RSS

Шажин хурахад өнгөрүүлсэн хүүхэд нас минь

Нар гараад гоё өдөр болох шинжтэй. Энэ зун ёстой нөгөө нар хур нь тэгширсэн сайхан зун болж байнаа. Гүзээлзгэнэ боловсорчихсон байгаа байх даа одоо. Багадаа лагерьт гарчихсан байхдаа яг л ийм өдрөөр гүзээлзгэнэ түүх гээд Богд уул руу явдаг байсансан.
Манай Налайхын лагерь Богд уулын Шажин хурах гэдэг аманд гардаг байсан юм. Хонхор өртөөний урд талд Шажин хурах, Төр хурах гээд Богд уулын 2 ам байдаг юм. Дээр үед  лам хуврагууд нь Шажин хурахад, ноёд түшмэдүүд нь Төр хурахад хуралддаг байсан юм байна. Тэгээд Богд уулын энэ амнуудыг ингэж нэрлэсэн гэж томчууд ярьдаг байсан юм. 
Манай Шажин хурах бол үнэхээр үзэсгэлэнтэй, онгон дагшин газар. 1990-ээд оны эхэн үеэр дархан цаазтай газар гээд айлуудыг зуслан гаргахаа больчихсон юм. Ямартай ч тэр гоё газар  хэдэн жилийн зун цагийг өнгөрөөчихсөн, бид нар бас азтай. 
Зүүн талын уулын ой руу нь ороод л гүзээлзгэнэ, баруун талын уулын ой руу нь ороод л бас гүзээлзгэнэ... Манай байшингууд зүүн тийшээ харсан хаалгатай байсан болохоор бид нар  зүүн уулыг урд уул, баруун уулыг хойт уул гэж ярьдаг байсан л даа. Ертөнцийн зүгээрээ урд талд нэлээн яваад Саран хад байдаг юм. Саран хадны орчимд бол хад сагсайтал ургана.
Саран хадны орчмоос нэг жижигхэн горхи урсана. Бид нар гол гээд нэрлэчихнэ. Бороо орохоор хөөрхөн үерлэчихнээ. Үерлээд үерлээд өргөнөөрөө хотын төв замын талд нь ч хүрэхгүй. Тэгсэн мөртлөө ширүүн, их дуутай урсахыг нь яанаа. Тэр холоос л урсах чимээ нь сонсогдоод байдаг. Бороо хургүй, хурц нартай жилд бол хатаад алга болчихно. Амны үүд хавьд, ойн цагдаа байдаг газар нэг булаг, хойшоо нэлээн яваад манай байшингийн ойролцоо бас нэг булаг байдаг юм. Булгийн ус нь цэвэрхэн тунгалаг, горхины ус болохоор шар өнгөтэй байдаг юмаа. Бид нар уух усаа булгаас авдаг байсан. Багадаа бид хэд булгаас 40 литрийн битон дүүртэл ус хийж авчихаад, ийм жоохон ус яагаад ийм дүүрэн болчихвоо гээд л гайхаад байдаг байж билээ.
Гоё нарлаг өдөр бол өдөржин горхины дэргэд өнждөг байлаа. Ус туулж тоглоно, юм хумаа угаана. Манай хэдэн айлын хүүхдүүд нийлж байгаад л ээлж ээлжээрээ хивснүүдээ угаадаг байлаа. Хивс угаана гэж нүсэр ажил болноо. Одооных шиг бэлэн хивс цэвэрлэгч бодис, автомат машин байсан биш... Голын эрэг дээр хивсээ дэлгэж байгаад л түмпэн түмпэнгээр ус утгаж ирж байгаад асгаад л барааны савангаар хэдэн талаас нь савандаж өгнө. Савандаж савандаж боллоо гэхээрээ хөлөө сайн угааж цэвэрлээд хивсэн дээрээ хөл нүцгэн гараад битоны таг ч юм уу ямар нэгэн хусах боломжтой зүйлээр хусаж өгнөшд. Хэдэн айлуудын хивсийг ч нэлээн сайн элэгдүүлсэн дээ. Хэдэн жил угаагаад нимгэрчихдэг юм байналээ. 
Үд болтол унтана. Өдрийн цайны цагаар босоод өглөөний цайгаа уучихаад  гол руу яваад үдээс хойш болтол угаах нь угаагаад, тоглох нь тоглоод гол дээр өнжинө. 4 цагийн алдад гэр гэртээ ирээд ээж аав нарыг ажлаасаа ирэхээс өмнө оройн хоолоо бэлдэнэ. Тэр үед ажил өглөөний 8 цагаас эхлээд орой 5 цагт дуусдаг байсан юм. Аав ээжүүд 5.30 гээд л ирж эхэлнэ. 
Аав ээж ажлаасаа ирэх үе их гоёшд. Гоё гоё идэх юм авчирна. Цалин нь буусан үед бол бүүр их гоё юм авчирна. Зарим өдөр гоё хувцас авчирна. 
Аав ээж нарыг ирэх үед бараг бүх айлын хүүхдүүд гурилаа зуураад элдээд, махаа хөргөгчнөөс гаргаад гэсгээгээд хэрчээд, ногоогоо арилгаад бэлдчихнэ. Тэгээд ирэнгүүт нь эсвэл ирэхээс нь өмнө хоолоо хийнэ. Тэр үеийн бараг бүх айлын байнга шахуу хийдэг хоол нь гурилтай шөл, цуйван. Аав ээж нар бол будаа гоймонг нээх таашаахгүй. Одоо бидний үе бол залхуураад байнгын хийдэг хоол бол будаатай хуурга болчихоод байнашд. Хийхэд хамгийн амархан юм чинь. Бэлэн хэрчсэн гурил дэлгүүрээс аваад цуйван хийж ч болдог л доо. Гэхдээ дэлгүүрээс авсан гурил амт муутай, онцгүй. Гэртээ гараар зуурсаныг гүйцдэггүй юм их сонин. Адилхан л баймаар уг нь. За тэр ч яахав, хадуураад эхэллээ нөгөөх чинь кк...
Оройн хоолоо идсэний дараа оройны зугаалга эсвэл тоглоом эхэлнэшдээ. Ажлаасаа ирсэн аав ээж нар уул руу гарна гэвэл дагаад гарна. Гэхдээ хааяа л даа. Ихэвчлэн тоголно. Ширээний теннис, агаарын теннис, волейбол, сагс.... Томчууд волейбол тоглохоор хажууд нь очиж харж зогсоноо заримдаа. Ширээний юмуу агаарын теннисний тоглох ээлжээ хүлээнгээ томчуудыг харж даган баясдаг юм. Сагсны шит дээр бол ихэвчлэн ахлах ангийн ах эгч нар овоорчихдог болохоор тийшээ бараг зүглэхгүй. Хааяа ойн захад нуугдаж тоголдог байсан юм байна. Ширэнгэн ой руу эсвэл мод руу авираад юмуу өндөр өвсөөр биеэ халхлаад нуугдчихдаг байж билээ. Юу ч харагдахгүй... Хүүхдүүд юм болохоор нуугдсан хүүхэд нь догдлоод, зүрх нь түг түг цохилоод, амьсгал нь давхцаад... Тэр амьсгалах чимээгээрээ баригдчихаж байгаа юм чинь, нээх хөөрхөн. 
Харанхуй болохоор томчууд өглөө ажилтай болохоороо унтах гээд гэр гэртээ орно. Бид нар харин аав ээжийнхээ том том дээлийг нөмөрч гарч ирээд, бөөгнөрч сууж байгаад аймшгийн юм яринашд. Аймшгийн юм яриад, айгаад л бөөгнөрөөд суугаад байнаа нээх хөгжилтэй. Тэгж тэгж 3-4 цагийн үед гэр гэртээ ороод маргаашийн үд болтол унтаж байгаа юм чинь. 
Амралтын өдрүүд бол арай өөр. Аав ээжтэй цуг, эсвэл бөөнөөрөө ой руу орж гүзээлзгэнэ түүнэ. Гүзээлзгэнэ түүх ёстой жаргалтайшд. Газар ширтээд л яваад байна. Эсвэл бүр сайхан хэвтээд мөлхчихнө. Гоё сонирхолтой юм болохоор ер ядрахгүй. Дараа нь шөнө унтах гээд нүдээ анихаар л нүдэнд гүзээлзгэнэ харагдаад байдаг юм.
8 сарын дундаас эхлээд Саран хад руу хад түүхээр явдаг юм. Хол болохоор аав ээжүүд тийшээ хамаагүй явахыг зөвшөөрөхгүй. Саран хадны асганд бол хад багсайтал урганашд. Нэг удаа хад түүгээд явсаар байгаад Саран хадны оройд дөхчихөж... Орой дээр нь гарчихаад эргээд харсан чинь аймаар эгц өндөр хад байсан. Арай боломжийн налуу газрыг нь дагаад гарчихсан юм шиг байгаа юм. Жимс түүж яваад анзаараагүй байх.
Шажин хурахад өнгөрүүлсэн дурсамжаас бичээд байвал ч барагдахгүй ээ. Өнөөдөр гадаа гоё байсан чинь бүр тийшээ явмаар санагдчихлаа. Одоо ч ойн цагдаа тийшээ оруулахгүй л байх дөө.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 Сэтгэгдэл:

Unknown said...

Сайхан түүх байна

Post a Comment