RSS

Би муу эмэгтэй

Дайснаа дарж, дархан цолоо мандуулав гэдэг шиг... Охин сая унтаж, би нэг жоохон чих амраад сууж байна. Өнөө өглөө ч олигтой унтаж чадаагүй, өглөө эрт сэрээд л намайг унтуулахгүй хөгжим хангинуулчихсан. Өчигдөр орос дууны хөгжимтэй ном авч өгсөн юмаа. Хөөрхөн хөөрхөн дуунуудтай, хөөрхөн жижигхэн пианотой ном. Энэ хятадын хямд өртөгтэй үйлдвэрлэлээс болоод орос ах нар хүртэл залхуу болжээ. Орос ном юм чинь хүүхдэд хоргүй сайн л байх ёстой гэж бодоод авсан чинь хөгжим нь Made in China байгаа юм чинь. Ном нь ч гарцаагүй л оросод хэвлэсэн байсан л даа. 
Ном гэснээс ноднин Москва руу охиндоо ном захиж авчруулсан чинь тэр ном нь энд Мир номын дэлгүүрт 16000 гэж байна. Москвагаас бол 4000 орчим төгрөгөөр авсан ном байхгүй юу. Бид энд дэлхийн хамгийн бага цалинг авч, дэлхийн хамгийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж суух юм даа. Энэ хөгжимтэй ном нь энд 50000 төгрөг гэхээр Москвад бол 10000 л гэж байгаа байх. Москва нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор хэдэн онд ч билээ шалгарч байсан шүү дээ. За тэр ч яахав. 
Гэр яг бөмбөгдчихсөн юм шиг л байна. Яаж цэвэрлэнээ, бүр залхуу хүрээд байх юм. Урьд нь хүүхэдгүй байхад манай гэрийг тоос л дардаг байсан. Одоо бол байнгын бөмбөгдүүлээстэй кекеке.... Нэг хором ч зүгээр суухгүй, хамаг юм нураагаад л яваад байнаа энэ хүүхэд. За яахав ээ чи, нэг л өдөр гэрээ цэвэрлэдэг ухаантай, сайн охин болчихсон сууж байх биз. Хаашдаа л тийм цаг ирэхээс нааш, одоохондоо гэрээ сайн бөмбөгдөөд нураагаад бай миний охин, ээж нь залхуурч залхуурч байгаад нэг сайн цэвэрлэхээр эргээд араас нураагаад л бай гэж бодоод л сууж байдаг болсоншд би.
Түрүүн охиноо үймүүлээд байхаар гэрээ цэвэрлэхээсээ залхуураад хэсэг ном уншиж хэвтэв. Манай нэг найз надад "Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?" гэдэг ном унш гэж өгсөн юм. Нэрийг нь харчихаад л би унших гэж хүчлэхгүй хэд хоног явсан. Яагаад гэхээр би өөрийгөө сайн эмэгтэй гэж боддог байсан учраас... Ямар тэнэг гарчигтай ном бэ гэж бодоод яваад байсан л даа. 
Уншаад эхэлсэн чинь би чинь муу эмэгтэй юм байнашд. Яагаад гэхээр хэтэрхий сайн аавтай байсны харгайгаар би чинь эр хүнийг хайрлаж мэддэггүй, зөвхөн эр хүнээс хайр халамж л хүсдэг, хэтэрхий муу эмэгтэй гэдгээ бол сайн мэддэг байсаан. Гэхдээ энэ бол муу эмэгтэйн шинж гэж харин ойлгодоггүй явсан юм байнаа. Манай охины аав нэг удаа "чи намайг орж ирэхээр аяга цай ч хийгээд өгөхгүй юмаа" гэж хэлж байсан юм. Би эр хүнийг ёстой халамжилж мэддэггүй шүү дээ.
Би багадаа гадаа тоглож байхад эрэгтэй хүүхэд дээрэлхвэл ахаараа айлгачихдаг, гэртээ ах онгироод загнаад байвал ааваараа айлгачихдаг байсан юм чинь. Нэг удаа найзуудтайгаа ярьж сууж байгаад ахынхаа тухай, ахаараа яаж айлын хүүхдийг айлгадаг байсан тухайгаа ярьсан чинь манай нэг эрэгтэй найз "Аан чиний онгироо дээрэлхүү зантай байдгийн учрыг одоо ойлголоо. Ингэж өссөн юм чинь аргагүй юм байна" гэж дуу алдсан тал бий шүү. 
Гэхдээ тэгээд муу эмэгтэйг ч гэсэн эрчүүд хайрлахгүй л байгаа биз дээ. Нэн ялангуяа над шиг муу эмэгтэйг. Яг яс юман дээрээ бол монгол эрчүүд сайн эмэгтэйг л хайрладаг байхгүй юу. Үгээр нь байж, нүдээр нь хөдөлдөг эмэгтэйчүүдэд л монгол залуучууд дуртай байдаг биз дээ. Эцгийн эрхт ёс гээд яснаасаа, махнаасаа, цуснаасаа генэнд нь, сэтгэхүйд нь тийм хүмүүжил суучихсан юм чинь. 
Аан харин гадаад эрчүүд бол муу эмэгтэйг хайрладаг болоод энэ ном бичигдсэн байх л даа. Залуугаа өөртөө наалдан пад болгохын тулд хумсаа нуусан муур шиг зальтай, зөвхөн өөрийнхөө нэр төрийг л эрхэмлэдэг, оньсого шиг тайлагдашгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, эд материалын болоод санхүүгийн хувьд хараат биш, муурнаас зугатааж байгаа хулгана шиг л байх ёстой юм гэнэ шүү. Би зальтай биш болохоор бас ч 100% муу эмэгтэй биш юм байнаа.
За, хэн мэдэхэв, байгаагаараа л байх минь зүгээр. Хэн нэгэнд таалагдах гэж сайн эсвэл муу эмэгтэй болох гэж зүтгэж өөрийгөө дарамтлах хүсэл бол үнэндээ алга дөө. Гэхдээ зүгээр л энэ номыг уншаад дуусгачихлаа. Эргээд санахгүйгээр, дахиж унших хүсэл төрөхгүйгээр мартах байх гэдэгтээ би 100% итгэлтэй байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment