Манай нэг найз саяхан төрсөн өдрөөр надад хайтан цэцэг бэлэглэсэн юм. Хайрын бэлгэдэл гэдэг юм гэнээ. Наад цэцэг чинь гоё ургавал чи гоё хайртай учирна гэсэн. Гүүгэлдээд үзсэн чинь их л олон төрлийн хайтан байдаг юм байна. Хайрын бэлгэдэл гэдгийг нь харин би олж уншсангүй. За тэр ч юу л бол... Цэцгээ зарахдаа цэцэгчин нь худлаа хошгоруулсан ч юм билүү, хэн мэдлээ.
Цэцэг маань хачин гоё ургаад байнаа тэгсэн чинь. Аягүй олон цэцэглэчихсэн. Үнэн кайфтай, өглөө ажилдаа явахдаа цэцгээ харж нэг баясчихаад гараад явдаг болсоншд. Тэгээд найздаа хэлсэн чинь "ямар гоё юм бэ, тэгвэл чи одоо гоё хайртай учрах юм байна" гэнээ ккк.... Анзаараад байсан чинь нээрээ сүүлийн үед эрчүүдийн даллагатай байгаа юм байнашд. Экс найз залуу, бас намайг эргүүлдэг байсан 1-2 залуу, бас дээр нь манай байрыг худалдаж авсан залуу гээд... Утас цохисон, уулзахыг хүссэн залуучууд... Ганц удаа зав гаргаач, юм ярьж сууя гээд л гуйгаад байгаа. Би тэгтэл фитнесст хэтэрхий зав гаргаад... За за энэ балайрах ч яахав. Хадуурч байж хамаг нууцаа дэлгэх нь.
Цэцэг гэснээс, манай аав чинь аягүй их цэцэг тарьдаг, цэцгийн хоббитой хүн байсан юм. Энэ аавын хобби нээрээ дуусашгүй ээ. Ан хийх дуртай, хоол хийх дуртай, цэцэг тарих дуртай гээд л элдэв төрлийн хоббитой аан. Манай 2 өрөөний цонхны тавцан 2-лаа битүү цэцэг байдаг байлаа. Үнэн лайтай. Би нээх тухтай цонхоороо харахыг хичнээн их хүсдэг байлаа даа. Ажилдаа явсан хойгуур нь түлхэж шахаж байгаад л зай гаргаад цонхныхоо тавцан дээр гарч жоохон санаагаа амраадаг байлаашд.
Тэгээд манай цэцгүүд бас их том том урганаа. Саримсаг гээд нэг сонгинорхуу хэлбэртэй, сонирхолгүй цэцэг хичнээн жил цонхны тавцан дээр байр эзлэв. "Ааваа ийм хачин өвс шиг цэцэгнүүдээ хаяачээ" гээд л хааяа уурлуулдаг байлаа. Тэгсэн нэлээн хэдэн жилийн дараа нөгөө цэцгийн чинь талаар би олж уншаад... Өвлийн цагт харанхуй сэрүүхэн газар байлгаж байгаад, хавар гаргаж ирдэг гээд уншчихаваа. Тэгээд шууд 00-н өрөөнд аваачаад хаячихсан. Хавар болохоор нөгөөтөхөө гаргаад цонхон дээр гаргасан чинь гайхалтай гоё том цэцэг гардаг юм даа голоос нь. Манай гэр 1 давхарт байдгийг хэлэх үү, цонхон доогуур явсан хүмүүс шохоорхож хараад, зарим нь энэ хиймэл цэцэг хатгачихсан юм уу ч гэж байх шиг... Тэрнээс хойш жил бүрийн өвөл өнөө саримсаг цэцгээ 00-н өрөөнд цөлдөг болж билээ. Тэгээд хавар нь хачин гоё том, улаан хос цэцэг ургана.
Одооны энэ фенг шүйгээр мөнгөний цэцэг гээд байгаа халбаган цэцэг чинь бас манайд нээх томоороо ургасан байдаг байж билээ. Бас л хавар болохоор жижигхээн ягаан цэцэгнүүд урганаа тэр чинь. Тэр цэцгийг тарьснаараа мөнгөтэй болдог юм бол манайх тэрбумтан айл болчихоор л болсон. Мөнгөний цэцэг гэдэг нь худлаа байхөө.
Цонхон дээр байх бэлцийсэн 100 настыг би багадаа гэртээ ганцаараа үлдсэн байхдаа эмч болж тоглоод, шприцээр хатгаад хаячихдаг байсаншд хахаха. Хэрэглээд хаясан шприцний зүүг сэмхээн аваад нуучихдаг байсан юм. Тэгээд гэртээ ганцаараа үлдэнгүүтээ 100 настад тариа хийж байна гээд тамлаад хаяж байгаа юм чинь. Дараа нь нөгөөтөх нь зүү хатгасан газраа хорчийгоод хатчихна. Аав ээж 2 энэ юунаас болоод ийм болоод байгаа юм бол гээд л гайхаад байдаг байж билээ. Сүүлд ахлах ангид орсон хойноо би тэгж тоглодог байсан гэж нууцаа хэлээд гэрт бөөн инээдэм болоод өнгөрсөн юм.
Цонх дүүрэн цэцэг нь цонхоор харах боломж олгохгүй, би мөн ч их ад үздэг байж билээ. Цэцэг услана, арчилна гэдэг бол аавын минь л ажил байлаашд. Өдөр цайны цагаараа цэцгээ усална. Манай аавд нээрээ хийхгүй, сонирхохгүй юм ер нь байсан болов уу? Ингээд л ямар нэгэн зүйлийн талаар ярихаар л аавтай холбоотой дурсамж бичигдчих юмаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment