RSS

Өвөг дээдэс мину...

Өнгөрсөн 5 дахийн орой охиноо цэцэрлэгээс нь аваад цүнхтэй хувцсыг нь гэртээ оруулж тавьчихаад Хуримын ордны гадаа гарсан цэцгийн үзэсгэлэнг нь үзье гэж бодоод явж байснаа Алсыг харагчийн барааг харангуутаа шууд сэтгэл хувираад парк орчихсон ккк. Энэ жил анх удаагаа л парк дээр очиж байгаа нь тэр. Ноднин тэнд тэрэгтэй нь түрж очоод салхилуулдаг байсан л даа. Арай жоохон байсан болохоор тоглох биш...
Манай охин тэгсэн парк руу оронгуутаа ангайгаад шоконд орчихсон... Бөөн тод өнгийн эргэлдсэн тоглоомнууд хараад, чанга чанга дуугарах хүүхдийн дуу, хөгжим сонсоод, нүд эрээлжилтэл наагуур цаагуур хашгиралдаад гүйлдэх хүүхдүүдийг хараад бүр гайхаж хоцорсон. 
2 настай хүүхэд тоглох тоглоом бараг алга. Агаарын дугуйн дээр эхлээд суусан. Ангайж гайхсаар байгаад буусан. Дараа нь завиар аялаад... Гайхаад явж байснаа гэнэт шокноосоо гарсан уу яасан баярлаад, онгироод годгоноод эхэлсэн ккк. Том цагаан хун хэлбэртэй завьнуудтай болсон байналээ. Жийгээд явдаг, их амар юм байналээ. Дараа нь морин тойруулга дээр суусан чинь баярлаад жигтэйхэн. Тэгээд л миний охины тоглож болох тоглоомууд дуусчихсан. 
Харанхуй болоод эхлэхээр нь гараад явах гэсэн үүдний наана байх кафены хажуугаар өнгөрөхдөө "идий" гэж байна. "Хоол идэх юмуу?" гэсэн чинь "Тийн тийн" гээд байна. Тэгэхээр нь кафе ороод шарсан төмс, зайдас авч өгсөн чинь иддэггүй. Ундаа уугаад л болчихсон. Тэгээд турах дэглэм барьж байгаа ээжийгээ оройны 10 цагт хоол идүүлээд хоролчихож байгаа байхгүй юу. Мөнгөө төлж авчихаад хаяад явалтай нь биш гэж бодоод идчихсэншд ккк.
Тэндээс гараад явж байсан чинь охин нойрмоглоод байхаар нь тэврээд такси барих гээд явж байсан нэг машин зогслоо. Тэгснээ тэр залуу нээх хэрэгт дуртай "Парк ороод явж байгаа юмуу? Гэр бүлийнхээ хүнтэй явахгүй яасан юм? Би халтур хийдэггүй л дээ, бөмбөг үзэх гээд явж байна. Яахав та 2-г дөхүүлээд өгчихье" ч гэх шиг...  Дөхүүлээд өгье гэсэн болохоор нь дөхөөд буух гэсэн" гэрийн чинь гадаа хүргээд өгье л дөө" гэнээ. "Үгүй үгүй баярлалаа" гээд гэрийнхээ ойрхон буучихсан. Халтур хийдэггүй, бөмбөг үзэх гээд яараад явж байгаа хүнд тэгж чирэгдэл учруулаад яахав зүгээр... Тэгээд ч "нөхөргүй болоод л харанхуй шөнөөр хүүхдээ ганцаараа аваад явж байнашд" гэсэн шинжтэй надтай харьцаад байгаа юм шиг санагдаад дургүй хүрээд... Ёоо би чинь ийм эмзэг болчихсон юмуу?
Өчигдөр "Ногоон нүдэн лам" уншаад ухаан алдчихсан. Орой хүүхдээ ч салхилуулаагүй. Зохиолч биш хүний ном гээд тоохгүй байсан чинь... Ямар гоё ном бэ? Эмгэнэлтэй ном зөндөө л уншиж байлаа. Зарим номыг уншиж дууссаныхаа дараа уйлдаг байсан л даа. Тэгсэн энэ номыг уншиж эхлээд л... Баасан Сэндмаа 2-ын бүтэлгүй хайр дурлалын түүхээс эхлээд л уйлаад эхэлсэн. Агваан ламын тухай уншиж байхдаа ч уйлаад л байсан. Уйлаад л уншаад байсан. Би ч хөгширч байгаа юм байна даа л гэж бодогдож байлаа. 
Хүүхэд байхад хамгийн дургүй хичээл түүх байлаа. Түүхийн хичээл дээр л муу авдаг байлаашд. Уншихаас дургүй хүрээд байдаг байсан юм чинь... 10-р анги төгсөхдөө ганцхан түүхийн хичээл дээр Сайн гараад... Дээд сургуулийн элсэлтийн шалгалтын карма онооноос 0,06 балл дутаад улаан шугамын ард таслагдаад хоцорч байлаа.  Одоо эргээд бодоход зөн совин минь мэдрээд тэр худлаа түүхийг уншихыг, судлахыг хүсдэггүй байж л дээ. Тэр худлаа түүх нь миний амьдралд ч гай тарьж байсан юм байна. 
Одоо бол надад Монголын түүх шиг сонирхолтой зүйл алга. Цаг цагаараа байдаггүй гэдэг. Аливаа зүйл эхэлсэн бол бас дуусах жамтай. Гэвч... Тэр хэлмэгдүүлэлтийн үед ямар харамсалтайгаар хайран түүхийн дурсгалуудыг устгаа вэ? За тэр эд зүйл яахав гэхэд... Миний аймаар харамсаад уйлах болсон шалтгаан нь монгол түмний угийн бичгүүдийг устгаж, алтан ургийн хүмүүсийг хүйс тэмтэрсэн явдал байлаа. Харамсалтай гэхэд бүр дэндүү харамсалтай...
Энэ номноос болоод аав ээж 2-ынхоо аав ээжийн талаар бодол үргэлжлээд... 
Аав минь Дундговийнх болохоор тэнд харьцангуй хэлмэгдүүлэлт бага байсан юм болов уу гэж бодогдсон. Аавын аав ээж бол гарцаагүй л феодалууд байсан даа. Нэгдлийн хэдхэн мал ёс төдий малладаг, ихэнхи нь хувийн мал байсан юмдаг. Тэр малын буянаар бид нар социализмын үед дэлгүүрийн амтгүй, резинен мах идэж үзээгүй л юмдаг. Говийн таанатай махыг харин ч нэг тааваараа идэж хүн болцгоосон доо. Аав нэг удаа "1949 оны Мичин жилийн зуднаар манайх хамаг малаа үхүүлээд 100 гаруйхан богтой 20-иодхон бодтой үлдэж байсан юм" гээд ярихад нь би "за зөндөө л малтай үлдсэн юм байнашд" гээд гайхаж байлаа. Ямартай ч түүх намтар дээрээ ядуу малчин ардаас гаралтай гэдэг боловч бодит байдал бол үнэхээр тийм биш байсан.
Аавын хөдөө гэрт өндөр гэгээн Занабазарын урласан бурхан гээд нэг гуутай Дарь эх хойморт нь байдаг байсан юм. Сая хэдхэн жилийн өмнө тэр бурханд шунасан хулгайч нар хэд хэдэн удаа хулгайлаад... Хамгийн сонирхолтой нь тэр бурханыг хулгайлсан хулгайч нар Дундговийн нутгаас гарахгүй, замд нь заавал саад гарсаар байгаад цагдаад баригдаад байдаг... Тэгээд л эзэндээ буцаад ирдэг. Хэлмэгдүүлэлтийн үед ч ногоон малгайтнуудын гарт өртөөгүй бурханыг хулгайлдаг ямар адгууснууд вэ гээд аавын дүү аймаар бухимдаж байлаа. Машин нь эвдрээд замд нь саад гараад явж өгөхгүй байхаар бурханы дотор байсан аравнайлсан эрдэнийг нь аваад хаячихсан байна гэж байгаа. Тэгээд аавын дүү нь тэр бурханаа сэргээж, амь оруулна гээд өвөртлөөд хот руу орохоор зүв зүгээр ямар ч саадгүй яваад ирж байгаа байхгүй юу. Бурханч лам Пүрэвбатаар нэг сэргээлгээд буцаагаад нутаг руугаа аваад явсан юмдаг. Буцааж амь оруулах гэсэн чинь жинхэнэ шүр олдохгүй байна гээд л үглээд байсан, нээрээ тэр явдал юу болсон юм болоо? Хийц нь өндөр гэгээн Занабазарынх гэдэг утгаараа энэ бурхан үнэ цэнэтэй зүйл гэж байсан. 
Ээжийнхээ аав ээжийг бид нар огт мэддэггүйшд. Их л багадаа өнчирсөн гэдэг юм. Сонирхолтой нь ээжийн ах дүү нар нь бүгд өөр өөр айлд өргүүлчихсэн. Өөр өөр овогтой.  Бага байхад зун болохоор ах дээрээ очиж амарна гээд Хэнтийн Цэнхэрмандал сум руу бид хэдийг аваад явдаг байсан юм.  Одоо бид нар тэр ахынх нь хүүхдүүдтэй ямар ч холбоогүйшд.
Хүүхэд байхдаа би хэрэгт дуртай юм болохоороо ээжээсээ аав, ээжийнх нь талаар их асуунаа. Ямар ч байсан ээжийг өргөж авсан ээж нь их айхтар чанга хүн байсан гэж ярьдаг байсан юм. Нэг удаа "миний төрсөн аав Цогт гэж их омголон буриад хүн байсан" гэхэд нь "бид чинь тэгээд одоо эх талаасаа буриад цустай болж таарч байна уу" гэхэд ээж "тиймээ" гээд... Тэгээд нээх олон юм яриагүй юм. Хожим 1990-ээд он гараад хэлмэгдүүлэлтийн талаар уншиж мэдээд ирснээс хойш ээжийн аав ээж нь хэлмэгдсэнээс болоод багадаа өнчирч үлдэцгээсэн юм болов уу гэсэн бодол толгойд эргэлдээд байдаг болчихсон. Ээж 1935 онд төрсөн гэж бодохоор үгүй гэх газаргүй л болоод байгаа юм. Гэхдээ дэндүү бага байсан болохоороо энэ талаар сайн мэддэггүй байсан юм шиг байгаа юм. Өчигдөр "Ногоон нүдэн лам" уншиж байхдаа хэлмэгдүүлэлтийн үед буриад, дархадуудыг хамгийн их хэлмэгдүүлсэн гэж уншаад өөрийн эрхгүй л уйлаад байсан.
Ноднин зун нэг найзтайгаа компани байгуулах талаар төлөвлөөд... Найз маань "миний нэг сайн таньдаг мундаг хүн байгаа, очиж асууя" гээд бид хэд Шаргаморьт руу нэг ойн модонд аймаар том хашаатай, бөөн суварга болсон нэг ламынд очив. Сүхээ гэдэг их мундаг хүн гэнэ.
Тэгсэн тэр хүн намайг харангуутаа "энэ эх эцэг 2 талаасаа их удам сайтай юм байна...." гэсэн. Бид хэд зөндөө л юм асууж, зөндөө л хариулт авсан л даа. Надаа энэ хариулт нь хамгийн онцгой санагдсан. Бас дахиад л миний эхийнхээ талын өвөг дээдсийн талаар мэдэх хүслийг оволзуулчихсан.
Өчигдөр "Ногоон нүдэн лам"-ыг уншаад бас л ээжийнхээ талын өвөө эмээгийнхээ талаар олж мэдэх юмсан гэж хүсэл төрөөд, намайг бүр эзэмдчихлээ. Гэвч хаанаас, яаж? 1937 оны үед хамаг эд мөрийн баримтыг устгаад, шатаагаад хүмүүсийг нь буудаад хороогоод, түүхийг нь цоо шинээр худлаа зохиогоод биччихсэн юм бол...? Ингэж бодохоор л эрэл мухардаад байх юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment