Охиноо аваад гадаа гарах гэсэн унтаад өглөө. Тэгээд ПС-тэйгээ найзлаад сууж байна даа.
2 жилийн өмнөх энэ өдрийг дурсмаар санагдаад...
2010 оны цагаан сар Валентины өдрөөр таарч байсан юмаа. Миний төрөх сүүлийн хугацаа 3 сарын 6-8 орчим байсан юм. Гэхдээ би төрөлтийн өвдөлтийг мэдрэхээсээ айгаад наана нь төрнө гээд шийдчихсэн байсан. Угаасаа эмч нар намайг хагалгаа хийлгэж төрнө гэсэн болохоор... Каленьдар, зурхай энэ тэр харж байгаад 3 сарын 1-нд л төрье гээд шийдчихсэн. 1-р төрөхийн хашаанд байдаг нэг хувийн эхоны эмч миний хүүхдийг хүү байна гээд хэлчихсэн байсан болохоор би охиноо төрөн төртөл хүү гээд итгэчихсэн байсаншдээ. Хүүгийн цэнхэр өлгий бэлдчихсэн байсаншдээ бүр.
За тэгээд таньдаг эмчгүй бол төрнө гэдэг аюул шүү гээд сонсчихсон, бөөн айдас дунд л хүүхдээ тээж байлаашд. Таньдаг эмчтэй хүн байна уу гэж найзуудаасаа асуугаад, манай нэг найз тэр асуудлыг бүгдийг нь зохицуулж өгнө гэж амалсан байсан юм. Тэгээд нөгөө найз руугаа 25-ны орой утасдаад... "Би маргааш үзүүлээд, 1 дэх өдөр 3 сарын 1-нд төрмөөр байнаа" гээд хэлсэн чинь нөгөөх маань "найз нь ажлаар Хөвсгөлд явж байна, шөнөжин давхиад өглөө яваад очъё" гэж байна. Тэгээд өглөө эрт 8 цагт утасдсанаа "гэрийн чинь үүдэнд байна гараад ир" гэж авдгийн. Би дөнгөж босож байсан болохоор санд мэнд гараад явлаа. Шөнө 3 цагт ирчихээд, өглөө намайг эмчтэй уулзуулж өгнө гээд ирж байгаа нь тэр... Мөн ч сайн залуу шүү.
Тэр үед 1-р төрөхийн байранд нярайн халдварт өвчин гараад Ачтан эмнэлэг дээр түр байрлаж байсан юм. Намайг төрөх гэхээр эмнэлэг гэрийн хажуунаас нүүчихдээ яадаг юм гээд л би бухимдаад байсан чинь дараа нь бодоход тэнд илүү тухтай байсан юм байналэ.
Тэгээд манай найз таньдаг эмчтэйгээ уулзаад намайг захиад, миний бэлдсэн мөнгийг дугтуйтай нь өгчихсөн. Тэгсэн чинь нөгөө эмч нь "чи тэртэй тэргүй хагалгаа хийлгэх юм чинь өнөөдөр төрчих" гээд... Үзүүлээд буцах байсан хүн чинь шууд төрөхөөр болчихлоо. Өө тэгээд л нэг мэдсэн бүх юм бэлэн. Баахан эм тариа ав гээд нөгөө эмч сувилагч нар чинь бас зарим юмыг нь зараад хөөрхөөн бизнес хийчих юмаа. Хоорондоо "энэ хэний балиашиг /болельщик/ вэ?" гэж ярьдаг юм байналээ. Хэн нэгний балиашиг биш бол хэцүү юм шиг байгаа юмаа.
Тэгээд л хагалгаанд орсон доо. Би төрөөгүй, хагалгаа хийлгэсэн гэж ярихаар зарим хүмүүс тэнэгтээд бай гээд загнадагшд.
Нугас руу тариа хийгээд мэдээ алдуулчихсан болохоор ямар ч өвдөлт мэдрээгүй. Нэг мэдсэн чинь хүүхэд уйлж байнаа. Нэг л сонин итгэмээргүй санагдаад. Сонирхолтой нь миний сэтгэл огт хөдлөөгүй гээд бод доо. Тэгснээ нэг үрчийсэн улаан хүүхэд үзүүлснээ "4,2 кг охин байна, баяр хүргье" гэхээр нь би бүүр гайхсан. Эхоны эмч хүү байна, энэ төмсөг нь харагдаж байна гээд л нэг юм заагаад байсаншдээ гээд бүүр гайхаад хэвтэж байлаа.
Тэгээд хүүхэд гарсны дараа эмч, сувилагч нар нэлээн удлаа. Нэг юм хийгээд байхын. Эргээд гэдсийг нь оёхдоо ингэж уддаг юм байх даа гэж бодож байлаа. Нэг нь толгой дээр зогсчихоод яаж байна, зүгээр үү гээд л асуугаад байсан. Тэгж тэгж одоо морфин хий гээд нэг нь хэлж байна. Дуусаж байгаа бололтой. Тэгснээ нэг шилэнд 3 бөөрөнхий махан юм хийчихсэн үзүүлж байна, "ийм хавдар гарлаашдээ, чи ямар азтай юм бэ" гэцгээгээд... "Ямар азаар савыг чинь нээвээ, өөрөөр нь төрүүлэх гээд үзсэн бол балрах байсан байнашдээ" гээд л ...
"Энэ охин чиний амийг аврах гэж ирсэн хүүхэд байна, чи Амина гэдэг нэр өгөөрэй" гээд байсан нэг нь. Эмч сувилагч нар бүгд л "Чи ёстой азтай, ийм хавдартай хүмүүс төрөхөөсөө өмнө зулбаад ирдэг, эсвэл бүр огт жирэмсэн болж чадахгүй зовдог. Тэгсэн чиний охин хавдрыг томруулахгүй, өөрөө томроод бүр 4,2 кг болчихсон байдаг" гэцгээгээд л... Би тэр үед баярлах ч тэнхээ байгаагүй, гэдсээ зүсүүлчихсэн хүн чинь яаж олигтой байхав дээ...
Сэхээний тасагт ирээд цаг орчим болсон байхаа, сувилагч миний охиныг авчирч өгсөн. Нөгөө ув улаан хүүхэд чинь угаалгаад шал өөр болчихсон байнаа. Шар хөмсөгтэй шар хүүхэд болчихсон байсан нээх сонин. Хөхөнд сүү ороогүй ч гэсэн амлуул гээд хүчээр мөөмийг нь хөхүүлэх гэж үзэж байна. Шууд л рефлексээрээ мөөмөө хөхдөг юм байналэ, би чадахгүй байх гэж бодож байсан чинь. Тэгээд унтаад л байсан, би ширтээд л хэвтэд байсан. Хэсэг байлгаж байгаад л сувилагч ирээд л хүүхдийг минь аваад явчихсан. Ер нь миний хүүхдийг байнга л аваад явчихдаг, надтай бараг цуг байлгаагүй дээ.
Бусад ээжүүдийг сэхээний тасагт удаахгүй байсан мөртлөө намайг тэнд 2 хонуулсан. Хавдар авсан гээд арай илүү анхаарал тавьсан л даа. Би 1-р төрөхийн эмч, сувилагч нарын үйлчилгээнд бол сэтгэл маш хангалуун байсан шүү. 2 хоногийн дараа үүдэндээ 00-той 2 ортой цэвэрхэн өрөөнд орсон.
Тэнд очоод хажуудаа сувилагчгүй болохоор яалтчгүй охиноо өөрөө анхаарч эхэлсэн. Хөхөнд ч сүү орж эхэлсэн. Тэгээд... Охиноо өөрөө тэврээд, анх удаа хөхүүлэх гээд суулаа. Шууд л өмөлзөөд хөхөөд эхэлсэн нээх хөөрхөн.... Яг тэр агшинд төрсөн сэтгэгдэл, мэдэрсэн мэдрэмж... Одоо бичихэд л нулимс урсаад байна. Үгээр яаж илэрхийлэхээ ч би мэдэхгүй байна. Надаас, миний бүх л эд эс ширхэг болгоноос дуусашгүй, хэмжээлшгүй их хайр сад тавиад л урсах шиг... Ээ бурхан багш минь эээ, өршөөгөөрэй намайг, би ээждээ аавдаа хайртай байсаан гэхдээ хэзээ ч охиноо харж хайрлаж байгаа шигээ ингэж хайрлаж үзээгүй, мэдрээгүйшдээ.
Эх хүн болно гэдэг чинь жирийн хэрэг биш байналээ. Бүхэл бүтэн нэг хүн төрүүлнэ, дахиад өөрөө цоо шинэ, тэс өөр хүн болно, хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзнэ, мэдрэнэ гэдэг бол агуу хэрэг.
Эмч нарын захиснаар би охиндоо Амина гэж нэр өгөөгүй. Зөрүүд хүн зөрүүд л байдаг байхгүй юу ккк... Угаасаа ч хэдэн нэр будаан дотор хийгээд сугалахад миний таараасай гэж бодож байсан нэр гарч ирсэн. Энэ чинь 21-р зууны хүүхэд шүү дээ. Глобалчлагдаж байгаа ертөнцөд глобал нэр илүү тохиромжтой гэж бодож байсан. Бас "ө" "ү" үсэг орсон нэр өгөхгүй юм шүү гэж бодож байлаа. Тэгээд ирээдүйг нь бодоод, гадаадад сургуульд сурлаа гэхэд гадаад найз нар нь дуудахад амархан нэр байх хэрэгтэй. Их түгээмэл нэр л дээ. Цагаан ордны тэргүүн хатагтайн нэрийг өгсөн. Ирээдүйд миний охин бас тэргүүн хатагтай болно гэж билэгшээгээд өгсөн юм.
3 Сэтгэгдэл:
Сайн байна уу. нойр хүрээд, нойр сэргээх арга нтр гээд гүүглэ дээр хайсан чинь таны блогийг олоод зарим нийтлэлүүдийг чинь уншлаа нойр сэргэчлээ баярлалаа үргэлжлүүлээрэй
Сайн сайн уу, блогспотоор намайг танихгүй хүмүүс орж ирэхгүй амар гэж бодож байсан чинь андуурчээ. Гүүглийн л буруу юм байна л даа ккк.... Баярлалаа.
hehe google, facebook gej tagnuuliin heregsel shuudee
Post a Comment