Ойрд самуурч элдэв бусын юм бичсээр байгаад бага насныхаа хөгжилтэй дурсамжуудаас бичихээ мартчихаад байнаа. Ой санамж гайгүй байгаа дээр санаж явдаг дурсамжуудаа бичиж үлдээнэ гэсэн төлөвлөгөө уг нь энэ толгойд байгаад л байгаа. Тэгээд гол нь бичихээ мартчихаад байдаг жоохон тоогүй.
Бүүр бага байх үеийн, бүдэгхэн санагддаг ч гэлээ огт мартагддаггүй нэгэн дурсамж гэвэл манай эгчийн горшокоо толгойдоо углачихаад 2 ахтай байлдаад тоглож байсан дүр зураг.... Тэр үеийн горшок чинь оросын паалантай ногоон горшок. Тэгэхэд би тэд нарын тоглохыг гайхаж хараад л сууж байсан. Арай л байлдаж тоглодоггүй байсан юм. Сүүлд энэ дүр зураг нүдэнд харагдаад, эргэн дурсагдахаар нээх хөөрхөн санагдаад байдаг юм.
Манай талийгч ах багадаа дэндүү сахилгагүй хүүхэд байж билээ. Бага ах арай гайгүй, ер нь нэлээн томоотой. Энэ 2 тэс өөр зантай байсан.
Манай том ах гэмгүй царайлж байгаад л надаа гэмтэй дуунууд заагаад өгчихнө. Ядаж байхад би тэрнийг нь нээх хурдан цээжилчихнээ. Буриад бүжгийн дууг надаа ингэж зааж өгч байгаа байхгүй юу:
Эргэлдэн наадъяа
Энд тэндгүй зугаалъяа
....... (энэ мөрийг би санахгүй байнаа)
Мөнгийг нь аваад зугатааяа
Би энэ дууг нь сурчихаад цэцэрлэг дээрээ очоод дуулсан чинь багш худлаа дууллаа гээд загнаад... Нөгөөтөх чинь "үнэн мэдэв үү" гэж уурлаад, уйлаад бөөн юм болж байсан юм. Ээж манай цэцэрлэгт ажилладаг болохоор би бол даварчихсан гар байсан л даа. Багшдаа тэгж уурлаад ккк...
Бас манай байрны хөрш айлын Ганбаа гээд манай ахын үеийн нэг ах байсан юм. Тэрний тухай ингэж дуулж байгаа байхгүй юу:
Манай айлын мангар Ганбаа
Мандалин дараад дуулах дуртай
Бид нар түүнийг шоолох дуртай
Бөөрөнхий бөмбөгөөр тоглодог Ганбаа
Энэ дууг нь би тээр хойно хэдэн жилийн дараа 1-р ангид орчихоод "Сампин" гэдэг дуу болохыг мэдэж жинхэнээр нь сурсаншд.
Манай ангийн самбарын дэргэд
Маш хөөрхөн сампин бий
гэдэг дуу байсан байгаа юм чинь. Ах бол алж өгдөг гар байсан. Энэ үедээ одоо эргээд бодоход 4-5-р ангид байсан юм болов уу? Ямар ч байсан намайг сургуульд орохоос өмнө л энэ гажиг дуунуудаа заагаад өгчихдөг байсан юм.
Орой цэцэрлэгээс эгч бид 2-ыг манай 2 ах хамт ирж авдаг байлаа. Би тэр 2-т өдөр өдрөөр ээлжилж үүрүүлж харьдаг байлаашд. Нэг өвлийн хүйтэнд бага ах арай бага байсан болохоор намайг дийлэхгүй амьсгаадаад л, том ах чиний ээлж юм чинь гээд туслахгүй, би заавал үүрүүлнэ гэж уурлаад л бөөн юм болж гэртээ харьж байснаа одоо болтол мартдаггүй юм.
Тэгээд гэртээ хариад бөөн скандал болж байсан учраас энэ дурсамж сэтгэлд маш тод үлдэж дээ. Ямар скандал гэхээр... Надаа нэг резинен туулай, бас нэг сансрын нисгэгч байдаг байв. Би Гагарин гэж нэрлэдэг байсан юм тэр сансрын нисгэгчээ... Чимхэхээр дуугардаг, доороо шүгэлтэй тоглоомууд байдаг байсан юм тэр үед. Тэгээд өглөө цэцэрлэгтээ явахдаа орон дээрээ унтуулж байна гээд хэвтүүлж орхичихоод явдаг байлаа л даа. Тэр өдөр гэртээ ороод хувцсаа тайлчихаад л гүйж очоод тоглоомоо тэврээд л авсан чинь толгой нь бөндгөс гээд уначихаж байгаа байхгүй юу. Би цочоод орилоод, уйлаад... Тэгсэн яасан? Манай сахилгагүй ах толгойг нь огтлоод орон дээр эвтэйхэн эвлүүлээд тавьчихсан байгаа юм чинь хахаха.
Би тэр оройжин уйлаад, ганц орой ч биш бүр нэлээн хэдэн орой харамсан гашуудаад... Арай гэж нэг юм хайртай тоглоомуудаа мартаж байж билээ. Аав 2 ахыг будаа болтол нь загнаад тэгээд л өнгөрч байгаа юм чинь. Би ааваар айлгаж тэр 2-ыг рекетлэдэг байсан болохоор надаас өшөөгөө авсан юм шиг байгаа юмаа хахаха.
Тэр үед манай Налайхад оросын 5 давхар барилгууд дөнгөж баригдаж байсан үе л байх. Манайх арай шинэ байранд ороогүй Соёлын ордны хажуугийн хуучны 2 давхар цагаан байшинд байдаг байв. Манайх 2 давхарт, аавын даргынх манай доор 1 давхарт байсан юм. УИХ-ын гишүүн байсан Сандалхан дарга...
Сандалхан даргын дүү, манай ах 2 үеийнх. Манай ах сахилгагүй сахилгагүй гэхэд бас арай дэндүү байсан юм шигээ. Өглөө хичээл нь ордог үедээ өдөр хичээлээсээ тарж ирээд л крантаа онгойлгочихоод л нам унтаад өгдөг... Тэгээд нөгөө байр нь аль 50 хэдэн оны хятадуудын барьсан барилга болохоор муу байсан ч юмуу, дандаа доод айл руу ус алдана. Тэгээд л Сашка ах манай хаалгыг балбаад балбаад ах гуай бол сэрэхгүй нам унтана. Зориуд сэрдэггүй байсан байх одоо эргээд бодоход...
Орой ирэхэд л "крантаа хаахаа мартчихаж" гэж худлаа хэлээд л загнуулаад өнгөрнө. Дандаа зориуд крантаа хаахаа мартдаг байсан л даа, ойлгомжтой. Энэ үйл явдал мөн ч олон удаа давтагдаж билээ.
Дараа нь шинэ 5 давхар барилгууд ашиглалтанд орсон чинь аавын дарга нь заналтайгаар манайхыг 1 давхарт оруулаад өөрөө 4 давхарт нь нүүж орж байлаа ккк. Ахаас болоод "өө эдний хүүхдүүд дандаа ус алддаг, айлын дээр байгаад хэрэггүй" гээд 1 давхрын байр өгчихсөн гэсэн хахаха. Эцсийн эцэст сахилгагүй ахаас болоод балконгүй нэг давхарт насаараа амьдарсан даа. Одоо ч манай тэр байр байж л байгаа л даа. Хөөрхий минь буянтай сайхан байр шүү, муу хэлж болохгүй.
За дараа үргэлжлүүлнээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment