Ажлаа хийгээд улайраад сууж байсан дэлгэцэн дээр ялаа ирээд суучихлаа. Ялааг үргээх гэж байгаа юм байлгүй, маузаараа чиччихсэн сууж байна нэг мэдсэн. Гэв гэнэт тэрийгээ анзаараад аймаар инээд хүрлээ хахаха. Мессенжэрийн статус дээр энэ онигоогоо биччихсэн чинь тал талаас хэхэ хаха болоод намайг чинь шоолж өгцгөөж байна.
Цайны цагаар дэлгүүр хэснэ гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь бороо ороод гарч чадсангүй. Наадмын урамшууллаар шинэ плитка авчих санаатай байна. Урамшуулалт цалин авна, баяжина. Тэгээд энэ завшааныг ашиглаад плитка, ухаалаг будаа агшаагч, миксер авчихъя гэж бодоод байна. Аминдаа гал тогоондоо парк шинэчлэлт хийгээд, гэрт галын бурхан гэж байдаг бол түүнийг баярлуулчихъя гэж бодоод байгаашд.
Өчигдөр орой нээх гоё байхаар нь фитнесст явахаа болиод охиноо аваад гараад... Гэрийн ойр байдаг Некст электроникс, Happy Mart-аар орчихоод гараад ирсэн чинь бас бороо орчихсон байгаа юм даа. Тэнгэр дуугараад л, бороо асгараад.... Тэр борооноос болоод бас дэлгүүр дотор хичнээн саатаваа бид 2. Ядаж байхад 2-лаа нимгэхэн хувцастай гараад ирсэн байдаг.
Бороо орох ч гоё л доо. Гэхдээ удаан орохоороо уйтгартай байдаг юмаа. Аавын хамгийн сүүлчийн зун санагдаад сэтгэлд бөөн гуниг хурчихдаг юм.
Ээжийг өнгөрсөн жилийн зуны нэг дуу цахилгаантай бороотой өдөр... Зурагт үзээд сууж байсан аав руугаа санамсаргүй харсан чинь гуниг дүүрэн харц нь гөлийчихсөн, зурагт үзэж байгаа мэт боловч огт зурагт үзээгүй сууж байсан юм. Би өглөө эрт ажилдаа яваад л, бараг л шөнө болгоод орж ирдэг байсан юм тэр үед. Аймаар их ажилтай... Тэгээд амралтын өдрөөрөө өдөржин унтаад, арай гэж сэрэхээрээ бэлэн хийсэн хоолыг нь идчихээд л зурагт хараад хэвтчихдэг байсан болохоор аав аягүй их ганцаарддаг байсан юм билээ. Тэр өдөр санаандгүй аав руугаа нэг тогтож хараад... Аавыг өрөвдөөд, өөрийгөө зүхээд цонхоор хараад зогсож байгаа дүр үзүүлэн, ааваас буруу харж зогсож байгаад чимээгүй баахан уйлж билээ. Гэвч тэгээд ажилтай болохоор аавынхаа сүүлчийн өдөр хоногуудад олигтой ч хань болж чадаагүй дээ.
Тэрнээс хойш зуны бороотой өдрүүдэд би тийм ч дуртай биш болсон. Таагүй дурсамж сэдрээд, гуниг төрүүлээд, сэтгэл хямруулчихдаг болохоор... Харин охинтой болсноосоо хойш гуниглах завгүй болоод бороонд буцаад дуртай болоод байгаа. Гэхдээ бороо хэтрэхээрээ уйтгартай, муухай.
0 Сэтгэгдэл:
Post a Comment