RSS

Зүүдээ мана, зөн совингоо чагна

Би орой унтах болгондоо гоё зүүд зүүдлээсэй гэж залбираад унтдаг.  Зүүд, зөн совин бол далд ертөнцөөс мэдээлэл дамжуулж буй хэлбэр гэж уншсанаас хойш  үүнийг бүр их хүсдэг болсон. Гэвч зүүдээ эргээд санахгүй байх тохиолдол зөндөө. Зарим зүүд яагаад тийм бүдэг, тодорхой бус зүүдлэгддэг юм мэдэхгүй.
Аав ээж 2-оо бурхан болсоноос хойш би нэг сонин юм заримдаа мэдэрдэг болчихсон. Юу ч гэмээр юм дээ, заримдаа сэтгэл санаа хямарсан үед миний хажууд нүдэнд харагдахгүй ч гэсэн ээж ч юмуу аав ч юмуу байгаад байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байдаг. Миний төлөө санаа нь зовоод байж ядаад байгаа ч юм шиг... Гайхмаар, итгэмээргүй тохиолдлууд мэр сэр байсан л даа. 
Хэдэн жилийн өмнө хагалгаанд ороод... Хагалгаанаас гарч ирээд, дөнгөж сэрээд дэн дун ухаантай дусал залгуулаад хэвтэж байлаа. Тэгээд зүүрмэглээд хэвтэхээр л хажууд аав суугаад байдаг. Яг над руу ширтээд л... "Миний охин өлсөж байна уу, юу идэх үү? Аав нь чамд юу өгөх үү?" гээд л асуугаад байсан. Би сэрээд л зүүдлээд байгаа юм байна гэж бодоод эргээд нүдээ анихаар л яг тэр зүүд үргэлжлээд болдоггүй. Сүүлдээ бүр гайхаад "за би унтахгүй зүгээр л нүдээ анина шүү" гэж бодоод нүдээ анингуут аав яг л түрүүн сууж байсан хэвээрээ намайг ширтээд л суугаад байсан. Тэр үе, тэр зүүд шиг сонин тохиолдлыг одоо болтол би гайхдаг. 
Дараа нь бас нэг сонин тохиолдол.  3 удаа дараалан өглөө үүрээр аав  надад ээжээр мөнгө өгч явуулаад байна гэж зүүдлээд... Ээжийн нэг бор цүнхээр дүүрэн мөнгө, тэгээд ээжид "энэ хүүхэд ингэж амьдрах ёсгүй хүүхэд" гэж хэлээд аваачиж өг гээд байсан. Ээжээс яг тэр цүнхтэй мөнгийг авах гэхээр л би сэрчихээд байдаг. Яг нэг зүүд 3 дараалан зүүдлэгдэхээр нь сүүлдээ сонин санагдаад болдоггүй. Тэгээд тэр өдөр нь дүүгээ сургуулиас нь аваад яагаад ч юм арай өөр замаар гэр лүүгээ явлаа. Тэгсэн замд нэг гоё шинэ байр баригдчихаж. Нэг их мөнгөтэй баян хүн шиг тэр байрны гадаа зогсож байсан манаачаас нь "энд зарах байр байгаа юм болов уу?" гээд асуусан чинь "2 байр үлдсэн, орж үзэх үү?" гэж байна. Тэгэхээр нь "за тэгье" гээд ороод үзсэн чинь шууд таалагдаад, тэр байрыг л авмаар санагдаад болдоггүй. Юу нь хатгасан юм бүү мэд, шууд л тэр байрыг хөөцөлдчихсөн. Барилгын компанитай нь очоод уулзсан чинь аягүй сонин, "чи банкинд ажилладаг юм чинь зээл бүтэх биз, түлхүүрээ аваад нүүгээд орж байхгүй юу..." гээд шууд байрны түлхүүр өгчихсөн. Тэгээд болоогүй сарын дотор багтаагаад зээлээ бүтээгээд төл гээд... Зээлээ хөөцөлдсөн чинь бас аймаар хурдан бүтсэн. Миний орлого хүрэхгүй байхад манай ангийн хүүхэд зээл бүтээгээд гаргаад өгсөн. Болох ёстой юм бол тэгээд өөрөө л болчихдог юм байналээ. Аав тийм аргаар л надад мөнгө бүтээж өгсөн юм шиг байгаа юм. Нөгөө дараа нь зарчихдаг байр чинь шүү дээ. Тэр зарж болохгүй байр байсан байх гээд заримдаа санаа зовоод байдаг юмаа. 
Далд ертөнцийн талаар уншчихаад, аав ээжийн минь бие нь л байхгүй болсоноос  биш оюун санаа нь бол хаа нэгтэй байгаа юм байна гэж бодоод тэр орой нь би зул өргөсөн юм. Зул өргөхдөө би ахыгаа мартаад зөвхөн аав, ээж 2-оо бодож залбираад л өргөчихсөн. Тэгсэн чинь тэр шөнө ах зүүдэнд орж ирээд... "Ахдаа хоол хийж өгөөч"  гэж гуйгаад аягүй сонин... Тэгээд ахыгаа мартсанаа санаад, маргааш орой нь 3-ланг нь бодоод зул өргөсөн чинь дахиж зүүдэнд орж ирээгүй.
Бас нэг сонин тохиолдол. Саяхан манай зээ дүү нөхөртэйгөө муудалцав. Гэр бүлд тохиолддог л нэг жижигхэн хэрүүл болсон юм шиг байгаа юм. Тэгээд яахав дээ уурандаа над руу утасдаад нөхрөө ховлов. Нөхөр лүү нь залгасан чинь надад уурлаад өөдөөс загнаад утсаа тасалчихсан. Миний үгийг тоож сонсохгүй гэнэ. Нэг гэрт ороод удаагүй 2-н анхны хэрүүл л дээ. Дараа нь сонсоход хүүхдийн даавуу ч гэлүү нэг юм авчирч өгөөгүйгээс болж л хэрэлдсэн юм гэсэн хахаха. Тэгээд нээх сүртэй орой болсон хойно над руу утасдаж хов зөөгөөд... Тэгсэн тэр шөнө аав зүүдэнд орж ирээд баахан юм хэлэв. Амиа тавьдаг байсан анхны зээ нь юм чинь аргагүйшд. "Наад хүүхдийг чинь бараг л тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлж, хамаг амь амьдралаа зориулж өсгөсөн шүү" гэх ухааны баахан юм ярьсан. Хамгийн сүүлд нь "хэлэх үг, хийх үйлдлээ хянаж араа бодож амьдраарай" гэдэг үгийг аймаар тод, хэзээ ч мартахааргүйгээр хэлсэн. Өглөө сэрэнгүүт л тэр үг нь толгойноос салж өгөхгүй бодогдоод болдоггүй. Сүүлд нь дүүгийнхээ нөхөрт дамжуулах ёстой юм байна гэж бодоод гар утас руу нь мессежээр явуулчихсан чинь нэг юм толгойноос гарч мартагдсаншд.
Гэх мэтчилэн нэлээд олон тохиолдол байгаа. Ихэнхийг нь нууц хэвээр үлдээнээ. Ер нь хүмүүс анзаардаггүй л болохоос зүүдээ манаад, зөн совингоо чагнаад дагаад байх юм бол... Маш учиртай. Өөрт мэдрэгдэж буй зөн совин эсвэл бидний дотор хүн гэж нэрлэдэг мэдрэмж бол бидэнд далд ертөнцөөс илгээж буй дохио, мэдээлэл байдаг. Гол нь сайн анзаарч, зөв тайлж сурах л чухал. Эргээд болсон үйлд явдалд бас дүгнэлт хийж байхад гэмгүй. Сонирхолтой байдаг юм.   
Гэв гэнэт ямар нэгэн зүйлийг хиймээр санагдвал, жишээ нь блог бичмээр ч юмуу санагдвал бич, энэ бол далд ертөнцөөс ирж буй даалгавар. Гэв гэнэт гоё шоколад идмээр санагдвал, эсвэл гоё хоол идмээр санагдвал ид, энэ харин ходоодноос чинь ирж байгаа даалгавар ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

Дажгүй юмаа, хүний амьдралд оролцохоос бусад нь зүгээр санагдлаа

Anonymous said...

good luck

Post a Comment