шиг нов ногоон нүдтэй охин бид нартай тааралдахаараа л хэлээ гаргаад л
шоолоод зугатаадаг байлаа. Тэгэхээр нь бид нар араас нь элдээд л гүйчихнэ.
Гэхдээ тэр муу хог чинь ер баригддаггүй байсан юм. Мангар Лена гээд монгол
аавтай эрлийз охин байлаа. Тэгсэн мөртлөө монголоор огт ярьдаггүй, дандаа орос
хүүхдүүдтэй тоголдог байсан болохоор нь бид нар мангар гэдэг байсан юм. Оцон
Ира гээд нээх хөөрхөн дүрлэгэр нүдтэй охин манай байранд байдаг байлаа. Хөөрхий
Ира http://ulanbator.ru/ дээр “жаргалтай хүүхэд нас минь Монголд
өнгөрсөн, одоо ганц удаа ч болтугай жуулчнаар очих юмсан” гээд сэтгэгдлээ
биччихсэн байна лээ. Галзуу Оксана гээд сонин икс хөлтэй мөртлөө аймаар галзуу
охин байдаг байсан. Бүдүүн Нина бол тэнгэр шиг цэнхэр нүдтэй, нэг дөлгөөхөн
мариалаг охин байдаг байсан. Хөөрхөн Света болохоор 5 давхраас цаасан онгоц
хийгээд бид нар луу нисгэдэг, бид нар тэр онгоцнуудыг нь цуглуулаад гэрт нь
оруулж өгдөг, тэгэхээр нь ээж нь бид нарыг мармеладаар дайлдаг байсан юм.
Тэгээд л сайхан ааш хөдөлгөдөг болохоор хөөрхөн гээд нэр өгчихөж байгаа байхгүй
юу. Тэрнээс биш орос хүүхдүүдэд барагтай бол гоё хоч өгөхгүйшдээ. Светаг ээж нь
гэрээсээ гаргахгүй болохоор тэгж зугаацдаг байсан юм шиг байгаа юм. Бараг гадаа
гарч ирж тоголдоггүй сонин охин байсан юм.
Хааяа нэг аав ээж хишиг хүртээгээд арслантай нэг төгрөг
өгөхөөр бөөн баяр болно. Тэгээд хажуугийн байранд байдаг орос дэлгүүрийн үүдэнд
очоод тийшээ орох орос хүүхдүүдээр кисель худалдаж авахуулах гээд “Пожалуйста,
один кисель” гээд царай алдаад зогсчихдог байлаа. Киселэнд ямар ч дуртай байсан
юм бэ? Хөөрхий мөн ч өрөвдөлтэй цаг байж дээ. Нөгөө муу орос хүүхдүүд чинь
жинхэнэ үнэд орношдээ. Заримдаа аз таараад ганц нэг том хүмүүс өрөвддөг юм уу
кисель аваад өгдөг байлаа. Гэхдээ л муусайн оросууд бас зэвүүн байсан, ихэнхи
нь дээшээ хараад л том шонхор хамраа сөхөөд л дэлгүүр лүүгээ орчихдог байсан
юм. Хүн царайчилж, зовж зовж олсон киселээ хурдан дуусгахгүйн тулд хайрлан
хайрлан долоох ээ мөн ч сайхан байдаг байсан шүү. Яааа, яг одоо кисель идмээр
санагдчихлаа.
Тэр үед хүүхдийн баяраар аав ээжийн бэлгэнд авч өгдөг
байсан амттангуудаас одоо дурсвал Банкя гээд болгарын шоколадтай печенье ч юм
уу, печеньетэй шоколад ч юм уу, за нэг тийм юм, Тоотү гээд чехийн байхаа нэг
гоё шоколадтай вафли, бас чехийн нээх гоё амттай өнгө өнгийн модон чихрүүд (гэхдээ энэ модон чихрийг би удаан идэж үзээгүй, намайг сургуульд орох үед
бол аль хэдийн домог болчихсон байсан),
Кремлийн болон эсвэл янз бүрийн хөөрхөн хөөрхөн зурагтай оросын шоколаднууд,
пастель гэдэг билүү нэг тийм нэртэй матрёщкагийн зурагтай байхаа хайрцагтай
зефир, кг-аар зардаг нээх гоё амттай цагаан самар, туулайн бөөр ч билүү нүд ч
билүү тэгж нэрлэдэг том бондгор самар, хушга …. гээд л тоочоод байвал бас
зөндөө гоё амттангууд байсан юм байнаа. За тэгээд л хөөсөрч, шуугисан газтай
улаан ус, баавгайтай чихэр, улаан малгайт, каракум гээд зөөлөн чихэр, гусиные
лапки, снежок гэх мэтийн чөмөгтэй чихэр, төрөл бүрийн хатуу чихрүүд, бас бидний
мамбсаа гэж нэрлэдэг дугуй хайрцагтай шилэн чихэр, хар чавга,
хатаасан яавлаг, лийр гээд л амттангууд бол зөндөө. Би харин цагаан вафлид их
дургүй байсан юм байнаа. Одоо ч ялгаагүй дуртай биш. 60 мөнгөний печенийг шууд
хазаад иднэ гэж байхгүй, захаас нь тойруулаад л мэрж иддэг байлаа их сонин.
Тэгэхээр манай ах “заваараад л зүгээр, модон печенье мэрдэг мангар чинь” гээд л
хялалздаг байсансан. Бас 60 мөнгөний сүүтэй маруужин, 80 мөнгөний шоколадтай
маруужин хааяа нэг дэлгүүрт ирэхээр ёстой гялалзаж очоод л алалцдаг байлаа
хахахаха… Бараг л дайн болоод оволзоод дуусаж байгаа юм чинь. Ёстой гоё амттай
зайрмаг байсан даа. Оросууд бид нарыг өөрийнхөө дэлгүүрт оруулдаггүй байж, маруужин гарахаар
бид нартай зэрэгцээд л “где продают мороженое?” гээд уралдаад гүйчихдэг байсан.
Даварчихсан юмнууд чинь монгол дэлгүүрт болохоор чөлөөтэй орж ирж юм авдаг
байсан юм байнашд нээрээ.
Бохь
бол ёстой нүдний гэм байлаа. Манай байрны гадаадад сурдаг ах эгчтэй хүүхдүүд
зуны амралтаараа тэднийгээ ирэхээр нь бохь зажлаад л гайхуулдаг байлаашд.
Тэгэхээр нь бохиноос нь гуйгаад л царай алдаад л… Хааяа нэг аав ээж Орос явж
ирсэн хүн амьтан өгсөн юм байлгүй, бохь авчирч өгдөг байлаа. Тэгэхээр нь ёстой
бөөн баяр болно. Болж өгвөл бохио хурдан гашилгачихгүй удаан зажлахыг бодно.
Ёоо ямар ч ядарсан үе байсан юм бэ дээ?
Бид нарын байрны гадаа тоголдог байсан тоглоом гэвэл
дээс, резин, бөмбөг. Оросоор дээсдэнэ, монголоор дээсдэнэ, оросоор резиндэнэ,
монголоор резиндэнэ, оросоор бөмбөгдөнө, монголоор бөмбөгдөнө гээд л бүх л
тоглоомууд орос, монгол 2 дүрэмтэй байсан юм байнаа. Бас черта тоглоно.
Люксдэнэ гээд Люкс гэдэг гутлын тосны хайрцгаар нэг чертархуу тоглоом тоголдог
байлаа. Оросоор, монголоор дээсдэхээсээ гадна 8-ын тоо эргэнэ гээд л байрны бүх
эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд нийлээд л цувраад дээсддэг байлаа. Илжигдэнэ гээд
бөмбөг байрны хана руу шидэж байгаад л ойгоод ирэхээр нь бөмбөгөө биендээ
хүргэхгүй дээгүүр нь харайгаад гардаг. 5 удаа алдвал ИЛЖИГ болоод шийтгүүлж
тоголдог байсан. Лаптаадна гээд бейсболорхуу нэг тоглоом тоголдог байсан юм
байна. Энд бол бас л байрны бараг бүх хүүхдүүд хамрагдаад л тоголдог байлаа. Их
олуулаа тоголдог тоглоом байсан болохоор. Голдоо орно, бөмбөг булаацалдана,
алтан гинжийг таслана гээд л олуулаа тоголдог хичнээн ч тоглоом байсан юм бэ?
Ер нь их нийтэч болгодог тоглоомуудаар тоголдог байсан юм байнаа. Бас их эрүүл,
чийрэг болгодог тоглоомууд байсан юм байна шүү.
За тэгээд сагс, волейбол, хөлбөмбөг бол ойлгомжтой байрны
гадаа бэлэн зориулалтын талбай нь байгаа юм чинь. Бас теннисний ширээ гээд банз
өрж хийсэн ширээ байрны гадаа байдаг байлаа. Бороонд нороод нөгөө банзнууд нь
хорчийгоод, хонхойгоод, гөлгөр биш болчихно. Тэгээд бөмбөг нь яг тэр банзны
ирмэг дээр нь таараад шал өөр тийшээ үсрээд явчихаар “өө ирзваа таарчихлаа”
гэдэг байсан, хахаха. Юу гэсэн үг юм бүү мэд, бодвол орос үг л байсан байх.
Бас
байрны гадаахь савлуур дээр орос, монголгүй бүх хүүхдүүд оочерлодог байлаа.
Орос хүүхдүүд “качай, качай” гээд л хашгирдаг байсан болохоор бид нар бас тэр
үгийг нь монголчлоод “качаалдаарай” гээд л хашгирдаг байлаа. Савлуур дээр хамаг
чадлаараа жийж, хүчтэй савлахыг тэгж хэлж байгаа юм. Газар дэлхий булаацалдана
гээд тойрог зурчихаад, өөр өөрийн оноосон газраасаа хүний газар луу хуурай
шидэж байгаад, хуурай нь газар зоогдсон тоолонгоор нь газар нутгийг нь булааж
эзлээд л тоголдог байлаа. Өөр чинь тойрч зогсчихоод л “сий сий маа, сэгсгэр
үстэй даариймаа…”, “аа раам жим жим, аа раам жим жим…” гээд л сонин сонин юм
хэлээд л тоголдог байсан.
Сий сий маа
Сэгсгэр үстэй Даариймаа
Би цай ууж байна
Масло талх идэж байна
Муур сүү долоож байна
Нохой яс мэрж байна
Энэ тоглоомонд оролцсон хүн
Ямар нэгэн хөшөө бол....
гээд л ямар нэгэн дүр үзүүлээд хөшөө болоод зогсчихдог
байсан юм байнаа хахахахаха.... Одоо бодсон чинь ямар инээдтэй юм бэ? Ямар
утгагүй, замбараагүй үгнүүд вэ?
Бас нууц хийж байна гээд хаа хамаагүй газар хонхойлж нүх
ухаад, гоё зурагтай чихрийн цаасыг шилний хагархайгаар халхлаад газар булдаг
байлаа. Байн байн очиж нууцаа байна уу, үгүй юу шалгадаг. Хэн нэг нь өөр
хүүхдийн хийсэн нууцыг олчихвол бусниулаад, аваад гаргаад хаячихдаг байсан.
Тэгээд л нууц алдагдчихлаа гээд л бөөн юм болдог байлаашд. Энэ бол охидын
тоглоом байлаа. Хөвгүүд бол нууцыг нь илрүүлж, эвдлэх үүрэг гүйцэтгэдэг байсан.
Нууц хийж байгаа охидууд андашгүй, байрны ар талд эсвэл мод, бутны доор очоод л
ганц хоёроороо газар малтаад л, нэг нь чкадаж ийш тийшээ хүн амьтан харж
тагнуулдаад л, хэн нэг хүүхэд ойрхон харагдвал нөгөөдөхдөө хэлж, гэмгүй
царайлах юм уу эсвэл өөр тийшээ зугатаагаад л... Тэр байдлыг нь олоод харчихсан
өөр хүүхдүүд яваад өгөхөөр нь араас нь очиж, нөгөө нууцыг нь илрүүлж, мундаг
царайлаад л.... Тухайн үед үздэг байсан байлдаантай, тагнуултай киноноос болоод
ийм тоглоом сэдэж тоголдог байсан байхаа.
Миний үеийн бүх охидууд чихэр, шоколадны цаас цуглуулдаг
байлаа. Тэр цуглуулгаа ямар их нандигнадаг байсан гээч. Тэр цуглуулгаа
олшруулах санаанаас үүдэлтэй болов уу гэж бодоод байна, “чанардана” гэж нэг
тоглоом байлаа. Оросын зарим чихрийн цаасан дээр байдаг нэг тэмдгийг чанарын
тэмдэг гэж нэрлэдэг байсан. Одоо бодоход үйлдвэрийнх нь лого байсан байж
магадгүй. Тэгээд тийм тэмдэгтэй цааснуудыг нугалаад, гараараа дээрээс нь дарж
аваад шидэхээр чанарын тэмдэг нь дээшээ хараад унавал тэр хүүхэд хожоод чихрийн
цаасаа авдаг байсан юм. Одооны хүүхдүүдийн тоголдог Мортал гэдэг тоглооморхуу
юм байнаа.
Гоё байжээ, гоё байж. Болдогсон бол тэр үе рүүгээ гялс
оччихоод эргээд ирэх юмсан. Түр хугацаагаар очиж болдог байсан бол эргэж
ирэхгүй, тэндээ харлаж энэ тэр новширноо аягүй бол, хахаха... “Хүүхэд насанд
хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг бол...” гээд бидний багадаа дуулдаг
байсан нэг дуу байдаг даа. Хэрвээ үнэхээр тийм галт тэрэг байдаг байсан бол
ганцхан билет авахын төлөө 100 билетний үнэ төлсөн ч яахав.
Буратиног үзчихээд Карабас-Барабасаас үхтлээ айдаг,
Базильо муур, Лариса үнэг 2-ыг үзэн яддаг байсан, Карлсоныг үзээд Фрекен Бокийг
шоолж нулимсаа гартал инээдэг байсан тэр үе рүүгээ эргээд нэг очихсон.
Бушхүүгийн үлгэрийн тал нүүртэй шулмасаас сүнсээ зайлтал айдаг байсан,
Фэт-Фрумосын домгийг үзээд ээж нь болоод хувирчихдаг хорон санаат шулмасыг
үзэхээрээ тэр оройжингоо өөрийнхөө ээжийг шулмас биш байгаа гэж бодоод айгаад
эвгүйцчихдэг байсан тэр цаг руугаа эргэж нэг очихсон. Тэгээд яг тэр
мэдрэмжүүдийг дахиад нэг мэдэрч үзмээр байнаа.
Микки мауз, Том, Жерриг танихгүй, Кока-кола, Пепсиг огт мэдэхгүй, чипс, поп корн амсаж
үзээгүй, мэдэхчгүй, энэ ертөнц дээр өчнөөн олон гоё амттан байдаг гэдгийг
мэддэггүй байсан гэнэн цайлган хүүхэд нас минь хэзээ ч эргэж ирэхгүй. Ядарсан
сэтгэлгээтэй, буурай хөгжилтэй социалист нийгэмд амьдарч байгаагаа энэ дэлхийн
хамгийн аз жаргалтай нийгэмд амьдарч байгаа гэж итгэж явсан гэнэн тэнэг нас
минь ямар их гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан юм бэ? Тэр үеийн хүүхдүүд
бүгд сансрын нисэгч, онгоцны нисэгч, мундаг багш, эмч, инженер, цэргийн дарга
болж, дэлхий дахинд энх тайван амьдралыг тогтооно, капиталист нийгмийн ядарсан
хүүхдүүдэд тусалж, энэ бөөрөнхий дэлхийгээ аз жаргалын ертөнц болгоно гэж
мөрөөддөг байсан. Мөрөөдөл нь гэнэн мөртлөө мундаг том байж дээ.
4 Сэтгэгдэл:
hi
hi, tungaa
chinii baingiin unshigch bolson gej bgaa.
huuhed nasandaa ergeed ochson met l...
hed honog harah zavgui bsnaa saya genet sanaad
uuur shonoor orood suuj bna geheer kkk...
hoogoo.
Hi thanks,
Миний муу блогийг хэдэн муусайн найзууд минь л орж ирж уншдаг гэж боддог байлаа. Тэгсэн танихгүй хүмүүс бас уншдаг юм шиг байналээ.
Миний дэмийрсэн бичлэгүүдийг уншаад шоолдог байх гээд санаа зовноо бас ккк... Таалагддаг бол яамай даа.
Ёстой алж өгдөг байжээ та нар
Post a Comment