RSS

Хэн ч ирээдүйгээ харж чаддаггүй

Хэзээ ч билээ нэг удаа "Элсэн цаг" нэвтрүүлгээр "хүн өмнөө байгаа нэг зүйлийг харж чаддаггүй, тэр зүйл юу вэ?" гэсэн асуулт тавьж байсан юм. Нэлээн олон хувилбар хэлэгдсэний эцэст "Хүн ирээдүйгээ харж чаддаггүй" гэсэн хариулт зөв хувилбар нь болж байлаа.
Үнэхээр хэн ч ирээдүйгээ харж чаддаггүй, гэхдээ бүгд ирээдүйгээ өөдрөгөөр, гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайн сайхнаар төсөөлж, тэрэндээ хүрэхийн төлөө амьдардаг. Гэвч харамсалтай нь яаж ч сайн сайхнаар амьдрах гэж зүтгээд яалтчгүй бурханы зурсан зургаар, бурханы заасан замаар хувь төөрөг нь яваад байдаг юм шигээ. Бодоод байхад бурхан бүх хүнд зовлон, жаргал 2-ыг тэнцүү хуваагаад өгчихдөг ч юм шиг.
Ингэж бодсоны учир гэвэл....
Өчигдөр НТВ телевизийн Носталжи нэвтрүүлгээр саяхан бурханы оронд заларсан дуучин Хьюстоны тухай нэвтрүүлгийг үзэж байгаад, дараа нь суваг сольтол ВТВ телевизээр Намар нахиалсан мод гэнэ үү, хувьсгалын үеийн сэдэвтэй 80 хэдэн оны кино гарч байлаа. Тэр кинон дээр жүжигчин Сүххуяг залуухан багшийн дүрд тоглож байна. Ямар сайхан, ямар хөөрхөн залуу байгаа вэ? Тухайн үедээ энэ хүн ямар амьдрал өмнө нь хүлээж байгааг үнэхээр мэдээгүй. Хичнээн их зовлон үзэж, хэн ч биш болж явж байсан нь саяхан шүү дээ.
Хэн нэгэн амьдралдаа алдаа гаргаж, буруу зүйл хийхэд бусад хүмүүс түүнийг ухаан муутай, буруу алхам хийлээ гэх мэтээр шүүмжилдэг. Ерөөс алдаа, оноо 2-ын дунд явсаар байгаад л хүний амьдрал дуусдаг. Гэхдээ хэн ч алдахыг хүсэхгүй, жаргалын төлөө байдаг ч гэсэн нэг л мэдэхэд өөрт оноогдсон хувь төөргөөрөө л явж байдаг. Хичнээн хичээгээд ч, хичнээн өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлөөд, төлөвлөөд явсан ч хувь тавилан л бол хувь тавилан байдаг юм биш үү?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment