Алтаар урс гэж... Олимп дуустал ингэж ерөөгөөд сууж байхаас. Өчигдөр өөрийнхөө хэдэн тамирчдыг сэтгэл догдлоод л үзсэн чинь байхгүй. Урам хугарчихсан. Ядаж байхад энэ телевизүүд нь өөрийнхөө тамирчдыг ч харуулж чадахгүй, арчаагүй юмаа. "Манай Цагаанаа одоо барилдаж байна" гээд яриад байгаа мөртлөө харуулахгүй. Үнэн донгио. Тэгж олимпийг шууд дамжуулаад байхдаа яахав дээ. Бундмаагийн барилдахыг харсан. Үгүй яахав хөөрхий минь чадлаараа л барилдсаншд. Цагаанбаатарыг бол сураг сонсоод л суугаад байсан. Сүүлдээ телевизүүдэд уур хүрээд Олимп үзэхээ болиод охиноо аваад гадаа гарчихсан. Эрхбиш нэг медалийн сураг гарах байлгүй дээ. Тэр болтол нь Алтаар урс гээд л сууж байхаас ккк.
Тав дахь өдрийн орой гэрээ цэвэрлээд байж байсан чинь зурагтаар өнгөрсөн Олимпийн бичлэг гараад, Төрийн дуулал эгшиглэж байнаа. Нэг харсан чинь охин цээжиндээ гараа барьчихсан зурагтны өмнө таг номхон зогсож байна. Хайр хүрмээр... Чимээгүй хажуугаар нь өнгөрөөд угаалгын өрөөнд крант угаагаад зогсож байсан чинь Төрийн дууллын сүүлийн бадаг дээр гүйж ирсэнээ "Ингээч" гээд цээжиндээ гараа авсан хэвээрээ намайг загнаж байна. Би гартаа бээлийтэй зогсож байсан юм. Бээлийгээ тайлж байгаад цээжиндээ гараа авч зогсоод Төрийн дууллыг дуусгалаашд кк. Айхтар хүүхэд юмаа. Төрийн дуулал гэдгээ ч мэдэхгүй байж, тэр аянд тэгж зогсох ёстой гэдгийг маш сайн тогтоосон байна шүү. Бас нээх хөөрхөн "Маамаа нааший... Аав ээж оёоёы Ачий толий..." гээд л дуулаад байгаа. Нээх инээдтэй. Ямар ч байсан дуулах гээд л үзээд байгаа.
Өчигдөр үдээс хойш охиноо унтаж байх хооронд жоохон боломж гарч Шүгдэнгээ барьж авав. Ёстой гоё ном байнаа. Гэрийн ажил хийх, охиноо салхилуулах ажилгүй байсан бол ч өчигдөр тэр номыг цааш нь харуулчихаар л сонирхол төрж байлаа. Аргагүйн эрхэнд л гүйцээж уншиж чадсангүй, хойш тавилаа. Өнөөдөр сүүлчийн хуудсыг нь эргүүлж дуусгах юм шүү, орой очиж байгаад...
Тэр номыг уншиж байхдаа би бодлоо. Эгэл хүмүүст амьдралын мөн чанарыг таниулахаар, эсвэл өөр ямар нэгэн чухал зорилгоор бурханаас илгээдэг тусгай хүмүүс байдаг юм шигээ. Аюурзана яруу найргийн хэлээр, эсвэл энгийн үгээр, Жанцанноров гуай хөгжмийн хэлээр... гэх мэтчилэн өөрт оногдсон бурханаас өгсөн даалгаврын дагуу эгэл хүмүүсийг гэгээрүүлж, ухаарал, уясал, хайр, энэрэл хайрлах гэж ирсэн юм шиг. Ер нь хүн бүр өөрт ноогдсон үүрэг даалгаврыг биелүүлэх гэж энэ ертөнцөд ирдэг байхаа.
Тэгээд бас бодлоо. Би охиноо хэдэн настайд нь ямар ном уншуулахаа дотроо бодоод л төлөвлөөд явдаг юм. Зарим номыг уншиж байхдаа "энэ номыг би 20 настайдаа унших минь яав даа" гэж бодогдох тохиолдол ч гардаг. Тэр тоолондоо тэр номыг би охиндоо 15-тайд нь уншуулах юм шүү гэх мэтчилэн бодно шүү дээ. Тэгээд... Хүүхэд байхдаа ухаан алдан, шимтэн шимтэн уншиж байсан "Монте-Кристо гүн"-г охиндоо яавч өсвөр насанд нь уншуулж болохгүй юм байна шүү гэж бодогдлоо. Төлөвшиж буй сэтгэл зүйд тэр их өс хонзон, хонзогнол яагаад ч хэрэггүй юм байна шүү. Тэгээд тэр хонзонгоо буруу замаар тайлдаг... Харин тэрний оронд Шүгдэнг заавал уншуулах юм шүү. Нэлээн төлөвшиж, өөрийн гэсэн үзэл бодолтой болж тогтсон хойноо харин "Монте-Кристо гүн"-г уншина биз. Ер нь нэг сайхан нартай өдөр охиндоо уншуулах номынхоо жагсаалтыг гаргана л гэж бодоод байна. Одоохондоо толгой дотор явж л байг.
Ном гэснээс нээрээ сая ажлын охин нөгөө миний хорхойг хүргээд байсан номоо авчирч өглөө. Данзанравжаа хутагтын тухай... Миний хорхойг хүртэл яриад, би тэр номыг нь хайгаад олохгүй байсан чинь сая ээжээрээ өгөөд явуулчихаж. Өөрөө амралтаа авчихсан байгаа болохоор.
0 Сэтгэгдэл:
Post a Comment