RSS

Бурханы илгээсэн сахиусан тэнгэр

Ёоо нойроо дийлэхгүй, өглөө нам унтчихсан. Хоол хийж идэх нь битгий хэл усанд ч орж чадаагүй. Босоод л нүүрээ будаад, хувцсаа өмсөөд л гараад ирсэн. Орж ирээд л бөөн ажил... Гялалзуулангуутаа хэсэг амсхийгээд сууж байна. Ойрд улам л өглөө сэрэх хэцүү болоод байх юм. Энэ амрах цаг болоод байгаагийн дохио байх даа. Орой ядаж эрт унтаж байвал гайгүй баймаар юмаа. 
Уг нь ч уржигдар бүтэн өдөржин унтсан л даа. Тав дахь өдрийн орой дампуураад, хагас сайны үүрээр гэртээ орж ирж байгаа юм чинь кк... Үүрээр 4 цагт гэртээ орж ирээд, өглөө 9 цагт охиноороо үсдүүлээд сэрж байгаа юм чинь хаха. Нойрмоглож, нозоорч, мансуурч байгаад арай гэж өдөр болгоод охиноо унтахаар хэсэг дугхийж аваад гайгүй болсон. Гэхдээ л одоо болтол нойр ханахгүй байнаа. Нээх сайхан унтмаар л байна. 
Тав дахийн орой ажлаа тараад нэг арга хэмжээнд очоод... Би гайхсан. Ёстой сонин... Хэд хоногийн өмнө зүүд эвгүйрхээд гээд бичиж байсан даа. Яг тэр зүүдэндээ харсан эрлийз царайтай, хөөрхөн нүдтэй бүсгүйтэй тэнд танилцсан. Наалинхай ааштай, намбалаг, намуухан бас их хөөрхөн. Яг миний хажууд суугаад надаас үзэг, цаас байвал өгөөч гэж гуйгаад... Тэнд байгаа хүмүүсийн ID-г бичиж аваад байсан. Би бүр гайхаад барахгүй байсан. Зүүд ингэж биелдэг л юм байх даа гээд...
Тэндээс 10 цагийн алдад гараад хэдэн найзтайгаа нэг газар суугаад... Тэгээд 3 цаг өнгөрөөд гэрийн зүг. Гэртээ орж ирэнгүүтээ дүүдээ загнуулсан хаха. Нялх хүүхэдтэйн байж яасан санаа чинь зовдоггүй юм бла бла... Ямар дандаа ингэж дампуурдаг биш дээ, сардаа 2 удаа л ингэж дампуурдаг биз дээ? Зарим сард 1 удаа. Байхшдээ ийм асуудал.
Өчигдөр манай зээ дүү хүүхэдтэйгээ манайд ирээд... Шүд нь өвдөөд хавдчихаж. Тэгээд хамт шүдний эмнэлэг ороод, би хүүхдийг нь тэврээд үүдэнд нь үлдсэн юм. Еэ бурхан гончигсумлаа минь... Ямар аймаар уйлдаг хүүхэд вэ? Ээжийгээ эмнэлэг рүү орчихсон чинь дагаж уйлаад... Бүтэн цаг тасралтгүй уйлсан. Ёоо ямар аймаар юм бэ, хүүхэд тэгж уйлах чинь. Ёстой аймаар, бүр хэлэх ч үг олдохгүй байна. Одоо эргэж бодохоос яс хавтайгаад, хамаг биений үс босоод байна. Одоо хэдхэн хоногийн дараа 1 нас хүрэх хүүхэд. Яаж ч аргадаад, бүүвэйлээд дийлэхгүй юм байналээ. Аймаар залхсан. Хүүхэд биш тоглоом байсан бол хог дээр шидчихмээр санагдсаан.
Тэгсэн миний охин хажууд нь ёстой бурхан шиг амгалан байгаа юм чинь. Надтай 2-лаа явж байхдаа дэггүйтээд ийш тийшээ гүйгээд сахилгагүйтээд байдаг хүүхэд чинь намайг тэр уйланхай хүүхдийг тэврээд зовж байхад хажуунаас салахгүй томоотой нь аргагүй намайг бараадаад л яваад байсан. Яг би зүүн хөлнөөсөө охиноо уячихсан юм шиг л миний зүүн талд надаас 1 метр ч холдохгүй л яваад байсан, ёстой хайр хүрмээр. Тэгж байснаа "шээ шээ" гээд... "Яанаа миний охин тэсээрэй, аниагаа гарч иртэл нь тэсээд байж бай, битгий өмдөндөө шээчихээрэй" гээд гуйсан чинь "за" гээд гүрийгээд байсан, ёстой хөөрхөн. Ээжийнхээ үгэнд ороод гүрийсэн шүү, хөөрхий. Ёстой сайн охин. Энэ хорвоогийн хамгийн сайн хүүхэд юм шиг л санагдлаа. Ээ бурхан минь, миний муу охин чинь ёстой хэзээ ч тийм муухай уйланхай байгаагүйшд. Тийм аймаар балиар уйланхай хүүхэд байдаг гэдгийг мэдсэнээс хойш охиноо улам их хайрлах сэтгэл төрсөн. Ямар сайн, ямар тайван хүүхэдтэйг минь надад үнэхээр мэдрүүллээ. Охиноо магтаж хэлэх үг бүр олдохгүй байгаа юм чинь. Ёстой бурханы илгээсэн сахиусан тэнгэр юм байналээшдээ миний муу охин чинь.
Хүүхэд 2 зорилготой ирдэг гэж би жирэмсэн байхдаа уншиж байсан юм. Эх эцгийнхээ сайн үйлийн үрийг эдлүүлж жаргаах гэж, эсвэл муу үйлийн үрийг нь эдлүүлж зовоох гэж ирдэг гэж уншчихаад миний хүүхэд ямар зорилготой ирж байгаа юм бол гэж айж байлаа. Эрүүл чийрэг өсөж, зөв хүн болж жаргаадаг гэж байгаа. Эсвэл өвчин зовлон ороож юмуу буруу хүмүүжилтэй хүүхэд болж зовоодог юм гэсэн. Миний муу охин чинь ядарч явахад минь амьдрах урам, итгэл хайрлаж, жаргаах гэж ирсэн бурханы үр юм байна л даа. Охин минь ирсэн цагаас үнэхээр л болохгүй бүтэхгүй байсан зүйлүүд эерэгээр шийдэгдээд эхэлсэн юм байна шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment