Өглөө орж ирэнгүүт манай нэг алиа найз ингэж мэндчилж байна. Happy Valentine's day гэж байгаа нь тэр. Балинчийн өдөр нь ингэж эхэлж байна даа. Надаа ч ямар хамаа байхав дээ. Надад хамаагүй, хаданд чимээгүй өдөр юм чинь. Гэхдээ өнөөдөр үнэнээсээ нэг л гоё өдөр байна.
Хаврын уур амьсгал ороод эхэлж... Нарлаг гоё өглөө байна. Сэтгэл санаа нэг л амар амгалан, бас өөдрөг байна. Өнгөрсөн шөнө юу ч бодохгүй, юу ч хүсэхгүй гэж өөртөө андгайлаад унтсан чинь овоо тайван унтлаа. Гэхдээ охин бас байн байн уйлагнаж сэрээсэн л дээ. Ханиаднаас болоод тух алдаад байх шиг байна. Өчигдөр орой нэг найзынхаа зөвлөснөөр горчичниктой усанд хөлийг нь дүрээд, дараа нь сүүлний тосоор тослоод унтуулсан. Тэгээд шөнө хамар нь битүүрэх нь гайгүй байсан.
Өчигдөр орой ч, өнөө өглөө ч юм идэж өгөхгүй л байна. Хоолонд дургүй л байна. Дуртайгаар нь сүү өгсөн чинь овоо уусан. Сүүнд нээрээ манай охин ёстой нугасгүй ээ. Аяганд нь нэг сүү хийгээд л өгчихвөл 10 нахинашдээ. Ууж дуусаад л хөргөгч рүү гүйгээд л сүү рүү заагаад нэхээд байна. Шууд л хөргөгчний хүйтэн сүү уух дуртай.
Өнөө өглөө цэцэрлэгтээ явахдаа жоохон маяглалаа. Малгайгаа өмсөж өгөхгүй уурлаад... Толгой руугаа заагаад нэг юм үглээд яриад байсан. Цэцэрлэгийн маамаанууд нь халзан толгойг нь шоолсон юм болуу? Өөрийнх нь анги яслийн анги болохоор ангийн маамаанууд бол тийм юм мэдэхгүй памперстай жаалууд байгаа даа. Арай том цэцэрлэгийн ангийн маамаанууд шоолсон байж магадгүй л юм. Тэглээ гээд тэрнийг манай хүн ойлгох арай л болоогүй дээ.
Үс нь одоо 10 гаруй хоноход 5 мм ургачихсан байна. Тэгэхээр сард 1 см ургана гэсэн үг. Зун ямар ч байсан сөөсийсөн үстэй л байх юм байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment