Сонин юм бэ, яасан... Шөнө баахан хүн надаас гарын үсгээ зураад өг гэж байна гээд зүүдлээд байсан юм. Тэр хүмүүсийн дунд 20-иод жилийн өмнө нас барсан манай аавын эгчийн том хүү, миний үеэл ах гэх юм байна, ам нь омголтчихсон бүүр тураад ядарчихсан царайтай "ахдаа ус өгөөч" гээд гуйгаад зогсож байх юм. Өглөө сэрчихээд орой тэр ахыг бодож залбираад зул өргөе гэж бодож байлаа.
Тэгээд сая нэг захирлаар юм цохуулах гээд дээшээ гарсан чинь.... Хажуу өрөөнийх нь нарийн бичиг охин надаар баахан гарын үсэг зуруулаад, дахиад доошоо орж гүйлгээ хийлгэсэн чинь бас урьд нь зураагүй байсан гарын үсэгнүүд нөхөөд зурчих гээд баахан гарын үсэг зуравшд. Тэгээд гэнэт зүүд, зөн совингийн тухай сэтгэгдлээ бичээч гэсэн коммент санаанд ороод... Бичиж сууна.
Би зүүдлэх дуртай. Зүүд аягүй сонирхолтой байдаг учраас. Гоё зүүд зүүдлэх бүр дуртай. Хамгийн гол нь зарим зүүд яг биелээд байдаг учраас би зүүдэнд ач холбогдол өгч, зүүдээ манах гэж хичээдэг. Эвгүй зүүднээсээ бол айдаг.
Зүүдэнд илүүтэй анхаарал тавьж эхэлсэн үе бол:
1998 онд манай том ах өвчний учир цэл залуугаараа бурхан болсон л доо. Нас барахынхаа өмнөхөн яагаад ч юм эмнэлэгт хэвтэхгүй дургүйцээд явж өгөхгүй байж билээ. Аав ээж 2 эмнэлэгт хэвтүүлэх гээд өглөө эрт босоод хоол цай хийгээд сууж байсан чинь ах нээх сонин "ээжээ би гэртээ үхье л дээ, эмнэлэгт хэвтээд яах юм бэ" гээд... Нээх сонин. "Юугаа дэмийрээд байгаа юм, юун үхэх..." гэж загнуулаад аргагүйн эрхэнд явсан л даа. Бид нарын хэн нь ч үхлийн талаар бодоогүй байхад манай ах өөрөө тийм сонин юм яриад, бас "хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан ч чи хамаагүй..." гэдэг дууг сонсоод л нэг л сонин байгаад байсан. Гэвч хэний ч санаанд удахгүй бурхан болох нь гэж буугаагүй. Ямар тэгтлээ бүр хэвтэрт ортлоо муудсан байсан биш, өвчтэй ч гэсэн зүгээр босоод явж байсан юм чинь.
Ах эмнэлэгт хэвтээд хэд хоносны дараа... Аав өглөө бүр очиж эргэж байснаа нэг өдөр нас барчихсан байна гээд ирсэн. Эргэх гээд очиход нь эмч нь өглөө эрт нас барчихлаа гэж хэлж. Тэгээд "Өглөө үүрээр бие нь муудахаар нь очоод үзээд сууж байсан чинь яг нас барчих шиг болсон. Тэгэхээр нь нүдийг нь аниулаад моргт хийхэд бэлдээд байж байсан гэнэт нүдээ нээснээ:
- Эмчээ сая намайг нэг цагаан морьтой, цагаан дээлтэй өвгөн авч явах гээд... Би баахан тэмцэлдлээ. Би арай л явах болоогүй тийм биз дээ? гэж хэлж. Эмч нь:
- Тэгэлгүй яахав, чи арай явах болоогүй гэж хэлсэн чинь хэсэг тайвшраад хэвтсэнээ тэгээд жинхэнээсээ нүдээ аньсан" гэж аавд ярьсан байсан.
Надад тэр цагаан морьтой, цагаан дээлтэй өвгөн л их сонин санагдаад байлаа. Ажил явдал болоод өнгөрлөө. Манай хамаатны нэг хөдөөнөөс ирсэн ах манай ахын аваад удаагүй байсан цагаан цамцыг нь "би ямар сэжиглэх юм биш, өмсчихье" гээд аваад өмсчихсөн юм тэр үед.
Тэгээд хамгийн сонин нь... Ахыг оршуулсан шөнөөс эхлээд шөнө бүр би ахыгаа зүүдэлсэн. 49 хоног өнгөртөл нь. "Намайг үхээгүй байхад моргт хийчихсэншдээ, би үхээгүй байхад та нар яагаад намайг газарт булж байгаа юм бэ, миний цамцыг яах гэж хүнд өгсөн юм бэ, би одоо гараад очихоороо юугаа өмсөхийн..." гээд л уурлаад.... Шөнө болгон энэ зүүд давтагдана, үнэн аймаар. Өглөө сэрээд л ээж аавд хэлнэ. Манай гэрийнхэн бүр гайхаад, сүүлдээ нээрээ үхээгүй байхад нь оршуулчихсан юм биш биз дээ? гээд л шаналцгаагаад эхэлсэн. Шөнө бүр нэг л үгээ хэлж зүүдэнд орж ирдэг ч гэсэн царай нь дандаа өөр. Эхний хэдэн өдөр гайгүй байснаа 7 дахь хоногоосоо эхлээд өтөнд идэгдээд эхэлсэн дүртэй. Өдөр ирэх тутам улам л нүүр царай нь аймаар болоод... Тэнд, авсан дотроо яг тийм дүр төрхтэй байсан байх гэж би бодсон.
Тэгж тэгж 49 хоног нь өнгөрөөд зүүдэнд орж ирэхээ больж би хэсэг амарлаа. Ахыг нас барахад зун байсан. Тэгээд намар боллоо, өвөл өнгөрлөө. Хавар болоод би аймаар их хичээлтэй, баахан курсын ажил, реферат гээд ачаалал ихтэй байлаа. Тэгсэн нэг шөнө ахыгаа зүүдлээд... Бүр өнгө ороод таргалчихсан, миний нэхэж өгсөн нэг цагаан ноосон майканд их дуртай байсан юм, тэр майктайгаа дээрээс гэнэт бууж ирээд:
- Ах нь тэр дээр аягүй гоё мундаг хүмүүстэй хамт байгаашд. Чи очиж уулзах уу тэр хүмүүстэй? гэж асууж байна. Тэнд байгаа гэсэн хүмүүсийнхээ нэрийг хэлээд байсан. Би тэгсэн өөдөөс нь аашлаад:
- Юу??? Хичээл ихтэй завгүй байхад, юун хүмүүстэй уулзах... Ямар ч сонирхол алга.
- За за, ах нь тэгвэл явлаа гээд яваад өгсөн.
Дараа нь зуны амралт болоод... Би гэрт аль өнгөрсөн хаврын сонингууд уншаад хэвтэж байсан чинь өдрийн сонины хаврын нэг дугаар дээр Н.Бор гэсэн билүү дээ, МУИС-ын нэг эрдэмтэн багш нас барсан тухай эмгэнэл гарчихаж. Тэрийг харангуут гэнэт ахын зүүдэнд орж ирсэн нь санагдаад... Надад яг тэр нэрийг хэлсэн юмаа. Би аймаар гайхсан. Аав ээж 2-т хэлээд, бид 3-лаа гайхаад...
Тэрнээс хойш би зүүдэндээ маш том ач холбогдол өгдөг болсон. Зүүд биелсэн тохиолдлууд бол зөндөө л дөө. Гэхдээ хамгийн ноцтой нь энэ тохиолдол.
Бас нэг сонин тохиолдол байгаа. 2009 оны 6 сарын нэгэн өдөр. Нэг халтайсан жоохон хүүхэд надтай тоглох гээд л, би тоохгүй, тэгсэн манай охины аав "наадах чинь миний хүүхэд байгаамаа, тэгээд тоглож л байг, явъя" гээд байна гээд нээх сонин учир нь олдохгүй зүүдэллээ. Өглөө сэрэнгүүт манай нэг найзаас хүү нь үүрээр нас барсан тухай мессеж ирээд... Дөнгөж ой гаран настай хүүхэд буцалж байсан шөлтэй хоол татаж асгаад түлэгдчихсэн, эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд би тэдний хүүг л бурханы орон луу явахын өмнө надаас буян гуйж байсан юм байна гэж бодоод өнгөрлөө. Сарын дараа би жирэмсэн болсоноо мэдээд гайхах, айх, баярлах зэрэгцээд...
Сүүлд охин ой хүрэх үедээ нүүрээ угаалгаагүй, үсээ самнуулаагүй байхдаа яг тэр зүүдэнд орж ирсэн хүүхэд болчихдог. Би тэр дүрийг нь харах тоолондоо тэр зүүдээ эргэж санаад байдаг байсан. Сонин шүү. Ямар ч байсан миний охин надад ирэх үедээ зүүдээр дамжуулж "би ирж байгаа шүү" гэдгээ мэдэгдсэн юмдаг.
Миний охин надад ирсэн цагаас эхлээд миний дампуурчихсан байсан амьдрал эргээд сэргээд эхэлсэн юм. Эдийн засгийн хямрал болоод ажиллаж байсан банк минь дампуурчихсан, ажил хайгаад олдохгүй байсан цаг үе. Хүүхэд олсоноо мэдсэн, маргааш нь нэг байгууллагаас намайг ажилд авах болсон талаар утасдаж хэлсэн. Ерөөс амьдралдаа анх удаа асуудал, бэрхшээл гээчийг мэдэрч эхлээд бүр тэр асуудлуудыг хэрхэн шийдэх гарцаа олохгүй, тэр бэрхшээлүүдийг яаж давах учраа олохгүй байхад охин ирсэн. Тухайн үед байрны зээлээ төлж дуусаагүй байхад гэнэт ажилгүй, орлогогүй болчихсон байсан болохоор жирэмсэн болно гэдэг надад бүр том бэрхшээл санагдаж байсан. Гэвч... урьд нь хүсээд ч бүтдэггүй байсан зүйл шүү дээ. Хэрхэхээ мэдэхгүй хэдэн өдөр стрессдээд... Охины аав ажилгүй, байрны зээлтэйг мэдчихээд сонин болоод байгаа юм шиг санагдаад, яагаад ч юм уулзмааргүй санагдаад эхэлсэн. Гэхдээ би тэр үед өөрөө тэр асуудалд хэтэрхий эмзэглэж, хэт их анхаарал хандуулж байсан болохоороо тэгж бодсон ч байж магадгүй гэж одоо бодогдоод байдаг юм.
Эцсийн шийдвэр нь... "Ерөөсөө энэ хүүхдийн төлөө одооны энэ амьдралаа бүрэн золиослоё. Хүүхэдтэй болчихсон байхад бусад асуудлууд бол болношд, яадгийн" гэсэн омголон бодол гэнэт төрөөд...
Дөнгөж шинэ газар ажилд оронгуутаа буцаад гарах өргөдлөө өгсөн. Захирал нь нэг австрали хүн байсан юм. "Монголчууд төрөн төртлөө ажлаа хийдэгшдээ, чи яагаад болохгүй гэж? Би ийм туршлагатай хүнийг дөнгөж ажилд авчихаад буцаагаад гаргамааргүй байна" гээд... "Үгүй ээ би тайван байж байгаад эрүүл хүүхэд гаргамаар байна, өвөл яг ид утааны үед би өглөө эрт босож утаа амьсгалж, ядарч явмааргүй байна" гээд би зөрүүдэлсээр байгаад ажлаасаа гарчихсан. Намайг яаж ийж байгаад л 3 сар ажиллуулчихсан шүү тэднийх.
Байраа зарах гэсэн хямралын үед байр зарагддаггүй. Арай гэж хямдхан зараад байрныхаа зээлийг хаагаад...
Дараа нь баахан хүнд аягүй огцом шийдвэр гаргадаг, хэнтэй ч зөвөлдөггүй, дандаа толгой мэдэж буруу, зөв хамаагүй шийдвэр гаргаад, тэрнийгээ хэрэгжүүлчихдэг... гээд л загнуулж билээ. Өнгөрсөөн, өнгөрсөн.
Одоо байрны асуудлаа л шийдчихвэл бусад нь бол ОК болчихсоншд. Миний охин ирээд л бүх асуудал өөрөө аяндаа шийдэгдээд эхэлж байгаа юм чинь. Хувьтай, буянтай хүүхэд юм шиг байгаа юм.
Нэг байр захиалаад ашиглалтанд оронгуут нь зараад урьдчилгаа төлбөрөө нугалаад өсгөөд авчихсан. Одоо дахиад үнэн дажгүй байр захиалчихсан байгаа. Ашиглалтанд оронгуут нь үнэ хүрвэл зарж, дахиж мөнгөө өсгөчихнө, эсвэл үлдэгдэл төлбөртөө зээл аваад өөрсдөө амьдарна гэсэн 2 хувилбар бодоод л яваад байгаа. Найз нар өөрөө амьдар гээд л загнаад байгаа юм.
За за нэг мэдсэн чинь хадуураад юу ч биччихсэн юм дээ... Ямартай ч зүүд, зөв совин бол далд ертөнцөөс бидэнд мэдээлэл дамжуулж байгаа хэлбэр гэж уншсан. Өнөөдөр бидний энэ материаллаг ертөнцөөс гадна бас нэг далд ертөнц байгааг эрдэмтэд үгүйсгэхээ больсоншдээ. Энэ талаар маш их судлагаа хийгдэж, ном сэтгүүл гарч байгаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment