RSS

Санана даа...

Өглөө охиноо цэцэрлэгт нь өгчихөөд, сандаал холгох шинжтэй ч юм шиг байхаар нь ар дээр нь гишгэчихээд л дээшээ хараад алхаж явсан чинь хажуугаар өнгөрсөн 15-16 орчим насны 3 хөвгүүний нэг нь "Эгчээ та аягүй гоё харагдаж байна" гэнээ. Одооны хүүхдүүд ямар хөөрхөн комплимент хэлдэг боловсон болоов гэж бодоод инээмсэглээд өнгөрлөө. Тэгээд цаашаа алхаж байхдаа бодоод байсан чинь би их хэнэггүй харагдсан болохоор тэгж хэлсэн байх гэж бодоод инээд хүрэв. Сандаалныхаа ар дээр гишгэчихсэн, хэтэрхий чөлөөтэй, бас хэнэггүй гар алхаж яваа нь гоё харагдсан биз.
Хэд хоногийн өмнө бас ажил тараад охиноо авах гээд цэцэрлэг рүү нь явж байсан чинь нэг согтуу залуу "сайн уу хайраа, би чамайг дайлъя, надад 20 сая байна" гэж тэнэгтдэг юм даа. Хэзээ завандаа би тэрний хайр болчихдог байнаа аан? 20 сая гэж сонсонгуутаа дагаад явна гэж бодсон юм байх даа, тэнэг мал чинь.
Фитнесс дээр бас нэг мангар бацаан.... Нэг төхөөрөмж дээр яаж дасгал хийх юм бол гээд найзтайгаа яриад байж байсан чинь хажууд ирсэнээ "ингэж хийдэг, би үзүүлье" гэснээ нээх сонин хөдөлж энэ тэр... 
- Ёоо юу вэ чи одоо, юу гэж аальгүйтээд байгаа юм? гэсэн чинь:
- Тоголж байхад чинь... Гэхдээ би хувиараа багш чинь болъё тэгэх үү?" гэнээ.
- Чи багш юм уу?
- Үгүй ээ би энд хичээллэдэг.
- Тэгээд яагаад багш болох гээд байгаан?
- Яахав дээ, болношдээ. Заавал фитнессийн багш гэж байхаар надаар заалгаад байж болношд.
- Чи тийм лаг юм уу? Тэгээд юу заах юм?
- Юм болгоныг зааж чаднашдээ гэснээ нээх сонин эвгүй харцаар харсан чинь гэнэт сэжиг хүрээд явчихсан. "Тунгалаг тамир" кинон дээр Итгэлт баян нэг харанхуй шөнөөр сэжгийн царайлаад "зүгээр зүгээр" гээд нөгөө хэн билээ Эрдэнийн эхнэр лүү дайрдаг хэсэг санагдаад хахаха...
Дараа нь тэр залуу фитнесс дээр таарах болгондоо л хажууд ирээд л мэндлэнэ. Найздаа:
- Энэ одоо яагаад байгаа юм бол?
- Өдөөд байгаа юм биш үү?
- Мангар бацаан чинь эрүүл биш байхаа...
- Хахаха, хөөрхөн ч юмуу харин гээд шоолоод байгаа юм даа.
- Ээ хөөрхий, нас явах тусам намайг сонирхох эрчүүдийн чансаа улам л муудах юм даа гэсэн чинь нөгөөх чинь бүр саваад уначихсан. 
Нээрээ... Дандаа л дургүй хүргэсэн юмнууд дургүй хүргээд байгаа юм чинь би яахын... Дур хүргэсэн юм байлаа ч дургүй хүрээд байдаг болчихож.
Өнгөрсөн 7 хоногт твиттер дээр нэг залуу намайг миний хэд дэхь дагагч боллоо ч гэнэ үү, шагнана магнана гэхээр нь далимдуулаад гоё ном авахуулчихсан. Г.Аюурзанын "Шүгдэн"-г авахуулсан. Номоо өгөх гээд цайны цагаар ажлын гадаа ирээд... Тэгснээ хамт хоолонд оръё гэхээр нь хүн дайлъя гэж байхад азны юм гээд л дайлуулнашд. Ойрд сайхан унших номнуудтай байгаа.
Ногоон нүдэн лам, Чонон сүлд 2-г авах гээд л авч амжихгүй яваад байсан. Өнгөрсөн 7 хоногт орой охиноо салхилуулаад явж байсан чинь ашгүй Интерном онгорхой байна. Орой 9 цаг хүртэл онгойдог юм байна. Тэгээд ороод авчихсан. Сүүлийн үед болж өгвөл монгол ном унших гээд байдаг болсон. Манай аав гадаад ном уншихаар нэрийг нь холиод ойлгодоггүй гээд инээд хүргэдэг байсан юм. Би одоо аав шигээ болж байгаа юм биш биз дээ хахаха... Арай ч болоогүй ээ бурхан минь. Манайд орчуулж байгаа гадаад номны орчуулгын чанар муудсанаас болж байгаа гэдгийг би мэдээд байна. Тэрнээс илүүтэй нас явах тусам монгол ахуйгаа илүү сонирхдог болдог ч юм уу, нэг тиймэрхүү юм анзаарагдаад байна.
Ирэх 7 хоногоос охиноо Налайх руу дүүдээ өгч явуулахаар болж байгаа. Охиноо сананаа яанаа. Тэр үедээ энэ хэдэн номтойгоо л найзлана даа. Фитнесстээ бас явна. Өөрийгөө саатуулах юм олохгүй бол ч охиноо санаад баларна шүү. Одоо явуулна гэж бодохоос л сонин болоод байгаа юм чинь... Ямар сайндаа хэд хоног оройн цагаар хэдэн цаг ч болтугай илүү хамт байя гэж бодоод энэ 7 хоногт фитнесст явахгүй гээд чөлөө аваад, картаа сунгуулчихсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment